Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01339

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01339

 

 

 

Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус холбогдох

Цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн 829 586 615 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, дутуу төлөгдсөн 100 581 152 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Норжмаа, Ц.Энхсайхан, Б.Төрсайхан, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмгөөлөгч С.Нэргүй, Ч.Өнөржаргал, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, Д.Далайхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Тус байгууллагын Хонхорын радио нэвтрүүлэх төв станц нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлдэг. 2013 онд өөрийн хэрэглэж байгаа техникийг хүчин чадлаар нь тооцож үзэхэд цахилгаан эрчим хүчний төлбөр нь 2.1 дахин их гарсан. Тухайн асуудлыг хөндөн шаардлага тавихад 2013 оны 12 дугаар сард шалгаж үзээд зөрүүтэй байсан талаар хүлээн зөвшөөрсөн. Илүү төлбөр төлсөн нь тодорхой болсон учир манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шаардлага бүхий албан тоот өгсөн боловч тодорхой арга хэмжээ аваагүй.

Иймд цахилгаан эрчим хүчний илүү төлбөр 1 000 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хонхорын радио нэвтрүүлэх станцын РП-19 станцад хангагч талаас С фазад тавигдсан байсан ТПЛ-10 маркын №1125 дугаартай 100/5 коеффицент бүхий гүйдлийн трансформатор стандартын шаардлага хангахгүй, баталгаагүй трансформатор, баталгаагүй тоолуурыг ашиглуулсны улмаас нийлүүлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 2009 оны 1-12 сард 138 092 429 16 төгрөг, 2010 оны 1-12 сард 146 991 597 30 төгрөг, 2011 оны 1-12 сард 155 491 686 98 төгрөг, 2012 оны 1-12 сард 192 050 541 76 төгрөг, 2013 оны 1-12 сард 196 960 360 70 төгрөг, нийт 829 586 615 89 төгрөгийг илүү төлсөн байх тул хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 829 586 615 89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын 35/6 кв-ын цахилгаан дэд станц нь Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын өөрийнх нь өмчлөл, ашиглалтад байдаг тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7, 30.1.8, 30.1.10 болон Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 25 дугаар зүйлийн 25.3, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 1.1.2, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт заасныг Радио телевизийн сүлжээ УТҮГ нь биелүүлж ажиллах үүрэгтэй.

Нэхэмжлэгч байгууллага нь Хонхор 35/6 кВ-ын дэд станц, 6 кВ-ын хүчдэлийн РП-19 хуваарилах байгууламжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд байнгын хяналт тавиагүй, жил бүрийн их ба урсгал засвар үйлчилгээ, хэмжилт туршилт, зүгшрүүлэлтийг техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэмд заасан хугацаанд хийлгэж байгаагүйгээс техникийн зөрчил үүссэн нь тоног төхөөрөмж өмчлөгчийн өөрийнх нь буруутай ажиллагаа гэж үзэж байна. Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 06/111/157 дугаар дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 3/159 дугаар албан бичигт тодорхой заасан байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Радио телевизийн сүлжээ УТҮГ-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж цахилгаанаар хангадаг хангагч байгууллага бөгөөд хэрэглэгчийн өмчлөлд зөвхөн хэрэглэгчийн хүсэлтээр үзлэг үйлчилгээ төлбөртэйгөөр гүйцэтгэдэг. Эсвэл хэрэглэгчтэй байгуулсан ашиглалтын гэрээний үндсэн дээр цахилгаан тоноглолын ашиглалтад хангагч хяналт тавих эрхтэй. Хэрэглэгч өөрөө хүсэлт тавьж цахилгаан тоноглолоо шалгуулаагүй байхад тоноглолоос шалтгаалсан зөрчлийг хангагч байгууллага мэдэх боломжгүй.

Радио телевизийн сүлжээ УТҮГ нь 2013 оны 12 сар, 2014 оны 01 дүгээр сард хүсэлт гаргасан, энэ хугацаанаас эхлэн манай байгууллага өөрийн зүгээс авах ёстой шаардлагатай бүх арга хэмжээг авч Радио телевизийн сүлжээ УТҮГ-тай хамтарч асуудлыг шийдвэрлэхээр олон талаас судалж хариуг албан ёсоор өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер Г.Магсаржалам, Борлуулалтын бодлогын хэлтсийн инженер н.Сарантуяа нар газар дээр очиж шалгасан. 2013 оны 12 сарын 18-ны өдөр тоолуурын хэлтсийн инженер Г.Норжмаа, монтёр Г.Жамбалсүрэн, Борлуулалтын бодлогын хэлтсийн инженер н.Сарантуяа нар газар дээр нь очиж, тоолуур хэмжих хэрэгслийг шалгах ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн инженер Б.Золбоо, инженер Ж.Хосбаяр, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга н.Ганхуяг, дотоод хяналт хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга н.Нямгэрэл, ахлах инженер н.Мэндбаяр, инженер н.Бөхбат нарыг байлцуулж хэмжилт хийн шалгаж протокол үйлдсэн. Энэ хэмжилтээр тоолуурын холболт болон ажиллагаанаас шалтгаалсан зөрчил илрээгүй хэвийн байсан ба, харин гүйдлийн трансформаторыг лабораторид шалгуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д 3/122 тоот албан бичгээр хүсэлт гарган гүйдлийн трансформаторыг мэргэжлийн зүгээс хэмжилт хийж туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу маргааш нь дахин газар дээр компанийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн улсын байцаагч Г.Магсаржалам, тоолуурын хэлтсийн монтёр Г.Жамбалсүрэн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн тоолуурын инженер Ж.Хосбаяр, хэмжүүрийн инженер Б.Золбоо нар очиж Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын талаас цахилгааны инженер н.Бөхбатыг байлцуулж хэмжилт хийсэн.

Хэмжилтийн дүнгээр гүйдлийн трансформатор /№1125, 100/5 коэф/ нь стандартын шаардлага хангахгүй, мөн тоолуурын С фазын гүйдэл нь А фазын гүйдлийн утаснаас 2 дахин бага байсан. Энэ нь цахилгааныг дутуу тоолох нөхцөл бүрдүүлсэн, кабел нь дундаа нэвчилттэй, хуучирсан байснаас болсон гэж дүгнэлтэд тусгагдсан байгаа болно. Радио телевизийн сүлжээ УТҮГ 2013 оны 03 дугаар сард механик тоолуурыг электрон тоолуураар солиулах хүсэлт гаргаснаар манай компани 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тоолуурыг сольж хэмжилт хийхэд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилтан н.Хишигжаргал байлцсан. Хэмжилтийн дүнгээр тоолуур дээрх хоёрдогч хэлхээний гүйдлийн утгууд болон тоолуурын ажиллагаа хэвийн байсан тул протокол үйлдэж талууд гарын үсэг зурсан. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 11 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлд тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь дүрмийн 27 ба 32-т заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоо хийнэ гэж заасныг үндэслэн хэрэглээг хасаж тооцсон.

Хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дансанд ордоггүй бөгөөд ямар дансанд төвлөрүүлэх талаар Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн нэгдсэн хурлын 2002 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Эрчим хүчний төлбөрийн мөнгө нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дансанд биш цахилгаан эрчим хүч түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчдийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төвлөрүүлэхээр арилжааны банканд тусгайлан нээсэн дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дансанд ордог гэсэн үг. Иймд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын нэхэмжилж буй шаардлага Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дансанд ороогүй, эргүүлж төлөх эрх зүйн боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2001 оны 253 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 8.45, 6.35 дахь заалтын дагуу Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас Эрчим хүчний зохицуулах хороонд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 380 тоот албан бичгээр хүргүүлсэн гомдлыг тус хороо хянаж үзээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр компанид асуудлыг судалж шийдвэрлэн, хариуг ирүүлэх тухай албан бичгийн дагуу манай компанийн ажлын хэсэг гарч, газар дээр нь үзлэг шалгалт хийх, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн инженер Б.Золбоо, тоолуурын инженер Ж.Хосбаяр нараар 2013 оны 12 сарын 18, 2014 оны 1 сарын 22-ны өдрүүдэд хэмжилт хийлгэснээр Төр хурх фидерийн С Фазад суурилуулсан ТПЛ-100/5А маркын гүйдлийн трансформаторын нарийвчлал стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн Радио телевизийн сүлжээ газар нь 2013 оны 3 сард механик тоолуурыг электрон тоолуураар солиулах хүсэлт гаргаснаар 2013 оны 4 сарын 13-ны өдөр САЗУ маркийн 955962 дугаар бүхий механик тоолуур дутуу тоолж байсныг илрүүлж, ЕА-05- С-3 маркийн №01104329 дугаартай бүрэн электрон тоолуураар сольж хэмжилт хийхэд Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын ажилтан Хишигжаргал байлцсан, хэмжилтийн дүнгээр тоолуур дээрх хоёрдогч хэлхээний утгууд болон тоолуурын ажиллагаа хэвийн байсан тул протокол үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тоолуур солих үйлчилгээг тоолуур хэмжих хэрэгслийн ажилтнууд гүйцэтгэсэн. Хэмжилтийн үр дүнг үндэслэн уг гүйдлийн трансформаторыг сольж, хэвийн болгосон байна. Эдгээр ажлуудыг гүйцэтгэх явцад хамтарсан протокол үйлддэг.

Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллагсдын ажил үүргийн хуваарьт Радио телевизийн сүлжээний тоолуурыг, хэмжих, туршилт хийх эрх байхгүйг дурдах нь зүйтэй. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлд тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн 27 ба 32 заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг засварлахад сүлжээнээс тасалсан тохиолдолд өмнөх 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дундаж хэрэглээгээр тооцоо хийнэ гэсэн заалтыг үндэслэл болгон Төр хурх фидерийн сүүлийн 3 сарын нийт 922 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний 33.3 хувь буюу 307,3 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээг хасч тооцох шийдвэр гарсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 1 сарын 29-ны өдрийн 1/223 тоот албан бичгээр мэдэгдсэн төдийгүй, Хонхорын станцын 2014 оны 1 сарын хэрэглээнээс 35,7 сая төгрөгийг хассан. Радио телевизийн сүлжээ УТҮГ нь нэхэмжлэлдээ нэгэнт илүү төлбөр төлсөн нь тодорхой тул манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шаардлага бүхий албан тоот өгсөн боловч тодорхой арга хэмжээ аваагүй болно гэсэн нь үндэслэлгүй. 5102345 кодтой хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулгаас харахад 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 дүгээр сарын хэрэглээнээс бичилтийн залруулга хийж, 35 695 968 төгрөгийг хасч тооцсон байгаа нь нэхэмжлэлдээ тодорхой арга хэмжээ аваагүй гэж бичсэнийг үгүйсгэж байна. Иймд цахилгаан эрчим хүчний илүү төлбөр болох нэг тэрбум төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлдээ тусгаж өгсөн нь ямар нотлох баримтаар, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй нэхэмжлэл байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус Хороо нь Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага тул Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын төлбөр буцаан гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагчаар оролцох үндэслэлгүй.

Цахилгаан, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа буюу хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох, эрчим хүчний төлбөр тооцоо, борлуулалт хийх, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуураар хэрэглэгчийг хангах, тоолуурыг холболтын цэгт суурилуулах зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүчний тухай хуулийн 16,17 дугаар зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК юм.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан бөгөөд мөн хуулийн 29, 30 дугаар зүйлүүдэд хангагч хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцооны асуудлууд нь хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдаж түүнээс үүдэн гарсан аливаа эрх зүйн үр дагавар нь уг гэрээний талуудад хамааралтай байдаг. Гэтэл хангагч, хэрэглэгч хоорондын харилцаа буюу тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд бие даасан тал болон оролцдоггүй, хууль тогтоомжид заасан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж буй манай Хороог хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолыг 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 8.45, 6.35 дахь заалтын дагуу Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газраас манай Хороонд 2013 оны 12 сарын 5-ны өдрийн 380 тоот албан бичгээр радио нэвтрүүлэх станцын тоног төхөөрөмжийн ажиллах цагийг багасгасан, нэмж тоног төхөөрөмж тавиагүй, станцын ачааллыг 50 хувиар бууруулж байхад цахилгаан эрчим хүчний төлбөр өссөн, Төр хурх, Төмөр замын шугамд урьдчилж мэдэгдэлгүй хэрэглэгч нэмж холбосон нь 2013 оны 9, 10, 11 саруудын төлбөрийг өсгөсөн, алдагдлын коэффициентыг өөр өөр тооцож байгаа тухай ирүүлсэн гомдлыг хүлээн авч хянаж үзээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д асуудлыг судалж шийдвэрлэн, хариуг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас ажлын хэсэг гарч, газар дээр нь үзлэг шалгалт хийх, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн инженер Б.Золбоо, тоолуурын инженер Ж.Хосбаяр нараар 2013 оны 12 дугаар сарын 18, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хэмжилт хийлгэснээр Төр хурх фидерийн С фазад суурилуулсан ТПЛ-100/5А маркын гүйдлийн трансформаторын нарийвчлал стандартын шаардлага хангахгүй, ЕА-05-03 маркийн N01104329 дугаар бүхий тоолуур нь дутуу тоолж байсныг илрүүлж, хэмжилтийн үр дүнг үндэслэн уг гүйдлийн трансформаторыг сольж хэвийн болгосон байна.

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 39 дэх заалтын дагуу Төр хурх фидерийн сүүлийн 3 сарын нийт 922 мянган кВт/ц цахилгаан эрчим хүчний 25 хувь буюу 307,3 мянган кВт/ц цахилгаан эрчим хүчний хэрэглээг хасч тооцох шийдвэр гарсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 1 сарын 29-ний өдрийн 1/223 тоот албан бичгээр мэдэгдсэн төдийгүй, Хонхорын станцын 2014 оны 1 сарын хэрэглээнээс 35,7 сая төгрөгийг хассан дэлгэрэнгүй тайланг манай Хороонд ирүүлсэн. Иймд Эрчим хүчний зохицуулах хороо энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Радио телевизийн сүлжээ УТҮГ нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Гэрээний 4.9-д Хэрэглэгч нь хангагчийн төлбөрийн нэхэмжлэл банканд хүргэгдсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлнө гэж заасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-д зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй. Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйгээс тус компанид 100 581 152 60 төгрөгийн хохирол учруулсан.

Энэ төлбөр нь 2013 оны 12 дугаар сарын үлдэгдэл 20 413 081 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 46 529 166 төгрөг, 3 сарын 1 000 000 төгрөг, 4 сарын 1 667 736 төгрөг, нийт 100 581 152 төгрөг болсныг Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Радио телевизийн сүлжээ УТҮГ уг төлбөрөөс зохих хэмжээнд төлөлт хийж үлдэгдэл нь 71 222 059 төгрөг болсон байгаа тул Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас 71 222 059 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр 71 000 000 төгрөг нэхээд байгаа нь хэзээний төлбөрийн тооцоо болох нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 414 793 307 9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 414 793 307 9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас 71 222 059 төгрөгийг гаргуулан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгож, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 660 866 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас 660 866 төгрөгийг гаргуулан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгож, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 231 916 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, шинжээчийн зардалд 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас, 27 000 000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тус тус гаргуулж Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хэргийг шийдвэрлэхэд трансформаторын өмчлөгч нь ямар байгууллага болохыг тогтоох хамгийн ач холбогдолтой бөгөөд энэ талаар өмнө нь хэргийг шийдвэрлэж байсан шүүхийн магадлал, тогтоолоос тодорхой байдаг. Энэ хэрэгт өмчлөгчийн хэн болохыг тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хэлэлцэх ч шаардлага байхгүй. Учир нь өмчлөгчийн талаарх нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, чухал ач холбогдол бүхий баримт юм. Архивын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтуудаар РП-19 байгууламж нь хуучин нэрээр "МРТХЭГ-ын Дамжуулах байгууламжийн РТТТөв" байгууллагын эд хөрөнгөнд бүртгэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд "РТТТөв" нь "РТС" УТҮГ болон өөрчлөн байгуулагдсан болох нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэмжилзүйн хяналтын улсын байцаагч Г.Отгонсүрэнгийн гаргасан дүгнэлт /хэргийн 1 хавтас 68-72 тал/, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хонхорын РТС-ний РП-19 станцад хэмжилт хийсэн ажлын дүгнэлт /хэргийн 1 хавтас, 123-126 тал/, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн шинжээчийн дүгнэлт/хэргийн 2 хавтас 319,320 тал/зэргээр РП-19 станц буюу хуваарилах байгууламжид байх ТПЛ-10 загварын 1125 дугаартай, 100/5 коэффициент бүхий гүйдлийн трансформатор нь улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй гэдэг нь тогтоогдсон боловч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцахаар хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл "РТС" УТҮГ нь өөрийн өмч болох трансформаторын бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хийлгээгүй нь өмчлөгчийн буруу үйлдэл гэж ойлгогдож байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх трансформатор нь стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй трансформатор байсан, кабель нь дундаа нэвчилттэй хуучирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хугацааны буюу 2009 оны 1 сараас 2013 оны 12 сарыг дуустал хугацааны цахилгаан эрчим хүчний хэмжилтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хэргийн 1 хавтасны 80 дугаар талд авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа юм. Энэхүү баримт нь Тоолуур, хэмжих хэрэгслийн ажлын гүйцэтгэлийн маягт гэх баримт бөгөөд уг 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн бөгөөд хэрэглэгчийн төлөөлөгч н.Хишигжаргал гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Энэ нь 2013 оны 4 дүгээр сард трансформатор болон тоолуур, хэмжих хэрэгсэл хэвийн ажиллаж байсныг нотлоно. 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Шинжээчийн дүгнэлтэд "Радио телевизийн сүлжээ" УТҮГ-ын цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 9 тоолуурын 4-ийн улсын баталгааны хугацаа дууссан байна. /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 06/111/157 дугаартай дүгнэлт, "УБЦТС" ТӨХК-ийн шинжээчид гаргаж өгсөн материалаас авлаа/ гэсэн байна. Үүнээс үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь бодит шинжилгээ, үзлэг шалгалтыг хийхгүйгээр гаргасан гэдэг нь тодорхой. 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан тоолуурын талаар Стандарт, хэмжил зүйн газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 09/213 дугаартай Лавлагаа гаргах тухай албан бичигт "... Эрчим хүчний тооцоонд ашиглах зориулалттай EA05RL загварын 01097091, 01097127, 01097121. 01097117 01017110 дугаартай цахилгааны тоолуурууд нь 2004 онд үйлдвэрлэгдэж. 2005 оноос УБЦТС ТӨХК-ийн бүртгэлд хамрагдаж ашиглаж эхэлсэн байна. Электрон тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацаа 8 жил байдаг. ... Тоолууруудыг 2015 онд "УБЦТС" ТӨКХ-иас ээлжит баталгаажуулалтад хамруулсан байна." гэжээ.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 04/239 дугаартай албан бичигт Цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 13801, 13802, 13803, 13804, 13805 дугаар бүхий гэрчилгээ нь байгууллагын архив байхгүй тул гэх албан бичиг хэрэгт авагдсан бөгөөд УБЦТС ТӨХК-иас 13801, 13802, 13803, 13804, 13805 дугаар бүхий Цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн болно.

Үүнээс үзэхэд Стандарт, хэмжил зүйн газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн албан бичиг, болон хэрэгт нотлох баримтаар 13801-13805 хүртэл 5 ширхэг , Цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээнүүд нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдийг тус тус үгүйсгэгдсэн болох нь тодорхой байх тул уг шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх болгох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гүйдлийн трансформаторыг 2014 оны 1 сард сольсноос хойших хугацааны буюу 2014 оны 2,3,4,5 сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний дундажаар тооцон нэг цахилгаан эрчим хүчний хэрэглээг 350,287,48 квт/ц-аар тооцон гаргасан нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн ... 39-д "... тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоог хийнэ." гэж заасантай буюу гүйдлийн трансформаторыг сүлжээнээс тасалсан тохиолдолд төлбөр тооцоог тооцох зарчимтай нийцсэн байна гэж дүгнэсэн байна. /шийдвэрийн 7-8 хуудаст/

Эрчим хүч хэрэглэх дүрмийн 39-д заасан дээрх заалт бол ямар нэг шалтгаанаар цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь трансформаторыг салгасан тохиолдолд хамаарах түрүүчийн 3 сарын дунджийг баримтлан төлбөрийн тооцоог хийх тухай заалт бөгөөд үгийн шууд утгаас тодорхой бөгөөд 2014 оны 2, 3, 4, 5 дугаар сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний дундаж тооцон гаргаж байгаатай огт нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар хэмжих хэрэгсэл хэвийн ажиллаж байсан нь тогтоогдож байхад 2014 оны 2, 3, 4, 5 дугаар сарын хэрэглээний дунджаар тооцон 2009 оны 1 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны илүү төлөлт гэх төлбөрийг нэхэмжлэх ямар ч хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтгүйгээр 1 тэрбум төгрөг нэхэмжилж иргэний хэрэг үүсгэснээс хойш "Акбар аудит" ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 398 дугаартай албан бичгээр хүсэлт гаргаж 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уг компани 390 дугаартай Аудиторын дүгнэлтийг гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч С.Нэргүй уг дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, мэтгэлцээний журмаар хууль зөрчсөн асуудлыг тодорхой зааж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн болно. Гэвч анхан шатны шүүх нь "Акбар аудит" ХХК-ийн 390 дугаартай дүгнэлт нь тухайн үед мөрдөгдөж байсан буюу 1997 оны Аудитын хуулийн хүрээнд хийгдэх ёстой байтал зөрчиж үйлдсэн "Акбар аудит" ХХК-ийн хараат бус аудиторын 390 дугаартай дүгнэлтэд дурдсан үнийн дүнг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнд: Уг дүгнэлтэд "хараат бус аудиторын дүгнэлт" гэх боловч хэн гэдэг аудитор дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, дүгнэлт гаргасан аудитор нь хувийн тэмдэг дардсаа дараагүй нь 1997 оны Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Аудитор шалгасан буюу судалсан тайлан, санхүүгийн баримтад хувийн тэмдэг дарах бөгөөд түүний гаргасан дүгнэлтэд аудитын байгууллагын дарга /захирал/ гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна." гэж заасныг зөрчсөн.

Мөн хуулийн 10 дугаар зүйлд "Аудит хийх талаар үйлчлүүлэгч болон аудитын байгууллага бичгээр гэрээ байгуулна." гэж заасан байхад гэрээ байгуулахгүйгээр 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 398 тоот албан хүсэлтээр дүгнэлт гаргасан нь хууль бус байна.

Хараат бус аудитор нь зөвхөн санхүүгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтээ гаргах ёстой байдал 390 дугаартай дүгнэлтэндээ техникийн нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь уг дүгнэлтийн "... танай Хонхорын станцад стандарт шаардлага хангахгүй тооцоонд ашиглах боломжгүй гүйдлийн трансформатор, тоолуур ашиглан дунджаар 829 586 615 төгрөгийг илүү нэхэмжилж авсан нь тогтоогдлоо." гэж дүгнэсэн байдаг бөгөөд уг тооцоог гаргахдаа яагаад 2009, 2010, 2011, 2012, 2013 оны дунджийг хэний заавар даалгавар, захиалгаар хууль, эрх зүйн ямар үндэслэл аргачлалаар бодож гаргаснаа тодорхой дурдаагүй.

2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас гаргасан 398 дугаартай албан хүсэлтэнд 2009-2013 оны тооцоог гаргуулах тухай тодорхой дурдаагүй байхад дур мэдэн тооцоо гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 181/32016/08188 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны хөндлөнгийн шинжээч М.Оюунбатын дүгнэлтийн 5-д "Акпар аудит" ХХК-ны дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан талаар тодорхой дурдсан байхад шүүх тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж чадсангүй.

Уг дүгнэлтийн 5-д "... Акпар аудит" ХХК нь аудитын байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулах, зөвлөмж өгөх, туслах гэсэн үйл ажиллагаанаас хальж цахилгаан эрчим хүчний тооцооны зөрүү гэгчийг хаана ч байдаггүй аргачлалаар бодож нийт 829 586 616 төгрөгийн төлбөрийг хариуцагч УБЦТС ТӨХК-аар гаргуулахаар шүүхэд хандсан нь хавтаст хэрэгт цугларсан материалаас тодорхой байна.

Дээрх тооцоо хийхдээ нэхэмжлэгч РТС УТҮГ тооцооны дүн 838 112 684 97 төгрөг /хх94-96/ мөн Акпар аудит ХХК-ний тооцооны дүн 829 586 615 89 төгрөгийн тооцоог хийхдээ /хх-98/ зөвхөн 2014 оны 4-хөн сараар сарын дундаж хэрэглээг гарган түүнээсээ 2009-2013 оны сүүлийн 5 жилийн цахилгаан эрчим хүчний тооцооны зөрүү гэх төлбөр тооцоог гаргаж иржээ. Ийм тооцооны аргачлал хаана ч байдаггүй. Төлбөрийн тооцоо хийхдээ Хонхор дэд станцын бүх хэрэглээг ашигласан байна. Энэ нь буруу юм. ... Акпар аудит ХХК нь төлбөрийн тооцоолол хийхдээ маргаан бүхий гүйдлийн трансформатор, маргаан бүхий кабель утас зэрэг нь төлбөр тооцоонд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг тооцоолох математик аргачлал болон энэ талаар мөрдөх дүрэм журмыг зөв хэрэглээгүй нь үндэслэлгүй буруу тооцоо хийж шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болжээ" гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ ... "Акпар аудит" ХХК-ийн хийсэн тооцоолол, хариуцагч УБЦТС ТӨХК-иас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэргийг 2009 оны 01 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарын хооронд тооцооллыг шүүхийн шийдвэрт дурдаж хариуцагчийн гаргаж өгсөн тооцоолол нь үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй, ... уг тооцоололд бичигдсэн кВт.цагаас нэхэмжлэгчийн 1 сарын дундаж хэрэглээг хасч тооцон илүү нэхэмжилсэн кВт.цагийн хэмжээг гаргаж, үүнийг тухайн үеийн үнэ тарифаар тооцож үзэхэд нэхэмжлэгч талаас гаргасан тооцоололтой таарсан, тооцоолол алдаагүй байсан болно.

... мөн хариуцагч нь "Акпар аудит" ХХК-ийн дүгнэлт нь Аудитын тухай хууль зөрчсөн гэж маргасан боловч шүүх уг этгээдийг шинжээчээр томилоогүй, зөвхөн гаргасан тооцооллын үнэн зөв эсэхэд дүгнэлт хийсэн тул дээрх татгалзлыг ' үндэслэлгүй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй гэжээ. Анхан шатны шүүх "Акпар аудит" ХХК-ийн дүгнэлт нь Аудитын хуульд нийцсэн эсэх асуудлыг шийдвэрлээгүй байж, дүгнэлтэд дурдсан тооцооллыг үнэн зөв гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хариуцагчийн гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд үндэслэн уг тооцоололыг хийсэн тул зөрүү гарахгүй нь ойлгомжтой юм.

Хэргийн 1 хавтасны 80 дугаар талд Тоолуур, хэмжих хэрэгслийн ажлын гүйцэтгэлийн маягт гэх баримт авагдсан бөгөөд уг баримтыг 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн бөгөөд хэрэглэгчийн төлөөлөгч н.Хишигжаргал гарын үсгээ зурж баталгаажуулсан тул тухайн цаг хугацаанд буюу 2009 оноос 2013 оны 4 дүгээр сарын 13 хүртэл хэмжих хэрэгсэл хэвийн ажиллаж байсан нь нотлогдож байна.

Мөн анхан шатны шүүх хариуцагч гүйдлийн трансформаторын алдаа нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан гэж маргаж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр тооцоонд ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн гүйдлийн трансформаторыг алдааны хэмжилтийг зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа гэж үзэх боломжгүй гэжээ. Трансформатор хэвийн явагдаж байсан болохыг тогтоож байгаа баримт бол 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баримт байгаа юм.Харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн, 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус гарсан.

Иймээс трансформаторын алдаатай байсан гэж үзэх цаг хугацаа бол 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд гарсан байхыг үгүйсгэх аргагүй боловч, уг трансформаторын алдаа нь ямар цаг хугацаанаас эхэлсэн болохыг тогтоох боломжгүй байгаа юм. Үүнээс үүдэн дахиж яригдах нөхцөл байдал бол трансформаторын өмчлөгч нь хэн бэ? Өмчлөгч ямар эрх үүрэгтэй вэ? трансформаторт алдаа гаргахгүй ажиллах нөхцөлийг хэн хангах вэ гэх асуудал юм.

Харин энэ талаар анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад заасан "өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах" үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж байсан байдал нь эрчим хүчний төлбөрт илүү төлбөр төлөх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хэрхэн хамааралтай болох, уг баримтууд нь цаг хугацааны хувьд хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, уг баримтуудыг ямар цаг хугацаанд үнэн зөв гэж үзэх боломжтой гэдэг талаас нь, харилцан эсрэг үгүйсгэгдсэн эргэлзээтэй баримтуудыг үнэлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх болсон шалтгааныг зөв тодорхойлоогүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн 829 586 615 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дутуу төлөгдсөн цахилгааны төлбөр 100 581 152 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

Радио телевизийн сүлжээ УТҮГ нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан гэрээний дагуу цахилгаан эрчим хүчээр хангуулах, холбогдох төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлдэг болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 167-178 дугаар тал/

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Дээрх гэрээний дагуу хариуцагч цахилгаан эрчим хүчийг нийлүүлж, нэхэмжлэгч төлбөрийг төлөх үүрэгтэй.

Дээрх болон Эрчим хүчний тухай хуулийн зохих зүйл зохицуулалтыг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй болно.

Хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Гүйдлийн трансформаторын алдаа шалгасан протокол, 2014 оны 01 сарын 23-ны өдрийн огноо бүхий Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэмжилт хийсэн ажлын дүгнэлт, Стандарт хэмжил зүйн улсын байцаагчийн дүгнэлт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэргээс үзэхэд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын Хонхорын радио нэвтрүүлэх станцын РП-19 станцад тавигдсан байсан ТПЛ-10 маркын №1125 дугаартай 100/5 коеффицент бүхий гүйдлийн трансформатор стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй, кабель нь дундаа нэвчилттэй хуучирсан, цахилгаан эрчим хүчний хэрэглээг буруу хэмжиж байсан болох нь нотлогдсон. /1хх-ийн 68-72 дугаар тал, 1хх-ийн 86-87 дугаар тал, 1хх-ийн 123-126 дугаар тал, 2хх-ийн 189-219 дүгээр тал, 2хх-ийн 453-454 дүгээр тал/ Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэгт түүний татгалзлыг нотолсон хангалттай баримт байхгүй байна.

Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт Баталгаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно гэжээ. Гэтэл талууд цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх, дамжуулах, хүлээн авахдаа баталгаагүй гүйдлийн трансформатор ашиглаж дээрх хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Түүнчлэн хангагчийн хувьд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүрэгтэй: ... 16.3.3эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуурыг холболтын цэгт суурилуулах, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Эрчим хүчээр хангагч нь уг хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй, 29.1.6 эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй.

Мөн РП-19 станцад тавигдсан байсан ТПЛ-10 маркын №1125 дугаартай 100/5 коеффицент бүхий гүйдлийн трансформатор нь нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын өмч байх ба /3хх-ийн 221 дүгээр тал/ тэрээр хэрэглэгчийн хувьд дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь хэсэгт заасан өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс нийлүүлсэн, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр буруу тооцогдсон, үүнд хэн аль нь буруутай гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг хэмжиж буй гүйдлийн трансформатор нь зохих хугацаанд эвдрэлтэй байсан, төлбөрийг алдаж тоолсон гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч Эрчим хүч хэрэглэх дүрмийн 39-д заасныг үндэслэн 35 695 968 төгрөгийг хасч тооцож байсан талаар зохигчид тайлбарласан. Эрчим хүч ашиглах дүрмийн 39-д ... тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоог хийнэ. гэж заасан хэдий ч хангагч буюу хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь өөрөө зөвшөөрч дүрмийн энэ зохицуулалтаар уг тооцоог хийж байсан тул нэхэмжлэгч, хэрэглэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ уг зохицуулалтыг хэрэглэн трансформатор алдаатай тооцсон үеийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцож гаргасан, /1хх-ийн 94-96 дугаар тал/ уг тооцоог шүүх үндэслэсэн нь буруу биш гэж үзнэ.

Түүнчлэн шүүх тооцоог хийхдээ хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг үндэслэсэн ба энэ баримтаас харахад нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн дүн 2009 оноос өсөлттэй, өмнөх үеийнхээс өндөр гарч байжээ./1хх-189-224/ Нэхэмжлэгчийн төлбөрийн зөрүүг тооцсон тооцоог няцаасан, үгүйсгэсэн баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй болно.

Хэрэглэгч төлбөр төлөх үүргийн дагуу төлбөрөө төлж үүрэг нь дуусгавар болсон боловч төлбөрөө илүү төлж зөрүү гарсан, хангагч авах ёсгүй зүйлийг авсан, төлөгдөх ёстой дүнгээс илүү төлсөн мөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Тухайн цахилгаан эрчим хүчний илүү төлсөн төлбөрийн маргаанд хариуцагч авах ёсгүй зүйлийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэжээ.

Харин эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тал хувиар багасгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг буюу гэм хорын буюу зөрчлийн улмаас үүсэх үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэн тайлбарласан нь буруу боловч нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны деспозитив зарчмын хувьд мэтгэлцээн явагдахгүй учраас энэ талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх шаардлагагүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 231 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ