Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00129

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00129

 

 

Т.Д, Д.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Д, Д.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.И, Л.С нарт холбогдох

 

1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.И нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Буянжаргал

Хариуцагч Л.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Д, Д.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:

Миний ээж Д.И нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байр, 14 тоот 2 өрөө орон сууцыг 1981 оноос 811513 тоот эрхийн бичгийн дагуу ОСНАА-н 7 контортой гэрээ байгуулан эзэмшиж байсан. Улмаар 1997 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хотын орон сууц хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж, уг орон сууцаа 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хувьчилж, 000205 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 5 ам бүлээр авсан. Дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд нь Т.Д, Б.Даштогтох, П.Отгонмаа, Д.Н, Д.Энхзул нар юм. Өнгөрсөн хугацаанд ээж Д.И нь уг орон сууцаа Пүрэвдоржийн Болдсайхан гэгчид удаан хугацаагаар түрээслүүлсэн, мөнгийг нь урьдчилж авсан гэж бидэнд тайлбарлаж байсан. Бид тус тусдаа өөрийн орон гэртэй тул ээжийн үгэнд итгэж тухайн орон сууцны талаар ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй бөгөөд одоо миний охидууд болох Д.Н, Д.Энхзул нар насанд хүрцгээж, том охин Д.Н тусдаа амьдрал зохиож, 2017 онд хүүхэдтэй болсон тул 2017 оны дундаас эхлэн дээрх орон сууцны өөрт ногдох хувийг авахаар ээжтэй удаа дараа ярилцахад эцэст  нь Л.С гэгчид хууртагдан 1999 онд 5 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн Л.С олдохгүй байгаа гэж хэлсэн. П.Болдсайханд түрээслүүлсэн гэж байсан байраа ямар учиртай бидэнд мэдэгдэлгүй бидний зөвшөөрлийг авалгүйгээр бусдад худалдсан болохыг лавлаж тодруулахад Л.С нь орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийнэ гэсний дагуу гарын үсгээ зурж өгсөн. Дундаа хамтран өмчлөх эрх бүхий бусад 5 хүнд мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрлийг авалгүйгээр бидний ээж Д.И нь ганцаараа шийдвэр гарган орон сууц худалдах хэлцэл байгуулсан нь бидний эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл авахаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа шийдвэр гүйцэтгэлийн газрын 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/2107/ дугаартай албан бичгийг үндэслэн хийсэн байна. Иймд Д.И, Л.С нарын хооронд 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би байраа 2013 онд худалдсан гэдийг мэдсэн. Яагаад гэвэл 2013 онд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байр өгнө гэж хотын захиргаанаас тусгай маягт авч бөглөөд улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл бичээд очиход манай байрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна гэсэн хариуг авсан. Хариугаа 23-ны өдөр ав гэхэд нь би байраа худалдсаныг мэдсэн нь нотолгоо юм. 2 дугаар лавлагаанд намайг гэрчилгээгээ 5 ам бүлээр авсан гэдэг 03, 04 дугаар тогтоолуудын номер нь Нийслэлийн лавлагаанд олдоогүй. 01, 02 гээд дараах номерууд нь байхгүй болоод 13 дугаараас эхэлсэн байсан. Манай байрны гэрчилгээг хэний хэн авсан нь тодорхой бус учир Л.С авсан байх магадлал өндөр байна гэж би хардаж байна. Учир нь П.Болдсайхан надад та байраа урьд нь өөр хүнд зарсан байлээ гэж надад хэлж байсан.  1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн 403 тоот шийдвэр Л.Сд ямар ч хамааралгүй байхад дээрх шүүхийн шийдвэрийг өөртөө авч яваад 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 602 дугаартай нотариатч н.Оюунчимэгээр гэрчлүүлсэн байдаг. Түүгээр ч барахгүй 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Эдгээр хууль бус үйлдлүүдээр Л.С манай байрыг П.Болдсайханаас аваад бүр цааш нь зарах ямар ч эрх үүсэх боломжгүй байхад Л.С манай байрыг зарсан, 2001 онд 2 өрөө байрны үнэ 20 000 000-25 000 000 төгрөгийн өртөгтэй байсан. 2017 оноос өдий олон жил би байраа айлд түрээсэлж, сар бүр 350 000 төгрөг авахаар бодоход одоогийн байдлаар 500 000 000 төгрөг надад төлөхөөр байна. Би байраа буцаан авч чадахгүй гэж бодоход 2018 оны ханшаар Л.Сгээс байрны түрээсийн мөнгийг тооцож авах болно. Би хүүхдүүддээ хэлээгүй байсан шалтгаан нь Л.С манай байранд 5 жил суухаар болж, та нарыг ирэхэд бид танай байранд сууж л байх болно гэж хэлсэнд нь итгэсэн учраас тэр.Намайг уг байраа авахаар хөөцөлдөж байхад Л.С манай байрны 4 давхарт амьдарч байдаг байсан. Харин П.Болдсайхан нь манай байрнаас гараад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34А байрны 33 тоотод оршин суух, Л.С хуучин хаягтаа бүртгэлтэй байсан нь бас нэг нотлох баримт болж байна. Л.С нотлох баримтаа бүрдүүлэхдээ П.Болдсайханы хуурамч материалууд болон өөрсдийнхөө ах дүүс найз нөхдийнхөө нөлөөллийг давхар бүрдүүлсэн. Л.С хуурамч материалууд ашиглаж, өдийг олон жил явахдаа манай байрыг худалдсан тухайгаа бидэнд мэдэгдэж, биднээс зөвшөөрөл аваагүй. Хэрвээ биднээс зөвшөөрөл авсан бол өөр байх байсан. Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийг маань зөрчөөд өргөдлийг маань өдий олон жил шийдвэрлэж өгөхгүй байгаад маш их гомдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

             Хариуцагч Л.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Д нарын нэхэмжлэлтэй Д.И, Л.С нарт холбогдох худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.С миний бие Д.Игийн 1999 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн нотариатаар батлуулсан тодорхойлолт, 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 5 700 000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 403 тоот шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх газрын 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/2107 тоот албан бичгүүдийг үндэслэж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Л.С надад шилжсэн. 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш уг орон сууцтай холбоотой маргаан огт гарч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.И, Л.С нарт холбогдох, худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Д, Д.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Д.И, Т.Д нар нь эх хүүхдийн харилцаатай гэдэгт үндэслэн Т.Д, түүний охин Д.Н нар өөрсдийн өмчлөлийн байр нь бусдад худалдагдсан болохыг мэдээгүй байх нь үнэнд нийцэхгүй гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслээгүй харин "тэгсэн байх нь гарцаагүй" гэсэн таамаглалд хөтлөгдөж шийдвэрээ гаргажээ. Хариуцагч Д.И нь хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл авалгүй дур мэдэн Л.Стэй хэлцэл байгуулахдаа уг хэлцлийн талаар өөрийн хүүхдүүдэд үнэн зөвөөр хэлээгүй. Харин уг байрыг удаан хугацаагаар бусдад түрээслүүлсэн гэж хэлж байсан байдаг. Нэхэмжлэгч нар мөн ижил агуулгаар нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагчийн эдгээр мэдүүлгийг шүүх үнэлэх ёстой бөгөөд хэрэв худал мэдүүлэг өгсөн гэж үзвэл үүнийг шалгах. бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх ёстой. Хамтран нэхэмжлэгч Д.Н нь 1994 оны 9 дүгээр сарын 8-нд төрсөн ба 2014 оны 9 дүгээр сарын 8-нд 18 нас хүрснээр түүний иргэний эрх зүйн бүрэн чадамж үүснэ. Энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2018 оны 9 дүгээр сарын 8-нд хуульд заасан 6 жилийн хугацаа дуусах юм. Нэхэмжлэлийг энэ хугацаанд гаргасан. Д.И нь Л.Стэй байгуулсан хэлцлийг хүчингүй
болгуулахаар хуулийн байгууллагад удаа дараа хандаж байсан болох нь хэрэгт
авагдсан прокурорын хариу мэдэгдэх хуудсаар нотлогдоно. Гэтэл уг асуудлаар
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ач холбогдолтой аливаа хүсэлт
гаргаагүй гэж дүгнэсэн нь мөн алдаатай дүгнэлт болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.И шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 403 тоот шүүхийн шийдвэрээр уг байрыг надад олгохоор шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Л.С миний өмнөөс П.Болдсайханыхыг байрнаас гаргаад өгье, манай ах Нийслэлийн прокурорт ажилладаг гэхээр нь түүнд итгэж түүнийг байрандаа суулгахаар болсон. Л.Сгээс 5 700 000 төгрөг аваагүй, гэрээ байгуулаагүй. Л.С, П.Болдсайхан нар үгсэн хуйвалдаж, Л.С миний зөвшөөрөлгүй байрыг өөрийн нэр дээр болгоод зараад алга болсон. Би таван жилийн дараа байрандаа очиход Л.Сгийнх байгаагүй, би түүнийг олж чадаагүй. Хэрэв би Л.Сд байраа алдаагүй байсан бол хүү, бэр хоёрынхоо амийг ч аврах боломжтой байсан. 1994 онд намайг байрандаа амьдарч байх хугацаанд яагаад өмчлөх эрх Л.Сд шилжсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд эдгээр ойлгомжгүй асуудлыг шүүх тодруулаагүй нь үндэслэлгүй. Мөн миний хэлсэн тайлбар шүүхийн шийдвэрт ороогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 6 жил гэсэн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Би 2013 онд Улсын бүртгэлийн лавлагаагаар байраа зарагдсан гэдгийг мэдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Шүүх намайг 2004 онд байрандаа орохоор очиход Л.Сгийнх байгаагүй гэж тайлбарласныг шийдвэртээ оруулаагүй байна. Миний байрны анхны гэрчилгээг Л.С хуурамчаар өөрийн нэр дээр болгосон нь тодорхой байна. Миний баталгаажуулсан 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн нотариатаар батлуулсан шүүхийн шийдвэрт н.Бат-Оюун гэж хүний гарын үсэг зурагдсан байгаа нь тодорхойгүй, хийсвэр зохиомол тамга дарсан байна. Нотариатч миний зөвшөөрөлгүй Л.Сд үйлчилж, хуурамч баримт бүрдүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга болон Д.Галсанпунцаг нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага болон прокурорт Л.Сгийн ах болон эхнэр нь нөлөөлснийг шүүх тогтоогүй. Миний байрны гэрчилгээг Л.Сг олоод өгчих байх гэж найдсан учир би хүүхдүүсээ нуун байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тодорхойлолт бичиж өгсөн. Би 18 жилийн турш уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад хандаж байна. Миний бие хариуцагч Л.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Л.Сгээс 4 550 000 төгрөгийг аваагүй. Надад мөнгө өгсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч уг тайлбарыг нотлох баримт байхгүй. Л.С нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн миний байрыг өөрийн нэр болгож, цааш нь зарж борлуулсан уг нөхцөл байдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Д, Д.Н нар нь хариуцагч Д.И, Л.С нарт холбогдуулан 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.И нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Л.С эс зөвшөөрөн маргажээ.

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11-1216728 тоотод ...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 14 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Д.И, Т.Д, Б.Даштогтох, П.Отгонмаа, Д.Н, Д.Энхзул нар бүртгэлтэй байсан бөгөөд 1997 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 92 дугаар нотариатч гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн П.Болдсайхан нарт өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж дурдсан байна. /хх-ийн 6 тал/

 

Хариуцагч Д.И нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 14 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хувьчлан авч, хувьчлагдсан сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Т.Д, Б.Даштогтох, П.Отгонмаа, Д.Н, Д.Энхзул нар бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 10-11 тал/

 

Мөн Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 14 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны эзэмших эрхийг Д.Ид шилжүүлж, Д.Игаас 4 550 000 төгрөгийг гаргуулан П.Болдсайханд олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 13 тал/

 

Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 431 тоот гүйцэтгэх хуудас, 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн бичгийн баримт, 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.Игийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тодорхойлолт, мөн өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн газрын 1/2107 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан бичиг, 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцүүлсэн баримт, мөн өдрийн байр шилжүүлэн олгосон баримт зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 13-19 тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар зохицуулсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Д, Д.Н болон хариуцагч Д.И нарыг 1999 оноос хойш 2017 он хүртэл гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн талаар мэдээгүй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Талууд маргааны зүйл болж буй дээрх орон сууцыг Л.Сд шилжүүлж 5 700 000 төгрөгийг авсан, уг мөнгөнөөс П.Болдсайханд төлвөл зохих 4 550 000 төгрөгийг хариуцагч Д.И төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Харин хариуцагч Д.И нь ...би байраа Л.Сд урт хугацаагаар түрээсэлж байсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.И нарын гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.И нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Игийн төлсөн 70 200 төгрөг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО