Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/02547

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/02547

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.П-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А.Н  ХХК -д холбогдох,

 

2016 оны 1 сараас 6 сар хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах, 2015 оны 10, 11, 12 сар болон 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6-р саруудын цалин 9,000,000 төгрөг гаргуулах, мөн ээлжийн амралтын мөнгө 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.П 2015.05.15-ны өдөр хуучнаар НТ ХХК буюу одоогийн шинэ нэрээр АН ХХК-д 01 тоот Хөдөлмөрийн гэрээгээр ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон.

Миний бие ерөнхий менежерийн албан тушаалтай мөртлөө хүний нөөц, менежментийн алба, маркетингийн алба, мөн жуулчны баазын үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж аялалны хөтөлбөр гарган аялал зохион байгуулах, жуулчны баазын орлого зарлагад хяналт тавих зэрэ олон ажлыг хавсарган гүйцэтгэж бүхий л ажилд оролцдог байсан. Миний бие 2015.05.15-нд анх ажилд ороод 2015.06 сараас 9 сар хүртэл цалингаа бүтэн авсан бөгөөд түүнээс хойш буюу 2015 оны 10 сараас 2016.06 сар хүртэл цалингаа аваагүй байна.

Цалингаа авах талаар нягтлан Б, С болон захирал Ц.Э-д удаа дараа шаардлага тавьдаг байсан хэдий ч төлнөө л гэхээс өөр зүйл хэлдэггүй байсан.

Миний бие 2015.05.15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.1-д зааснаар ажилтны хүлээх үүргээ хангалттай биелүүлдэг байсан. Харин манай байгууллага тус гэрээний 5.1-д зааснаар цалингаа цаг хугацаанд нь тавихгүй хохироосоор байна.

Би хөдөлмөрийн гэрээнд заагдсан ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл ээлжийн амралтаа эдлээгүй бөгөөд тус гэрээний 5.5-д тодорхой заасан байгаа.

Мөн гэрээний 2.9-д заагдсан үүргээ биелүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийхгүй байна.

Иймд 2016 оны 1 сараас 6 сар хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах, 2015 оны 10, 11, 12 сар болон 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6-р саруудын цалин 9,000,000 төгрөг гаргуулах, мөн ээлжийн амралтын мөнгө 1,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.Пнь тус компанийг НТ ХХК гэсэн нэртэй байхад ерөнхий менежерийн албан тушаалд 2015 оны 5-р сарын 15-ны өдөр томилогдсон. Улмаар М.П нь 2015 оны 9 сар дуустал ажилласан болно.

Харин нялх хүүхэдтэй хүүхэд харах хүнгүй болон ажлын ачаалал бага байгааг харгалзан үзэж 2015 оны 10, 11, 12 сард чөлөө олгож чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг маань үндсэн цалингаас тооцож төлж өгөөч ээ 2016 оны 01 сараас ажилдаа ороод нийгмийн даатгал төлүүлсэн мөнгөө цалингаасаа төлье гэж ерөнхий захирлаас амаар гуйсны дагуу чөлөө олгосон.

Үүнээс хойш М.П нь 2015 оны 10 сараас өдийг хүртэл ажлын байрандаа ирж ажлаа хийхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймээс М.П нь ажил хийгээгүй байж цалин нэхэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч М.П-н цахим хаягт үзлэг хийсэн бөгөөд энэхүү үзлэгээр хийсэн ажил нь хавтаст хэрэгт авагдсан талуудын хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэгт нь хамаарахгүй байгаагаас гадна тус хөдөлмөрийн гэрээний 4.1.15-д заасны дагуу сар бүр ажлын үр дүнгээ дүгнэж ажиллана гэсний дагуу дүгнээгүй байхаас гадна нийгмийн даатгалын лавлагаанаас харахад дээрх үзлэгээр илэрсэн ажил үйлчилгээнд тохирсон цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу олгосон байна гэж манай талаас үзэж байна.

Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийг баримтлан хийгээгүй байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.П нь 2016 оны 1 сараас 6 сар хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах, 2015 оны 10, 11, 12 сар болон 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6-р саруудын цалин 9,000,000 төгрөг гаргуулах, мөн ээлжийн амралтын мөнгө 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Ай номадик ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр М.П-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

М.П нь АН ХХК-тай 2015 оны 5 сарын 15-ны өдөр 001 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий менежерийн ажил, албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 5 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч М.П нь ажил үүргээ 2016 оны 6 сар дуустал хугацаанд гүйцэтгэсэн боловч 2015 оны 10 сараас хойш цалин хөлс аваагүй, мөн ээлжийн амралтыг биечлэн эдлээгүй учир цалин хөлс авах, ээлжийн амралтын олговрыг авах эрхтэй гэж өөрийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг бол хариуцагч АН ХХК нь М.П 2015 оны 9 сар дуустал ажилласан, ажил хийгээгүй учир цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хэмээн өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргадаг.

 

Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд Ерөнхий менежерийн хүлээх ажил үүргийг тодорхойлсон байх ба үүнд өдөр тутмын ажлаа хөтлөх, мэдээллээ цахим шуудангаар илгээх, байгууллагын хүний нөөцийн үүрэг гүйцэтгэх, гадаад дотоод захиалгыг хариуцах, гэрээ хийх, Хөвсгөл болон Говийн менежерүүдийн байнгын ажиллагааг удирдах, жуулчдад тухайлсан тусгай хөтөлбөр гаргах, захиалга авсан жуулчны байгууллага хувь хүмүүстэй холбоо тасрахгүй анхаарал тавих, байгууллагын цахим хуудсын байнгын ажиллагааг хангах, хөдөлмөр хамгааллын ажилтны гаргаж өгсөн заавар зааварчилгааг мөрдүүлэх, сар бүр ажлын үр дүнгээ дүгнэх зэрэг ажил үүргүүдийг дурджээ.

 

Нэхэмжлэгч М.П нь дээр дурдсан ажил үүргүүдээ 2015 оны 10 сараас 2016 оны 6 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж байсан болох нь гэрч Б.Б-ы шүүхэд өгсөн Хийсэн. Бид 2015 онд энэ ажлаар бүх судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. Мэдээлэл хүргүүлэх судалгааны ажлуудыг 2015 оны 10 сараас хийж эхэлсэн, 2015 оны 10 сараас бүх бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн. Энэ ажил 2016 оны 3 сараас 4 сарын хооронд хийх байсан ажлууд гэсэн мэдүүлэг /хх1-55-56х/, Б.У-н шүүхэд өгсөн Тийм, гэрээ хийсэн, Тэгсэн. М.П-тай хийсэн, Манайх энэ үйлчилгээндээ 5 хүний 3 өдрөөр очиж амрах эрх авч үйлчлүүлсэн гэсэн мэдүүлэг /хх1-57-58х/, гэрч О.О-н шүүхэд өгсөн Ажиллаж байсан талаар мэднэ. Тухайн үед хүүхэд нь өвчтэй гэх шалтгаанаар М.П гэрээсээ ажлаа хийж байсан. Намайг ажиллаж байсан хугацаанд М.П надтай цахим шуудангаар харилцдаг байсан. Хэд хэдэн удаа ажилдаа ирж байсан гэсэн мэдүүлэг /хх1-59-60х/, АН ХХК-ийн тамга, захирал Ц.Э-н гарын үсэг бүхий 2016 онд зохион байгуулагдах Эртний далай резортод зочин байрлуулах гэрээ-нд үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулах хүнийг М.П байхаар тодорхойлсон бичвэр /хх-225-229х/, М.П-с НТ ХХК-ийн /хуучнаар/ нэрийн өмнөөс Оюуны өмчийн газарт 2015 оны 10 сарын 23-ны өдөр тэмдэгтийн хураамж шилжүүлж байсан талаарх баримт, М.П-н цахим шууданд үзлэг хийсэн талаарх /[email protected]/ тэмдэглэл, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Ажил олгогч АН ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон талаар тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч М.П нь 2015 оны 10 сараас 2016 оны 6 сар хүртэлх хугацаанд АН ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд заагдсан ажил үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсөө ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилласан хугацааны цалин хөлстэй холбоотой гомдлоо нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гаргах ёстой байсан боловч 2016 оны 7 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 2016 оны 4, 5, 6 дугаар саруудын цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан 2015 оны 10, 11, 12 сар, 2016 оны 1, 2, 3 саруудын цалин хөлсийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Тайлбарлавал, ажилтан М.П нь ажилласан хугацааны цалин хөлсийг ажил олгогч өгөхгүй байгаа талаар 2015 оны 10 сараас мэдсэн байх боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд хандаж гомдол гаргаагүй учир 2015 оны 10, 11, 12 сар, 2016 оны 1, 2, 3 сарын цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан ээлжийн амралтын олговрын хувьд, ажил олгогчийн зүгээс М.П-н ээлжийн амралтыг биечлэн эдлүүлсэн, ээлжийн амралтын олговрыг олгосон болохоо баримтаар нотлоогүй учир ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт М.П-унсалмаагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдаагүй учир ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговрын хэмжээг тооцохдоо Хөдөлмөрийн гэрээ-нд заагдсан нэг сарын хөдөлмөрийн хөлс 1,000,000 төгрөгийн дүнг үндэслэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч АН ХХК-иас 2016 оны 4, 5, 6 сарын цалин хөлс болох 3,000,000 төгрөг, ээлжийн амралтын олговор болох 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 1301 тоот лавлагаанд М.П нь 2015 оны 4 сараас 9 сар хүртэлх хугацаанд тус бүр 1,000,000 төгрөг, 2015 оны 10 сард 727,168 төгрөг, 2015 оны 11 сараас 12 сард тус бүр 1,000,000 төгрөг, 2016 оны 1 сард 192,000 төгрөг, 2016 оны 4 сараас 5 сард тус бүр 500,000 төгрөг, 2016 оны 6 сард 1,000,000 төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тодорхойлсон байдаг.

 

Хариуцагч талын шүүхэд гаргасан М.П 2015 оны 10 сараас өдийг хүртэл ажлын байрандаа ирж ажлаа хийхгүй байж байгаад..., М.П ажил хийгээгүй байж цалин нэхэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй... гэсэн тайлбарыг дээр дурдсан лавлагаатай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргасан Хэдийгээр нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлс олгосон мэтээр тэмдэглэсэн боловч М.П гар дээрээ цалин хөлс аваагүй, Нийгмийн даатгалын хэлтэс нь ажил олгогчийн зүгээс тодорхойлсон дүнгээр бичилт хийн баталгаажуулдаг гэсэн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Тухайлбал, нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалин хөлсийг аваагүй хэмээн нэхэмжилж байх бөгөөд хариуцагч тал лавлагаанд дурдагдсан цалин хөлсийг өгсөн гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар цалин хөлсийг шилжүүлсэн болох, эсхүл цалин хөлсийг гар дээр олгосон болохоо өөрөө нотолж, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 181/ШЗ2016/07124 дүгээр захирамжаар М.П-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан боловч хайгаад олохгүй байгаа тул гаргаж өгөх боломжгүй байна хэмээн тайлбарладаг ба нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа хэрэгт авагдсан учир дэвтрийн хуулбар шаардлагагүй гэсэн тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, шүүх М.П-с нотлох баримтаар гаргаж өгсөн утасны яриаг бичсэн гэх бичлэг, уг бичлэгийг сийрүүлсэн бичвэр, утасны мессежеер харилцсан талаарх баримт, фейсбүүк хуудаснаас хэвлэсэн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Учир нь, АН ХХК-ийн захирал Ц.Э нь утасны бичлэг хийж байсан болохыг мэдээгүй, мессежеер харилцсан тухай баримтыг үзлэг хийн бэхжүүлээгүй /нэхэмжлэгч нь гар утсаа гээсэн тул үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй гэж тайлбарладаг/, мөн шүүхээс фейсбүүк хаягт үзлэг хийхэд фейсбүүк хаягаас хэвлэсэн гэх бичгийн нотлох баримтууд гарч ирээгүй болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх тухай хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч Ай номадик ХХК-иас 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.П-д олгож, 2016 оны 4, 5, 6 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох шаардлага болон 2016 оны 1, 2, 3 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АН ХХК-иас 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.П-д буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч АН ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР