Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2019/01442

 

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01442

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...өөрийн байранд байрлах А ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Г  Ө  /РД:ХН82122368/

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Ж  Ц  /РД:.../ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57 248 762 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Баярбилэгт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Ө , Ж.Ц  нар нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15/057 тоот эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2015 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болох 24 230 907.54 төгрөг, зээлийн хүү 33 017 855.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 391 728.03 төгрөг, нийт 61 640 490.60 төгрөгийг Г.Ө , Ж.Ц  нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ...тоот хаягт байршилтай Ү-2201025152 улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би ээжтэйгээ хамтран хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтанад оруулж ашгаар нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2015.1.26-ны өдөр А 25 сая төгрөг зээлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь үнэн. Гэтэл 2018.9.26-ны өдрөөс ээж Ц гийн биеийн байдал эрс муудан, хэвтэр орж байнгын асаргаа шаардлагатай болж бид дэлгүүр ажиллуулан хамтран ажиллах зорилгоо биелүүлэх боломжгүй болсон. Ингээд А зээлийн эдийн засагч дээр очиж уулзан гэрээгээ цуцалж, үлдэгдэл тооцоогоо нийлэх хүсэл зоригоо илэрхийлсэн. Дэлгүүр баригдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ одоогоор гараагүй байгаа. Гэвч хариу хэлэхгүй байсан тул А төв дээр очиж хэд хэдэн удаа хариуцсан ажилтнуудтай уулзахад ..байрыг чинь хурааж авна.. гэдгээс өөр хариу өгөөгүй. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн гэрээг 2015 оны 12 сарын сүүлээр нэг талын санаачлагаар цуцалсан атал зээлийн хүүг бүтнээр, тэр байтугай гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илүү гарган тооцож нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. 2018.11.17-ны өдөр А нь анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүүгийн хэмжээнд 28 599 730.95 төгрөг нэхэмжилж байсан бол 2019.5.22-ны өдрийн нэхэмжлэлээр зээлийн хүүг 33 017 855.03 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал хугацааны зээлийн хүү яагаад өнөөдрийг хүртэл хугааанд нэмэгдэн тооцогдоод байгаа нь ойлгомжгүй байна. Зээлийн гэрээнд зааснаар нэг жилийн хүү 35.4 хувийн хүүтэй байсан тул гурван жилээр тооцоход 26 550 000 төгрөгөөс давж гарах үндэслэл байхгүй. Энэхүү тооцоонд уул нь бидний төлсөн төлбөрийн хэмжээ хасагдаж тооцогдох учиртай боловч хасаж тооцоогүй байхад дээрх дүн гарч байгаа бөгөөд нэхэмжилж буй зээлийн хүүгээс бага хэмжээтэй байгаа юм. Нийтдээ бид 4 142 583 төгрөг төлсөн. 2015.12.22-ны өдөр хамгийн сүүлийн төлөлтийг хийж гэрээг цуцалсан. Иймд А үндэслэлгүй тооцоо гарган мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрхгүй байна. Ээж маань бөөрний дутагдал оноштой 2015 оны 11 сараас Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 2 сарын 15-ны өдөр БНСУ-д хагалгаанд орж эмчлүүлсэн. Одоогоор хөдөө агаарт байнгын хэвтэрт үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Эмчилгээ хагалгааны зардал 75 сая орчим төгрөг болсон. Үүнээс гадна эм тариа бусад зардал байнга гардаг. Би өөрөө 2016 онд хоёр ихэр, 2018 онд хоёр ихэр хүүхдүүд төрүүлж ажил хийх боломжгүй, ээжийгээ асраад хүнд нөхцөлд амьдарч байна. Иймд бидний байдлыг ойлгож зээлийн гэрээ 2015 оны 12 сард нэг талын санаачлагаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан байх тул шүүхээс тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Г.Ө , Ж.Ц  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 640 490.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн шаардлагыг 4 391 728.03 төгрөгөөр багасгаж, нийт 57 248 762 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр №15/057 дугаатай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх ба уг гэрээгээр А ХХК нь 25 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ...тоот хаягт байршилтай Ү-2201025152 улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалж зээлийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 10-14/

 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.Ө , Ж.Ц  нар 2015 оны 7 сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5 015 600 төгрөгийг төлсөн байх ба үүнээс хойш уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 1 сарын 26-ны өдөр дууссан байна.

 

Харин хариуцагч Г.Ө  ...2015.12.22-ны өдөр хамгийн сүүлийн төлөлтийг хийж гэрээг цуцалсан. 2015 оны 12 сард нэг талын санаачлагаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан байх тул шүүхээс тухайн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэх тайлбарыг гаргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч А ХХК-иас хариуцагч Г.Ө ы тус банкинд 2015 оны 8 сарын 25-ны өдрийн, 2015 оны 12 сарын 22-ны өдрийн, 2015 оны 12 сарын 29-ний өдрийн бичгээр гаргаж байсан хүсэлтүүдийг эх хувиар нь гаргаж ирүүлсэн байх ба уг хүсэлтүүдэд зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлах тухай хүсэлт гаргаж байгаа талаар бичигдсэн зүйлгүй байна.

 

Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байх ба хариуцагч нь дээрх татгалзлалын үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Г.Ө , Ж.Ц  нараас үндсэн зээлийн 24 230 907.54 төгрөг, үндсэн хүү 33 017 855.03 төгрөг, нийт 57 248 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.Ө  2019 оны 6 сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж, хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ө , Ж.Ц  нараас зээлийн гэрээний үүрэгт 57 248 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ө , Ж.Ц  нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцааны гэрээнд заасан ...тоот хаягт байршилтай Ү-2201025152 улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, Ж.Ц гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 536 355 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө , Ж.Ц  нараас улсын тэмдэгтийн хураамжид 444 194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ