Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/01964

 

 

 

Ж.Ф.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01751 дугаар ш т ийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Ф.Бын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХ ХХК, ХХХ ХХК, ХХХ ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 19290634 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаартай , 2/55 дугаартай анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 6 дугаар сарын 17-ны болон 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХХХ ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхтөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №183/ШЗ2019/04984 дугаар шүүгчийн захирамжаар Хонг Конгийн олон улсын арбитрын төвийн 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн HKIAC/PA17079 тоот шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн №183/ГХ2019/000461 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /Гүйцэтгэх хуудас гэх/-ийн дагуу төлбөр төлөгчид болох ХХХ ХХК болон ХХХ ХХК /Төлбөр төлөгчид гэх/-аас ойролцоогоор 4.5 сая ам.долларыг түүнд тооцогдох хүү, зардлын хамт гаргуулж АНУ-ын иргэн Ж.Ф.Бт /Төлбөр авагч гэх/ олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг НШШГГ-ын 180 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгч Б.О явуулж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч бус этгээд болох СС ХХХ ХХК-ийн барьцааны бус эд зүйл буюу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Баян-Өлгий аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор хураан авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэн улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2/11 болон №2/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг гаргаад байна. Төлбөр авагч нь төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах ажиллагааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4, 92 дугаар зүйлийн 92.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу дараах хууль зүйн үндэслэлээр уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. СС ХХХ ХХК нь төлбөр төлөгч тал биш бөгөөд эдгээр хураагдсан эд хөрөнгө бус харин уг компанийн бүх хувьцаа нь төлбөр төлөгч ХХХ ХХК болон төлбөр авагч Ж.Ф.Б нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан хувьцаа барьцаалах гэрээний барьцааны зүйл бөгөөд гүйцэтгэх хуудаст Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд... СС ХХХ ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг Нэхэмжлэгчид шилжүүлж... хэмээн тодорхой заасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нь гүйцэтгэх хуудсанд тодорхойлоогүй ажиллагааг хийж, хувьцаа нь барьцаанд байгаа компанийн бүх хөрөнгийг салгаж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь Ж.Ф.Бын барьцааны эрхэд халдаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт заасан Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал-ийг бий болгож, барьцаалагч Ж.Ф.Бт Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг үүсгэж байна. СС ХХХ ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг битүүмжлэн зогсоож, хөрөнгийг хураах ажиллагаа анх хийгдэж эхлэх үеэс л бид барьцааны зүйл болох хувьцаанд үнэлгээ хийлгэх шаардлагатай, уурхайн үйл ажиллагааг зогсоож, түүнээс салгаж үл болох хөрөнгүүдийг хураах нь үндэслэлгүй гэсэн тайлбараа удаа дараа амаар болон бичгээр илэрхийлж, гомдол, хүсэлт гаргасаар байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хүсэлтийг шийдвэрлэж, хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хууль бус ажиллагаа нь барьцааны зүйл болох хувьцааны үнэ цэнэ алдагдах эрсдэлийг бодитоор бий болгож байна. Мөн түүнчлэн, төлбөр төлөгч бус этгээд СС ХХХ ХХК-ийн эд хөрөнгө, тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь гуравдагч этгээдийн зүгээс хэдийд ч гомдол, нэхэмжлэл гарган дээрх ажиллагааг хүчингүй болох эрсдэлийг дагуулж байна. Иймд төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгө, газар эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг бүхэлд нь хүчингүй болгож ХХХ ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М-ын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2/11 болон №2/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хүчингүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг бүхэлд нь хүчингүй болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаартай, 2/55 дугаартай анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болон 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХХХ ХХК ийн арилжааны банкнууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах зэрэг болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хонг Конгийн Олон улсын Арбитрын төвийн HKIAC/PA17079 дугаар шийдвэрээр ХХХ ХХК, ХХХ ХХК-аас 4 465 429 ам.долларыг гаргуулж АНУ-ын иргэн Ж.Ф.Бт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 19290634 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулахад биелүүлээгүй тул төлбөр төлөгч ХХХ ХХК-ийн эзэмшиж буй СС ХХХ ХХК-ийн Баян-Өлгий аймгийн цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гянт Болд /волфром/-ын баяжмал үйлдвэрлэдэг Ховд голын уурхайд шийдвэр гүйцэтгэх газрын 6 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник механизм төрлийн хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний 02 дугаар тогтоолоор хураах ажиллагааг гүйцэлдүүлсэн. Төлбөр төлөгч ХХХ ХХК, ХХХ ХХК-аас үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 4/129, 4/128 дугаар мэдэгдлийг гардуулахад хураагдсан уурхайн хөрөнгүүдийг 45 118 744 340 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч АНУ-ын иргэн Ж.Ф.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 8, 50б, 50а дугаар тогтоолоор тус тус шинжээч томилоход төлбөрт хураагдсан уурхайн эд хөрөнгүүдийг 21 104 800 372 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Г-н уурхайн барилга байгууламж, газрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/4067, 4/4068 дугаар мэдэгдэл, мөн Ховд гол нэртэй газарт орших 48 гехтар талбай бүхий ашигт малтмалын 21/1156 тоот гэрчилгээтэй, 1071а дугаар тусгай зөвшөөрлийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/4534 4/4533 дугаар мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 2/11 дугаар тогтоолыг ХХХ ХХК ХХХ ХХК, ХХХ ХХК-ийн эзэмшиж буй СС ХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарт мэдэгдэж НШШГГазрын 200 тоот өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Гянтболдын уурхайн хөдлөх нэр төрлийн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/26 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ХХХ ХХК ХХХ ХХК ХХХ ХХК-ийн эзэмшиж буй СС ХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарт мэдэгдэж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Гын уурхайн хөдлөх нэр төрлийн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулахад дэнчин ирээгүй тул 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3/24 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11292, 4/11293, дугаар мэдэгдлийг талуудад гардуулж, 2020 оны 04-р сарын 14-ний өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэхэд дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/05077 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоног дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СС ХХХ ХХК-ийн 100 хувийн хувьцааг ХХХ ХХК эзэмшдэг. Хоёрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд СС ХХХ ХХК-ийн эд хөрөнгө болон хувьцааг худалдан борлуулах шалтгаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн арбитрын шийдвэрийг баталгаажуулсан гүйцэтгэх хуудас, захирамж гарсан бөгөөд төгсгөлд нь хэрвээ төлбөр төлөгч нэг болон хоёр дугаар төлбөр төлөгчөөр төлбөрөө төлүүлээгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж зааж өгсөн. Ийм учраас СС ХХХ ХХК-ийн эзэмшлийн тусгай лиценз, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг битүүмжилж, хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гурван нөхцөлийг зааж өгсөн байдаг. Үнэлгээтэй холбоотой бол 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой бол 44 дүгээр зүйлд тодорхой заасан. Дараагийн гомдол гаргах заалт нь тус хуулийн 122 дугаар зүйл юм. Ийм гурван үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах тухай зааж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү, анхны дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Шүүхэд гаргах эрх нь 44 дүгээр зүйлд заасан эрхийн асуудал мөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргах гэсэн заалт байгаа. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана. Зөвхөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гаргасан өргөдлүүдийн талаар товч дурдсан байдаг. Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албаны дарга Энхтайванд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан. Утга нь ХХХ ХХК-ийн харилцах дансыг хаах тухай, дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа н.Дамдинцэрэнд гомдол гаргасан байсан. Мөн данс хаах утгатай гомдол гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаярт гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргасан тул 6 сараар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байна. Мөн тус өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаярт Ковид 19 гарсантай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 6 сараар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, улсын ерөнхий гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах нь эрхийн асуудалтай холбоотой. Өргөдлийн хариунуудыг өгсөн байдаг. Нэгтгээд хэлбэл шүүхийн гүйцэтгэх хуудас болон захирамж дээр дурдсан барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжлэн шинжээч томилон анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдэл, тогтоолуудыг цаг тухайд нь хүргүүлсэн байна. Төлбөр авагч төлбөр төлөгч нарт хууль зөрчсөн зүйл эндээс харагдахгүй. Үнэлгээний тал дээр гомдол гаргаагүй тул энэ талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсгийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт хуулийг тодорхой тайлбарлаж хэлсэн байдаг. Хууль ёсны төлөөлөгч нь итгэмжлэлээр буюу гэрээгээр төлөөлөх гэх хоёр ойлголтыг улсын дээд шүүхээс тайлбарлаж байсан. Хууль ёсны төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх үүргийг итгэмжлэлээр эдэлнэ. Өөрөөр хэлбэл, Ж.Б-аас олгосон итгэмжлэл нь итгэмжлэлээр буюу гэрээгээр олгогдсон байгаа учир энэ итгэмжлэл дээр заавал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлнэ гэсэн эрх үүргийг тодорхой тусгаж өгөх ёстой. Гэвч энэ талаар тусгаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэх эрхгүй этгээд нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд нийцээгүй бөгөөд итгэмжлэл нь өөрөө олгогдоогүй эрх байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл гэж байдаг. Нэхэмжлэлдээ дараах хуулийн заалтыг үндэслэсэн байдаг. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Мөн хуулийн 92 дугаар зүйлийг уншвал эзэмших ашиглах эх хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг зогсоохыг шаардах гэж заажээ. Барьцаа эд хөрөнгө буюу албадан дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгөнүүдийн эрхийг хэрэгжүүлэхэд хэн саад болоод байгаа нь тодорхой бус, үндэслэл байхгүй. Хууль зүйн үндэслэл нэхэмжлэлийн шаардлага нь авцалдаагүй буюу ойлгомжгүй хэлбэртэй. Хэрвээ эзэмших эрхэд нь саад учруулаад байгаа бол тэр талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл үнэхээр шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид эхлээд гомдлоо гаргаад, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрх нь нээлттэй байхад энэ гомдлоо илэрхийлж хариу аваагүй. Хариугаа авах хугацаандаа шүүхэд хандаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлага бол ХХХ ХХК-ийн харилцах данс болон дансыг хаалгахыг даалгах тухай байсан. Гэвч нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөөд нээсэн тогтоолыг хүчингүй болгох гэсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар итгэмжлэл олгогдоогүй этгээд гаргасан гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний хэрэг үүссэнээс хойш шүүх хуралдааныг хэлэлцэх үед тогтоогдож байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг үндэслэн явагдсан 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/11 дугаартай, 2/55 дугаартай анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах, О.У ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахыг тус тус хүссэн Ж.Ф.Бын нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2019 оны 6 дугаар сарын 17-ны болон 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ф.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч бус этгээд болох СС ХХХ ХХК-ийн барьцааны бус эд зүйл буюу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг битүүмжлэн, хураан авч, үнэлгээ хийлгэн улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2/11 болон №2/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг гаргасан.

СС ХХХ ХХК нь төлбөр төлөгч тал биш бөгөөд эдгээр хураагдсан эд хөрөнгө бус харин уг компанийн бүх хувьцаа нь төлбөр төлөгч ХХХ ХХК болон төлбөр авагч Ж.Ф.Б нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хувьцаа барьцаалах гэрээний барьцааны зүйл бөгөөд Гүйцэтгэх хуудаст Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд СС ХХХ ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг Нэхэмжлэгчид шилжүүлж хэмээн тодорхой заасан. НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчид нь Гүйцэтгэх хуудсанд тодорхойлоогүй ажиллагааг хийж, хувьцаа нь барьцаанд байгаа компанийн бүх хөрөнгийг салгаж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь Ж.Ф.Бын барьцааны эрхэд халдаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-д заасан Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал-ийг бий болгож, барьцаалагч Ж.Ф.Бт Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан шаардах эрхийг үүсгэсэн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь тус үндэслэлээр уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийг битүүмжилж хурааж байгаа ажиллагааг барьцааны зүйлийн үнэ цэнийг хамгаалах ажиллагаа тул татгалзаагүй, мөн хөрөнгийн үнэлгээ буюу уурхайн үнэлгээ нь компанийн хувьцааг үнэлэх ажиллагааны нэг хэсэг бөгөөд цаашид хувьцааны үнэлгээ гаргахад ашиглагдах тул энэ талаар маргахгүй. Гэтэл хариуцагч нь ХХХ ХХК-ийн хийсэн уурхайн цогц үнэлгээг дур мэдэн хуваарилж, хөрөнгө тус бүр дээр үнэ тавин дуудлага худалдаанд оруулсан байдаг. Гүйцэтгэх хуудаст тодорхой зааснаар төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд... СС ХХХ ХХК-ийн хувьцааг худалдахаар заасан байх ба нэхэмжлэгчийн маргаж буй зүйл нь гагцхүү хувьцааг дуудлага худалдаанд оруулах шаардлагатай тухай юм. Дээрх үндэслэл өөрөө дуудлага худалдаанд оруулж байгаа хөрөнгө нь төлбөр төлөгчийн бус, барьцааны бус эд зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар шүүхийн мэтгэлцээний үеэр ч нарийвчлан тодруулсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэгчид нь гүйцэтгэх хуудсанд тодорхойлоогүй ажиллагааг хийж, хувьцаа нь барьцаанд байгаа компанийн бүх хөрөнгийг салгаж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь Ж.Ф.Бын барьцааны эрхэд халдаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-д заасан Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал-ийг бий болгож, барьцаалагч Ж.Ф.Бт Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан шаардах эрхийг үүсгэсэн гэсэн үндэслэлээр гаргасан байдаг. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хууль зүйн үндэслэл буюу нэхэмжлэгчийн хүссэн зүйлд огт дүгнэлт хийгээгүй атлаа юуг нэхэмжлэгчийн хүсээгүй зүйл гээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан зорилго нь эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах байхад хүчингүй болгох шаардлага гаргасан хууль зүйн үндэслэлийг огт үгүйсгэлгүй, эсрэгээр нь дээр дурдсанчлан бүрэн хүлээн зөвшөөрсөн атлаа тогтоолуудыг шууд нэгэнт хүчинтэй гэж дүгнэсэн байгаа нь логикийн хувьд дутагдалтай байна. Дээр дурдсанаар хүлээлгэн өгсөн гэх шалтгаанаар тогтоолуудыг хүчинтэй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нь тогтоолуудыг хүлээн аваад хуулийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох гомдлоо шүүхэд гаргасан байдаг. Иргэний хуульд заасан шаардах эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад тухайн үндэслэлүүдийг авч хэлэлцэлгүйгээр тогтоолуудыг нэгэнт хүчинтэй гэж дүгнэсэн байх ба ямар ч үндэслэлгүйгээр тухайн тогтоолуудыг хүчинтэй гэж дүгнэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэгдүгээр шаардлагын талаар гаргасан шийдвэрийг хүчингуй болгож, нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хангахаар магадлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ф.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг бүхэлд нь хүчингүй болгож, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болон 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, ХХХ ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Ж.Ф.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, Б.Билгүүн нар нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын төвийн 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн HKIAC/PA17079 дугаартай хэргийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлт Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, улмаар шүүхийн 183/ГХ2019/000046 тоот гүйцэтгэх хуудас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичигдэж уг шийдвэрийг албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 47-95 дугаар тал дах баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 19290634 тоот тогтоолоор шийдвэр гүйцэттгэх ажиллагааг үүсгэж, уг Арбитрын шийдвэрээр нийт 4 465 429 ам.доллар буюу 11 764 663 897 төгрөг төлөхийг төлбөр төлөгч Н.М ХХК, О.У ХХК-д мэдэгдсэн, уг төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгч Н.М  ХХК-ийн эзэмшдэг СС ХХХ ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутагт байрлах Гянт болд волфромын баяжмал үйлдвэрлэдэг Ховд голын уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хураан авсан байна.

 

Төлбөр авагч нь дээрх төлбөр төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул энэхүү хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллага төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 4/128, 4/129 дугаар мэдэгдлийг гардуулсан ба төлбөр төлөгч нар нь 45 118 744 340 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч нь шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж талууд үнийн талаар тохиролцож чадаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тус байгуулллагын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 8, 50а, 50б дугаар тогтоолуудаар Хөрөнгийн үнэлгээний ХХХ ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд төлбөрт хураагдсан уурхайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 21 104 800 372 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээний тайланг талуудад хуулиар тогтоосон хугацаанд мэдэгдсэн байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудын хэн аль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй тул уг эд хөрөнгийн үнэлгээг хийсэн ажиллагаа хүчин төгөлдөр болно.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжлэн хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Гянтболдын уурхайн барилга байгууламж, газрыг анхны албадан дуудлаг худалдаанд оруулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 дугаар тогтоол, мөн Ховд гол нэртэй газарт орших 48 гектар талбай бүхий ашигт малтмалын 21/1156 тоот гэрчилгээтэй, 1071а дугаар тусгай зөвшөөрлийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дүгээр тогтоолыг Н.М ХХК, О.У ХХК, СС ХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулжээ.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй. Учир нь нэхэмжлэгчийн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн үүргийн үнэ төлбөртэй холбоотойгоор барьцаалагчийн эрх эдэлж байгаа этгээд гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ж.Ф.Б нь ХХХ ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ойролцоо орших гянт болдын баяжмал үйлдвэрлэдэг Ховд голын уурхай бүхий уурхайг хамрах ашигт малтмалын ашиглалтын 1071А тоот тусгай зөвшөөрөлтэй СС ХХХ ХХК-ийн 10 000 ширхэг энгийн хувьцааг 3 500 000 ам.доллараар нь худалдсан ба уг төлбөр төлөх үүргийг баталгаажуулж талууд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр СС ХХХ ХХК-ийн хувьцааг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүйгээс нэхэмжлэгч нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын төвөөр маргаанаа шийдвэрлүүлж тус Арбитрын төв нь хариуцагч Н.М ХХК, О.У ХХК-иудаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгдөөгүй нөхцөлд уг барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон Н.М  ХХК-ийн эзэмшиж буй СС ХХХ ХХК-ийн хувьцааг худалдаж олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ

 

Ийнхүү дээрх Арбитрын төвийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч уг ажиллагаа нь барьцаалагчийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Энэхүү албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд заагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн барьцааны эрх болох хувьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн бус эрхтэй шууд холбоотой байна.

 

Энэ тохиолдолд СС ХХХ ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутагт байрлах Гянт болд волфромын баяжмал үйлдвэрлэдэг Ховд голын уурхайн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг салган хувьцаанаас тусд нь албадан дуудлага худалдаанд оруулах нь хувьцааны үнэ ханшид нөлөөлж цаашид нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргээ хангуулах эрхэд нөлөөлөх боломжтой тул Иргэний хуудийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 дугаартай анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ агуулгаар өөрчлөлт оруулна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 25 дугаар тал дах баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19290634/180 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Н.М ХХК, ХХХ ХХК-иудын банк дах хадагаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тогтоол гаргасныг тус хариуцагч байгууллага нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02 тоот тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад, тус байгууллагын шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нарын банкин дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилснийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаар тогтоолоор битүүмжлэлээс чөлөөлснийг хүчингүй болгож, дээрх дансуудыг хаалгах тухай удаа дараа гомдол гаргаж байжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 28-34 дүгээр тал/

 

Хэргийн 2 дугаар хавтасны 139 дүгээр тал дах баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үзлэг нэгжлэг хийж, 21 нэр төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө эд хөрөнгийн эрхээс төлбөр барагдуулах ажиллагаа зохион байгуулсан тул ХХХ ХХК-ийн харилцах дансны гүйлгээг зогсоогоогүй гэх хариуг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байна.

 

Гэтэл хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Н.М ХХК, О.У ХХК-иудын хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн атлаа төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө барагдуулаагүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилснийг чөлөөлж, харин төлбөр төлөгч нарын дансыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

Дээрх тогтоолд нэхэмжлэгч нь удаа дараа гомдол гаргаж байсан боловч уг тогтоолыг хүчингүй болгоогүй нь эрх зөрчсөн эс үйлдэл үргэлжлэх нөхцөл болно. Төлбөр авагчийн тухайн төлбөр төлөгч этгээдийн эд хөрөнгөөр буюу өөрийнхөө үүргийг хангуулах хуулиар тогтоосон эрх нь бүрэн хангагдаагүй, төлбөр төлөгдөөгүй байхад төлбөр төлөгч нарын дансны гүйлгээг нээсэн нь хууль бус үйлдэлд хамаарна. Иймээс хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9 дэх хэсгийг зөрчсөн буруутай гэж үзэж дээрх тогтоолуудыг шүүх хүчингүй болгосон зөв юм.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7 дах хэсгийг баримталж, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11, 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, найруулгын хувьд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгосугай гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн ХХХ ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19290634/180 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Н.М ХХК, ХХХ ХХК-иудын банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тогтоол гаргасныг тус хариуцагч байгууллага нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02 тоот тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагыг хүчингүй болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуульд заасан журмын дагуу гүйлгээг хаасан нөхцөл байдал сэргэнэ. Энэ шаардлагын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч этгээдийг шинээр данс нээсэн баримтгүй байхад цаашид шинээр данс нээх эрхийг хязгаарлах зэргээр эрхийн зөрчил үүсээгүй асуудлаар шүүхийн шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02 тоот, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 тоот төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 тоот, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ