Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Т.Мандахнаран,

          шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарайд овогт Н-ийн Гг холбогдох эрүүгийн 1909023200225 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарайд овогт Н-ийн Г, (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар гудамжнаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 39,4 грамм жинтэй, “Каннабис” /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж  байна. Дахин ийм зүйлд холбогдохгүй. Би сургуульд сурч байгаа...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…100 айл дээр явж байгаад гудамжнаас түүсэн өвсөө хэрэглэж үзмээр санагдаад нэг байрны хажууд саравчин дотор сууж байгаад бага зэргийг цаасанд ороож татсан. Яг татаж байхад Сүхбаатар дүүргийн хэлтсийн эргүүлийн цагдаа нар ирж саатуулсан. 2019 оны 6 дугаар дугаар сарын 09-ний өдөр өөрийн түүж ирсэн өвснөөс 2 хоногийн өмнө хэрэглэсэн. Гудамнаас түүсэн өвснөөс хэн нэгэнд өгөөгүй өөрөө л нэг удаа хэрэглээд баригдсан. ...гэртээ харих гээд автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ явж байгаад гудамж руугаа ороод бие засаад зогсож байсан чинь хашааны ёроолд ургасан өвснүүдийн дунд Каннабис өвс ургачихсан байхаар нь түүчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №3587 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн улаан бөглөөтэй хуванцар савтай шээс, цайвар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. ...Улаан бөглөөтэй хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. ...Цайвар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. ...Шинжилгээнд илэрхисэн Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-д багтдаг болно. ...Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 35 грамаа, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 34 грамаа болов…” гэсэн дүгнэлт /хх-41/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Н.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Н.Г нь одоо сэтгэцийн өвчингүй байна. ...Н.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Н.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Н.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. ...Н.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсад, СЭМҮТөвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой. ...Н.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” гэсэн дүгнэлт /хх-49-50/,

 

Шинжээч эмч Б.Ламчингийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Бодисыг шинжлэхдээ хроматографи мисс спектрометр багаж ашиглан явуулдаг учир илүү өндөр нарийвчлалтай үр дүн гарч “Дельта-9-тетрагидроканнабинол” илэрлээ гэж бичигддэг, харин шээсэнд шинжилгээ хийхдээ чанарын аргаар урвалд оруулан шинжилдэг тул зөвхөн үндсэн бодис буюу “тетрагидроканнабинол /ТНС/” гэж бичдэг. “Дельта-9-тетрагидроканнабинол” болон “тетрагидроканнабинол /ТНС/” ижил төрлийн бодисууд юм…” гэсэн мэдүүлэг /хх-45/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 10-12/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 33-37/, эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №3587 тоот акт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 42/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 85/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 57, 60, 68, 82-83, 87-94/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 146/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар гудамжнаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 39,4 грамм жинтэй, “Каннабис” /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь дээр дурьдсан шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №3587 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Н.Ггийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Ггийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Гг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ггийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дэх хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гялгар ууттай 39.4 грамм өвс гэх нэршил бүхий бодисыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Шарайд овогт Н-ийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Гд танилцуулсугай. 

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гялгар ууттай 39.4 грамм өвс гэх нэршил бүхий бодисыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

6.Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР