Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02352

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02352

 

 

Г.Батбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/002016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Батбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Батбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Наранбулаг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэндсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Батзоригт, Б.Баатарсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилогдсоноос хойш 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлын албан тушаалд ажилласан. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/385 тоот Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт авч, эмнэлэгт хэвтсэн.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаатай байхад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ярьж ажлаас чөлөөлсөн тушаалаа ирж авах талаар мэдэгдсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдөр тушаалыг авч, танилцсан.

Тушаалд 2017 оны Үндэсний аудитын газраас хийсэн ээлжит санхүүгийн байдалд хийсэн дүгнэлт, аудитын гэрчилгээ, Үндэсний аудитын газраас гарсан 02287 тоот албан шаардлагыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2017 оны их сургуулийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь бүхэлдээ зөрчилгүй гэх стандарт дүгнэлт гарсан байдаг.

Түүнчлэн намайг өвчтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Мөн 2015, 2016, 2017 оны сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр биелэлт хамгийн сайн гэх үнэлгээ авч, урамшуулал хүртэж байсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэлгүй удаа дараа зөрчил дутагдал гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тухайлбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тогтоолгох Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй, Сургуулийн орон тооны хязгаар, цалингийн санг Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тогтоолгоогүй, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоосон засгийн газрын шийдвэрийг мөрдөөгүй, ажилчдын ажлыг улирал тутам дүгнэж, түүний ур дүнгээр ур чадварын нэмэгдэлийг олгоогүй гэх мэт олон удаагийн зөрчил дутагдал гаргасан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл болсон.

Нэхэмжлэгч нь тушаал гарах цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд эмчийн магадлагаагаар ажлаас түр чөлөөлөгдсөн асуудал байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид эмчийн магадлагаатай байгаа талаар мэдэгдсэн зүйл байхгүй, бүх нийтээр амрах амралтын өдөр биш ажлын өдөр тушаал гарсан.

Нэхэмжлэгч нь 2013 оны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож захирлаар томилогдсон. Монгол улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагад хамаарна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны маргаан нь Иргэний шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Батбаатарыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.000.000 төгрөгийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаатарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхээс хариуцагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Г.Батбаатарын нэхэмжлэлтэй маргаан нь иргэний шүүхийн харьяаллын маргаан биш, Захиргааны хэргийн шүүхийн, тэр дундаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох захиргааны акттай холбоотой маргаан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Батбаатар нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан, гарын үсгээ зурж баталгаажуулж, шүүхэд албан ёсоор хүргүүлсэн. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг нь эвлэрлийн гэрээнээс татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчсөн. Д.Наранбулагт эвлэрлийн гэрээнээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгоогүй, нэхэмжлэгч өөрөө эвлэрлийн гэрээнээс татгалзах хүсэлт, татгалзлаа шүүхэд ирүүлээгүй. Анхан шатны шүүх талуудын эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар батлаагүй, хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөсөө татгалзаж, дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, тэгш эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Батбаатар нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г.Батбаатарыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/302 тоот тушаалаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын албан тушаалд томилсон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/062 тоот тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн, энэ хугацаанд их сургуулийн нэр өөрчлөгдсөн талаар талууд маргаагүй. /хх 23 дахь тал/

 

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг албан тушаалд мөн зүйлийн 9.1.2-т заасан боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх туслах албан тушаал хамаарахаар заажээ. Иймд нэхэмжлэгч Г.Батбаатарын ажиллаж байсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд ажил олгогч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь түүнтэй 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. /хх 8-10 дахь тал/ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд энэ хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл, журмыг зохицуулаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол-д иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор зохицуулжээ. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллагад Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яам хамаарах боловч ажил олгогчоос ажилтныг ажлаас халсан тушаал нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн тодорхойлолтод хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтаны хооронд гэрээний үндсэн дээр буюу хувийн эрх зүйн хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй ажил олгочийн шийдвэрийг дотогш чиглэсэн харилцаанд хамааруулах юм.

 

Дээрх үндэслэлээр талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх буруу тодорхойлж, хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэл болжээ.

 

Ажил олгогч нь Б/062 тоот тушаалдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Үндэсний Аудитын газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, 2018 оны 1043 дугаар Аудитын гэрчилгээ, Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07/182 тоот албан шаардлагыг тус тус баримталсан боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг огт заагаагүй байна. Иймд хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарт дурдсан ...ажилтан хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар тогтоогдсон гэх үндэслэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд дуусгавар болгох буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил тогтоогдоогүй, уг зөрчилд ногдуулсан шийтгэл үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж, аудитын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1043 тоот гэрчилгээг Монгол Улсын ерөнхий аудитороос олгож, тайланг танилцуулсан байна. /хх89-113 дахь тал/. Түүнчлэн Үндэсний аудитын газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 07/182 тоот албан шаадлагыг гаргажээ. /хх 114 дэх тал/ Аудитын 1043 тоот гэрчилгээ, 2017 оны үйл ажиллагааны тайлан, 07/182 тоот албан шаардлагад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай холбоотой гарсан зөрчил нэрлэн заагдаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ. Иймд энэ аудитын гэрчилгээ, тайлан, албан шаардлага нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ гэж заасантай нийцсэн байхаас гадна дээрх эрхийн актуудыг Б/062 тоот тушаалд баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч тал нь шүүхэд тайлбар гаргахдаа Б/062 тоот тушаалд заагаагүй үндэслэлийг заасан ба анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгч санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил нь ажилтан Г.Батбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан ноцтой зөрчилд хамааруулахгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Үндэсний аудитын газраас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06/910 тоот аудитын гэрчилгээг тус тус мөн сургуулийн захиралд, Үндэсний аудитын газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/72, 03/73, 03/74 тоот төлбөр барагдуудах тухай акт, мөн өдрийн 02/153, 02/154, 02/155, 02/156, 02/157 тоот албан шаардлагыг гаргажээ. Эдгээр баримт бичиг нь Б/062 тоот тушаалын үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй. /хх 123-159 дэх тал/

 

Сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг баримтлаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1043 тоот аудитын гэрчилгээ, холбогдох тайланг гарсан өдрийг ажилтны гаргасан зөрчлийг илрүүлсэн гэж үзвэл хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 1 сарын дотор буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, хариуцагчийн тайлбарт дурдснаар тайлан, гэрчилгээг 2018 оны 5 дугаар сарын эхээр хүлээн авснаас тооцвол шийтгэл ногдуулах хугацаа 2018 оны 6 дугаар сарын эхээр дуусах байтал уг хугацааг хэтрүүлж Б/062 тоот тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь хууль зөрчсөн гэж дүгнэх юм.

 

Түүнээс гадна ажилтанд ээлжийн амралтыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл олгосон нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/385 тоот тушаалаар тогтоогдож байх бөгөөд ээлжийн амралт эдлэх хугацаанд ажилтны ажлын байр хадгалагдахаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчиж хариуцагч нь Б/062 тоот тушаалыг гаргажээ.

 

Дээрх үндэслэлүүд нь Б/062 тоот тушаал үндэслэлгүй болсныг хангалттай тогтоож байх тул ажилтныг өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн эсэх асуудалд анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүйг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд ажилтныг үндэслэлгүй халагдсан гэж дүгнэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ийн а дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэж ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг 8 016 074 төгрөгөөр тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь заасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэх зарчмыг баримтлан 7 000 000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд ажилтныг даатгаж, шимтгэл төлөх, холбогдох дэвтэрт бичилт хийх ажил олгогчийн үүргийг зохицуулсан. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй нөхцөлд ажилтан холбогдох шаардлагыг гаргах ёстой хэдий ч хамтатган шийдвэрлэх нь хэн алины ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэж шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

 

Түүнээс гадна зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээнд заасан нөхцөл болох ажилтныг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүрэлдэхүүн Эрдмийн сургуулийн захирлаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр томилох үүргээ хариуцагч тал биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь уг эвлэрлийн гэрээнээс татгалзах үндэслэл болжээ. Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулаагүй, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдал тогтоогдоогүй тул заавал хэрэгжих ёстой гэрээ гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэж дүгнэхээр байна. Эвлэрлийн гэрээнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзсан бөгөөд уг татгалзлыг гаргах эрхийг олгоогүй гэж хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь Г.Батбаатараас Д..Наранбулагт 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон итгэмжлэлд эвлэрэх эрхийг тусгайлан зааж олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг давхар олгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэх эрхэд эвлэрлийн гэрээнээс татгалзах эрхийг мөн хамааруулж ойлгох тул уг эрхээс нэхэмжлэгч тал татгалзаагүй, эвлэрлийн гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчид хамааралтай тул хариуцагч талын холбогдох гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээр эхэлж, хариуцагч талд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийн талаар шүүгч тайлбарлажээ. Энэ хугацаанаас хойш хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, шүүх хуралдааны бэлтгэл ажил хангах үүргийг хүлээх юм. Хариуцагчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Д.Баттулга хариуцагч талтай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байна. Өмгөөлөгч Д.Баттулга нь шүүхэд гаргасан хүсэлт шийдвэрлээгүй гэх үндэслээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй байхад шүүх хуралдааныг орхиж явсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Улмаар хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүйг буруутгах боломжгүй, шүүх хариуцагч талыг эрх зүйн туслалцаа авах эрхийг хангасан гэж дүгнэнэ. /хх 35, 48-49, 163-172 дах тал/

 

Шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг заасан бөгөөд хүсэлт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь уг үндэслэлд хамаарахгүй. Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаас өөр үндэслэлээр шүүгчээс татгалзаж үл болно гэснийг хариуцагч тал зөрчсөн байна. Иймд хариуцагч талын холбогдох давж заалдах гомдол хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт шийдвэрлээгүй, гомдол гаргах хугацаа олгоогүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах үндэслэлд мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хамаарахгүй юм.

 

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар буцаан олгох байтал анхан шатны шүүх олгоогүй алдаа гаргасныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/002016 дугаар шийдвэрийн

3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Батбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаатарт олгож, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА