Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01672

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01672

 

 

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01547 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Б-ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 38 300 556 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.М-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Б-ХХК-ийн 40 мянгат дахь салбарт Манлай халамжлагч буюу салбарын захирлаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15 360 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг А.Б-ХХК нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч А.Б-ХХК нь 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандан ажиллагаа хийлгэж 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан боловч энэ тушаалаа биелүүлэхгүй байсан. Би аргагүйн эрхэнд 3 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гаръя, эсвэл намайг ажиллах боломжоор хангаж, дуудсан цагт ажилдаа очно гэсэн. Үүний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох тушаал гаргаж, канондсан хуулбарыг надад өгсөн. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин 38 300 556 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А.Б-ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б-ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.М- нь А.Б-ХХК-ийн 40 мянгат дахь салбарын Манлай халамжлагч салбарын захирлын албан тушаалд ажиллаж байгаад ажлаас халагдсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 972 дугаар шийдвэрээр эгүүлэн ажилдаа томилогдсон ч А.Б-ХХК, С.М- нар харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар эвлэрсэн. С.Мын хүсэлтийн дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч ажлаас чөлөөлж хөдөлмөрийн маргаанаа бүрэн дуусгавар болгосон юм. Энэ нь ч С.Мын А.Б-ХХК-д хандаж гаргасан өргөдлөөр бүрэн нотлогдоно. Иймд харилцан тохиролцож хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаа дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч А.Б-ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 38 300 556 төгрөгийг гаргуулж, С.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч С.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А.Б-ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349 453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохирсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болдог. Гэтэл Улсын Дээд шүүхийн 1749 тогтоолыг хариуцагч А.Б-ХХК нь биелүүлсэн гэх хангалттай нотлох баримт байсаар байтал нотлох баримтыг огт судлалгүйгээр хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тод харагдаж байна.

С.Мын хүсэлт болон талуудын тайлбараас дүгнэхэд хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь ажил олгогчийн зүгээс ажилтанд ажил, үүрэг гүйцэтгүүлэх боломж олгоогүй зүй бус нөлөөллийн улмаас гаргасан гэх үзэх үндэслэл тогтоогдож байна. Хариуцагч дээрх үйл баримтыг няцаагаагүй болно гэж огт яригдаагүй баримтгүй зүйлийг тулган бичсэн нь алдаа болсон. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1749 дугаар тогтоолыг дахин шийдвэрлэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч С.М- нь хариуцагч А.Б-ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 38 300 556 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1468 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01749 дүгээр тогтоолоор С.Мыг А.Б-ХХК-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15 360 900 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А.Б-ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх6-19/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл заан маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч А.Б-ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан байх боловч уг тушаалын биелэлтийг хангасан гэдгээ баримтаар нотлоогүй байна. /хх5/ Мөн нэхэмжлэгч С.Мын намайг ажиллах гээд очиход миний оронд орсон хүн ажил хийгээд сууж байсан, ...би аргагүйн эрхэнд 3 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гаръя, эсвэл намайг ажиллах боломжоор хангаж дуудсан цагт оръё... гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэл зориг байгаагүй гэж үзнэ. /хх 40-41/ Иймд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч С.М- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00972 дугаар шийдвэрээс хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж байгаа учир уг асуудлыг дахин шийдвэрлэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /хх6-9/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД