Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01636

 

 

 

 

 

 

 

Б.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г хариуцагч М -т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Гантулга нь М -ын захирлын 2019 оны 07 сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02959 дугаар шийдвэрээр Б.Гантулга намайг М -ын Шижир алт алтны үйлдвэрийн нууцын ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 6 153 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 83 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу М -ын захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Б.Гантулга намайг нууцын ажилтнаар эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Гантулга миний ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн ба ажилд эгүүлэн 2020 оны 01 сарын 31-ний өдөр авсан.

Иймд 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх 3 сарын цалин болох 5 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Тус байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/17 тоот тушаалаар Б.Гантулгыг Шижир алт алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан билээ. Дээрх шүүхийн шийдвэрт дурдсан ажилтанд олгох 6 153 480 төгрөгийг 2020 оны 02 сарын 04-ний өдрийн А/133 тоот тушаалаар шийдвэрлэж нэхэмжлэгч Б.Гантулгад олгосон болно. Б.Гантулга 2020 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш ажиллаж байх хугацаанд ямар нэгэн гомдол хүсэлт ажил олгогч талд гаргаагүй байсан бөгөөд 2020 оны 03 сарын 17-ны өдөр өөрөө хүсэлт гаргасны дагуу 2020 оны 03 сарын 18-ны өдрийн Б/44 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна.

Иймд Б.Гантулга нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь ажилласан байсан хүний ёс зүйгүй үйлдэл гэж харж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч М -аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагч М -т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн даснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад буцаан олгож, хариуцагч М -аас улсын тэмдэгтийн хураамжид 101 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гантулгад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Б.Гантулга 2020 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш ажиллаж байх хугацаандаа цалин хөлсний талаар аман болон бичгээр ямар нэгэн гомдол санал ажил олгогч талд гаргаж байгаагүй бөгөөд 2020 оны 03 сарын 17-ны өдөр өөрөө хүсэлт гаргаж 2020 оны 03 сарын 18-ны өдрийн Б/44 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үедээ аман байдлаар ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн боловч урьд нөхцөл байдлын талаар гэнэт шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болсон энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад хариулт байхгүй өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн үндсэн байр сууринаас хариулаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь ажилгүй байсан хугацааны 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гэж 5 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг, хариуцагч М -ын зүгээс эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 29/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02959 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Гантулгыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 07 сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор 6 153 480 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсний дагуу хариуцагч М 2020 оны 01 сарын 31-ний өдөр Б.Гантулгыг Шижир алт алтны үйлдвэрийн нууцын ажилтнаар эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн 6 153 480 төгрөгийн олговрыг олгосон, улмаар түүний хүсэлтээр 2020 оны 03 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй. /хх 6-9, 10-12, 13, 14-16, 32, 40/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс Б.Гантулгыг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгоно. Учир нь Б.Гантулгыг үндэслэлгүйгээр ажлаас халаагүй бол дээр дурдсан хугацаанд Б.Гантулга ажил үүргээ гүйцэтгэж, холбогдох цалин хөлсийг авах байсан гэж үзнэ.

 

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт ...Б.Г нэг сарын цалин 1 800 000 төгрөг... хэмээн дүгнэснийг үндэслэн Б.Г ажилгүй байсан 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. /хх 9/

 

Түүнчлэн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж Б.Г нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгасан нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга өөрийн хүсэлтээр 2020 оны 03 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах түүний эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүйг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200601572609 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгөөс 101 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 20 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР