Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/00035

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 25

181/ШШ2024/00035

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ......................тоотод оршин суух, М овогт Б.М/Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ...................давхарт байрлах, ЭМ  ХХК /Регистрийн дугаар: ..3/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 108.432.270 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эг, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.М ЭМ ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 108.432.270 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

ЭМ ХХК анх үүсгэн байгуулагдсан 2007 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/205 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн газрын тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажилласан.

ЭМ ХХК-ийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 онд байгуулагдсан бөгөөд 2018 оны 2 сард тэргүүнээр сонгогдож ажиллаж эхэлсэн.

Миний бие ҮЭ-ийн тэргүүнээр томилогдож ажиллаж эхэлснээс хойш 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ЭМ ХХК болон ЭМ ХХК-ийн ажилчдын ҮЭ-ийн хорооны хамтын гэрээг батлуулж, СҮхбаатар дүүргийн Тамгын газарт хүргүулж баталгаажуулж 80 гаруй хүний хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах үндсийг бүрдүүлсэн.

ЭМ ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01/02 тоот албан бичгийг Гүйцэтгэх захирал П.Ганхүүд илгээснээс болж дэд захирал Лхагвабаатар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр над руу маш ихээр уурлаж хашгичиж загнан утсаар дарамтлаад удалгүй ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ийг зөрчсөн зөрчил болно.

Манай удирдлагаас цагийн бүртгэлийг үндэслэж надад 2019 оны 3 дугаар сарын 08-ны дугаар А/78 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулахдаа 381 минут хоцорсон гэж шийттэл оногдуулсан мөртлөө 540, 581 минут хоцорсон хумүүст шийтгэл оногдуулаагүй, цалингийн 20 хувиар хасалт хийгээгүй байгаа нь зөвхөн намайг хууль ёсны шаардлага тавьж, ажиллагсадын эрхийг хамгаалснаас болж шийтгэсэн гэж үзэхээр байна.

Миний бие тус байгууллагад 12 жил тасралтгүй ажилласан ууган ажилчин бөгөөд сахилгын зөрчил авах болон ажлаас халагдах ноцтой зөрчил огт гаргаж байгаагүй болно.

Нэхэмжлэгч ганц удаа 60 минут хоцорсон нь үнэн бөгөөд энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахгүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэг сард гурван болон түүнээс дээш удаа 60-с дээш минутаар хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Үүнээс үзвэл нэг сард гурав ба түүнээс дээш удаа нэг удаадаа 61 минут түүнээс дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна, харин тэрнээс бага хугацаа хамаарахгүй байхаар заасан. А/78 дугаар тушаалд 381 минут хоцорсон гэдэг ч хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр нэг л удаа 60 минутаас дээш хоцорсон болох нь тогтоогддог. Мөн 2018 оны 12 дугаар сард хүнд зодуулсны улмаас тухайн асуудал дуусаагүй 2019 оны 02 дугаар сард олон удаа цагдаагийн газарт очиж байсан. 2019 оны 3 дугаар сарын цагийн бүртгэл мөн адил 60-с дээш минутаар гурван удаа хоцорч байгаагүй. Хариуцагч байгууллагын ирүүлсэн хурууны хээний бүртгэл эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн өвчтэй, чөлөөтэй, гадуур ажилласан цагийг хоцорсон тасалснаар тооцсон. Мөн энэ талаар холбогдох бүртгэлээ устгасан байж болзошгүй гэдэг нь үзлэгээр тогтоогдсон. Хоцорсон ажиллаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн хэрнээ цалинг бүрэн олгосон.

Иймд ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны дугаар А/78 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож, Захиргаа, хүний нөөцийн газрын тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2019 оны 5 дугар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 54 сарын цалин 108.432.270 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Нэг.Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн учир ажлаас халсан гэх үндэслэлийн тухайд: Б.М ЭМ ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон тухай үеийн тэргүүлэгчдийн тогтоол болон түүнийг томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр байдаг ч энэ нь холбогдох дүрэм болон хуулийн дагуу болсон эсэх нь тодорхой биш бөгөөд хуурамчаар бичиг баримт үйлдсэн байж болзошгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн учир ажлаас халсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хоёр. сахилгын шийтгэлийн тухайд:

Б.М ЭМ ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газарт тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн-ээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа дараах сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэлийн машинаар тогтоогдсон болно. Үүнд:

- 2018 оны 11 дүгээр сард нийт 142 минут ажлаас хоцорсон тул түүнд гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалаар Сануулах шийтгэл ногдуулсан. Үүнд маргахгүй байгаа.

-2019 оны 2 дугаар сард ажлаас нийт 381 минут хоцорсон тул Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаалаар Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

- 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт 200 минут хоцорсон, түүнчлэн давтан сахилгын зөрчил гаргасан тул түүнд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалаар гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Ажилтан сахилгын шийтгэлтэй байхдаа давтан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэн Б.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дугаар 258 тогтоолын ... ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах гэж заасны дагуу ЭМ ХХК-ийн удирдлагад үүрэг өгсөн.

ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/180 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.2.1-д Ажлын цаг бүртгэлийг ажилтны хурууны хээ танигч цахим машинд таниулсан хээгээр уншуулж баталгаажуулна", 7.2.2-д иАжилтан энэхүү журмын 7.2.1-д заасны дагуу хурууны хээ танигч цахим машинд ирсэн, эсвэл явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажилтныг тухайн өдөр ажлаас 60 минут хоцорсонд тооцно. Хэрэв ирсэн, эсвэл явсан цаг аль алиныг бүртгүүлээгүй бол тухайн ажлын өдрийг бүтэн тасалснаар тооцно" гэж заасан байдаг.

Б.М ЭМ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээрээ Хөдөлмөрийн Дотоод журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн тул журмын заалтыг мөрдөх үүрэгтэй. Тэрээр ажилтан цагийн бүртгэлээ хурууны хээ уншигч машинд уншуулах замаар баталгаажуулах ёстой байсан.

Тухайн үед системээс хэвлэсэн цагийн бүртгэлийн жагсаалтаар нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сард 11-ний өглөө 64 минут хоцорсон, орой нь явсан цагаа бүртгүүлээгүй. 12-нд ирсэн, явсан цагаа аль алийг, мөн 15-ны орой явсан цагаа, 19-ний өглөө ирсэн цагаа тус тус бүртгүүлээгүй. 20-ны өглөө 79 минут хоцорсон. 21-ний өглөө ирсэн цагаа бүртгүүлээгүй, 28-нд огт цагийн бүртгэл хийгдээгүй. Журмын дагуу хурууны хээ бүртгүүлээгүй тохиолдолд 60 минут хоцорсонд тооцсон.

Мөн 2019 оны 3 дугаар сарын 01-нд ирсэн, явсан аль алийг, 06, 15, 22-нд ирсэн цагаа, 29-нд явсан цагуудаа бүртгүүлээгүй. Мөн 3 дугаар сарын 19-нд өглөө 240 минут хоцорсон. Иймд 2019 оны 2 дугаар сард гурван удаа, 3 дугаар сард мөн адил гурван удаа тус бүр 60-с дээш минут хоцорсон нь тогтоогдоно. Цалингийн тооцооллоор түүний цалин хөлсийг хасч тооцож олгосон гэдэг нь тогтоогдох тул нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХГ055/20181102 тоот хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ҮДГ055/20181108 тоот үр дүнгийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот Хорооны даргыг томилох тухай тогтоол, ЭМ ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 3 дугаар сарын 14-ний дөрийн 01/02 тоот шаардлага, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаал, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Гүйцэтгэх захиралд гаргасан өргөдөл, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот хариу, Гүйцэтгэх захирлын 2019 оны Б/25 тоот тушаал, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, o.odbayar гэсэн мэйлийн зураг, харилцан ярианы тэмдэглэл, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот хариу, цалин тавьж олгох хүснэгт хуулбараар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шинжээчийн дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 12, 16-ны өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот прокурорын тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1424 тоот Прокурорын тогтоол, түүнчлэн хэрэгт хавсаргасан хоёр ширхэг СД зэргийг ирүүлжээ.

/1хх 3-14, 88, 112-114, 118-124, 204, 2хх 89-90, 172, 201, 202-231/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/145 тоот тушаал, 2019 оны Б/25 тоот, А/78 тоот тушаалууд, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаал, Ажлын цагийн бланс, Хөдөлмөрийн дотоод журам, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/388 тоот албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/145 дугаартай захирлын тушаал, цалингийн тооцооны карт, Захиргаа хүний нөөцийн газрын цаг бүртгэлийн жагсаалтын тайлан, Хамтын гэрээ, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25ка-2/6352 тоот албан бичиг, Гүйцэтгэх захирлын 2019 оны А/93, А/45, А/79 тоот тушаалууд, 2018 оны А/197, А/198, А/199 тоот тушаалууд, Цагийн бүртгэлийн жагсаалтын тайлан, Үйлдвэрчний хорооны гишүүдэд мэдэгдсэн мэдэгдлүүд, Б.Оюубат, Т.Баярбаясгалан, Ж.Төмөрпүрэв нарын гаргасан тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 01/373, 01/372 тоотууд, ирсэн бичгийн хяналтын карт хуулбараар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04/954 тоот зэргийг ирүүлжээ.

/1хх 16, 19, 28-48, 54-85, 105-108, 137, 144-150, 162-169, 178-186, 192, 224-225, 247, 2хх 62, 91-99, 171, 182, 198/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр Сиди бичлэгт хийсэн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний 8/1461 тоот хариу, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1224 тоот хариу, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, захирамжийн дагуу ЭМ ХХК-аас ирүүлсэн ажлын цагийн бланс зэргийг нотлох баримтаар бүрдүүлжээ.

/1хх 127-130, 135-136, 2хх 116-119, 242-250, 3хх 1-18, 27-40/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.М нь ЭМ ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 108.432.270 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: сахилгын зөрчил давтан гаргаагүй, ажлын цагийн бүртгэлд чөлөөтэй, өвчтэй, гадуур ажилтай байсан хугацааг хоцорсонд тооцсон, эргэлзээтэй, Дотоод журамд зааснаар 60-с дээш минутаар гурван удаа хоцроогүй, Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтай холбогдуулж чөлөөлсөн гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Цагийн бүртгэлийн хурууны хээний төхөөрөмжөөр тогтоогдсон цаг ашиглалтад үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ирсэн, эсхүл явсан цагийг бүртгүүлээгүй тохиолдолд 60 минут хоцорсонд, тооцохоор заасан тул журмыг баримталсан, тушаал үндэслэлтэй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.ЭМ ХХК, Б.М нар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээг байгуулж, тус байгууллагын Захиргаа хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгч Б.Мг ажиллуулахаар тохиролцсон, нэхэмжлэгч 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тасралтгүй ЭМ ХХК-д архив бичиг хэргийн ажилтан, мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичиглэлээр тогтоогдож байна. /1хх 4-7, 112,113/

4.2.Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байранд байгаагүй, 11 сард нийт 142 минут хоцорсон, 2018 оны 11дүгээр сарын 17-ны сургалтад хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй ажил тасалсан үндэслэлээр түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримтлан сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх 65/

Нэхэмжлэгч энэ тушаалд гомдол гаргаагүй болох нь хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсоноос гадна 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гурван сар-ын хугацаа хэтэрсэн тул тушаал хүчин төгөлдөрт тооцогдоно.

4.3.Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, ЭМ ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.4, 9.7.12, 9.7.16, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.9, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.6, 6.5.4, 12.1.2, 12.2.1-д заасныг баримтлан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 2 дугаар сард ажлаас 381 минут хоцорсон зөрчил гаргасан үндэслэлээр түүнд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх 11, 61/

4.4.Дахин гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ЭМ ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.4, 9.7.12, 9.7.16, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.9, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.6, 6.5.4, 12.1.3, 12.2.1-д заасныг баримтлан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт 200 минутаас дээш хугацаагаар хоцорч зөрчил гаргасан үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх 14, 57/

5.Зохигчид дээрх А/78, Б/25 тоот хоёр тушаалын хууль зүйн үндэслэлд маргасан.

5.1.Дээрх хоёр тушаалд баримталсан ЭМ ХХК-ийн компанийн дүрмийн[1] 9 дүгээр зүйлд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг заасан,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.9-д ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерийн хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн дарга нарт даалгасан,

Хөдөлмөрийн гэрээний 5-д сахилгын шийтгэл ногдуулах зөрчлүүдийг зааснаас 5.1.1-д ажилтан ажлын цаг ашиглалт хангалтгүй буюу сард 3 болон түүнээс дээш удаа хоцорсон, цагаас өмнө эрт тарсан гэж, 5.2.2-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 5.2.3-т ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар,

Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.6-д ажил олгогч Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах-аар, 6.5.4-т ажилтан ажлын цагийн хуваарийг нарийн чанд мөрдөж, ...ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэг хүлээх-ээр, 12.1-д сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрийг 12.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах-аар, 12.1.3-т ажлаас халах-аар, 12.2-т дараах зөрчлийг сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 12.2.1-д ажилтан хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмад заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй бол гэж тус тус заажээ.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3 дахь заалтуудад ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ажилтанд ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан үндэслэлээр түүнчлэн мөн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахад ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан байхыг шаардах бөгөөд ийнхүү цуцлахад ажилтны гаргасан зөрчлийг баримтаар тогтоосон байх үүрэг хүлээнэ.

5.2.Зохигчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болох 2019 оны 2 болон 3 дугаар сард тус бүрт 60-с дээш минутаар нэг сард гурван удаа хоцорсон эсэхэд маргасан.

  Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т ажлын цагийн бүртгэлийн талаар зохицуулснаас 7.2.1-д ажлын цаг бүртгэлийг ажилтны хурууны хээ танигч цахим машинд таниулсан хээгээр уншуулж баталгаажуулна гэж, 7.2.2-т Ажилтан энэхүү журмын 7.2.1-д заасны дагуу хурууны хээ танигч цахим машинд ирсэн, эсвэл явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажилтныг тухайн өдөр 60 минут хоцорсонд тооцно гэж, 7.2.3-т ажилтан ажлын цагаар гадуур ажиллах тохиолдолд гадуур ажиллах хуудас бөглөж шууд удирдлагаараа батлуулж цаг бүртгэл хариуцсан ажилтанд өгнө гэж, 7.2.4-т ажилтны ажлын цаг ашиглалт, ирцийн байдалд Захиргаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж хяналт тавина гэж заажээ. Мөн журмын 12.2.2-т Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон, ажил дуусах цагаас эрт тарсан, эсхүл ажил тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.

5.3.Хэрэгт хурууны хээгээр бүртгэдэг цахим төхөөрөмжөөс хэвлэсэн цагийн бүртгэлийн жагсаалтыг ирүүлсэн, уг баримтаар зөрчил тогтоогдоно гэж хариуцагч тайлбарласан, харин нэхэмжлэгч тухайн баримт өөрөө эргэлзээтэй гэж маргасан.

Шүүхээс хариуцагч байгууллага дах цаг бүртгэлийн цахим төхөөрөмжид үзлэг хийхэд маргаанд хамаарах үед хэрэглэж байсан хурууны хээгээр бүртгэдэг цаг бүртгэлийн төхөөрөмжийг Хувь хүний мэдээллийн тухай хууль үйлчилж эхэлснээр 2022 онд хэрэглэхээ больж сольсон, өмнөх төхөөрөмжийн санах ой хадгалагдаагүй, тус байгууллагын ихэнх ажилчид солигдож өөрчлөгдсөн, түүнчлэн өмнөх ажилтнууд хариуцсан баримтаа архивт шилжүүлээгүй, зарим нь явахдаа устгасан гэсэн тайлбарыг хариуцагч байгууллагын холбогдох ажилтнуудаас өгсөн. Мөн үзлэгийн тэмдэглэлээр 2019 оны ажилтанд олгосон чөлөө, гадуур ажлын бүртгэл болоод эмнэлгийн магадлагааны талаарх баримтууд тус байгууллагын архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдсон.

Иймд шүүх хэрэгт авагдсан хурууны хээгээр бүртгэдэг цахим төхөөрөмжөөс тухайн үед хэвлэсэн нэхэмжлэгчийн 2019 оны 2, 3 дугаар сарын цагийн бүртгэл /1хх 105-108, 178-179/, үзлэгийн хавсралтаар бэхжүүлсэн тус байгууллагын архивт хадгалагдаж үлдсэн нийт ажилчдын ажлын цагийг нэгтгэсэн бүртгэл, мөн тус байгууллагын 2019 оны санхүү бүртгэлийн газраас нийт ажилчдад цалин хөлс олгоход тооцсон ажлын цагийн мэдээлэл /2хх 243-249, 3хх 1-13, 27-40/, хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгчийн хувьд цалин тооцсон цалингийн карт дах мэдээлэл болон нийгмийн даатгалын дэвтэр дэх олгосон цалингийн мэдээлэл /1хх 113, 2хх 117/ зэргийг харьцуулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

5.4.Хэрэгт авагдсан хурууны хээгээр бүртгэсэн байсан гэх цагийн бүртгэлээр нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын тухайд: 11-ний өглөө 64 минут хоцорсон, тухайн өдрийн оройдоо явсан цагаа бүртгүүлээгүй, 12-ны өдөр ирсэн болон явсан аль ч цагийг бүртгүүлээгүй, 15-ны өглөө 22 минут хоцорч, оройд явсан цагаа бүртгүүлээгүй, 19-ний өглөө ирсэн цагаа бүртгүүлээгүй, 20-ны өглөө 79 минут хоцорсон, 21-ний өглөө цагаа бүртгүүлээгүй, 28-ны өдөр ирсэн явсан аль ч цагаа бүртгүүлээгүй байна. Нийтдээ түүний хоцорсон цагийг 332 минут гэж бүртгэгджээ. /1хх 105-106/

Харин нийт ажилчдын ажлын цагийг нэгтгэсэн блансад жагсаалтын 64-д Б.М, ажиллавал зохих нийт 17 өдөр 136 цагаас ажилласан 13 өдөр, 97.65 цаг, өвчтэй 4 өдөр 32 цаг, нийт хоцорсон, тасалсан цаг 381 гэж тусгагджээ. /3хх 3, 34-35/

Санхүү бүртгэлийн газрын нийт ажилчдад цалин тавьж олгосон баримтад 2019 оны 2 дугаар сард Б.М, ажилласан цаг 97.65 цаг, бодогдсон цалин 1.292.426 төгрөг гэж тусгагдсныг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн /2хх 244, 3хх 13,14/ энэ нь хариуцагчийн баримтаар хэсэгчлэн ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн тооцооны карт /1хх 69/ дах тухайн сарын мэдээлэлтэй тохирсон. Өөрөөр хэлбэл тухайн сард ажилласан цагт ногдуулж цалин хөлсийг багасгаж тооцсон, нэхэмжлэгчид бусад нэмэгдлийг нэмж тооцсноор нийт цалинг 1.556.926 төгрөг гэж бодогдсон /татвар суутгаагүй дүн/, энэ дүн нийгмийн даатгалд тайлагнасан дүнтэй тохирч байна. /2хх 117/

Үүнээс гадна 2019 оны 2 дугаар сарын эхний хагаст 3 өдөр өвчтэй байсан, сүүлийн хагаст нэг өдөр өвчтэй гэж нэмж бүтэн сарын бүртгэлд бүртгэсэн /2хх 249, 3хх 2-3, 32, 34, 35/ байх тул шүүх хэрэгт авагдсан хурууны хээний бүртгэл дэх цагийн тооцооноос өглөө орой аль алинд бүртгэл хийгдээгүй 2019 оны 2 дугаар сарын 12, 28-ны өдрийг цаг хугацаагаар тооцон хасна. Ийнхүү хасч тооцсон ч тэрээр 11-ний өглөөдөө 64 минут, 20-ны өглөөдөө 79 минут тус тус хоцорч бүртгүүлсэн. 15-ны өглөөдөө 22 минут хоцорсон, оройдоо бүртгүүлээгүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т зааснаар орой 60 минут хоцорсноор тооцоход тухайн өдөрт нийтдээ 82 минут хоцорсон гэж үзнэ.

Иймд зөвхөн энэ гурван өдрөөр тооцоход Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2-т заасан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав түүнээс дээш удаа хоцорсон, эрт явсан гэсэн урьдач нөхцлийг бүрэн хангаж байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзлээ. Захиргаа эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д зааснаар үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан А/78 тоот тушаал үндэслэлтэй, зөрчил баримтаар тогтоогдсон байна.

Харин тушаалд хоцорсон минутыг 381 минут гэж зөрүүтэй бичсэн нь цаг бүртгэлийн систем дэх 332 минут гэж тэмдэглэгдснээс зөрүүтэй байх боловч дээрх нөхцөл байдал баримтаар тогтоогдсон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч талаас эрүүгийн хэргийн улмаас тухайн өдрүүдэд цагдаад очих зэргээр хүндэтгэх шалтгаантай байсныг хоцорсноор бүртгэсэн хэмээн хуралдааны явцад тайлбарласан. Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн хэргийн 2 дугаар хавтасны 203-231 дэх талд авагдсан баримтуудаас шүүж үзвэл цаг хугацааны хувьд 2019 оны 2 дугаар сард хамаарах баримт авагдаагүй, харин 2018 оны 12 дугаар сарын 21, 26, 31, 2019 оны 1 дүгээр сарын 17, 3 дугаар сарын 06, 12, 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хамаарах баримтууд байна.

5.5.2019 оны 3 дугаар сарын тухайд: хурууны хээний бүртгэл дэх цагийн бүртгэлээр 01-нд ирсэн, явсан аль ч цагаа бүртгүүлээгүй, 06-нд ирсэн цагаа, 15-нд ирсэн цагаа бүртгүүлээгүй, 19-нд өглөө 240 минут хоцорсон, 22-нд ирсэн цагаа бүртгүүлээгүй, 29-нд өглөө 24 минут хоцорсон, орой явсан цагаа бүртгүүлээгүй гэж тэмдэглэгджээ. /1хх 107-108/

Энэ шийдвэрийн 5.4-тэй адил зарчмаар баримтуудыг харьцуулахад 3 дугаар сарын цагийн бүртгэлийн мэдээлэл хоорондоо илт зөрүүтэй байдал тогтоогдоогүй. /1хх 107,108, 69, 2хх 117, 244, 3хх 6-7, 13, 15, 37, 38/

Үүнээс 3 дугаар сарын 06-ны өдрийн тухайд цагдаагийн байгууллагад очсон нь тогтоогдсон тул хасна. Харин 01-нд ирсэн, явсан байхгүй, 19-нд өглөө 240 минут хоцорсон, 29-ний өдөр өглөө 24 минут хоцорсон, орой бүртгэл хийгдээгүй тул журмын 7.2.2-т зааснаар тооцвол тухайн өдөр 84 минут хоцорсон байна.

Иймд сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/25 тоот тушаал үндэслэлтэй, тухайн зөрчил баримтаар тогтоогдсон байна.

6.2019 оны 3 дугаар сарын үндсэн цалинг өмнөх сараас бууруулж 1.620.000 төгрөгнөөс эхэлж тооцсон байх тул өмнөх А/78 тоот тушаалын дагуух сахилгын шийтгэлийг бодитоор хэрэгжүүлсэн байна. Харин тухайн сард өмнөх сараас хоол унаа, бусад нэмэгдлүүдийг нэмж тооцогдсноос нийт дүнгээрээ 2 дугаар сараас илүү цалин хөлс олгогджээ. Дээрх байдлаар сахилгын шийтгэл бодитой бус, цалин хөлсийг бүрэн олгосноор тогтоогдох тухай нэхэмжлэгч талын тайлбар тогтоогдоогүй болно. /3хх 12-15/

7.Нэхэмжлэгч өглөөний эсхүл оройны ажил тарсан цагийг цагийн бүртгэлд бүртгүүлээгүй дутуу бүртгэл гэсэн төлөв нь ажлаас 60 минут хоцорсонд хамаарах эсэхэд маргасан ч нэгэнт тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т хоцорсон-д тооцохоор журамлагдсан тул ажилтан байгууллагын дотоод дэг журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Түүнээс гадна нэхэмжлэгч тус байгууллагад 2007 оноос хойш ажиллаж байгаа, 2018 оны 11 дүгээр сараас хойш захиргаа, хүний нөөцийн газарт тайлан төлөвлөгөө гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг байх тул тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-аар байгууллага хэрхэн ажилтанд чөлөө олгодог, цаг бүртгэл хэрхэн хийгддэг талаар бүрэн мэддэг, мэдэх боломжтой ажилтан байна. Түүнчлэн тус байгууллагын захирлын 2019 оны А/180 тоот тушаалын 3 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1 дэх заалтаар уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нэхэмжлэгчийн ажилладаг захиргаа хүний нөөц хариуцсан газартаа даалгасан байх тул ажил үүргийн хувиар ч бүрэн мэдэх учиртай этгээд гэж үзнэ.

8.Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтай холбогдуулан захиргаа ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн явдал Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн гэж тайлбарласан ч дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Лхагвабаатар захирлын өрөөнд гэсэн тэмдэглэгээтэй хоёр ширхэг СД доторх бичлэг өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэх боломжгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, улмаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдсан байх тул шүүх үнэлэх боломжгүй.

9.Дээрх бүгдийг нэгтгээд шүүх тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 108.432.270 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 


[1] https://legalinfo.mn/mn цахимд нээлттэйгээр байршсан тул ИХШХШТХ 40.4-д хамаарна.

Засгийн газрын тогтоол, хүчингүй, 2016.02.15, №104 тоот