Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01621

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01621

 

 

 

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01519 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.О-д холбогдох

 

644 955 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд

Хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Дэлгэрнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Р.О- нь Авто замын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 644 955 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс Р.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч гэм хор учруулсны хариуцлагыг иргэний журмаар прокурорын байгууллага нэхэмжлэх нь хууль ёсны бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс нэгдэн орсон Авлигалын эсрэг Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн шаардлагад нийцэж байна. Иймд Р.О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирол болох 644 955 000 төгрөгийг Р.О-гоос гаргуулж улсын орлого болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Оюунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.О-гийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг нотлохгүй гэж заасан байна. Р.О-той холбоотой шүүхийн шийтгэх тогтоолд бусдад төлөх өр төлбөргүй гэж зааж өгсөн. Мөн тогтоолоос харахад иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар байхгүй. Прокурорын зүгээс хохирол гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан хохирол гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өнөөдөр хэн юугаар хохироод байгаа нь тодорхойгүй байна. Хохирол гэдэг нь бусдын эрх, эд хөрөнгөнд хууль бус байдлаар гэм хор учруулсан байхыг шаарддаг. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон хууль зүйн заалтууд болон хэрэгт цугларсан баримтуудаас харахад нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.О-гоос 644 655 000 /зургаан зуун дөчин дөрвөн сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.О-гоос улсын тэмдэгтийн хураамжид 3 447 725 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирол гэх шаардлага гаргасныг анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлээгүй, өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж яригдаагүй, тэр талаар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай зохицуулалт нь хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгаагаас гадна хууль тогтоогчоос аль нэг хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй байхад Прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн үндэслэлээр хэргийг хүчээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй. Р.О- нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсан гэж дүгнэж байгаа бол энэ хэргийн хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу Зам тээврийн яам болно.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн маргаж буй үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүхийн шийдвэрт гэмт хэргийн хохирогч нь нийтийн эрх ашиг, сонирхол гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байхад иргэний журмаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах явдал нь Иргэний хуулийн 52 дугаар бүлгээр шийдвэрлэгдэхээс бус гэмт хэргийн үйлдэл болох үндэслэлгүй хөрөнгөжих үйлдэл нь хохирол биш. Эрүүгийн хариуцлага ял албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Харин үүнийг хохирол гэж үзэн хор уршиг арилгах зорилгоор гэм хорын хохирол гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар нь хариуцагч Р.О-д холбогдуулан гэм хорын хохиролд 644 955 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн нотолгооны хэрэгсэл төдийгүй шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргасан эсэхийг тогтооход ач холбогдол бүхий баримт болдог. Хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул шүүх хуралдааныг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. /хх150-154/

 

Иймээс давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн гомдлын дагуу хэргийг хянаж, маргааны үйл баримтыг тогтоон эцэслэн шийдвэрлэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01519 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 447 725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД