Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 113

 

Н.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1223 дугаар магадлалтай, Н.Гд холбогдох 1909023200225 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Н.Г нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Гг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гялгар ууттай 39.4 грамм өвс гэх нэршил бүхий бодисыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Гд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1223 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Гд холбогдох эрүүгийн 1909023200225 тоот хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэж гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтын хүрээнд өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн Хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан заалтыг зөрчиж байна. Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1 тоот дүгнэлтээр УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны хүндрүүлж ...”,”... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг Монгол Улсын Их хурал 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоолоор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт орсон. Гэтэл давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эрх Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1 тоот дүгнэлтээр хүчингүй болмогц эрүүгийн хариуцлага хөнгөгдсөн байна гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн 1 тоот дүгнэлтэнд дурьдсан Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зорилгоор хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1223 тоот магадлалын тодорхойлох хэсэгт бичигдсэн зүйл яг ямар утга санаа илэрхийлэх гэсэн нь ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй, дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1223 тоот магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 888 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Г нь 2001 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 1 сар 1 хоног болж байсан, түүнчлэн түүний биеэс хураагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэмжээ зэргийг нь харгалзан үзэхэд түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Гд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Гг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар гудамжнаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 39.4 грамм жинтэй, “Каннабис” /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүний мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг анхан шатны шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг сонгож хэрэглэсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байвал зохино.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Гд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул уг магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх, цагаатгах тогтоол гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан “Шүүхийн шийдвэр бичих аргачлал, журам”-ыг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хууль зүйн дүгнэлт хийхийг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1223 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН    

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН