Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00750

 

Т , Д  нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр магадлалтай,

Т , Д  нарын нэхэмжлэлтэй,

Д , Л нарт холбогдох

1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагч Л.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дулмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д  нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байр, 14 тоот 2 өрөө орон сууцыг 1981 оноос 811513 тоот эрхийн бичгийн дагуу ОСНАА-н 7 контортой гэрээ байгуулан эзэмшиж байсан. Улмаар 1997 оны 05 сарын 26-ны өдөр Хотын орон сууц хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж, уг орон сууцаа 1997 оны 06 сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хувьчилж, 000205 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 5 ам бүлээр авсан. Дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд нь Т , Б.Даштогтох, П.Отгонмаа, Д , Д.Энхзул нар юм. Өнгөрсөн хугацаанд ээж Д  нь уг орон сууцаа Пүрэвдоржийн Болдсайхан гэгчид удаан хугацаагаар түрээслүүлсэн, мөнгийг нь урьдчилж авсан гэж бидэнд тайлбарлаж байсан. Бид тус тусдаа өөрийн орон гэртэй тул ээжийн үгэнд итгэж тухайн орон сууцны талаар ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй бөгөөд одоо Д , Д.Энхзул нар насанд хүрцгээж, том охин Д  тусдаа амьдрал зохиож, 2017 онд хүүхэдтэй болсон тул 2017 оны дундаас эхлэн дээрх орон сууцны өөрт ногдох хувийг авахаар ээжтэй удаа дараа ярилцахад эцэст нь Л гэгчид хууртагдан 1999 онд 5,700,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн Л олдохгүй байгаа гэж хэлсэн. П.Болдсайханд түрээслүүлсэн гэж байсан байраа ямар учиртай бидэнд мэдэгдэлгүй бидний зөвшөөрлийг авалгүйгээр бусдад худалдсан болохыг лавлаж тодруулахад Л нь орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийнэ гэсний дагуу гарын үсгээ зурж өгсөн. Дундаа хамтран өмчлөх эрх бүхий бусад 5 хүнд мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрлийг авалгүйгээр бидний ээж Д  нь ганцаараа шийдвэр гарган орон сууц худалдах хэлцэл байгуулсан нь бидний эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл авахаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа шийдвэр гүйцэтгэлийн газрын 1999 оны 06 сарын 18-ны өдрийн 1/2107/ дугаар албан бичгийг үндэслэн хийсэн байна. Иймд Д , Л нарын хооронд 1999 оны 06 сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д гийн гаргасан тайлбарт: Би байраа 2013 онд худалдсан гэдийг мэдсэн. Яагаад гэвэл 2013 онд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байр өгнө гэж хотын захиргаанаас тусгай маягт авч бөглөөд улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл бичээд очиход манай байрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна гэсэн хариуг авсан. Хариугаа 23-ны өдөр ав гэхэд нь би байраа худалдсаныг мэдсэн нь нотолгоо юм. 2 дугаар лавлагаанд намайг гэрчилгээгээ 5 ам бүлээр авсан гэдэг 03, 04 дугаар тогтоолуудын номер нь Нийслэлийн лавлагаанд олдоогүй. 01, 02 гээд дараах номерууд нь байхгүй болоод 13 дугаараас эхэлсэн байсан. Манай байрны гэрчилгээг хэний хэн авсан нь тодорхой бус учир Л авсан байх магадлал өндөр байна гэж би хардаж байна. Учир нь П.Болдсайхан надад та байраа урьд нь өөр хүнд зарсан байна лээ гэж хэлж байсан.  1999 оны 03 сарын 11-ний өдрийн шүүхийн 403 тоот шийдвэр Л.Мягмарсүрэнд ямар ч хамааралгүй байхад дээрх шүүхийн шийдвэрийг өөртөө авч яваад 1999 оны 06 сарын 01-ний өдрийн 602 дугаартай нотариатч н.Оюунчимэгээр гэрчлүүлсэн байдаг. Түүгээр ч барахгүй 1999 оны 06 сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Эдгээр хууль бус үйлдлүүдээр Л манай байрыг П.Болдсайханаас аваад бүр цааш нь зарах ямар ч эрх үүсэх боломжгүй байхад Л манай байрыг зарсан, 2001 онд 2 өрөө байрны үнэ 20,000,000-25,000,000 төгрөгийн өртөгтэй байсан. 2017 оноос өдий олон жил би байраа айлд түрээсэлж, сар бүр 350,000 төгрөг авахаар бодоход одоогийн байдлаар 500,000,000 төгрөг надад төлөхөөр байна. Би байраа буцаан авч чадахгүй гэж бодоход 2018 оны ханшаар Л.Мягмарсүрэнгээс байрны түрээсийн мөнгийг тооцож авах болно. Би хүүхдүүддээ хэлээгүй байсан шалтгаан нь Л манай байранд 5 жил суухаар болж, та нарыг ирэхэд бид танай байранд сууж л байх болно гэж хэлсэнд нь итгэсэн учраас тэр. Намайг уг байраа авахаар хөөцөлдөж байхад Л манай байрны 4 давхарт амьдардаг байсан. Харин П.Болдсайхан нь манай байрнаас гараад хуучин хаягтаа бүртгэлтэй байсан нь бас нэг нотлох баримт болж байна. Л нотлох баримтаа бүрдүүлэхдээ П.Болдсайханы хуурамч материалууд болон өөрсдийнхөө ах дүүс найз нөхдийнхөө нөлөөллийг давхар бүрдүүлсэн. Л хуурамч материалууд ашиглаж, өдий олон жил явахдаа манай байрыг худалдсан тухайгаа бидэнд мэдэгдэж, биднээс зөвшөөрөл аваагүй. Хэрвээ биднээс зөвшөөрөл авсан бол өөр байх байсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг маань зөрчөөд өргөдлийг маань өдий олон жил шийдвэрлэж өгөхгүй байгаад маш их гомдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Л.Мягмарсүрэнгийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Д гийн 1999 оны 06 сарын 18-ны өдрийн нотариатаар батлуулсан тодорхойлолт, 1999 оны 06 сарын 24-ний өдрийн 5,700,000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 03 сарын 11-ний өдрийн 403 тоот шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх газрын 1999 оны 06 сарын 18-ны өдрийн 1/2107 тоот албан бичгүүдийг үндэслэж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх 1994 оны 06 сарын 24-ний өдөр Л надад шилжсэн. 1999 оны 06 сарын 24-ний өдрөөс хойш уг орон сууцтай холбоотой маргаан огт гарч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                   

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д , Л нарт холбогдох, худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т , Д  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02432 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 129 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн. Д , Т  нар нь эх хүүхдийн харилцаатай гэдэгт үндэслэн Т , түүний охин Д  нар өөрсдийн өмчлөлийн байр нь бусдад худалдагдсан болохыг мэдээгүй байх нь үнэнд нийцэхгүй гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслээгүй харин “тэгсэн байх нь гарцаагүй” гэсэн таамаглалд хөтлөгдөж шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч хэн алин нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч Д  нь хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл авалгүй дур мэдэн Л.Мягмарсүрэнтэй хэлцэл байгуулахдаа уг хэлцлийн талаар өөрийн хүүхдүүдэд үнэн зөвөөр хэлээгүй харин уг байрыг удаан хугацаагаар бусдад түрээслүүлсэн гэж хэлж байсан байдаг. Нэхэмжлэгч нар болох Т , Д  нар нь өөрийн төрсөн эхийн үгэнд итгэх нь эх үрийн холбоо, амьдралын жам ёсны үзэгдэл юм. Хамтран нэхэмжлэгч Д  нь 1994 оны 09 сарын 08-нд төрсөн ба 2014 оны 09 сарын 08-нд 18 нас хүрснээр түүний иргэний эрх зүйн бүрэн чадамж үүснэ. Энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2018 оны 09 сарын 08-нд хуульд заасан 6 жилийн хугацаа дуусах юм. Нэхэмжлэлийг энэ хугацаанд гаргасан. Д  нь Л.Мягмарсүрэнтэй байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулахаар хуулийн байгууллагад удаа дараа хандаж байсан. Д  нь хуулийн байгууллагаас буюу Улсын ерөнхий прокуророос албан ёсны хариуг хамгийн сүүлд 2015 оны 11 сарын 05-ны өдөр 1/1964 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар авсан. Энэ нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаар өмчлөгч нар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх хугацаа болно гэж үзнэ. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/02432 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 129 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Т , Д  нар нь хариуцагч Д , Л нарт холбогдуулан 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д  зөвшөөрч, хариуцагч Л эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 14 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Д , Т , Б.Даштогтох, П.Отгонмаа, Д , Д.Энхзул нар бүртгэлтэй байсан бөгөөд 1997 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаар нотариатч гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн П.Болдсайхан нарт өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д  нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор маргааны зүйл болж буй хоёр өрөө орон сууцыг хувьчлан авч, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Т , Б.Даштогтох, П.Отгонмаа, Д , Д.Энхзул нар бүртгэгдсэн байна.

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр дээрх хоёр өрөө орон сууцны эзэмших эрхийг Д д шилжүүлж, Д гаас 4,550,000 төгрөгийг гаргуулан П.Болдсайханд олгож шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 431 тоот гүйцэтгэх хуудас, 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн бичгийн баримт, 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан тодорхойлолт, мөн өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн газрын 1/2107 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан бичиг, 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцүүлсэн баримт, мөн өдрийн байр шилжүүлэн олгосон баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т нийцсэн байна.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т , Д  болон хариуцагч Д  нарыг 1999 оноос 2017 он хүртэл гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн талаар мэдээгүй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Байрны өмчлөгч Д  нар нь маргааны зүйл болж буй дээрх орон сууцыг хариуцагч Л.Мягмарсүрэнд шилжүүлж, түүнээс авсан 5,700,000.00 төгрөгөөс Д  нь  П.Болдсайханд төлвөл зохих 4,550,000.00 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон байна.

Хариуцагч Д гийн “...би байраа Л.Мягмарсүрэнд урт хугацаагаар түрээсэлж байсан” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул энэ  шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг гомдлын үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН