Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01505

 

Ж.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г:Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01674 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14 -ний өдрийн 1809 дугаар магадлалтай,

Ж.Пийн нэхэмжлэлтэй

“О Т”ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “О Т”ХХК-д хүнд машин механизмын дугуй засварчны ажилд томилогдож 4 жил тасралтгүй ажиллаж байна. Миний бие 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний ажлын өдрүүд эхэлсэн ба би ажилдаа очихоосоо өмнө амралтын өдрүүдэд ханиад хүрч ханиад маань сайн эдгээгүй байхдаа ажилдаа орсон юм. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бие өвдөөд байхад нь би халуун тариа хийлгээд тухайн өдөр ажилласан ба огт намдахгүй болохоор нь тухайн үед засварын ахлах н.Түвшинхүүд эмнэлэг хүргэж өгөөч гэж хэлж унаа гаргуулан эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд би буцаж ирээд ажлаа хийж байсан боловч бие улам өвдөөд байхаар нь хамт ажилладаг хоёр хүнд бие өвдөөд байна, эмээ уугаад машиндаа жаахан суугадахая гэж хэлээд эмээ уугаад машинд суусан. Эм уугаад эмийнхээ үйлчлэлдээ халуун минь бууж би унтчихсан байсан. Гэтэл намайг унтаж байх хойгуур гадаад мэргэжилтэн Марк Мепам /Магк Мернат/ ирж намайг сэрээлгүйгээр зургийг минь аваад явсан байсан. Цаг гарангийн дараа хэсэг хүмүүс ирж намайг ажпын байран дээр унтсан гээд намайг сэрээсэн ба би тухайн үед бие өвдөөд гээд учир байдлаа хэлсэн боловч огт тоогоогүй. Гэтэл захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0154/16 тоот тушаал гарч, намайг ажлын байран дээрээ унтсан учир ажлаас чөлөөлсөн байна. Би тухайн үед үнэхээр бие өвдөөд эмэндээ дарагдаж унтсан байсан ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэтэл намайг ажпаа хийлгүй 85 минут орчим унтсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Хүний өвчнийг тоолгүй сахилгын зөрчил гаргасан мэтээр үзэж, намайг ажпаас халсанд би гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.П нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Ж.П нь ээлжийн ажилдаа гарсан байсан үедээ буюу 2016 оны 01 сарын 15-ны өдөр ажлын байранд унтаж үүрэгт ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, цалгардуулсан зөрчил гаргасан. Ийнхүү Ж.П нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Тиймээс нэхэмжлэгч Ж.Птой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01674 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж.Пийг “О Т”ХХК-ийн Хүнд машин механизмын засварын хэлтэст дугуй засварчнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 63 000 000 төгрөгийг хариуцагч “О Т”ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.Пид олгож, үлдэх 12 833 723 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О Т”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 472 950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1809 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “О Т”ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай Ж.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О Т”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа хяналтын гомдолдоо: Нийслэлийн ИХДЗШШүүхийн 2017.08.14-ний өдрийн 1809 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгч Ж.Пийн өмгөөлөгч Д.Даваа миний бие ИХХШТХ- ийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О Т”ХХК-наас ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахыг шаардсан. Түүний нэхэмжлэлийг СБД-ийн ИХАШШүүх 2016 оны 11 сарын 30-ны өдөр шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан. Хариуцагчийн гаргасан гомдлоор НИХДЗШШүүх хэргийг шийдвэрлэж, 448 тоот магадлал гаргахдаа: Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн болохыг дурдаж, анхан шатны шүүхийн 181/шш2016/01366 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж 2017 оны 06 сарын 08-ны өдрийн шийдвэрээр мөн нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлийг хангаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжлсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчийн гаргасан гомдлоор НИХДЗШШүүх 1809 тоот магадлалаараа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. НИХДЗШШүүх Ж.Пийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл, хэрэгт авагдсан нотлох баримт огт өөрчлөгдөөгүй байхад өөр өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх: 2017 оны 06 сарын 08-ны өдрийн шийдвэртээ “О Т”ХХК, Ж.П хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8А заалтыг огт үндэслээгүй, хэт ерөнхий заалт гэж дүгнэсэн, тэгээд ч уг заалтад ажлын цагаар унтсан бол ажлаас халах тухай дурдагдаагүй, Ж.П эрүүл мэндийн шалтгаанаас тухай нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогддог. Иймд Ж.Пийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 08 ны өдрийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад НИХДЗШШүүх магадлалынхаа тогтоох хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэн Ж.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул НИХДЗШШ-ийн 2017 оны 08 сарын 14-ны өдрийн 1809 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 181шш 2017/01674 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэгч  нэхэмжлэлээ гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж.П нь хариуцагч ““О Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0154/16 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн “а”, 10 дугаар зүйлийн 10.4.1.2 дахь хэсэгт заасныг баримталж, Ж.Пийг сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 01:30 цагаас 02:55 цагийн орчим ойролцоогоор 85 минут ажлын байран дээрээ унтаж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцдог тул нэхэмжлэгч нь  2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0139/15 тоот тушаалаар сануулах шийтгэл авагдсан, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин зөрчил гаргасан нь давтан зөрчил болох тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчихгүй юм. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө ажлын байран дээр унтсан ажилтны буруутай үйлдлийг давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэж, магадлалд тодорхой тусгажээ. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, зохих журмын дагуу мэдэгдэж, ажлаасаа түр чөлөө авах ёстой байхад ажил үүргээ гүйцэтгэж, дээрх зөрчил гаргасныг зөвтгөх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1809 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА