| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1346/э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 104
Г.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1365 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1031 дүгээр магадлалтай, Г.Э-т холбогдох 1906000001680 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Зүйд овогт Г Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-ыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, Т.Баярдалай нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нар гаргасан гомдолдоо “би гэмт хэргийг үйлдсэн цагаасаа эхлэн гэмшиж, хохирогч Б.Эрдэнэцэцэгт мөнгийг нь тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж хохирлыг барагдуулсан. Мөн шүүх хуралдаан дээр өөрийн холбогдсон гэмт үйлдэлд гэм буруутай эсэхэд маргаагүй, маргах ч шаардлага надад байгаагүй. Харин би шүүхээс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ийнхүү анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, мөн цаашид гадаад улсад суралцахаар бэлтгэл хийж байгаа” зэргийг минь харгалзан үзэж өөрт оногдуулах ялыг хөнгөрүүлж, улмаар ялаас чөлөөлж өгөхийг хүссэн. Хэдийгээр би шүүхийн тогтоол, магадлалд хүндэтгэлтэй хандаж байгаа ч 2 жилийн хугацаагаар тэнссэн нь нилээдгүй урт хугацаа байх ба Г.Э- миний гадаадад гарч суралцах боломжид нөлөөлж, магадгүй боломжоо алдаж ч мэдэхээр байгаа болно. Иймээс Г.Э- миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм хор, хохирлын хэр хэмжээ болон анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан байдал, цаашид гадаадад суралцахаар явах гэж байгааг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг аль болох боломжит хугацаагаар багасгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай хэлсэн саналдаа “Г.Э- гадаадад сурахаар виз мэдүүлсэн боловч ял, шийтгэлтэй холбоотойгоор татгалзсан хариу өгсөн. Иймд тэнсэнгийн хугацааг 6 сараар багасгаж өгнө үү. Хэргээ хүлээсэн, хохирлыг төлсөн байдлыг нь харгалзан ялаас чөлөөлөх боломж байсан. Хохирлыг төлсөн бөгөөд хохирогчийн зүгээс өөр гомдол санал байдаггүй. Иймд сурах боломж нь хойшлогдвол түүнд хүндрэлтэй байгаа учир гомдол гаргасан” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн байдлуудыг харгалзан хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан нь хэргийн бодит байдал, хувийн байдалд тохирсон. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцэж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил тэнсэн харгалзсан нь гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Г.Э- нь хохирогч Б.Эрдэнэцэцэгт “Япон улсын виз гаргаж өгнө” гэж 2019 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 1.055.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг багасгаж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.
Шүүх шүүгдэгч Г.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг, заалтыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Г.Э-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1365 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР