Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2018/02432

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ш.Т.Д

 Нэхэмжлэгч: Х.Д.Н

 Хариуцагч: Ш.Д.Т

 Хариуцагч: Л.М

 Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.Т, хариуцагч Л.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээж Д.Т нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байр, 14 тоот 2 өрөө орон сууцыг 1981 оноос 811513 тоот эрхийн бичгийн дагуу ОСНАА-н 7 контортой гэрээ байгуулан эзэмшиж байсан. Улмаар 1997 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хотын орон сууц хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж, уг орон сууцаа 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хувьчилж, 000205 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 5 ам бүлээр авсан. Дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд нь Т.Д, Б.Д, П.О, Д.Н, Д.Энар юм. Өнгөрсөн хугацаанд ээж Д.Т нь уг орон сууцаа Пүрэвдоржийн Болдсайхан гэгчид удаан хугацаагаар түрээслүүлсэн, мөнгийг нь урьдчилж авсан гэж бидэнд тайлбарлаж байсан. Бид тус тусдаа өөрийн орон гэртэй тул ээжийн үгэнд итгэж тухайн орон сууцны талаар ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй бөгөөд одоо миний охидууд болох Д.Н, Д.Э нар насанд хүрцгээж, том охин Д.Н тусдаа амьдрал зохиож, 2017 онд хүүхэдтэй болсон тул 2017 оны дундаас эхлэн дээрх орон сууцны өөрт ногдох хувийг авахаар ээжтэй удаа дараа ярилцахад эцэст  нь Л.М гэгчид хууртагдан 1999 онд 5 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний араас цагдаа шүүхээр удаан хугацааны турш хөөцөлдсөн боловч байраа буцаан авч чадахгүй байна. Мөн Л.М олдохгүй байгаа гэж хэлсэн. П.Б түрээслүүлсэн гэж байсан байраа ямар учиртай бидэнд мэдэгдэлгүй бидний зөвшөөрлийг авалгүйгээр бусдад худалдсан болохыг лавлаж тодруулахад Л.М нь орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийнэ гэсний дагуу гарын үсгээ зурж өгсөн. Үүнийхээ дараа уг үйлдийг хууль бус болохыг тогтоолгохоор цагдаа, прокурорын байгууллагад удаа дараа хандсан боловч хамгийн сүүлд Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1964 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шийдвэрлэснийг мэдэгджээ. Дундаа хамтран өмчлөх эрх бүхий бусад 5 хүнд мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрлийг авалгүйгээр бидний ээж Д.Т нь ганцаараа шийдвэр гарган орон сууц худалдах хэлцэл байгуулсан нь бидний эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл авахаар зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа шийдвэр гүйцэтгэлийн газрын 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/2107/ дугаартай албан бичгийг үндэслэн хийсэн байна. Иймд Д.Т, Л.М нарын хооронд 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Б, Л.М нар нь миний байрыг хоорондоо үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж, хууль зөрчсөн учраас дараах тайлбарыг гаргаж байна. Би байраа 2013 онд худалдсан гэдийг мэдсэн. Яагаад гэвэл 2013 онд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байр өгнө гэж хотын захиргаанаас тусгай маягт авч бөглөөд улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл бичээд очиход манай байрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна гэсэн хариуг авсан. /Уг хариуг бичсэн жижиг бичиг одоо ч гэсэн надад байгаа/ Хариугаа 23-ны өдөр ав гэхэд нь би байраа худалдсаныг мэдсэн нь нотолгоо юм. 2 дугаар лавлагаанд намайг гэрчилгээгээ 5 ам бүлээр авсан гэдэг 03, 04 дугаар тогтоолуудын номер нь Нийслэлийн лавлагаанд олдоогүй. 01, 02 гээд дараах номерууд нь байхгүй болоод 13 дугаараас эхэлсэн байсан. Манай байрны гэрчилгээг хэний хэн авсан нь тодорхой бус учир Л.М авсан байх магадлал өндөр байна гэж би хардаж байна. Учир нь: П.Б надад та байраа урьд нь өөр хүнд зарсан байлээ гэж надад хэлж байсан.  1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд орохоосоо өмнө надад тэгж хэлснийг нь би сайн санаж байна. Мөн 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн 403 тоот шийдвэр Л.Мд ямар ч хамааралгүй байхад дээрх шүүхийн шийдвэрийг өөртөө авч яваад 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 602 дугаартай нотариатч н.Оюунчимэгээр гэрчлүүлсэн байдаг. Түүгээр ч барахгүй 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын а/д Ш.Э, дарга нь болох хошууч н.Галсанпунцаг нар Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Тэр албан бичиг нь нэг дөрвөлжин тамгатай байснаа миний Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2014 онд авсан лавлагаанд 2 дөрвөлжин тамгатай болсон байдаг. Харин Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2015 онд авсан лавлагаанд нотариатчийн тамга нэмэгдээд 3 тамгатай болсон байсан. Энэ албан бичигт жил бүр яагаад тамга нь нэмэгдээд байгааг нотлох баримт гэж үзэж байна. Эдгээр хууль бус үйлдлүүдээр Л.М манай байрыг П.Баас аваад бүр цааш нь зарах ямар ч эрх үүсэхгүй байхад яагаад 2015 онд Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн газрын лавлагаанд надгүйгээр 1999 оны Баянгол дүүргийн шүүхийн 3 дугаар сарын 11-ний өдрийн 403 тоот шүүхийн шийдвэр 1 хуудас байснаа 2 хуудас болоод миний анхны ямар ч тамга тэмдэггүй байсан хэлцэл үгүй болж, анх Л.Мтэй байгуулсан хэлцэл бөөрөнхий тамгатай болж, 2015, 2016, 2017 онуудад миний Нийслэлийн шүүхэд гаргасан тодорхойлолт гэгч ганц тамгатай байснаа бас жил ирэх тутамд тамга нь нэмэгдээд бөөрөнхий тамгатайгаа бүгд 4 тамгатай болдог нь маш том нотлох баримт гэж үзэж байна. Л.М манай байрыг зарсан 2001 онд 2 өрөө байрны үнэ 20 000 000-25 000 000 төгрөгийн өртөгтэй байсан. 2017 оноос өдий олон жил би байраа айлд түрээсэлж, сар бүр 350 000 төгрөг авахаар бодоход одоогийн байдлаар 500 000 000 төгрөг надад төлөхөөр байна. Би байраа буцаан авч чадахгүй гэж бодоход 2018 оны ханшаар Л.Мгээс байрны түрээсийн мөнгийг тооцож авах болно. Би хүүхдүүддээ хэлээгүй байсан шалтгаан нь Л.М манай байранд 5 жил суухаар болж, та нарыг ирэхэд бид танай байранд сууж л байх болно гэж хэлсэнд нь итгэсэн учраас тэр.Намайг уг байраа авахаар хөөцөлдөж байхад Л.М манай байрны 4 давхарт амьдарч байдаг байсан. Харин П.Б нь манай байрнаас гараад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34А байрны 33 тоотод оршин суух, Л.М хуучин хаягтаа бүртгэлтэй байсан нь бас нэг нотлох баримт болж байна. Л.М нотлох баримтаа бүрдүүлэхдээ П.Бы хуурамч материалууд болон өөрсдийнхөө ах дүүс найз нөхдийнхөө нөлөөллийг давхар бүрдүүлсэн. Үүнд:  Л.М гийн Нийслэлийн Прокурорын газарт ажилладаг нэрийг нь үл мэдэх ах, Л.Мгийн ах Л.Лхамсүрэн, үгсэн хуйвалдсан П.Б, Л.Мгийн найз 1999 онд 602 дугаартайгаар ажиллаж байсан /одоо 01 дугаартай ажиллаж байгаа, 2015 оны үед Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанд 01 дугаартай, мөн 2016, 2017 онуудын лавлагаанд 01 дугаартай болсон/ нотариатч, түүний нөхөр н.Төмөрхуяг нар юм. Л.М хуурамч материалууд ашиглаж, өдийг олон жил явахдаа манай байрыг худалдсан тухайгаа бидэнд мэдэгдэж, биднээс зөвшөөрөл аваагүй. Хэрвээ биднээс зөвшөөрөл авсан бол өөр байх байсан. Хуурамч матераил бүрдүүлэхдээ миний овгийн Д үсэг болон өдрүүдээ сонгохдоо 23, 24, 25, 26, 27 гэсэн олон тоонууд дундаас 23 гэсэн өдрийг сонгосон байсан. Энэ өдөр бол би Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авсан өдөр юм. Мөн миний овгийн Д үсгийг бичихдээ уг хуудасны баруун өнцөгт бас олон удаа бичиж туршсан байсан. Эдгээр нь нотлох баримт юм. Миний хамгийн буруутай үйлдэл нь хүүхдүүддээ хэлэлгүйгээр цагдаа, шүүх, прокурорын газраар яваад ямар ч амжилт олоогүйдээ маш их харамсаж байна. Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийг маань зөрчөөд өргөдлийг маань өдий олон жил шийдвэрлэж өгөхгүй байгаад маш их гомдож байна. Иргэдээ хүндэлж, хуулиа дээдлэх уриа хаана үйлчилж байна вэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Хариуцагч Л.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Д нарын нэхэмжлэлтэй Д.Т, Л.М нарт холбогдох худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Л.М миний бие Д.Тгийн 1999 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн нотариатаар батлуулсан тодорхойлолт, 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 5 700 000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 403 тоот шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх газрын 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/2107 тоот албан бичгүүдийг үндэслэж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Л.М надад шилжсэн. 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш уг орон сууцтай холбоотой маргаан огт гарч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д, Д.Н нар 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдахаар Д.Т, Л.М нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчиг төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Д.Т, Л.М нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тухайн хэлцэл нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө ба зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн /1994 оны/ 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Л.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд, тухайн үед маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан нь хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд 5 жилийн хугацаатай, нэг сарын 100 000 төгрөгөөр Л.Мд түрээслүүлэхээр тохиролцсон боловч  Л.М хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн танил талаа ашиглан хууль бус үйлдлээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.    

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205000259 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаар тогтоолоор хувьчилж, Т.Д, Б.Д, П.О, Д.Н, Д.Энар өмчлөгчөөр бүртгэгдсэн, 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Т маргаан бүхий орон сууцыг 4 550 000 төгрөгөөр П.Бд худалдахаар тохиролцсон гэрээ байгуулснаар өмчлөх эрх П.Бд шилжсэн,   Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр Д.Тгийн нэхэмжлэлтэй П.Бд холбогдох орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд, дээрх орон сууцны эзэмших эрхийг Д.Тд шилжүүлэхээр, Д.Тгаас 4 550 000 төгрөг гаргуулж П.Бд олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн болох нь 2018.06.29-ний өдрийн Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн лавлагаа, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 20148.06.29-ний өдрийн 08/908 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн шүүхийн 1999.03.11-ний өдрийн 408 дугаар шийдвэр, 431 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Улмаар, 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.Т,    Л.Мд дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг 5 700 000 төгрөгөөр худалдахаар, үүнээс 5 000 000 төгрөгийг П.Бд төлж, үлдэх төлбөрийг өөрөө авахаар тохиролцсоноор, Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын харъяа шийдвэр гүйцэтгэлийн газрын /хуучин нэрээр/ 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1207 дугаар албан бичиг, Д.Тгийн тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн бүртгэлийн байгууллага 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 14 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205000259 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Мг бүртгэжээ.

Талууд дээрх орон сууцыг Л.Мд шилжүүлж 5 700 000 төгрөг авсан, үүнээс П.Бд төвөл зохих төлбөрийг хариуцагч Д.Т төлсөн үйл баримтын талаар маргаангүй, харин тухайн орон сууцыг худалдах худалдан авах гэрээгээр Л.М шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч болон хариуцагч Д.Т нар урт хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцсон гэж маргадаг.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, хариуцагч Д.Тгийн төрсөн хүү нь  нэхэмжлэгч Т.Д буюу тэд төрсөн эх, хүүхдийн харилцаатай гэр бүлийн гишүүд байх тул хариуцагч Д.Тгийн тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүй нотлоно гэж үзэхгүй бөгөөд шүүх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр, 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Д.Т нар шүүх хуралдаанд 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл хариуцагч Д.Тг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 10 гудамжны 177 тоот хаягт амьдарч байсан талаар тайлбарлаж байгаагаас үзэхэд 1999 оноос хойш 2017 он хүртэл хугацаанд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн талаар мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцэхээргүй байна.

Нөгөө талаас хариуцагч Д.Т 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 5 жилийн хугацаатай маргаан бүхий орон сууцыг Л.Мд түрээслүүлсэн гэж үзвэл, 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж орон сууцаа эзэмшилдээ буцаан авахаар шаардах эрх үүссэн байх ба энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй бөгөөд   Д.Т Л.М нар гарын үсгээ зурсан, 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн маргаан бүхий орон сууцыг Л.Мгийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий гар бичвэр, бусад баримтыг хариуцагч Д.Т хуурамч гэж үгүйсгэж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас Л.Мгийн өмчлөлд орон сууцаа шилжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ач холбогдолтой аливаа хүсэлтийг гаргаагүй.  

Түүнчлэн, дээрх асуудлаар хариуцагч Д.Т 2015 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015.07.20-ны өдрийн 24 дугаар, Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2015.10.14-ний өдрийн 1/1768 дугаар, 2015.11.05-ны өдрийн 1/1964 дугаар гомдлын хариу мэдэгдэх хуудсаар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар зохицуулсан.

Дээрхээс үзэхэд, хуульд заасан дээрх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохоо нотлох үүрэг нэхэмжлэгч нарт хамаарахаар ба уг хугацааг хэтрүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Т, Л.М нарт холбогдох, худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Дашзэвэг, Д.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ