Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00761

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00761

 

 

 

Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Дариймаа, Т.Цэрэндолгор нарт холбогдох

10 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Т.Цэрэндолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд шүүхийн шийдвэрээр хуучнаар Ленины музейн байрыг МАН-аас хүлээн авсан. МАН тухайн обьектын өмчлөгч байхдаа Инишлпойнт ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, музейн барилгын баруун талыг өөрийн хөрөнгөөр тохижуулж сар бүр 1 300 000 төгрөгийг түрээсийн төлбөр төлдөг байсан байна. Нэгэнт МАН-аас Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-т Ленины музейн барилга шилжин ирсэн тул Инишлпойнт ХХК нь гэрээгээ үргэлжүүлэх хүсэлт тавьсан. Төрийн өмчийн хорооны 2015 оны 6 дугаар 12-ны өдрийн 16/1778 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгээр түрээсийн гэрээг Инишлпойнт ХХК-тай үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон. Инишлпойнт ХХК-иас түрээсийн гэрээг байгуулан ус, цахилгаанаа залгуулж бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргасан. Инишлпойнт ХХК-ийн захирал С.Солонгод төлбөр тооцоогоо бүрэн барагдуулвал дээд байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулж болох тухай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот албан бичгээр хариу өгсөн. Гэтэл Инишлпойнт ХХК-ийн захирал н.Солонго нь 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрийг захирлын нарийн бичгийн дарга Т.Цэрэндолгорт бэлнээр өгч байгууллагын тамгыг дардаг байсан болох нь тодорхой боллоо. Манай байгууллагын кассанд нэг ч төгрөг орж ирээгүй бөгөөд манай санхүүгийн бүртгэлд ч ямар нэгэн түрээсийн төлбөр орсон гэх нотлох баримт архивлагдан хадгалагдаагүй байх бөгөөд Инишлпойнт ХХК -иас доорхи баримтуудыг гаргаж өгсөн болно. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1 300 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 938 750 төгрөгийн баримтуудыг манай Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-аас түрээслэгч С.Солонго мөнгөний баримт болгон шаардаж авсан гэх ба бусад мөнгө төлсөн баримтыг Т.Цэрэндолгор дараа бичиж өгнө гэж хэлээд өгөөгүй байна. Нарийн бичгийн дарга Т.Цэрэндолгор нь түрээсийн төлбөрийг өөрөө бэлнээр хүлээж аваад Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-ын захирал асан Ч.Даариймаад дамжуулан өгдөг байсан эсэх нь эргэлзээтэй тул Инишлпойнт ХХК-ийн захирал С.Солонгын хэлж байгаагаар Т.Цэрэндолгороос шаардан гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2016 оны 3, 4, 5 дугаар сард мөнгөний баримт нэхлээ хэмээн Инишпойнт ХХК-ийн ус, цахилгааныг Ч.Даариймаа захирал нь таслуулсан байсан. Иймд Инишлпойнт ХХК-иас авсан 2015 ны 7, 8 ,9 ,10, 11, 12 дугаар сар 2016 оны 1, 2 дугаар сар нийт 8 сарын төлбөр 10 400 000 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Цэрэндолгор шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музейд архив, бичиг хэргийн ажилтнаар орж ажилласан ба 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн захирлын Б/15 тоот тушаалаар музейн үзвэр харагчаар томилогдон ажилласан. 2016 оны 6 дугаар сарбн 07-ны өдрийн захирлын Б/40 тоот тушаалаар ажлаас халагдсан. Захирлын хэлсэнээр 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингис лоунж орж тухайн үед зөөгчөөр ажиллаж байсан нэрийг нь үл мэдэх залуугаас 1 300 000 төгрөг хүлээн авч, захиралд хүлээлгэн өгсөн. Үүнээс өөр миний бие Чингис лоунжаас дахин мөнгө аваагүй. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр уг 1 300 000 төгрөгийг авахдаа кассын орлогын ордерыг миний бие бичиж өгсөн. Уг мөнгийг байгууллагад зарцуулсан эсэхийг мэдэхгүй. Захирал, нягтлан нар мэдэх байх. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01, 02 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтыг бичээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Даариймаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 5 дугаар сард Төрийн албаны төв зөвлөлөөс зарласан Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-ын захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн мөн оны 10 дугаар сард захирлаар томилогдсон. 2016 оны 5 дугаар сард төрийн захиргааны байгууллагын буруу сонгон шалгаруулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Чингис лоунж ХХК-ийн захирал н.Солонгын хүсэлтээр шаардлагатай засвар үйлилгээ хийж, туршилтын журмаар ажиллуулж үзье гэж тохиролцон 1 300 000 төгрөгийг авсан. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг болон, сар бүрийн түрээс гэж мөнгө авч байгаагүй, тус музейн захирал Н.Жавзаа үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Мөн 2016 оны 3, 4, 5 дугаар сард мөнгөний баримт нэхлээ гэж ус, цахилгааныг таслаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ч.Дариймаагаас 2 600 000 төгрөг гаргуулан Үлэг гүрвэлийн төв музей улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 861 242 төгрөг, Т.Цэрэндолгор нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Дариймаагаас 56 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Үлэг гүрвэлийн төв музей улсын төсөвт үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Дариймаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Ч.Дариймаа надаас 2 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх щаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд Инишлпойнт ХХК-наас түрээсийн төлбөр гэсэн тус бүр 1 300 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөгийг намайг хүлээн авсан гэж анхан шатны шүүх дүгнэж надаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй этгээд нь Үлэг гүрвэлийн твв музей биш, Инишлпойнт ХХК байх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнд хамааралтай нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ нь хариуцагч Т.Цэрэндолгор, Ч.Дариймаа нарт холбогдуулан 10 400 000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 461 250 төгрөг болгон өөрчилж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч мөнгө аваагүй, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдээгүй гэх үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Инишлпойнт ХХК буюу Чингис лоунжаас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 300 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 300 000 төгрөгийг Үлэг гүрвэлийн төв музей хүлээн авсан ба захирал Ч.Дариймаа гэж гарын үсэг зурсан, уг гарын үсгийг тухайн үед бичиг хэрэг, архивын ажилтан байсан Т.Цэрэндолгор зурсан болохоо хүлээн зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийг Т.Цэрэндолгор хүлээн авч, захирлдаа шилжүүлж өгсөн, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн баримтын мөнгийг хүлээн аваагүй, захирал кассын баримт бичиж өг гэсний дагуу бичиж өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 8, 13, 24 дүгээр тал/

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зүйл заалтыг зөв оновчтой баримталж хэрэглээгүй боловч нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг Ч.Дариймаагаас гаргуулж шийдсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан тул нэхэмжлэгч Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ нь Инишлпойнт ХХК-иас түрээсийн төлбөрт төлсөн 2 600 000 төгрөгийг хариуцагч Ч.Дариймаагаас буцаан шаардах эрхтэй

Хэргийн баримтаар түрээсийн төлбөр 5 861 250 төгрөгийг хариуцагч Ч.Дариймаа авсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Харин уг түрээсийн төлбөрөөс Ч.Дариймаа нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 300 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 300 000 төгрөгийг тус тус хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон орлогын баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 13, 24 дүгээр тал/

Ч.Дариймаа нь мөнгийг бодиттойгоор аваагүй гэж тайлбарласан ч мөнгө авсан буюу түрээслэгч нараас түрээсийн төлбөр авсан баримтад гарын үсэг зурж орлогын баримт үйлдсэн бөгөөд орлогын баримтад авагдсан мөнгөн дүн болох 2 600 000 төгрөг нь Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-ын орлогод орох ёстой учир Ч.Дариймаа нь уг мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ