Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00822

 

 

 

 

 

 

 

 

 2022          09           15                                          001/ХТ2022/00822

 

... гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1636 дугаар магадлалтай,                                                                                                                                   

... гын нэхэмжлэлтэй,

“... ” ТӨҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговорт 5,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... га, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... га нь хариуцагч “... ” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 5,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч “... ” ТӨҮГ-аас 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... гад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... гын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “... ” ТӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ... гад буцаан олгож, хариуцагч “... ” ТӨҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... гад олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1636 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1636 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Манай Үйлдвэрийн газар нь 2019.10.31-ний өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж ... гыг “... ” Алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоосон, шүүхийн шийдвэрт дурдсан 6,153,480 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Харин нэхэмжлэгч ... га нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 101/ШШ2019/02959 шийдвэрийн дагуу Үйлдвэрийн газар ажилласан өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн 2020.03.18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч талд өөрийн эрх нь зөрчигдсөн талаар аман болон бичгээр санал хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2020.04.24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасныг зөрчиж байна. Учир нь 2019.10.31-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд нь эргүүлэн томилох хүртэлх 3 сарын хугацаанд иргэн ... га дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1636 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:                     

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч ... га нь хариуцагч “... ” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 5,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... га нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд 2020.03.17-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа нь ажиллаж байсан хүний хувьд ёс зүйгүй үйлдэл” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч “... ” ТӨҮГ-аас 2019.10.30-ны өдрөөс 2020.01.31-ний өдрийг хүртэлх хугацааны 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... гад олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “... ” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 101/ШШ2020/02959 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч ... гыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019.07.17-ны өдрөөс 2019.10.30-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 6,153,480 төгрөгийг хариуцагч “... ” ТӨҮГ-аас гаргуулж шийдвэрлэсний дагуу хариуцагч нь 2020.01.31-ний өдөр ... гыг “... ” алтны үйлдвэрийн нууцын ажилтнаар эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, шүүхийн шийдвэрт дурдсан 6,153,480 төгрөгийг олгожээ. ... га нь 2020.01.31-ний өдрөөс ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 2020.03.18-ны өдрийн Б/44 тоот тушаал гарсан үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

10. Нэхэмжлэгч нь 2019.10.30-ны өдрөөс 2020.01.31-ний өдрийг хүртэлх 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлээ хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд “... 2019.10.31-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд нь эргүүлэн томилох хүртэлх 3 сарын хугацаанд иргэн ... га дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй байсан ...” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иймээс “... ” ТӨҮГ-ийн захирлын 2020.01.31-ний өдрийн Б/17 дугаар тушаал гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ... гын эрхийн зөрчил үргэлжилсэн гэж үзэж эрхийг сэргээсэн буюу ажилд эгүүлэн тогтоосон үеэс шүүхэд хандах хугацааг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01955 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1636 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 102,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН