Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1955

 

 

 

 

 

 

 

 

 

                    2020       05          28  

             101/ШШ2020/01955

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ТӨҮГ/-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,400,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Будсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Б.Г  миний бие нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М ” ХХК-ийн охин компани болох “*******” ХХК-д нууцын ажилтнаар ажилд орсон. 2019 оны 05 сарын 31-ний өдөр “М ” ХХК нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж “*******’' ХХК нь “М ” ТӨҮГ-ын үйлдвэр болж өөрчлөгдсөн. Ингээд Б.Г  би “М ” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн тушаалаар Нууцын ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байсан болно. Миний бие нь ажлаа ямар нэгэн дүрэм журам зөрчилгүй хэвийн явуулж байхад “М " ТӨҮГ-ын “Ш ” алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн Б/22 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч ...ажлын хариуцлага алдаж, хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алт угаагч нар болон хамгаалагчийг ажлын байрнаас хөндийрүүлж, хөдөлгөөнийг хязгаарласан... гэж үзэн нууцын ажилтан Б.Г  надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. “М ” ТӨҮГ- ын захирлын 2019 оны 07 сарын 17-ны өдрийн Б/90 дугаар “Ажлаас чөлөөөлж, гэрээ цуцлах тухай” тушаал гарч Б.Г  намайг ажлаас чөлөөлсөн болно. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* овогт *******ын ******* М  ТӨҮГ-ын ******* алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М  ТӨҮГ-аас 6,153,480 төгрөгийг гаргуулж, Б.Г д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 83 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “М ” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Б.Г  намайг нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Г  миний ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн ба ажилд эгүүлэн 2020 оны 01 сарын 31-ний өдөр авсан. “М ” ТӨҮГ-аас 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын цалин болох 5 400 000 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн Б.Г ын “М ” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 83 тоот магадлалыг үндэслэн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/17 тоот тушаалаар иргэн Б.Г ыг “Ш ” алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан билээ. Дээрх шүүхийн шийдвэрт дурдсан ажилтанд олгох 6,153,480 төгрөг болох мөнгөн дүнг 2020 оны 02 сарын 04-ний өдрийн А/133 тоот тушаалаар шийдвэрлэж нэхэмжпэгч Б.Г д олгосон болно. Иргэн Б.Г  2020 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш ажиллаж байх хугацаанд ямар нэгэн гомдол хүсэлт ажил олгогч талд гаргаагүй байсан бөгөөд 2020 оны 03 сарын 17-ны өдөр өөрийн хүсэлт гаргаж 2020 оны 03 сарын 18-ны өдрийн Б/44 тоот тушаалаар ажпаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Иргэн Б.Г  нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь ажиллаж байсан хүний хувьд ёс зүйгүй үйлдэл гэж харж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар нэхэмжлэгч талтай тохиролцох боломжтой гэж үзэж байна” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч “М ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  5,400,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг зөвшөөрөх талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Б.Г  нь “М ” ТӨҮГ-ийн “*******” алтны үйлдвэрийн нууцын ажилтнаар ажиллаж байгаад “М ” ТӨҮГ-ийн захирлын 2019 оны 07 сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байх бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Б.Г ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,153,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Г д олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 83 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй. /хх-6-9, 10-12/

 

“М ” ТӨҮГ-ийн захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/17 тушаалаар Б.Г ыг “М ” ТӨҮГ-ийн “*******” алтны үйлдвэрийн нууцын ажилтны албан тушаалд эгүүлэн томилсон байна. /хх-13/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг  хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Г  нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Б.Г ыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд “М ” ТӨҮГ-ийн захирлын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу ажилтан ажилд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “М ” ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэрт нэхэмжлэгч Б.Г ын нэг сарын цалин 1,800,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр шийдвэр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсний  хэмжээний талаарх баримтыг шүүх дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгч Б.Г ын нэг сарын цалинг 1,800,000 төгрөгөөр тооцон 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасныг баримтлан Б.Г ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч “М ” ТӨҮГ-т даалгах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М ” ТӨҮГ-аас 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан “М ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “М ” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Г д буцаан олгож, хариуцагч “М ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР