Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00448

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00448

 

 

Ж.Пунцагдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 181/ШШ2016/01366 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Пунцагдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Оюу толгой" ХХКхолбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Пунцагдорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Оюу толгой" ХХК-д Хүнд машин механизмын дугуй засварчны ажилд томилогдож 4 жил тасралтгүй ажиллаж байна. Би 14 хоног ажлаад 7 хоног амардаг. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний ажлын өдрүүд эхэлсэн ба би ажилдаа очихоосоо өмнө амралтын өдрүүдэд ханиад хүрч эдгээгүй байхдаа ажилдаа орсон юм. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бие өвдөөд байхад нь би халуун тариа хийлгээд ажлаа хийсэн боловч бие маш ихээр өвдөж хөдлөх тусам хатгаж өвдөөд байхаар нь тухайн үед засварын ахлах Н.Түвшинхүүд эмнэлэг хүргэж өгөөч гэж хэлж унаа гаргуулж эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлгийн эмч үзээд ихээр ханиалгасан болоод цээж чинь хөндүүр, хоолой улайлттай байна, эм уугаад ажлаа хий гэсэн. Тэгээд би буцаж ирээд ажлаа хийж байсан боловч бие улам өвдөөд байхаар нь хамт ажилладаг 2 хүндээ бие өвдөөд байна, эмээ уугаад машиндаа жаахан сууя гэж хэлсэн. Эм уугаад эмний үйлчлэлдээ халуун минь бууж би унтчихсан байсан. Гэтэл намайг унтаж байх хойгуур гадаад мэргэжилтэн Mark Mepharn намайг сэрээлгүйгээр зургийг минь аваад явсан байсан. Цаг гаруй хугацааны дараа хэсэг хүмүүс ирж намайг ажлын байран дээр унтсан гээд сэрээсэн. Би тухайн үед бие өвдөөд гээд учир байдлаа хэлсэн боловч тоогоогүй. Гэтэл захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №0154/16 тоот тушаал гарч намайг ажлын байран дээрээ унтсан учир ажлаас чөлөөлсөн. Би тухайн үед үнэхээр бие өвдөөд эмэндээ дарагдаж унтсан байсан ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэтэл намайг ажлаа хийлгүй 85 минут орчим унтсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсанд би гомдолтой байна. Хүний өвчнийг тоолгүй сахилгын зөрчил гаргасан мэтээр үзэж намайг ажлаас халсанд би туйлын гомдолтой байна. Иймд намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлснийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 36 000 000 төгрөг, намайг ажлаас чөлөөлсөн тушаалын 2 дахь заалтад миний ажилласан хугацаанд ногдох 0.05 өдрийн ээлжийн амралтын мөнгөн олговор болон ажилласан өдөрт ногдох цалин хөлсийг олгоогүй тул тухайн үед ажилласан 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Пунцагдорж нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "сануулах" хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр ээлжийн ажилдаа гарсан үедээ буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байран дээрээ унтаж үүрэгт ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, цалгардуулсан зөрчил гаргасан. Ийнхүү Ж.Пунцагдорж нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Тиймээс дээрхийг үндэслэн "Оюу толгой" ХХК нь Ж.Пунцагдоржтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Пунцагдоржийг Оюутолгой ХХК-ийн Ил уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 36 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 337 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь "хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, буруу үнэлж дүгнэсэн" гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн "... Ж.Пунцагдорж нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь гэрч нарын мэдүүлэг, "Интернэйшнл СОС Монголиа" эмнэлгийн үзлэгийн баримтаар тогтоогдсон ..." гэх үндэслэлийн талаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар гаргуулан авсан хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох мэргэжлийн эмчийн үзлэгийн баримтаар Ж.Пунцагдоржийн "биеийн ердийн байдал тогтвортой" гэсэн дүгнэлт өгсөн (хх-40-4, 45-47 хуудас). Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Интернейитл СОС Монголиа" эмнэлэг Ж.Пунцагдорж үзүүлэхэд ажиллахыг хориглоогүй" гэж дүгнэсэн атал дээрх байдлаар үндэслэлгүй, утга агуулга хоорондоо зөрчилдсөн дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх Оюу Толгой ХХК-аас Ж.Пунцагдоржийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр (хх-22-30 хуудас), 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн гаргаж өгсөн. Тиймээс шүүх ямар нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогч ажлын байран дээр тасралтгүй хяналтыг тавих үүрэг ажил олгогчид хүлээлгээгүй болно. Тиймээс хуулиар ажил олгогчид хүлээлгүй үүргийг үндэслэж буй явдал хууль зүйн үндэслэлгүй болно. Гэрээт эмнэлэг нь чөлөө авах асуудалд заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй этгээд биш. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу эмнэлгийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлэх болно. Гэрчийн мэдүүлгүүд болон Ж.Пунцагдоржийн өөрийн тайлбарууд зэргээр тухайн ээлжийн ажилтнуудыг хариуцаж байсан ахлах ажилтан ажлын байран дээр байсан гэдэг нь нотлогдож байгаа. Мөн шүүх хуралдаан дээр Ж.Пунцагдорж нь түүний ажиллаж буй цех нь 100 гаруй ажилтантай болох тухай тайлбарыг хийсэн. Энэ нь холбогдох албан тушаалтан Ж.Пунцагдоржийг зөрчил гаргах үед дэргэд байгаагүй нь ажилтан зөрчил гаргаж болно гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болно. Нөгөө талаас "зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх, үүрэг бүхий албан тушаалтан" гэж ямар албан тушаалын, ямар этгээдийг хэлж байгаа нь тодорхойгүй, шүүх энэ талаар тайлбар хийгээгүй. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд сахилгын зөрчлийг тайлбарласан байдаг. Гэхдээ хууль тогтоомж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг шалгаж тогтоохдоо ийм албан тушаалтан, ийм баримт бичигт үндэслэн явуулна гэсэн шаардлагыг тавьдаггүй. Тиймээс хариуцагч болох ажил олгогч өөрийн дотоод дүрэм, журамд үндэслэн шалгалт хийж зөрчлийн шалгалтын тайланг гаргасан. Гэтэл шүүх "зөрчлийн шалгалтын тайланг зөрчлийг тогтоосон баримт гэж үзэхгүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй байна.

Шүүхээс хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн дагуу шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөх тухай заасан боловч Ж.Пунцагдоржийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу Ж.Пунцагдоржийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан бөгөөд хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардан авах үед шүүх хуралдааны тэмдэглэл бэлэн болоогүй байсан. Дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Пунцагдорж нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор, дутуу олгосон цалин хөлс тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Оюу толгой ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирлаар Woodley овогтой Andrew Philip гэх гадаадын иргэн бүртгэгдсэн /хх-ийн 30 дугаар тал/ бөгөөд тэрээр монгол хэл мэддэг талаарх баримт хэрэгт авагдаагүй, Х.Маралмаад олгосон Оюу толгой ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл англи хэл дээр болон монгол хэл дээр бичигдсэн байх боловч англи хэл дээр бичигдсэн итгэмжлэлийг хэн орчуулсан талаар тэмдэглэл байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэгт Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэх шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна. /хх-ийн 67-70/

 

Түүнчлэн Ж.Пунцагдоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний англи хэл дээрх болон монгол хэл дээрх нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан \хх-ийн 23-28 дугаар тал\ байх боловч мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээ үнэн зөв орчуулагдсан гэж үзэхэд эргэлзээ бүхий болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн а, 10 дугаар зүйлийн 10.4.1.2 заалтуудыг зөрчсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байгаа ба хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх түүнийг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 181/ШШ2016/01366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Оюу толгой" ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ