| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2017/03708/И |
| Дугаар | 210/МА2018/01338 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2018/01338
| 2018 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2018/01338 |
Г.Намнансүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00734 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Намнансүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаан банк ХХК, Ц.Отгондаваа нарт холбогдох
4 094 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.Намнансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-ийн 5075013369 тоот болон бусад данс эзэмшдэг харилцагч бөгөөд 2015 оноос интернет банк ашиглах гэрээ байгуулан дансандаа орлого, зарлагын гүйлгээ хийж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тухайн дансанд орлого орсныг шалгахаар интернет банканд нэвтрэхэд нууц үгээ зөв хийсэн байхад блоклогдсон ба сэргээж нэвтрэхэд 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 16 минутад 5033037389 тоот данс руу 2 200 000 төгрөг шилжигдсэн байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр интернет банканд нэвтрээгүй бөгөөд гүйлгээ хийгээгүй. Интернет банкийг хэн нэг этгээд хууль бусаар ашигласан гэж үзээд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орсон орлого болох 2 200 000 төгрөгийг дээрх байдлаар алдахаас сэргийлж хүүхдийнхээ данс руу шилжүүлэхээр гүйлгээний загвараа бөглөж гүйлгээний нууц үгээ оруулахад дахин блоклогдсон. Хаан банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болон цагдаад мэдэгдсэн. Гүйлгээний нууц үгээ сэргээлгэхээр мэйл хаягаасаа Хаан банк ХХК-ийн [email protected] хаяг руу 2016 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 3-4 удаа хүсэлт явуулсан боловч сэргээж өгөөгүй. Гүйлгээний нууц үг блоклогдсон учраас мөнгө дахин шилжих боломжгүй гэж бодож банканд мэдэгдсэн. Тухайн үед би Солонгос улсад байсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед 5075013369 тоот дансанд байсан 2 200 000 төгрөгийн 800 000 төгрөг үл мэдэгдэх шалтгаанаар интернет банк гэсэн утгаар бусдын данс руу шилжсэн байсан. Миний бие Солонгос улсад амьдарч байсан учраас 5075073369 тоот дансны ATM-ээс мөнгө авдаг картаа онгоцоор явуулан дансанд үлдсэн 1 400 000 төгрөгөө хүүхдээрээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авахуулсан.
Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гаргасан бөгөөд хэргийг шалгаж байгаа учраас Солонгос улсаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг өгөх ажлаар ирсэн ба 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцаж явсан. Энэ хугацаанд Хаан банк ХХК-ийг хохирлыг минь барагдуулж өгөх байх гэж итгэн хүлээсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ц.Отгондаваагийн 5033037389 тоот дансанд 2 200 000 төгрөг шилжин орсон байдаг. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа учраас тухайн шилжүүлэгдэж орсон 2 000 000 төгрөгийг Ц.Отгондаваагаас, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 800 000 төгрөг, онгоцны зардал 1 294 600 төгрөгийг Хаан банк ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Намнансүрэнгийн Хаан банк ХХК дахь 5075013369 тоот данснаас интернет банкны гүйлгээ хийгдэж, нийтдээ 3 000 000 төгрөгийн зарлага гарсан гэх асуудалд Хаан банк ХХК буруугүй, банк буруутай гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Банкны харилцагч нь интернет банканд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад задруулахгүй байх, алдахаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч өөрөө интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад ашиглах зөвшөөрөл өгч гүйлгээ хийлгэсэн, эсхүл өөрийн хариуцлагагүй байдлаас интернет банкаар нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад алдсан байх боломжтой бөгөөд бусдад ийм боломж олгоогүй, ийм үйлдэл гаргаагүй гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох шаардлагатай. Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нарын данс руу түүний данснаас мөнгө шилжсэн асуудалд банкийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь данснаас мөнгө хулгайлагдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нарыг холбогдуулан шалгуулсан атлаа уг эрүүгийн хэргийн оролцогч бус Хаан банк ХХК-иас онгоцны зардал гэх 1 294 600 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ хэрэгт банк хариуцагч байх үндэслэлгүй. Иймд уг эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах явцад гадаад улсаас ирэх, очихтой холбоотой гарсан гэх онгоцны тийзийн зардлыг холбогдох этгээдүүд болох Ц.Отгондаваа, Д.Чанцалмаа нараас шаардах нь зүйтэй. Г.Намнансүрэнгийн данснаас 2 200 000 төгрөг, 800 000 төгрөгөөр гарсан 2 удаагийн үйлдэл адилхан байхад 2 өөр этгээдээс шаардаж байгаа нь логикгүй байна. Хаан банк ХХК нь и-мэйлээр харилцагчийн дансыг хаах эрхгүй. Иргэн өөрөө биечлэн ирж хаалгах ёстой. Энэ талаар гэрээнд ч тусгасан гэжээ.
Хариуцагч Ц.Отгондаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед нөхөр Ц.Батсуурийн хамт 08-70 УБН улсын дугаартай машинтай нисэхийн замаар харихаар явж байтал хоёр залуу гар өргөөд зогсож байсан. Биокомбинатын цаанаас гахай авах гэсэн юм. Бид газар сайн мэдэхгүй та нар таксины үнээр хүргээд өгөөч гээд суусан. Суугаад явж байхдаа бас картаа мартсан байна, таны данс руу мөнгө шилжүүлээд авчихаж болох уу гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Машинд орж ирж суугаад утсаар яриад миний дансны дугаарыг авч тэр даруй 2 200 000 төгрөг орж ирсэн.
Цааш яваад Биокомбинатын Хаан банк ХХК-ийн ATM-с мөнгийг нь авч өгөх гэтэл бүгдээрээ гарч өгөөгүй. Тэгээд 800 000 төгрөг, 400 000 төгрөг нийлээд хоёр удаа 2 000 000 төгрөгийг авч өгсөн. 200 000 төгрөг нь огт гарахгүй байсан. Мөнгийг нь тоолж өгөөд үлдсэн мөнгөө яах вэ? гэж асуусан. Нисэхийн ATM орж картаа дахин уншуулахад ерөөсөө болохгүй байсан. Тэгээд гахай авах газар руугаа явна гээд явцгаасан. Морин даваа өнгөрөөд явж байхад зогсоорой бууя манай хүмүүс араас ирж явна гэсэн. Үлдсэн 200 000 төгрөгөө яаж, хэзээ авах вэ гэж асуухад маргааш утсаар яриад авъя 30 000 төгрөгийг таксины мөнгөнд аваарай гэсэн боловч маргааш нь залгаагүй. Гэтэл тэр өдөр ээжийн минь бие өвдөж нөхрийн хамт Өвөрхангай аймаг руу явсан бөгөөд буцаж ирээд 2 хонож байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэс дээр намайг дуудаж байцаалт аваад дансанд үлдсэн 200 000 төгрөгийг Г.Намнансүрэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн.
Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Хаан банк ХХК-иас 800 000 төгрөг, хариуцагч Ц.Отгондаваагаас 2 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Намнансүрэнд олгож, Хаан банк ХХК-иас 1 294 600 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан банк ХХК-иас 23 750 төгрөг, хариуцагч Ц.Отгондаваагаас 46 950 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч Г.Намнансүрэнд буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хаан банк" ХХК-иас 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хэсэгт холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шийдвэрийн үндэслэл хэсгийн дүгнэлтийн утга, агуулга хоорондоо зөрүүтэй, нэгнээ үгүйсгэсэн байгаа нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байна.
Шүүх шийдвэртээ Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Намнансүрэнгийн эзэмшдэг Хаан банк" ХХК дахь 5075013369 тоот дансны хуулгаас үзэхэд 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 16 цаг 16 минутад 5033037389 тоот данс руу 2 200 000 төгрөгийн, 2016 оны 10 сарын 01-ний өдрийн 07 цаг 17 минутад 5553115381 тоот данс руу 800 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. Дээр дурдсан Хаан банк" ХХК дахь 5075013369 тоот данс нь иргэн Ц.Отгондаваагийн эзэмшдэг, 5553115381 тоот данс нь иргэн Д.Чанцалмаагийн эзэмшдэг данс байна. гэж дүгнэсэн атлаа 800 000 төгрөгийг Хаан банк" ХХК-иас гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн банкны харилцагч нь интернет банканд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээ хийх нууц үгээ бусдад задруулахгүй байх, алдахаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Намнансүрэн нь шүүх хуралдаанд манай охин миний интернет банкны нууц үгийг мэддэг, хэдэн удаа гүйлгээ хийж байсан гэж хэлдэг. Тухайн тайлбараас үзвэл нэхэмжлэгч дансны нууцлалаа бусдад задруулсан нь түүний данснаас мөнгө гарах боломжийг бүрдүүлсэн байх боломжтой юм. Шүүх нэхэмжлэгчийг дансны нууц үгээ сэргээлгэхээр Хаан банк ХХК-д хэд хэдэн удаа и мэйл илгээсэн байхад банк хариу өгөөгүй нь буруу гэж дүгнэсэн. Гэтэл тухайн и мэйл хаягт шүүх үзлэг хийсэн ба огнооны хувьд зөрүүтэйгээс гадна и мэйлийн агуулгаас үзвэл өөрийнх нь оролцоогүйгээр данснаас мөнгө гарсан байна, данс түр хугацаанд хаах, эсхүл интернет банкны үйлчилгээг түр зогсоох тухай огт байгаагүй.
Хэрэв нэхэмжлэгчийн данснаас түүний оролцоогүйгээр мөнгө гарсан бол энэ тухайгаа мэдэгдсэн тохиолдолд дансыг түр хугацаанд хаах хүртэл арга хэмжээ авах боломжтой, харин энэ талаараа мэйлд тусгаагүй байхад банк дур мэдэн нэхэмжлэгчийн данстай холбоотой үйлдэл хийхгүй юм. Банкнаас шаардаж буй 800 000 төгрөг Ц.Отгондаваагийн дансанд шилжин орсон нь тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадааүй, хэргийг хэт нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Хаан банк" ХХК-иас 800 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Отгондаваа давж заалдах гомдолдоо: Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзэх үндсэн нөхцөл нь бусдын эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжиж, түүнийг захиран зарцуулсан байдлаар илэрдэг. Ц.Отгондаваа нь тухайн мөнгийг бодитой эзэмшиж захиран зарцуулсан нөхцөл байдал үүсээгүй. Үндэслэлгүйгээр олж авсныг Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт заасан шударга ба шударга бус эзэмшилтэй зайлшгүй холбож үзэх шаардлагатай. Ц.Отгондаваагийн хувьд дансаар 2 200 000 төгрөг шилжиж орж ирснийг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.
Тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдүүдийн хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл, хууль эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байдаг. Үүрэг гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан байж болно. Хадгалагч зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашигласнаас олсон орлогыг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан буюу эзэмшсэн гэж үзнэ. Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэн нь гэм буруугийн санаатай биш хэлбэр юм. Г.Намнансүрэнгийн данснаас мөнгө шилжсэн үйлдэл нь түүний өөрийнх нь данс эзэмшигчийн нууцлалаа бусдад алдсантай шууд холбоотой.
Нэхэмжлэгчийн данснаас мөнгө шилжигдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг нь тогтоогдсон боловч эзэн холбогдогчийг олж илрүүлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Г.Намнансүрэнгийн хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь тодорхой байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр Ц.Отгондаваагаас нэхэмжилсэн нь хууль бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.Отгондаваад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад харьцуулан үнэлж чадаагүй байх тул залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Г.Намнансүрэн нь хариуцагч Хаан банк ХХК, Ц.Отгондаваа нарт холбогдуулан 4 094 600 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Г.Намнансүрэн нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Отгондаваа нь өөрийн дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Хаан банк ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2 094 600 төгрөгний хохирол учруулсан гэж тодорхойлсон байна.
Хаан банк ХХК дахь нэхэмжлэгчийн эзэмшдэг 5075013369 тоот данснаас 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 16 цаг 16 минутад Ц.Отгандаваагийн эзэмшдэг 5033037389 тоот данс руу 2 200 000 төгрөгийн, 2016 оны 10 сарын 01-ний өдрийн 07 цаг 17 минутад Д.Чанцалмаагийн эзэмшдэг 5553115381 тоот данс руу 800 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, Ц.Отгондаваа нь мөн өдөр өөрийн данснаас уг мөнгийг зарлагдсан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6, 82 дугаар тал/
Хариуцагч Ц.Отгондаваа нь ... 2 200 000 төгрөгийг бусдын гуйсны дагуу дансандаа шилжүүлүүлэн авч өгсөн, тухайн мөнгийг бодитой эзэмшиж захиран зарцуулсан нөхцөл байдал үүсээгүй... " гэж тайлбарлах боловч эргэлзээгүй нотлох баримтаар нотлоогүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Хэргийн 50, 52-57 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк" ХХК-д хандсан цахим хүсэлтийн агуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч банканд хандаж данс хаах талаар хүсэлт тавиагүй, нууц үг солих талаар хүсчээ. Гэтэл шүүх Хаан банк ХХК-ийг дансыг хаагаагүй, дахин гүйлгээ хийхгүй байх арга хэмжээ аваагүй гэж буруутган нэхэмжлэгчийн шаардсан 800 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хариуцагч Хаан банкийг гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байх тул тухайн хариуцагчаас 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн хэргийн баримтаас дүгнэхэд хариуцагч Хаан банк ХХК, Ц.Отгондаваа нар нь эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай, хохирогчийн данснаас 3 000 000 төгрөгийг хулгайлсан болох нь эргэлзээтэй, хангалттай нотлогдоогүй учир нэхэмжлэгчийн шаардаж буй 4 094 600 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж дүгнэх боломжгүй. Нэхэмжлэгч Ц.Отгондаваагаас өөрийн шаардлагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тодорхойлсноор шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 242 дугаар Прокурорын тогтоолоор хариуцагч Ц.Отгондавааг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь эргэлзээтэй. Иймээс Ц.Отгондаваагийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ./хх-ийн 37 дугаар тал/
Нэхэмжлэгч өөрт учирсан хохирол 800 000 төгрөгийг Д.Чанцалмаагаас зохих журмаар шаардахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00734 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч Хаан банк ХХК-иас 800 000 төгрөг болон тус тус гэснийг хасч, 1 294 600 гэснийг 2 094 600 гэж өөрчилж, 2 дах заалтын хариуцагч Хаан банк ХХК-иас 23 750 төгрөг болон тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Хаан банк ХХК- ийн төлсөн 23 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Б.НАРМАНДАХ