Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2016

 

 

 

 

 

 

                         

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо, 85-40 тоотод оршин суух Боржгин овогт Гүнчингийн Батбаатар /РД: ЧМ 66091110/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын 3 дугаар байранд байрлах Б С Ш У С Яанд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй сонгон шалтгаруулалтаар их сургуулийн захирлаар томилогдсоноос хойш 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл захирлын албыг хашсан.

2018 оны 06 дугаар сарын 18-нЫ өдрийн А/385 тоот Б С Ш У С Яны сайдын тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт авч амралтын мөнгөө бодуулсан.

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл “Гранд мэд” эмнэлэгт хэвтсэн. Хагас бүтэн сайн өдөр эмчилгээ таарахгүй байсан учир гэртээ амарсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ныг дуустал улсын 2 дугаар төв эмнэлгийн зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлж байсан.

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б С Ш У С Янаас ярьж байна гэж нэг хүн яриад, та яаралтай Б С Ш У С Яанд ир гэж дуудсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа шалтгаанаа хэлсэн учир дахин яриагүй. Гэтэл сүүлд жижүүрээс сонсоход 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутад захирлын тушаалыг танилцуулж, ажил хүлээлцэнэ гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны 4 эмэгтэй ирсэн гэж жижүүр надад утсаар мэдэгдсэн.

Эмнэлгээс гарч 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл эмчийн чөлөөтэй байсан. Тэр хугацаанд тушаалаа ирж ав гэж Б С Ш У С Янаас залгасан. Захиргааны албаны дарга н.Энхцэцэг 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдөр тушаалыг авч, би тушаалтай танилцсан.

Тушаалд намайг ажлаас чөлөөлөх хэд хэдэн зүйлийг тусгасан байдаг. Үүнд 2017 оны Үндэсний аудитын газраас хийсэн ээлжит санхүүгийн байдалд хийсэн дүгнэлт, аудитын гэрчилгээ, Үндэсний аудитын газраас гарсан 02287 тоот албан шаардлагыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2017 оны их сургуулийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт нь бүхэлдээ зөрчилгүй гэх стандарт дүгнэлт гарсан байдаг.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны огноотой 4 шаардлага ирсэн. Тус шаардлагыг бид биелүүлж, цаг тухайд нь Б С Ш У С Я, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тиймээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн их сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа зөрчилгүй гэх дүгнэлт гаргасан. Үүнээс гадна намайг өвчтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 гэх заалтыг үндэслэн ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Мөн 2015, 2016, 2017 оны сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр биелэлт хамгийн сайн гэх үнэлгээ авч, урамшуулал хүртэж байсан. Тиймээс сайдын тушаал үндэслэлгүй байна гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас гардаж авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд Б.Амарбаясгалан тайлбар гаргасан. Тус тайлбар дээр удаа дараа зөрчил гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж байгаа. Ажлаас халсан тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг барьсан байдаг. Тус тайлбараар ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар энэ нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-аар ноцтой зөрчлийг тайлбарлаж байна. Тус заалтад байгууллагын санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэдэг нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон бол гэж байгаа. Гэтэл Үндэсний аудитын газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зөрчилгүй гэх дүгнэлт ирүүлчихсэн. Тус дүгнэлтээр зөрчилгүй гэдэг нь нотлогдчихсон байхад хөдөлмөрийн гэрээний 3.2.3-ыг барьж мэтгэлцэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-ийг зөрчсөн. Ээлжийн амралттай байсан гэдэг нь тушаалаар нотлогдож байгаа. Үүнийг үгүйсгэсэн тайлбар хариуцагч талаас хэлээгүй. Тиймээс ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2, 40.3-ийг зөрчсөн байна. Тиймээс ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Хариуцагч тал зөрчлийг 2018 оны 05 дугаар сарын 18-нд мэдэгдсэн гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 26.4-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэх заалтыг зөрчиж тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн Төрийн аудитын тухай хуульд зааснаар хязгаарлагдмал дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэх юм бол Нийслэлийн аудитын газраас санал дүгнэлт гаргах боломжтой. Гэтэл Нийслэлийн аудитын газраас ийм хүсэлт ирүүлж байгаагүй. Төрийн аудитын тухай хуулийн 28.1-т Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан байдаг. Гэвч зөрчилгүй гэх дүгнэлт гарчихсан байхад ажлаас халсан тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Тус шүүхэд иргэн Г.Б   нь Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Ийнхүү энэхүү нэхэмжлэл нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “захирлаар ажиллаж байхдаа хийсэн томоохон ажлаас дурьдвал : гэрээ  байгуулсан   байдаг”        гэжээ.

Гэвч нэхэмжлэлд дурдсан ажлуудад нэхэмжлэгчийн үүрэг оролцоо бий боловч дан ганц нэхэмжлэгчийн санаачлаад хэрэгжүүлсэн ажлууд биш юм. Тухайн төсөл хөтөлбөрүүд нь Засгийн газар, яам, өмнө нь хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан төсөл хөтөлбөрүүд бөгөөд тухайн ажлуудад нэхэмжлэгч нь зөвхөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын хувиар оролцсон.

Тодруулбал нэхэмжлэгчийг албан тушаалын дээрх үүргээ гүйцэтгэснийх нь төлөө ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл биш бөгөөд харин албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэлгүй удаа дараа зөрчил дудагдал гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хоёрдугаарт. Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн бодитой шудрага илэрхийлсэн тул зөрчилгүй гэсэн санал гарсан гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа дараах зөрчлүүдийг гаргасан байдаг. Үүнд:

             1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр “Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тогтоолгох Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй, Сургуулийн орон тооны хязгаар, цалингийн санг Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тогтоолгоогүй, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоосон засгийн газрын шийдвэрийг мөрдөөгүй, ажилчдын ажлыг улирал тутам дүгнэж, түүний ур дүнгээр уч чадварын нэмэгдэлийг олгоогүй гэх мэт”

2. Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/74 төлбөр барагдуулах тухай акт

3.  Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/73 төлбөр барагдуулах тухай акт

4. Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/72 төлбөр барагдуулах тухай акт

5.  Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/157 дугаар бүхий зөрчил арилгуулах албан шаардлага

6. Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/154 дугаар бүхий зөрчил арилгуулах албан шаардлага

7.  Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/153 дугаар бүхий зөрчил арилгуулах албан шаардлага

8.  Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/156 дугаар бүхий зөрчил арилгуулах албан шаардлага

9. Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/155 дугаар бүхий зөрчил арилгуулах албан шаардлага

    Дээрх олон удаагийн зөрчил дутагдал гаргасан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл болсон.                                                                                              

Гуравдугаарт. Өвчтэй байх хугацаанд баяр наадмы ...тааруулан ...ажлаас халсан үндэслэлгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь тушаал гарах цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд эмчийн магадлагаагаар ажлаас түр чөлөөлөгдсөн асуудал байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид эмчийн магадлагаатай байгаа талаар мэдэгдсэн зүйл байхгүй, бүх нийтээр амрах амралтын өдөр биш ажлын өдөр тушаал гарсан.

Дөрөвдүгээрт. Нэхэмжлэгч нь 2013 оны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож захирлаар томилогдсон байдаг.

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө төрийн албан хаагч байсан.

Харин Монгол улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагад хамаарна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсен гэж үзэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны маргаан нь Иргэний шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Б   нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Б С Ш У С Яны сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/062 тоот тушаалын 1 дэх заалтаар “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Б  ыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэж Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Б С Ш У С Яны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын тайлан, Үндэсний Аудитын газрын 2018 оны 1043 дугаар Аудитын гэрчилгээ, Үндэсний Аудитын газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 07/182 тоот албан шаардлагыг тус тус үндэслэн Г.Б  ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхгүй удаа дараа зөрчил дутагдал гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль, хяналтын байгууллагын актаар нотлогдсон ноцтой зөрчил гаргасан” гэж зөрүүтэй тайлбарласан.

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заажээ.

 

Б С Ш У С Яны сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/062 тоот тушаалын үндэслэх хэсэгт Монголын Ерөнхий Аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1043 дугаар Аудитын гэрчилгээ болон “Б С Ш У С Яны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл” аудитын тайланд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай холбоотой нэрлэн зөрчил дурдаагүй байна.

 

Үндэсний Аудитын газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/72, 03/73, 03/74 тоот төлбөр барагдуулах тухай акт, мөн өдрийн 02/153, 02/154, 02/155, 02/15602/157 дугаар албан шаардлага ирүүлсэн бөгөөд уг зөрчил нь ажилчдын цалинтай холбоотой зөрчил болохыг дурдах нь зүйтэй.

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайланд аудит хийж, Зөрчилгүй санал дүгнэлт гаргасан болох нь Үндэсний Аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06/910 тоот Аудитын гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрч Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг мэдүүлэгтээ “...Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зөрчилгүй гэсэн үг. Гэхдээ  огт зөрчилгүй биш, Олон Улсын Аудитын стандартад материаллаг зөрчил бага байвал зөрчилгүй гэдэг” гэх мэдүүлгээс үзэхэд Г.Б   нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар ажиллах хугацаанд зөрчилгүй ажиллаж байсан гэж дүгнэхээр байна.

 

Г.Б  ыг Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй, түүнчлэн ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Үндэсний Аудитын газраас 5 сарын эхээр дүгнэлт ирсэн., зарим хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул бүх удирдах албан тушаалтны халаагүй” гэж тайлбараас үзэхэд уг зөрчлийг 2018 оны 5 дугаар сард илрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Г.Б  ын зөрчлийг Үндэсний Аудитын газрын актаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны акт тавьж, хариуцагч Б С Ш У С Я  2018 оны 5 дугаар сард илрүүлснээс хойш 2 сар өнгөрсөн,  мөн уг зөрчил нь 2017 оны төсвийн жилийн зөрчил тул түүнд хариуцлага тооцох буюу сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

 

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/385 дугаар тушаалын гуравдугаар хавсралт /Төрийн өмчийн сургуулийн захирлын 2018 оны ээлжийн амралтын хуваарь/-ын 1-д “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирал Г.Б   амралтын 30 хоног, 6 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал” амралтын тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч хариуцагчийн төлөөлөгч уг тушаалын үнэн зөвд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Г.Б  ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарахад Г.Б   ээлжийн амралттай байхад тушаал гарсан үйл баримттай маргахгүй” гэж  тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар ажилтан ээлжийн амралттай байхад ажлын байр хадгалахаар зохицуулсан.

 

Б С Ш У С Яны сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/062 тоот тушаал нь хуулийн дээрхи зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Б С Ш У С Яны сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/062 тоот тушаал нь хууль зөрчсөн байх тул Г.Б  ыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.000.000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын цалингийн дундаж 4.203.556 төгрөгийг ажилгүй байсан хугацаа 41 хоногоор тооцоход 8.016.074 төгрөг болж байна. Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.000.000 төгрөг гэж нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу 7.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй юм.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

 

Г.Б   нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “...өмгөөлөгчөөс татгалзаж, дахин өмгөөлөгч авах” хүсэлт гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн өөрийнх нь хүсэлтээр шүүх хуралдааны танхимаас гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-114 дүгээр зүйлд зааснаар тодорхой дэг, дарааллын дагуу явагдах бөгөөд хүсэлт хянан шийдвэрлэх ажиллагаа дуусч, шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн байхад хүсэлт хэлэлцэх боломжгүй тул захирамж гаргаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаагүйгээс тэрээр шүүх хуралдаан даргалагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2-т заасныг баримтлан 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаж байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар татгалзах зүйлгүй гэж хариулсан.

 

Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалтын дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Гэтэл гаргасан хүсэлтийг хангаагүй нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгчийг татгалзан гаргахаар заасан хуулийн үндэслэл бүрдсэн гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгч энэхүү хүсэлтийг гаргажээ.

Хүсэлтийн үндэслэл болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй бөгөөд манай тохиолдолд хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй.

 

Харин энэ зүйлийн 92.2-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн  даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.  

 

Энэ зохицуулалтаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэйг зохицуулсан болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломж олгосон заалт биш юм. Харин энэ зохицуулалтын дагуу шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай бөгөөд энэ шатанд шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан зохицуулалт хамаарна.

 

Харин шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч хүсэлт хангаж шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж үзэх боломжгүй.

 

Манай тохиолдолд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан бөгөөд хэргийн оролцогч шүүгчийн хуульд заасны дагуу явуулсан ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “үндэслэл бүхий эргэлзээ” гэх ойлголтод шүүгчийн хууль ёсны үйл ажиллагаа хамаарна гэж үзэхгүй бөгөөд хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх хуралдааны явцад шүүгчийг “гаргасан хүсэлт хангахаас татгалзсан” шалтгаанаар татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.2, 103 дугаар зүйлийн 103.2-т тус тус нийцээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Хариуцагч тал өмгөөлөгчөөсөө татгалзсан тул уг шүүгчээс татгалзах гаргах хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б  ыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.000.000 төгрөгийг хариуцагч Б С Ш У С Янаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Б  т олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Б С Ш У С Янаас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР