Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01800

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01800

 

 

 

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Мгийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын А/87, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 659 792 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ерөнхий Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч П.О, нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2007 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/205 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Э ХХК-ийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 2018 оны 2 сард тэргүүнээр сонгогдож ажиллаж эхэлсэн. Ажлын шаардлагаас болж байгууллагын удирдлага болон Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатарт удаа дараа албан шаардлага хүргүүлж, ажилчдын эрх ашгийг хамгаалах үүднээс уулзаж байсан нь хавчигдах, шахагдах, ажлаас халагдах үндэслэл болсон. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А/28 тоот тушаал гаргахдаа 381 минут хоцорсон гэж дурдсан атлаа 540, 581 минут хоцорсон хүмүүст шийтгэл оногдуулаагүй. Энэхүү шийтгэлийг эс зөвшөөрч Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуг аваад шүүхэд хандахаар бэлтгэж байх үед 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/23 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйгээр халсан. Хөдөлмөрийн дотоод журамд нэг сард ганц удаа 60 минутаас дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд Сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж заасан байхад дээрх заалтыг ноцтой зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан. Байгууллагын ажилтнуудад ажлын цаг ашиглалт гэж байдагүй, дээр нь цайны цагийн хяналт байхгүй, мөн төрийн болон бусад газарт ашиглагдахаа байсан 9 цагийн бүртгэлтэй программаар цагийг бүртгэдэг дутагдалтай. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасныг зөрчиж гаргасан Э ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны А/78 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 46 659 792 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбарт: Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн учир ажлаас халсан гэх үндэслэлийн тухайд Б.М нь Э ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон тухай үеийн тэргүүлэгчдийн тогтоол болон түүнийг томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр байдаг ч энэ нь холбогдох дүрэм болон хуулийн дагуу болсон эсэх нь тодорхой биш бөгөөд хуурамчаар бичиг баримт үйлдсэн байж болзошгүй. Э ХХК-ийн зүгээс үйлдвэрчний эвлэлтэй байнгын хамтран ажилладаг бөгөөд 2018 онд хамтын гэрээгээ шинэчилсэн. Б.Мгийн сахилгын шийтгэлийн тухайд Б.М нь Э ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаанд дараах сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэлийн машинаар тогтоогдсон. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сард 142 минут, 2019 оны 2 дугаар сард ажлаас 381 минут, 2019 оны 3 дугаар сард ажлаас 200 минут хоцорсон. Түүнчлэн давтан сахилгын зөрчил гаргасан. Б.М нь дээрх сахилгын зөрчил болгондоо тус тусдаа сахилгын шийтгэл хүлээсэн болно. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сард гаргасан сахилгын зөрчилдөө сануулах сахилгын шийтгэл, 2019 оны 2 дугаар сард гаргасан сахилгын зөрчилдөө үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 2019 оны 3 дугаар сард гаргасан сахилгын зөрчил болон давтан сахилгын зөрчилдөө ажлаас халах сахилгын шийтгэл хүлээсэн болно. Б.М нь Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу цагийн бүртгэлээ хурууны хээ уншигч машинд уншуулах замаар баталгаажуулах ёстой. Энэ асуудлаар Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын ... ажлын цаг ашиглатыг хурууны хээ болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах гэж заасны дагуу Э ХХК-ийн удирдлагад үүрэг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Б.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцох бөгөөд Б.Мд оногдуулсан анхны сахилгын шийтгэл нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр учир сахилгын шийтгэлтэй гэж үзнэ. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаар Б.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мг хариуцагч Э ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын тайлан төлөвлөгөө гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 46 659 792 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 391 248 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шүүх шалгахдаа хөдөлмөрийн гэрээ болон нэрлэн заасан журамдаа сахилгын зөрчилд тооцохоор зөрчлийг тодорхойлж тогтоосон байх, хөдөлмөрийн сахилгын зөрчил гарсан байх, сахилгын зөрчил гарсан бол сахилгын зөрчлийг давтан гаргасан байх, зөрчил болон давтан гаргасан байдал нь тогтоогдсон байх, зөрчил болон давтан зөрчлийн хооронд хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3, 131.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн байх гэсэн нөхцөл байдалд дүгнэлт хийх байтал уг байдалд бүрэн гүйцэт хууль ёсны дүгнэлт хийгээгүй. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан төрийн өмчит Э ХХК 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А/180 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, уг дотоод журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан бүх ажилтнуудтай байгуулсан бөгөөд Б.Мтэй 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж гарын үсэг зуруулсан. Уг шинэчлэн баталсан журамд ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар 3 болон түүнээс дээш удаа хоцорсон, ажил дуусах цагаас эрт тарсан эсхүл ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар журамд заасан. Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар 3 болон түүнээс дээс удаа хоцорсон, ажил дуусах цагаас эрт тарсан эсхүл ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын шийтгэл мөн эсэх талаар маргах шаардлагагүй сахилын зөрчил байхаар журамд тусгайлан тодорхойлж заасан. Нотлох баримтуудын хувьд нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 11 сараас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүд хүртэлх хугацаанд ажлын цаг ашиглалттай холбоотой зөрчлийг байнга буюу давтан гаргасан. Тухайлбал, 2018 оны 11 сард 142 минут хоцорсон тул 2018 оны 12 дугаар сард сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. 2019 оны 2 дугаар сард 381 минут хоцорсон тул 2019 оны 03 дугаар сарын 18-нд үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2019 оны 2 дугаар сард 381 минут хоцорсон зөрчил нь 2019 оны 2 сарын 11-ний өдөр, 02 сарын 15-ны өдөр, 02 сарын 19-ний өдөр, 02 сарын 21-ний өдрүүдэд явсан цагаа тус бүр 60 минут, Б.Мгийн 2019 оны 2 дугаар сард хурууны хээ танигч цахим машинд бүртгүүлсэн бүртгэлээр хөдөлмөрийн цаг ашиглалтын байдал тогтоогддог бөгөөд хоцорсон буюу 60 минут ажлаас хоцорсон гэх зөрчлийг 4 удаа 240 минут, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ирсэн болон явсан цагаа бүртгүүлээгүй ажлын 8 цаг тасалснаар тооцогдох 480 минутыг 140 минутаар тооцсон байх ба нийт 2019 оны 2 дугаар сард гаргасан ажлаас хоцорсон зөрчлийн цаг бүртгэлийн хугацааг 381 минут үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан байна.

Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны А/78 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал нь Б.Мгийн хувьд 2019 оны 2 дугаар сарын ажил хоцорсон цагийн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд харин ажлаас халсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ажлаас халах сахилгын шийтгэлийг шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт 200-аас дээш минут хоцорсон зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Б.Мгийн 2019 оны 3 дугаар сард ажлаас хоцорсон нийт 200 минутаас дээш хугацааны зөрчил гаргасан нь 2019 оны 3 сарын 01-ний өдөр, 03 сарын 06-ны өдөр, 03 сарын 15-ны өдөр, 03 сарын 22-ны өдрүүдэд ирсэн болон явсан цагаа бүртгүүлээгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасан ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар 3 болон түүнээс дээс удаа хоцорсон, ажил дуусах цагаас эрт тарсан эсхүл ажил тасалсан гэх зөрчил болно. Гэтэл шүүх Б. Мягмарсүрэнг 60 минутаас дээш хоцорсон зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа гаргаагүй гэж 2019 оны 2 дугаар нийт 381 минут хоцорсон зөрчилд сахилгын шийтгэл ногдлуулсан 2019 оны 3 дугаар сарын 18-ны А/78 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгохдоо доорхи цахим хууны хээ танигч цахим машины бүртгэлийг хэрхэн үгүйсгэж байгаагаа шийдвэртээ заагаагүй. Б.Мг 60 минутаас дээш хоцорсон зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа гаргаагүй гэж 2019 оны 3 сард нийт 200 минутаас дээш хоцорсон зөрчил гаргасан гэж ажлаас халах шийтгэл ногдуулсан 2019 оны 4 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгохдоо цахим хууны хээ танигч цахим машины бүртгэлийг хэрхэн үгүйсгэж байгаагаа шийдвэртээ заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын А/87, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 659 792 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А/78 тоот тушаалаар сахилгын шийтгэл, үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн бөгөөд энэ хугацаандаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаас үзвэл Б.Мд оногдуулсан анхны сахилгын шийтгэл нь 2018 оны 12-р сарын 03-ны өдөр учир сахилгын шийтгэлтэй гэж үзэж ажлаас халах сахилгын хариуцлага хүлээсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт бүрдүүлэхээр ... нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгох гэж буй Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр бөгөөд уг шийдвэрийн хууль зүйн үндэслэл буюу нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зарчил нь ажлаас 200-400 минут тасалсан сахилгын зөрчил болно. Нэхэмжлэгч Б.Мгийн сахилгын зөрчлийг Э ХХК-ийн цагийн бүртгэлийн машинаар тогтоосон тул уг цагийн бүртгэлийн машин хэрхэн, яаж ажилладгийг тодруулах зорилгоор шүүхээс үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй болно. /1хх-87/

 

Нэхэмжлэгч ажил тасалсан эсэх, чөлөө авсан эсэх үйл баримтуудыг тогтооход хурууны хээ бүртгэдэг машинд үзлэг хийх зэрэгт дээрх нотлох баримт ач холбогдолтой байна.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ...Э ХХК-ийн санхүү төлөлтийн газраас Б.Мгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин бодолтын дэлгэрэнгүй задаргаа бүхий баримт, мөн дээрх өдөр хүртэл цалингийн тооцоолол, цалингаас хоцролт тооцсон санхүүгийн баримтуудыг гаргуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас тодруулга авах-аар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /1хх-205-206/

 

Уг хүсэлтийн агуулгыг шүүхээс тодруулж нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас хариу хүргүүлэх тухай гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. /1хх-209-210/

 

Мөн хэрэгт авагдсан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Н.Лхагвабаатар захирлын өрөөнд бичсэн цэнхэр өнгийн СД бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... чи их чөлөө авдаг, хамгийн их ажлын цаг цалгардуулдаг хүмүүсийн нэг, хамгийн их хоцордог, чи 500 хэдэн минут хоцроод өнөөдөр арга хэмжээ авагдаад байж байна... гэснээс үзэхэд ажилтанд хэдний өдөр чөлөө олгож, хэдний өдөр чөлөө олгоогүй талаарх үйл баримт тодорхой бус байх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт байна. Хариуцагч Э ХХК-ийн санхүүгээс цалин хөлс бүтэн олгож байсан шалтгааныг тодруулах нь хэрэгт хамааралтай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /1хх-127-129/

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,248 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ