Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00834

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Э..увд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02614 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.М-

          Хариуцагч: “Э.. Монгол” ХХК

          “Э.. Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 17,497,422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбекын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Б.М- нэхэмжлэлдээ: Э.. Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох,  олговор 17,497,422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг шаардаж байна. Э.. Монгол ХХК нь Б.М-г 2019-02 сард ажлаас 381 минут хоцорсон гэж А/78 дугаар тушаалаар цалинг 3 сарын хугацаатай 20 хүртэл хувиар бууруулах, 2019-03 сард 200-аас дээш минут хоцорсон гэж Б/25 тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 2019-03-18-ны өдрийн А/78 дугаар тушаалтай маргаж, Нийслэлийн маргаан таслах комисст хандаад асуудлаа шийдвэрлүүлэх явцад дараагийн тушаал гарсан тул шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нь ганц удаа 60 минут хоцорсон нь үнэн бөгөөд энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахгүй. Б.М- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Байгууллага нь ажлын 9 цагаар цаг бүртгэж байгаа нь ажилтны эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд 1 удаа 60 минутаас дээш хоцорсон тохиолдол гурав болон түүнээс дээш удаа давтагдвал сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Үүнээс үзвэл 60-с доош минутаар хэдэн ч удаа хоцорсон тохиолдол гарсан бай сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж харагдаж байна. А/78 дугаар тушаалд 381 минут хоцорсон гэх боловч хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр 60 минут болох нь тогтоогддог. Чухам яагаад 381 минут болсон нь тодорхойгүй. Б/25 тушаалд 200-аас дээш минут хоцорсон гэж байгаа. Хурууны хээний бүртгэл бодитой бус, уг бүртгэл өөрөө ойлгомжгүй байхад түүнд үндэслэн ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

          Хариуцагч тайлбартаа: Б.М- нь Э.. Монгол ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Б.М- нь цаг ашиглалт үнэхээр муу тул ажил олгогч түүнд сахилгын шийтгэлүүдийг шат дарааллан авсан. Өмнөх 2 зөрчлөө хүлээн зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй. Б.М- нь 2018-11 сард 142 минут ажлаас хоцорсон тул түүнд 2019-12-03-нд сануулах, 2019-02 сард 381 минут хоцорсон тул түүнд 2019-03-18-нд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах, 2019-03 сард 200 минутаас дээш ажлаас хоцорсон тул түүнд 2019-04-11-нд сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр 2019.02.11, 15-нд явсан, 2019.02.19, 21-нд ирсэн, 2019.02.12-нд ирсэн, явсан цагаа бүртгүүлээгүй. Хурууны хээ бүртгэх машинд ирсэн, явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т зааснаар 60 минут хоцорсонд тооцно гэж заасанд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Мөн Б.М- нь 2019.03.01, 06, 15, 22-нд ирсэн, явсан цагаа, 2019.03.26, 27, 28, 29-нд явсан цагуудаа бүртгүүлээгүй. Энэ мөн л тухай бүр 60 минут хоцорсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд 1 сард 3 буюу түүнээс дээш 60 минут хоцорсон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халсан байгаа. Тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 181/ШШ2019/02614 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг тус тус баримтлан Э.. Монгол ХХК-д холбогдох Б.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсан байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э.. Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-11-02-ны өдрийн А/180 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”- ын 12.2.2-т “Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон бол сахилгын зөрчилд тооцон сахилгын шийтгэл ногдуулна”, 7.2.1-т “Ажлын цаг бүртгэлийг ажилтны хурууны хээ танигч цахим машинд таниулсан хээгээр уншуулж баталгаажуулна”, 7.2.2-т “Ажилтан энэхүү журмын 7.2.1-д заасны дагуу хурууны хээ танигч цахим машинд ирсэн, эсвэл явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажилтныг тухайн өдөр ажлаас 60/ жар/ минут хоцорсонд тооцно. Хэрэв ирсэн, эсвэл явсан цаг аль алиныг бүртгүүлээгүй бол тухайн ажлын өдрийг бүтэн тасалснаар тооцно” гэж заасан байдаг. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь хурууны хээ танигч машинд 2019-03 сар болон 04 сард тус бүрд нийт 8 удаа бүртгүүлээгүй нь тус машинаар тогтоогдсон. Гэтэл, магадлалын 5 дахь хуудасны 2 дахь догол мөрт “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас хоцорсон нөхцөл байдлыг тогтоохдоо 1 сард нийт хоцорсон цагийг нэгтгэсэн байдлаар тооцон хэргийг шийдвэрлэсэн” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарласан. Магадлалын 6 дахь хуудасны 2 дахь догол мөрт “Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгчийн татгалзсантай холбоотой асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх тайлбар бичигдээгүйгээс давж заалдах шатны шүүхээс талуудын тайлбарт үндэслэн дүгнэлт хийх боломжгүй” гэж үзсэн. Хэргийн 199 дахь талд авагдсан 2019-10-19-ний өдрийн Шүүх Хуралдааны Тэмдэглэлийн 14-аас 16 дахь догол мөрт “Даргалагчаас шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах үндэслэлийг ИХШХШтХ-ийн 91-р зүйлд заасан үндэслэлээр тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асуухаас өмнө өнөөдөр хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллагаанд оролцож ирсэн өмгөөлөгч П.Одонтунгалаг нь миний үеэл эгчийн нөхрийн төрсөн дүү бөгөөд энэ хуульд заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй ч талуудад тайлбарлавал зохих нөхцөл байдал гэж үзэж байгааг дурдаад, талуудаас татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асуухад, оролцогчид: Татгалзал байхгүй гэцгээв” гэж авагдсан байгаа нь дээр дурдсан магадлалын үндэслэлийг няцааж байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн хавтаст хэргийг нягталж үзээгүйгээс болж тэмдэглэлд ИХШХШтХ-ийн 91 дүгээр зүйл болон нэхэмжлэгчийн гомдолд дурдсан “үеэл эгчийн нөхрийн дүү”-тэй холбоотой асуудлыг шүүгч асууж, нэхэмжлэгч тал татгалзахгүй тухай тодруулсан хэсэгт үндэслэлгүй үнэлэлт, дүгнэлт өгсөн нь ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарласан бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2019-10-19-ний өдрийн Шүүх Хуралдааны өдрийн дуу бичлэг “Диск” хэлбэрээр хавтаст хэргийн арын хуудсанд авагдсан бөгөөд уг дуу бичлэгт анхан шатны шүүхийн шүүгч нь өмгөөлөгчтэй холбоотой асуудлаа дурдахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ асуудал ИХШХШтХ-ийн 91-р зүйлд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй юм байна, татгалзах ямар ч шаардлагагүй тухай хэлсэн нь бичигдсэн байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Б.М- 2019-05-01-ний өдөр шүүхэд хандаж, Э.. Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний  олговор 17,497,422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг шаардсан байна.

           Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “....нэхэмжлэгч ажил тасалсан бөгөөд энэ нь дотоод журам хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарна....” гэж маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Анхан шатны шүүх “...шүүгчийг татгалзан гаргах..” тухай хэргийн оролцогчийн  хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.

          Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан, эсхүл...  хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.... ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.   

          Хэргийн оролцогч нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж байсан талаар зохигч маргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр татгалзсан нь, мөн хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус үлджээ.

        Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт нийцсэн байна. 

           Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж  заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс магадлалын хэмжээнд дүгнэлт хийсэн болно.

          Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай. 

       2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ