Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00589

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02016 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2352 дугаар магадлалтай, 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

БСШУСЯ-анд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж  цалин, хөлстэй тэнцэх олговорт 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, Б.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилогдсоноос хойш 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлын албан тушаалд ажилласан. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/385 тоот Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт авч, эмнэлэгт хэвтсэн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл эмчийн магадлагаатай байхад БСШУСЯ-наас ярьж ажлаас чөлөөлсөн тушаалаа ирж авах талаар мэдэгдсэн. Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тушаалыг авч, танилцсан. Тушаалд 2017 оны Үндэсний аудитын газраас хийсэн ээлжит санхүүгийн байдалд хийсэн дүгнэлт, аудитын гэрчилгээ, Үндэсний аудитын газраас гарсан 02287 тоот албан шаардлагыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2017 оны их сургуулийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь бүхэлдээ зөрчилгүй гэх стандарт дүгнэлт гарсан байдаг. Түүнчлэн намайг өвчтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Мөн 2015, 2016, 2017 оны сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр биелэлт хамгийн сайн гэх үнэлгээ авч, урамшуулал хүртэж байсан.  Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэлгүй удаа дараа зөрчил дутагдал гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тогтоолгох Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй, Сургуулийн орон тооны хязгаар, цалингийн санг Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тогтоолгоогүй, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоосон засгийн газрын шийдвэрийг мөрдөөгүй, ажилчдын ажлыг улирал тутам дүгнэж, түүний үр дүнгээр ур чадварын нэмэгдэлийг олгоогүй гэх мэт олон удаагийн зөрчил дутагдал гаргасан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл болсон. Нэхэмжлэгч нь тушаал гарах цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд эмчийн магадлагаагаар ажлаас түр чөлөөлөгдсөн асуудал байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид эмчийн магадлагаатай байгаа талаар мэдэгдсэн зүйл байхгүй, бүх нийтээр амрах амралтын өдөр биш ажлын өдөр тушаал гарсан. Нэхэмжлэгч нь 2013 оны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож захирлаар томилогдсон. Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагад хамаарна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны маргаан нь Иргэний шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02016 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.000.000 төгрөгийг хариуцагч БСШУСЯ-наас гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч БСШУСЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2352 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/002016 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-т олгож, хариуцагч БСШУСЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Ж.Б, Б.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Г.Б- нь 2018 оны 7 сарын 16-ны өдөр БСШУСЯ-анд холбогдуулан “ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2018 оны 7 сарын 24-ний өдрийн 8559 дугаар захирамжаар БСШУСЯ-анд холбогдох иргэний хэрэг үүсгэсэн байна. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар яамыг Төрийн нарын бичгийн дарга нь яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх буюу яамыг төлөөлөхөөр хуульд заажээ. Шүүхээс хариуцагчаар Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яамыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэхээр Иргэний хуульд заасан байхад иргэний хэргийн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”-г захиргааны байгууллага гэж заасан. Мөн зүйлийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж тус тус заасныг зөрчин Г.Б-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байхад давж заалдах шатны шүүх нь иргэний хэргийн шүүхийн харъяалах маргаан гэж үзэж байгаа нь хууль буруу тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 8 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч БСШУСЯ-ны сайдтай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зурж гэрээ баталгаажсан байна. Энэ гэрээг талууд шүүхэд албан ёсоор хүргүүлсэн. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбулаг нь 2018 оны 8 сарын 29-ний өдөр “эвлэрлийн гэрээнээс татгалзах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчсөн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбулагт эвлэрлийн гэрээнээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгоогүй, нэхэмжлэгч Г.Б- нь өөрөө эвлэрлийн гэрээнээсээ татгалзсан тухай баримт, хүсэлт, татгалзлаа шүүхэд ирүүлээгүй байна. Анхан шатны шүүх талуудын 2018 оны 8 сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар батлаагүй, хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь хэрэгт авагдаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөсөө татгалзаж, дахин өмгөөлөгч авах хүсэлтээ гаргасан байна. Хариуцагчийн төлөөлөгчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хангахгүй, нэг талын байр суурийг хамгаалж нэхэмжлэгчид давуу байдал тогтоож, хариуцагчийн эрхийг хазгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “...шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй..." гэж заасныг зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлд татгалзалыг хүлээж аваагүй, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байхад энэ тухай шүүгчийн захирамж гараагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасныг зөрчиж хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, тэгш эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад хэрэгт байгаагүй, шүүхийн шийдвэр гарсаны дараа хэрэгт байхгүй байгаа шүүгчийн захирамжууд нь давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсэний дараа нөхөн ирсэн байгаа нь Үндсэн хууль болон процессын хуулиудаар баталгаажсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан иргэний эрхийн хамгаалалт алдагдсан байхад давж заалдах шатны шүүх үнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Б-, БСШУСЯ-анд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г.Б- БСШУСЯ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар 2013 оноос эхлэн ажиллаж байгаад тус яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/062 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Б/062 тоот тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн хэдий ч Г.Б-ыг тухайн хуулийн зохицуулалтад заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн алиныг гаргасныг тодорхойлон заагаагүй нь ажил олгогчийн шийдвэр эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа, Г.Б- нь “...хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн гэж үзлээ.

Хэргийн харъяаллын талаар дүгнэлт хийхдээ шүүх Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г.Б- хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байх бөгөөд түүний эрх зүйн байдал буюу хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх бус ерөнхий харъяаллын иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарна гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Хэдийгээр Г.Б-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан этгээд нь захиргааны албан тушаалтан мөн боловч түүний гаргасан шийдвэр нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн биш, ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагджээ. Харин энэхүү гэрээг  үндэслэн шүүх зохигчийн эвлэрлийг батлахаас өмнө тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан Д.Наранбулаг тодорхой үндэслэл зааж, гэрээнээс татгалзсан бөгөөд түүнд нэхэмжлэгч Г.Б- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрхийг олгосон тухай итгэмжлэл хэргийн 5-р талд авагдсан байна. Иймээс түүнийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүгчээс татгалзсан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин өөр өмгөөлөгч авах хүсэлтүүдийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тухай давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой эрх зүйн дүгнэлт өгсөн байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосон нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нийцээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2352 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ