Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1223

 

 

 

 

 

 

 

                                   

Н.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор Б.Мөнхдөл,

шүүгдэгч Н.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

                      

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/888 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мандахнарангийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Гд холбогдох 1909023200225 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Н.Г нь 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 дугаар гудамжнаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 39,4 грамм жинтэй, “Каннабис” /өвс/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Н.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Гд танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гялгар ууттай 39.4 грамм өвс гэх нэршил бүхий бодисыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                                                                                                                  

Прокурор Т.Мандахнаран бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Гг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар заасан байхад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ. Учир нь:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

Гэтэл шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдал болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолыг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнхдөл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг  дэмжиж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх” гэж хуульчилсан. Сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, нийгэм, хүн амын эрүүл мэндийн байдалд хор уршиг, муу үр дагавар үүсгэж байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, 1.3 дугаар зүйл, 1.4 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж эсэргүүцэл бичсэн байна...” гэв.

Шүүгдэгч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганц удаа хэрэглэсэн. Энэ талаар интернетээс мэдээлэл авсан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой дурдаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх гэм буруугийн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд шийдвэрээ гаргасан. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шийтгэх тогтоолдоо дурдаж өгсөн. Прокуророос нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж эсэргүүцэл бичсэн нь шүүхийн бүрэн эрхэд халдаж байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Шүүгдэгч Н.Г нь 18 насанд хүрээд удаагүй хүүхэд байгаа. Өнөөдрийн хүүхэд, залуучуудын үзэж, харж буй зүйлд төрөөс хязгаарлалт тогтоосон зүйл байхгүйгээс мэдээллийг олж авсан байдаг. Цаашдаа сургуульдаа үргэлжлүүлэн сурах хүсэлтэй байгаа. Иймд давж заалдах шатны шүүх эдгээр байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                                                         

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх ба шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг сонгож хэрэглэсэн нь ойлгомжгүй болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн ямар хувийн байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх заалттай нийцээгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөнө” гэж зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өөрчлөх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Улсын яллагчийн эсэргүүцлийн “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” талаар бичсэн хэсэг нь үндэслэлтэй, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн хэсэг нь үндэслэлгүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/888 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Гд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

              ШҮҮГЧ                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

              ШҮҮГЧ                                                                     Д.ОЧМАНДАХ