Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 54

 

“С-О” ХХК-ийн гомдолтой,

ШӨХТГ-ын улсын байцаагч П.Н-Э-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

          Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

          Шүүгчид:                        Д.Мөнхтуяа
                                                 П.Соёл-Эрдэнэ
                                                 Ч.Тунгалаг

         Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

         Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай “Улсын байцаагчийн албан шаардлага”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Г.Д, хариуцагч П.Н-Э нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11-д тус тус заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “С-О” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай магадлал /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаартай шийдвэртэй/-ыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн СШ8/235 дугаар Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт болон бусад баримтуудаар “С-О” ХХК-ийн ШТС-4 салбараар борлуулж байсан АИ-92 автобензиний октан тоо 91.2±0.03, марганецийн агууламж 0.7±0.01 мг/дм3 хэмжээтэй байсан нь нотлогдсон ба 92-оос багагүй байхаар, марганецийн агууламж 0,25 мг/дм3-аас бага бол “байхгүй” гэж үзэх тусгай шаардлага, стандартыг зөрчжээ. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх харьяалал зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан “зөрчлийн гэм буруугийн шинж тогтоогдсон гэж үзнэ” гэх дүгнэлтийн тухайд:

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д “3өрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ” гэж заасан байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “С-О” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах ШТС-4 салбарын түгээгүүрээс АИ-92 автобензиний дээж авч явсан байдаг. Ямар үндэслэл, журмын дагуу шатахууны дээж авч байгаа талаараа компанид мэдэгдэж, танилцуулаагүй, шууд ШТС-4 салбар дээр очоод ээлжийн түгээгчийг байлцуулан дээж авч явсан байдаг. Дараа нь шинжилгээний үр дүн хэрхэн гарсан талаар компанид хариу мэдэгдээгүй, гэтэл 3 сар гарны хугацаа өнгөрсний дараа зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэл оногдуулсан.

6. Нэгд. дээж авсан процесс нь тодорхой бус, стандартын шаардлагыг баримталсан эсэх нь эргэлзээтэй, хоёрт. сорилт шинжилгээний үр дүнг шалгуулах, хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалах бүхий л боломжийг хязгаарлаж, гарцаагүй байдалд оруулан байж, зөрчил үйлдсэн мэт харагдуулах нотлох баримтыг урьдаас зохион байгуулалттайгаар бүрдүүлж хэрэг тулгаж байгаа нь шударга бус юм. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч хариуцагчаас асуухдаа:  Яагаад Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилын дүнгийн хуудсыг Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн дүгнэлтүүдээс илүү ач холбогдолтойд үзэж шийтгэл оногдуулсан бэ? дараа нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслээд албан шаардлага биелэгдсэн гэж үзсэн байна” гэж асуухад хариуцагч тодорхой хариулт өгч чадаагүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас нь зөрчлийн нотлох баримт болгоход эргэлзээтэй, бодитой тогтоогдоогүй баримт юм.

7. Гэтэл ганцхан уг баримтад дараа дараагийн баримтууд үндэслэсэн байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид өгч шинжлүүлсэн дээжийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “С-О” ХХК-ийн  ШТС-4 салбараас ирж авч явсан байдаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн захиргааны байгууллага дараах эрхтэй”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах” гэж заасан байна. Гэвч зөрчлийн хэргийн материалд уг лаборатори нь октан тоо, марганец тодорхойлох эрхтэй лаборатори мөн эсэх талаар баримт авагдаагүй. Мөн давж заалдах шатны шүүх энэ хэсэгт “зөрчлийн гэм буруугийн шинж”-ийг ямар шалгуураар үнэлж “С-О” ХХК-ийг гэм буруутай гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.

8. “...дээж авах арга, ажиллагаа, журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийн тухайд: Дээж авсан процесс нь тодорхой бус, стандартын шаардлагыг баримталсан эсэх нь эргэлзээтэй. Дээж авах арга, ажиллагаа хууль, стандартад заасан журмын дагуу явагдсан эсэхийг хариуцагч нотлох үүрэгтэй. Гэтэл тийнхүү нотолсон зүйл байхгүй.

9. “Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан ямар шаардлагыг хангахгүй байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдаагүй байх бөгөөд улсын байцаагч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлагыг зөрчөөгүй тул “хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, зөрчлийн нотлох баримт болох нотолгооны чадваргүй гэж үзэхгүй” гэх дүгнэлтийн тухайд: Тиймээс Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн №СШ 18/325 дугаартай Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудасны 2-т октаны тоо 91.2±0.3, хүснэгт 10-т марганецийн агууламж 0.7±0.01 мг/дм3 гэх шинжилгээний дүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №07/106/363 тоот дүгнэлтийн 2-т “Сорилт шинжилгээний №СШ18/235 ...дугаар бүхий үр дүнгээр автобензиний октаны тоо 90.1-91.9 буюу дунджаар 91 гэж тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин.Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна”, “Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ18/235-244 дугаартай нийт 10 ш сорилт шинжилгээний үр дүнгээр автобензин дэх марганецийн агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдож байгаа нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэх дүгнэлтүүд болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт бүхэлдээ зөрчлийн нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

10. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 7-д “Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлт, түүнд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа юм. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, зөрчлийн нотлох баримт болох нотолгооны чадваргүй баримтуудыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал мөн юм.

11. Шинжээч О.Б-ын гаргасан шинжээчийн дүгнэлт шүүхийн шинжилгээний тухай хуулийн ямар, зүйл заалтыг зөрчсөн, ямар шаардлагуудыг хангахгүй байгаа талаар анхан шатны шүүх хуралдаан дээр гомдол гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар зүйл заалт тус бүрээр нь тодорхой тайлбарлаж мэтгэлцсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн илтгэгч шүүгч хуулийн ямар, зүйл заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа талаар тодруулж асуусан асуултад хариулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “О.Б-ын ... дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан ямар шаардлагыг хангахгүй байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдаагүй” гэх тайлбар хийх замаар гомдлыг бүхэлд нь хянаж, дүгнэлт хийхээс зайлсхийжээ.

12. “Зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолд гомдол гаргаагүй байх тул “сорилт  шинжилгээний үр дүнг шалгуулах, хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалах бүхий л боломжийг хязгаарласан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй” талаарх дүгнэлтийн тухайд: Дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоолд гомдол гаргаагүй бодит нөхцөл байдлыг хоёр шатны шүүх үнэлээгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр талууд дэлгэрэнгүй мэтгэлцсэн. Тодруулбал, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол болон шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч тал 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр очиж танилцаж, гардаж авсан. Тухайн өдөр материалтай танилцах явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тайлбар өгөхдөө гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байсан бөгөөд хүсэлтийг яагаад шийдвэрлээгүй талаар асуухад хангахаас татгалзсан, тогтоолыг нь одоо гаргаад өгье гээд бичгээр гаргаж өгсөн болно.

13. Уг тогтоолыг гаргаж өгөхдөө тогтоолд гомдол гаргах боломжгүй, хүлээж авахгүй, прокурор ч хүлээж авахгүй, шүүхээр шийдүүлээрэй гэж хэлсэн. Энэхүү үйл явдал нь зөрчлийн хэрэг бүртгэлт дуусаад шийтгэлийн хуудас гарсны дараа болсон. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мөн л талууд дэлгэрэнгүй мэтгэлцсэн, хариуцагч үүнийг үгүйсгэдэггүй. Хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол нь “Хөдөлгүүрийн түлш, этилжээгүй бензин.Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын 9 дүгээр зүйлийн 9.1-д “... бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн тохиолдолд бензиний дээжийг ...дахин авч шинжилнэ” гэж заасантай нийцээгүй. Тиймээс уг тогтоолд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан хязгаарласан нь тодорхой харагдаж байна. Уг эрхийг хязгаарласнаар зөрчлийн хэргийг үнэн бодитой, эргэлзээгүй тогтоосон гэж үзэх боломжгүй.

14. “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор байх бөгөөд .... шийдвэр гаргах хугацааг хамааруулаагүй байна” гэх дүгнэлтийн тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, ... талаар тусгана.” гэж заасан байна. Эрх бүхий албан тушаалтан буюу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн №0005537 дугаартай шийтгэлийн хуудас нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн болох нь уг шийтгэлийн хуудаст тодорхой тусгагдсан байдаг. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн байсан.

15. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан буюу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан. Үүнээс хойш ямар нэгэн хугацаа сунгасан талаарх шийдвэр гараагүй буюу зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Иймд хариуцагчийн оногдуулсан шийтгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2, 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй.

16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.10 дугаар зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан    зөрчлийн      хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.1. “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 6.11 дүгээр зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4. “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж заасныг ноцтой зөрчсөн хууль бус шийтгэл байх тул түүний гаргасан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 1.2. “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг гэж заасан байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь уг хуульд заасан хэм хэмжээнээс хэтэрч болохгүй юм.

17. Хуульд заасан хэм хэмжээг зөрчиж шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаа “хууль ёсны байх” зарчимд нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх “шийдвэр гаргах хугацаа нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд хамаарахгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд үүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.1. “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 1.2. “шийтгэл оногдуулах”, 1.3. “3өрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх” гэж тодорхой зааж өгсөн байна. Эндээс үзэхэд шийтгэл оногдуулах нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах шатны ажиллагаа байх тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд багтаж хийгдэх ёстой ажиллагаа мөн.

18. “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д ...гэж заасан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ” гэх дүгнэлтийн тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд: нэгд, зөрчил үйлдсэн эсэх сорилт шинжилгээний дүн үнэн зөв эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад улсын байцаагч албан шаардлага бичсэн, хоёрт, уг албан шаардлагыг бодит байдалд биелүүлэх боломжгүй.

19. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хамрах хүрээ нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээж авах үед ШТС-4 салбарт худалдан борлуулагдаж байсан АИ-92 автобензинд л хамааралтай бөгөөд албан шаардлага гаргах өдрийн байдлаар яг тухайн дээжид хамаарах АИ-92 автобензин худалдаалагдаж байгаа эсэх нь тогтоогдоогүй зэрэг нь уг албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм.  Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны эдлэх эрх, хэмжээ ба төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч “улсын байцаагч”ийн эдлэх эрх хэмжээ нь ялгаатай. 

20. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөвхөн эрх бүхий албан тушаалтанд  олгосон эрхийг  улсын байцаагч албан шаардлага гаргах  замаар хэрэгжүүлж болохгүй. 7.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж заасан нь зөвхөн тухайн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад “эрх бүхий албан тушаалтан”-ыхаа хувиар хэрэгжүүлэх эрхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э нь улсын байцаагчийн албан шаардлага гаргах замаар хэрэгжүүлсэн нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн илт хууль бус захиргааны акт байна.

21. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, мөн өдрийн 5/27 дугаартай албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

22. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв боловч зарим дүгнэлт нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

23. Тодруулбал, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана, 1.4. “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэдгийг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаанд хуульд заасан ажиллагааг хийсэн боловч тухайн зөрчил болон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн гэм буруу тогтоогдоогүй тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана гэж ойлгоно” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

24. Учир нь, “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа” гэдэгт тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаа бүхэлдээ буюу уг ажиллагааны эцэст гарах шийдвэр гаргах хугацаа ч мөн хамаарна. Өөрөөр хэлбэл, уг хугацааг зөвхөн гэм бурууг тогтоох хугацаа гэж ойлгоно, гэм бурууг тогтоосны дараа шийтгэлийг хэзээ ч оногдуулж болно гэж тайлбарлах нь хуулийн зорилгод үл нийцнэ.

25. Энэхүү хэргийн тухайд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл явагдсан, харин шийтгэлийн хуудас нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу хэрэг бүртгэлийн хугацаа дууссанаас хойш 1 хоногийн дараа гарсан байх боловч хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч “С-О” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд зөрчлийн хэргийг /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг/ танилцуулж, тэмдэглэл үйлдсэнээс үзвэл “бодит байдал дээр шийтгэлийг тухайн өдөр оногдуулсан, харин шийтгэлийн хуудсан дээр бичиглэлийн алдаа гарсан...” гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй, энэ утгаараа захиргааны актын хэлбэрийн төдий алдааны улмаас  маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 14-17-д заасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

26. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын ихэнх хэсэг нь /Тодорхойлох хэсгийн 4-13/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн шинжтэй, тухайлбал, хариуцагч нотлох баримтыг олж авахдаа журам зөрчсөн, шинжилгээний үр дүн, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, бодитой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй, дахин шинжилгээ хийлгэх эрхийг хангаагүй гэх зэргээр маргаж буй боловч шүүхүүд нотлох баримтыг үнэлэх бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, түүнийг давхар нотлох бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэн байх тул “шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлгүй байна.

27. Маргаан бүхий акт болох хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаар албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.“иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7. “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх илт хууль бус актад хамаарахгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, уг албан шаардлагыг “С-О” ХХК нь бодит байдал дээр биелүүлсэн тул хэрэгжээд дууссан, иймээс гомдол гаргагчийн хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй учир энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 18-21-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

28. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ