Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01656

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01656

 

 

 

А.Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 248 762 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ө-, Ж.Ц- нар нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15/057 тоот эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2015 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 24 230 907.54 төгрөг, зээлийн хүү 33 017 855.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 391 728.03 төгрөг, нийт 61 640 490.60 төгрөгийг Г.Ө-, Ж.Ц- нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон /18140/, Баянхошуу гудамж 12-р байр, 144 тоот хаягт байршилтай Ү-2201025152 улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ээжтэйгээ хамтран хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулж ашгаар нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А.Б-ХХК-аас 25 000 000 төгрөг зээлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь үнэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ээж Ж.Ц-гийн биеийн байдал эрс муудан, хэвтэрт орж байнгын асаргаа шаардлагатай болж бид дэлгүүр ажиллуулан хамтран ажиллах зорилгоо биелүүлэх боломжгүй болсон. Ингээд А.Б-ХХК-ийн зээлийн эдийн засагч дээр очиж уулзан гэрээгээ цуцалж, үлдэгдэл тооцоогоо нийлэх хүсэл зоригоо илэрхийлсэн. Дэлгүүр баригдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ одоогоор гараагүй байгаа. Гэвч хариу хэлэхгүй байсан тул А.Б-ХХК-ийн төв дээр очиж хэд хэдэн удаа хариуцсан ажилтнуудтай уулзахад ..байрыг чинь хурааж авна.. гэдгээс өөр хариу өгөөгүй. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын сүүлээр нэг талын санаачлагаар цуцалсан атал 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Б-ХХК нь зээлийн хүүгийн хэмжээнд 28 599 730.95 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлээр зээлийн хүүг 33 017 855.03 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Зээлийн гэрээнд зааснаар нэг жилийн хүү 35.4 хувийн хүүтэй байсан тул гурван жилээр тооцоход 26 550 000 төгрөгөөс давж гарах үндэслэл байхгүй. Бид 4 142 583 төгрөг төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамгийн сүүлийн төлөлтийг хийж гэрээг цуцалсан. Иймд А.Б-ХХК үндэслэлгүй тооцоо гарган мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээж маань бөөрний дутагдал гэсэн оноштой 2015 оны 11 дүгээр сараас Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-д хагалгаанд орж эмчлүүлсэн. Одоогоор хөдөө агаарт байнгын хэвтэрт эмчлүүлж байна. Эмчилгээ хагалгааны зардал 75 000 000 орчим төгрөг болсон. Үүнээс гадна эм тариа бусад зардал байнга гардаг. Би өөрөө 2016 онд хоёр ихэр, 2018 онд хоёр ихэр хүүхдүүд төрүүлж ажил хийх боломжгүй, ээжийгээ асраад хүнд нөхцөлд амьдарч байна. Иймд бидний байдлыг ойлгож зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сард нэг талын санаачлагаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан байх тул шүүхээс тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт 57 248 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхон /18140/, Баянхошуу гудамж 12-р байр, 144 тоот хаягт байршилтай Ү-2201025152 улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, Ж.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 536 355 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжид 444 194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгосон. Гэвч А.Б-ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 61 640 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна гэсэн агуулгатай харагдаж байгаа нь хоёрдмол утгатай шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн байдаг. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ ...57 248 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гэж заасан. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 4 391 728 төгрөгийн зөрүүтэй байдаг. Гэтэл шүүх нийт үнийн дүнгийн зөрүүг нэхэмжлэгчийн анх нэхэмжилсэн үнийн дүнтэй адилтган үзэж хариуцагчийн өмчлөлийн эд зүйлээс зээлийн гэрээг хангуулахаар тогтоож байгаа нь үндэслэлгүй. Үндсэн зээл 24 230 907 төгрөг, зээлийн хүү 33 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 391 728 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн дагуу, зээл цуцлагдсан хугацааг хүртэл нийт 33 000 000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Б-ХХК нь хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 640 490.60 төгрөг гаргуулах шаардлагаа шүүх хуралдааны явцад 57 246 762 төгрөг болгон багасгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлээ дэмжин оролцсон байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан байхад үндэслэлгүй хүү тооцон нэхэмжилж байна ... гэх үндэслэл заан маргажээ.

Талуудын байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15/057 дугаартай зээлийн гэрээгээр А.Б-ХХК нь 25 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Г.Ө-, Ж.Ц- нар зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, зээлдэгч нар мөнгийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-10-12, 20-28 дахь тал/ Энэ үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд гэрээний талууд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нар зээлийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй гэдэгт маргаангүй, харин зээлийн хүү тооцож буй үндэслэлийн талаар маргажээ.

Хэргийн 41-43 дахь талд авагдсан хариуцагч Г.Ө-ы нэхэмжлэгч А.Б-ХХК-д гаргаж байсан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 22, 29-ний өдрийн хүсэлтээс /хх-41-42/ үзэхэд гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх төлбөрийг хойшлуулах агуулгатай байхаас гадна гэрээг нэг талын санаачилгаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цуцалсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нар зээлийн үүргээс 5 015 600 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган тооцсон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч талаас үндсэн зээл, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүг хамгийн сүүлд зээлийн эргэн төлөлт хийсэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг өдрийг хүртэл хугацаагаар тооцон шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.Б-ХХК, хариуцагч Г.Ө-, Ж.Ц- нар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ж.Ц-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 144 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 13-14/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар талууд маргаангүй. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Ж.Ц-гийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэж байна.

Хариуцагч нар ... шүүх 57 248 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 4 391 728 төгрөгийн зөрүүтэй байдаг, шүүх үнийн дүнгийн зөрүүг анх нэхэмжилсэн үнийн дүнтэй адилтган үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч А.Б-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны үеэр нэмэгдүүлсэн хүүд 4 391 728.03 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзан хариуцагч нараас 57 248 762 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзэн, уг хэмжээгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт нийцжээ. /хх 48-49 дэх тал/.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД