Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 114

 

Д.Ж нарт холбогдох

                    эрүүгийн хэргийн тухай                    

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1089 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1238 дугаар магадлалтай, Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарт холбогдох 1908024780742 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харгана овогт Д.Ж.

2.Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дулдий овогт Б.Н.

3.Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.А.

4.Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Лхам овогт Н.Б.

Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.Н нарыг тус бүр 1 жил 8 сар хорих ял, шүүгдэгч Н.Аыг 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Д.Ж, Б.Н нараас тус бүр 3.000.000 төгрөг, шүүгдэгч Н.А, Н.Б нараас тус бүр 1.750.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх, 1 ширхэг данхраад, 1 ширхэг дорцовыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...зэвсэг..." гэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял..." гэсэн өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны 1089 дугаар магадлалд “Алдагдсан эд зүйлсийн тоо ширхэг, овор хэмжээнээс үзвэл тэдгээрийг автомашинаар зөөж тээвэрлэхгүйгээр авч явах, хэргийн газраас холдох боломжгүй байх тул бусдыг мэдэхээс өмнө урьтаж, өөрсдийн гэмт үйлдлээ түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ. Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн байх боловч хулгайлах гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно хэмээн тодорхойлсон. Иймээс шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “өргөгч, дорцов зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн” гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Х.Гантулгын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Ж, Б.Н нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэх зорилгоор 25-62 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан, мөн гэмт хэрэг үйлдэхдээ данхраад, дорцов ашигласан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Ч, гэрч Э.А, шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэг нь гэмт хэргийн хор аюулын хэр хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдон явах, гэмт үйлдлээ түргэсгэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх зорилгоор данхраад, дорцов ашигласан бөгөөд уг данхраад, дорцовыг ашиглахгүйгээр тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй байсан. Тиймээс шүүгдэгч нарын автомашины обуд, дугуйг данхраад, дорцов ашиглан амар хялбар аргаар хурдан тайлан авч, тээврийн хэрэгсэл ашиглан хэргийн газраас богино хугацаанд авч явж, зөөвөрлөж байгаа гэмт үйлдлийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл, машин механизм, ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзнэ. Шүүгдэгч нар нь “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор “өргөгч, дорцов” зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1238 дугаар магадлалд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын зүгээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн эсэргүүцлийг дэмжиж байна. Тээврийн хэрэгслийн дугуй, бусад эд зүйлийг хулгайлахдаа дорцов, данхрад ашигласан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн шинжээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн зүйлчлэлийг өөрөөр шийдвэрлэж байна. Иймд хяналтын шатны шүүхээр хууль хэрэглээний нэгдсэн нэг практик тогтоолгох зорилгоор эсэргүүцлийг дэмжиж хэлэлцүүлж байгаа болно” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 7-ны шөнө 03 цагаас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8в байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Б.Чын эзэмшлийн “Приус-20" загварын автомашинаас ХХR загварын обудтай 4 ширхэг дугуйг өргөгч буюу домкрат, дорцов зэргийг ашиглан салган авч, улмаар 25-62 УБМ улсын дугаартай автомашинд ачин авч явж,  980.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Д.Ж, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-30 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Я.Билэгжаргалын “Тоёота кроувн” загварын автомашинаас 4 ширхэг дугуйг өргөгч буюу домкрат, дорцов зэргийг ашиглан салган авч, улмаар 11-66 УБД улсын дугаартай “Тоёота кроувн” загварын автомашинд ачин авч явж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Д.Ж, Б.Н, Н.А, Н.Б нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслээс гадна үйлдлээ хялбарчлах зорилгоор өргөгч буюу домкрат, дорцов зэргийг ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “машин механизм ашигласан” шинжид мөн адил хамаарч байхад анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизмаас гадна зэвсэг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй гэж үзнэ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заасан бөгөөд автомашины домкрат, дугуйн дорцов зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.Н нарт 1 жил 8 сар хорих ял, шүүгдэгч Н.Аод 1 жил хорих ял, шүүгдэгч Н.Бд 1 жил хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1089 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1238 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН