Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00931

 

  

АНУ-ын иргэн Жэймс Францис Баур /James Francis Baur/-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01751 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1964 дүгээр магадлалтай,

 

АНУ-ын иргэн Жэймс Францис Баур /James Francis Baur/-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

2020.02.04-ний өдрийн 2/11, 2/55 дугаартай анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2019.06.17, 2019.06.24-ний өдрийн 180/02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Оюуны Ундраа групп ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК, СС Монголиа ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК, СС Монголиа ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.23-ны өдрийн №183/ШЗ2019/04984 дугаар шүүгчийн захирамжаар Хонг Конгийн олон улсын арбитрын төвийн 2019.03.08-ны өдрийн HKIAC/PA17079 тоот шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн №183/ГХ2019/000461 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчид болох Нордстар минералс ХХК болон Оюуны Ундраа групп ХХК-иас ойролцоогоор 4.5 сая ам.долларыг түүнд тооцогдох хүү, зардлын хамт гаргуулж АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурт олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг НШШГГ-ын 180 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунчимэг явуулж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч бус этгээд болох СС Монголиа ХХК-ийн барьцааны бус эд зүйл буюу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Баян-Өлгий аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.10.22-ны өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019.12.24-ний өдрийн 02 тоот тогтоолоор хураан авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэн улмаар 2020.02.21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр 2020.02.04-ний өдрийн №2/11 болон №2/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг гаргаад байна.

Төлбөр авагч нь төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах ажиллагааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4, 92 дугаар зүйлийн 92.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу дараах хууль зүйн үндэслэлээр уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

СС Монголиа ХХК нь төлбөр төлөгч тал биш бөгөөд эдгээр хураагдсан эд хөрөнгө бус харин уг компанийн бүх хувьцаа нь төлбөр төлөгч Нордстар Минералс ХХК болон төлбөр авагч Жэймс Ф.Баур нарын хооронд 2012.12.20-ны өдөр байгуулагдсан хувьцаа барьцаалах гэрээний барьцааны зүйл бөгөөд гүйцэтгэх хуудаст Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд... СС Монголиа ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлж... хэмээн тодорхой заасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нь гүйцэтгэх хуудсанд тодорхойлоогүй ажиллагааг хийж, хувьцаа нь барьцаанд байгаа компанийн бүх хөрөнгийг салгаж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь Жэймс Ф.Баурын барьцааны эрхэд халдаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт заасан Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдлыг бий болгож, барьцаалагч Жэймс Ф.Баурт Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг үүсгэж байна. СС Монголиа ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг битүүмжлэн зогсоож, хөрөнгийг хураах ажиллагаа анх хийгдэж эхлэх үеэс л бид барьцааны зүйл болох хувьцаанд үнэлгээ хийлгэх шаардлагатай, уурхайн үйл ажиллагааг зогсоож, түүнээс салгаж үл болох хөрөнгүүдийг хураах нь үндэслэлгүй гэсэн тайлбараа удаа дараа амаар болон бичгээр илэрхийлж, гомдол, хүсэлт гаргасаар байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хүсэлтийг шийдвэрлэж, хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөөгүй.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хууль бус ажиллагаа нь барьцааны зүйл болох хувьцааны үнэ цэнэ алдагдах эрсдэлийг бодитоор бий болгож байна. Мөн түүнчлэн, төлбөр төлөгч бус этгээд СС Монголиа ХХК-ийн эд хөрөнгө, тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь гуравдагч этгээдийн зүгээс хэдийд ч гомдол, нэхэмжлэл гарган дээрх ажиллагааг хүчингүй болох эрсдэлийг дагуулж байна.

Иймд төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгө, газар эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг бүхэлд нь хүчингүй болгож Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярын 2020.02.04-ний өдрийн №2/11, №2/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2019.06.17-ны өдөр болон 2019.06.24-ний өдрийн 180/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Оюуны Ундраа групп ХХК-ийн арилжааны банкнууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хонг Конгийн Олон улсын Арбитрын төвийн HKIAC/PA17079 дугаар шийдвэрээр Нордстар Минералс ХХК, Оюуны Ундраа групп ХХК-аас 4,465,429 ам.долларыг гаргуулж АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.05.06-ны өдрийн 19290634 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулахад биелүүлээгүй тул төлбөр төлөгч Нордстар Минералс ХХК-ийн эзэмшиж буй СС Монголиа ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гянтболд /волфром/-ын баяжмал үйлдвэрлэдэг Ховд голын уурхайд шийдвэр гүйцэтгэх газрын 6 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник механизм төрлийн хөдлөх эд хөрөнгийг 2019.10.22-ны өдрийн 01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.12.24-ний 02 дугаар тогтоолоор хураах ажиллагааг гүйцэлдүүлсэн.

Төлбөр төлөгч Нордстар Минералс ХХК, Оюуны Ундраа групп ХХК-иас үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 4/129, 4/128 дугаар мэдэгдлийг гардуулахад хураагдсан уурхайн хөрөнгүүдийг 45,118,744,340 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямчимэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Иймд 2020.01.07-ны өдрийн 8, 50а, 50б дугаар тогтоолоор тус тус шинжээч томилоход төлбөрт хураагдсан уурхайн эд хөрөнгүүдийг 21,104,800,372 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Гянтболдын уурхайн барилга байгууламж, газрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020.02.04-ний өдрийн 2/55 дугаар тогтоол, 2020.02.06-ны өдрийн 4/4067, 4/4068 дугаар мэдэгдэл, мөн Ховд гол нэртэй газарт орших 48 гектар талбай бүхий ашигт малтмалын 21/1156 тоот гэрчилгээтэй, 1071а дугаар тусгай зөвшөөрлийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/4534 4/4533 дугаар мэдэгдэл, 2020 оны 02-р сарын 04-ний 2/11 дугаар тогтоолыг Нордстар Минералс ХХК Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК-ийн эзэмшиж буй СС Монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямчимэг нарт мэдэгдэж НШШГГазрын 200 тоот өрөөнд 2020.02.21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Гянтболдын уурхайн хөдлөх нэр төрлийн тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасны дагуу 2020.02.04-ний өдрийн 2/26 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Нордстар Минералс ХХК, Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК-ийн эзэмшиж буй СС Монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямчимэг нарт мэдэгдэж 2020.03.20-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар баг Ховд голын Гянтболдын уурхайн хөдлөх нэр төрлийн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулахад дэнчин ирээгүй тул 2020.03.11-ний өдрийн 3/24 дугаар тогтоол, 2020.04.02-ны өдрийн 4/11292, 4/11293, дугаар мэдэгдлийг талуудад гардуулж, 2020.04.14-ний өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2020.04.13-ны өдрийн 183/ШЗ2020/05077 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоног дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК, СС Монголиа ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: СС Монголиа ХХК-ийн 100 хувийн хувьцааг Нордстар Минералс ХХК эзэмшдэг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд СС Монголиа ХХК-ийн эд хөрөнгө болон хувьцааг худалдан борлуулах шалтгаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн арбитрын шийдвэрийг баталгаажуулсан гүйцэтгэх хуудас, захирамж гарсан бөгөөд төгсгөлд нь хэрвээ төлбөр төлөгч нэг болон хоёр дугаар төлбөр төлөгчөөр төлбөрөө төлүүлээгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж зааж өгсөн. Ийм учраас СС Монголиа ХХК-ийн эзэмшлийн тусгай лиценз, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг битүүмжилж, хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гурван нөхцөлийг зааж өгсөн байдаг. Үнэлгээтэй холбоотой бол 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой бол 44 дүгээр зүйлд тодорхой заасан. Дараагийн гомдол гаргах заалт нь тус хуулийн 122 дугаар зүйл юм. Ийм гурван үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах тухай зааж өгсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү, анхны дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Шүүхэд гаргах эрх нь 44 дүгээр зүйлд заасан эрхийн асуудал мөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргах гэсэн заалт байгаа. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана. Зөвхөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гаргасан өргөдлүүдийн талаар товч дурдсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Энхтайванд 2019.10.03-ны өдөр өргөдөл гаргасан. Утга нь Оюуны Ундраа групп ХХК-ийн харилцах дансыг хаах тухай, дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020.01.15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа н.Дамдинцэрэнд гомдол гаргасан байсан. Мөн данс хаах утгатай гомдол гаргасан. 2020.02.18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаярт гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргасан тул 6 сараар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг 2020.03.11-ний өдөр гаргасан байна. Мөн тус өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаярт Ковид 19 гарсантай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 6 сараар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, улсын ерөнхий гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах нь эрхийн асуудалтай холбоотой. Өргөдлийн хариунуудыг өгсөн байдаг. Нэгтгээд хэлбэл шүүхийн гүйцэтгэх хуудас болон захирамж дээр дурдсан барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжлэн шинжээч томилон анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдэл, тогтоолуудыг цаг тухайд нь хүргүүлсэн байна. Төлбөр авагч төлбөр төлөгч нарт хууль зөрчсөн зүйл эндээс харагдахгүй. Үнэлгээний тал дээр гомдол гаргаагүй тул энэ талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсгийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт хуулийг тодорхой тайлбарлаж хэлсэн байдаг. Хууль ёсны төлөөлөгч нь итгэмжлэлээр буюу гэрээгээр төлөөлөх гэх хоёр ойлголтыг улсын дээд шүүхээс тайлбарлаж байсан. Хууль ёсны төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх үүргийг итгэмжлэлээр эдэлнэ. Өөрөөр хэлбэл, Жэймс Ф.Баураас олгосон итгэмжлэл нь итгэмжлэлээр буюу гэрээгээр олгогдсон байгаа учир энэ итгэмжлэл дээр заавал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлнэ гэсэн эрх үүргийг тодорхой тусгаж өгөх ёстой. Гэвч энэ талаар тусгаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэх эрхгүй этгээд нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд нийцээгүй бөгөөд итгэмжлэл нь өөрөө олгогдоогүй эрх байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл гэж байдаг.

Нэхэмжлэлдээ дараах хуулийн заалтыг үндэслэсэн байдаг. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Мөн хуулийн 92 дугаар зүйлийг уншвал эзэмших ашиглах эх хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг зогсоохыг шаардах гэж заажээ. Барьцаа эд хөрөнгө буюу албадан дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгөнүүдийн эрхийг хэрэгжүүлэхэд хэн саад болоод байгаа нь тодорхой бус, үндэслэл байхгүй. Хууль зүйн үндэслэл нэхэмжлэлийн шаардлага нь авцалдаагүй буюу ойлгомжгүй хэлбэртэй. Хэрвээ эзэмших эрхэд нь саад учруулаад байгаа бол тэр талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл үнэхээр шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид эхлээд гомдлоо гаргаад, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрх нь нээлттэй байхад энэ гомдлоо илэрхийлж хариу аваагүй. Хариугаа авах хугацаандаа шүүхэд хандаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Нэмэгдүүлсэн шаардлага бол Оюуны Ундраа групп ХХК-ийн харилцах данс болон дансыг хаалгахыг даалгах тухай байсан. Гэвч нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөөд нээсэн тогтоолыг хүчингүй болгох гэсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар итгэмжлэл олгогдоогүй этгээд гаргасан гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний хэрэг үүссэнээс хойш шүүх хуралдааныг хэлэлцэх үед тогтоогдож байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01751 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг үндэслэн явагдсан 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/11 дугаартай, 2/55 дугаартай анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах, Очир Ундраа групп ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахыг тус тус хүссэн Жэймс Ф.Баурын нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2019 оны 6 дугаар сарын 17-ны болон 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жэймс Ф.Баураас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1964 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 180/02 тоот, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 180/02 тоот төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 тоот, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/55 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК, СС Монголиа ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2020.06.23-ны өдрийн 183/ШШ2020/01751 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 1964 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.05.06-ны өдрийн 19290634 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан 2020.02.04-ний өдрийн 2/11дугаартай, 2/55 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2019.06.17-ны өдрийн болон 2019.06.24-ний өдрийн 180/02 дугаартай төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Оюуны Ундраа групп ХХК-ийн арилжааны банкнууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээлгэх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын үндэслэл нь төлбөр төлөгч бус этгээд болох СС Монголиа ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэгчийн явуулж байгаа ажиллагааг хүчингүй болгож Иргэний хуулийн 157.4, 92.1, ШШГТХуулийн 63.4 болон 122.5 заалтыг үндэслэн дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд: Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан байдал.

Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайванд 2019.10.03-ны өдөр, 2019.11.18-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын утга нь Оюуны Ундраа групп ХХК-ийн банкин дахь харилцах дансыг хаалгах, Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.01.15-ны өдөр ШШГЕГазарын дарга Д.Дамдинцэрэнд гомдол гаргасан. Гомдлын утга нь Оюуны Ундраа групп ХХК-ийн банкин дахь харилцах дансыг хаалгах. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.02.18-ны өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярд гомдол гаргасан. Гомдлын утга нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байгаа, албадан дуудлага худалдааг 6 сарын хугацаагаар хойшлуулах. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.03.11-ны өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярд гомдол гаргасан. Гомдлын утга нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байгаа, Ковид-19 вирустай холбоотой олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул ШШГТХ-ийн 67.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааг 6 сарын хугацаагаар хойшлуулах. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.03.19-ний өдөр гомдлын хариуг өгсөн, хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь ШШГТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.1-т /Хуульд өөрөөр заагаагүй хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна./ Нэхэмжлэгч хариуцагчид хандан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулах, хууль зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар нэг ч гомдол гаргаж байгаагүй мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч гомдол гаргаж байсан, гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянан шийдвэрлэж байсан талаарх баримт байхгүй.

Нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолуудыг хүчингүй болгуулах талаарх гомдол бүхий нэхэмжлэлийг 2020.02.17-ны өдөр гаргасан байх тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4-т заалтад 2020.01.10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, 2020.02.23-ны өдрөөс дагаж мөрдсөн. Нэмэлт өөрчлөлт орж мөрдөгдөхөөс өмнө үйлчилж байсан хуульд төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хугацаа хэтрүүлсэн үндэслэл шалтгааны талаар нэхэмжлэгч тайлбарлаагүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолуудыг хүчингүй болгуулах талаарх гомдол гэж үзвэл Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд гараагүй байна. Нэхэмжлэлийг шаардлагынх нь үгийг шууд утгаар тодорхойлж дуудлага худалдаанд оруулах тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гэж үзвэл нэхэмжлэгч анхны дуудлага худалдаанд оруулах тогтоолуудыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргах хугацаа, журмыг зөрчсөн байдаг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг салган хувьцаанаас тусад нь албадан дуудлага худалдаанд оруулах нь хувьцааны үнэ ханшид нөлөөлж нэхэмжлэгчийн барьцааны эрхэд нөлөөлөх боломжтой гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

Хоёр дахь шаардлагын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчин хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийн гаргасан гомдол, хариу буюу нотлох баримтыг үнэлэлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 1964 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын нэмэлт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Жэймс Францис Баур /James Francis Baur/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020.02.04-ний өдрийн 2/11, 2/55 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2019.06.17, 2019.06.24-ний өдрүүдийн 180/02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Оюуны Ундраа групп ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх 180/02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/11, 2/55 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, хууль хэрэглээний болон найруулгын талаар өөрчлөлт оруулжээ.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Хонг Конгийн Олон улсын Арбитрын Төвийн 2019.03.08-ны өдрийн HKIAC/PA17079 дугаартай шийдвэрээр хариуцагч Нордстар Минералс ХХК-иас а/ 2,450,000 ам.долларыг, худалдан авах үнийн гүйцэтгээгүй дүнгээс тооцох Гэрээгээр тогтоосон хүү буюу төлбөр төлөгдөх хүртэл жилийн 6 хувиар тооцож, улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй хүүгийн хамтаар төлөх, b/ төлбөр төлүүлэхтэй холбогдон гарсан зардал 69,237.00 ам.долларыг төлбөр төлөгдөх хүртэл уг дүн дээр жилийн 6 хувиар хүү тооцож, улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй төлөхөөр, хариуцагч Оюуны Ундраа групп ХХК нь зөвхөн b хэсгээр шийдвэрлэсэн дүнг Нордстар Минералс ХХК-тай хамтран болон дангаараа төлөхөөр, нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрхтэй, ...хариуцагчид нь ...төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр Хувьцаа барьцаалах гэрээ болон Нордстар Минералс ХХК-ийн эзэмшиж буй ССМ-ийн хувьцааг ...худалдсанаас олсон орлогыг нэхэмжлэгч АНУ-ын иргэн Жэймс Францис Баур /James Francis Baur/-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээрх арбитрын шийдвэрийг баталгаажуулах захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдснээр 2019.05.06-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч нарт төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч мэдэгдээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Нордстар Минералс ХХК-ийн эзэмшиж буй СС Монголия ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гянтболд /волфром/ын баяжмал үйлдвэрлэдэг Ховд голын уурхайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник механизм зэрэг хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг гүйцэтгэжээ.

 

Улмаар хураагдсан эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож, 2020.02.04-ний өдөр уурхайн барилга байгууламж, газрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2/55 тогтоол, 48 гектар талбай бүхий ашигт малтмалын 21/1156 тоот гэрчилгээтэй, 1071а дугаар тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2/11 тогтоолуудыг үйлдэж, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, 2020.02.21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй үндэслэлээр худалдан борлогдоогүй байна.

 

Мөн 2019.06.10-ны өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 19290634/180 тогтоолоор төлбөр төлөгчийн дансыг нийт төлбөрийн шаардлагын хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж, битүүмжилсэн данснаас 11,561,701,635.2 төгрөгийг Төрийн банкин дахь Шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг Арилжааны банкуудад мэдэгдэж, даалгасан, 2019.06.17, 24-ний өдрийн 180/02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9. дэх заалтыг үндэслэн Голомт, Хаан, Төрийн банкин дахь хариуцагч нарын дансны битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, зарлагын гүйлгээг нээсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Жэймс Францис Баур /James Francis Baur/ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч бус этгээд болох СС Монголиа ХХК-ийн барьцааны бус хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, ...СС Монголиа ХХК-ийн нийт хувьцаа барьцааны зүйл байхад тус компанийн хөрөнгийг салгаж худалдах гэж байгаа нь хувьцааны үнэ цэнэ алдагдах эрсдэлийг бодитойгоор бий болгож, ...барьцааны эрхэд халдаж, ...барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдлыг бий болгож байна. ...төлбөр төлөгдөөгүй байхад хариуцагч нарын данснуудыг битүүмжлэлээс чөлөөлсөн нь хууль зөрчиж, төлбөр авагчийн эрхийг ноцтой зөрчсөн... гэжээ.

 

а/ Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/11, 2/55 тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана..., 93.3.-т зааснаар Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахдаа хуульд заасан дээрх дарааллыг баримтлаагүй, төлбөр төлөгчийн нийт хөрөнгө гүйцэтгэх бичиг баримтын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа гүйцэтгэх баримт бичигт заагаагүй хөрөнгөөс төлбөр гаргуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр 2/11, 2/55 тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан гэж үзнэ.

 

Давж заалдах шатны хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засч, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргаантай харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг зөвтгөж засна.

 

Нэхэмжлэгч нь үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2020.01.03-ны өдөр хүлээн авсны дараа 2020.01.06-ны өдөр СС Монголиа ХХК-ийн хувьцаанд буюу тус компанид цогцоор нь үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлээгүй, хариу өгөлгүй битүүмжлэн, хураасан эд хөрөнгийг үнэлүүлж, улмаар хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэр гаргасан нь байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна.

 

б/ 2019.06.17, 2019.06.24-ний өдрүүдийн 180/02 дугаартай Төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9.-д Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно.

 

Шийдвэр гүйцэтгэгч 2019.06.10-ны өдрийн 19290634/180 тогтоолоор хариуцагч нарын хадгаламжийн болон харилцах дансыг илрүүлж, зарлагын хөдөлгөөнийг нийт төлбөрийн хэмжээгээр битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэхийг Арилжааны банкуудад мэдэгдсэн атлаа 2019.06.17, 2019.06.24-ний өдрийн 180/02 тогтоолоор хариуцагч Оюуны Ундраа групп ХХК-ийн Хаан, Голомт, Төрийн банкин дахь данснуудыг битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, зарлагын гүйлгээг нээсэн байна.

 

Төлбөр төлөгч нар төлбөрийг төлөөгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад төлбөр төлөгч буюу хариуцагч Оюуны Ундраа групп ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны хөдөлгөөнийг битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, зарлагын гүйлгээг нээсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуулийн дээрх заалтыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

в/ Төлбөр төлөгч Оюуны Ундраа групп ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх дансны зарлагын гүйлгээг хааж шинээр данс нээх эрхийг хязгаарлахыг даалгах шаардлагын зарлагын гүйлгээг хаах шаардлага 180/02 тогтоолыг хүчингүй болсноор хэрэгжих бөгөөд харин шинээр данс нээх нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй бауг шинээр данс нээхгүй байхыг даалгах шаардлага нь иргэний эрхийг хамгаалах үндэслэлд хамаарахгүй гэж үзэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтад нийцжээ.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа магадлалын Тогтоох хэсэгт дээрх шаардлагыг бичилгүй орхигдуулсан байх тул алдааг залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1964 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д гэснийг ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4., 49 дүгээр зүйлийн 49.9., 93 дугаар зүйлийн 93.1.-д гэж, ...болгосугай. гэснийг ...болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан үндэслэлгүй тул Оюуны Ундраа групп ХХК-ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын зарлагын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг хязгаарлахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК, СС Монголиа ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны Ундраа групп ХХК, Нордстар Минералс ХХК, СС Монголиа ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангаас 2020.10.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД