Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01563

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э , З.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Э , З.О нарын хариуцагч НН дахь албадан дуудлага худалдааны үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 02452 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулан иргэн Ц.Оюумаа 105 000 000 төгрөгийг С.Цэвэгжавд 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэн, гуравдагч этгээд болох иргэн Ч.Э , З.О нарын өмчлөлийн орон сууцаар хангуулахаар захирамжилсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэгдсэн Ч.Э , З.О нарын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот хаягт байрлах орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 10 цагт 40 729 600 төгрөгөөр худалдан борлуулах тухай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020.01.07-ны өдрийн 1/17 тоот тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн мэдэгдлийг шуудангаар 2020 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авлаа. Бидний өмчлөлийн 2 өрөө орон сууцанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/01829 дугаар шийдвэр, 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/03281 дугаар шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр удаа хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрсдөө шүүхийн шийдвэрийг үл билүүлж урьд нь явуулсан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн зөвтгөн явуулахгүйгээр дахин 2020 оны 01 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд орон сууцыг дуудлага худалдааны доод үнийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлээр 40 729 600 төгрөгөөр тогтоосон байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 02452 дугаар захирамжийн дагуу талийгаач эгч Ц.Оюумаагийн төлбөл зохих 52 500 000 төгрөгийн шаардлагад үнийн дүнд барьцаалсан 2 өрөө орон сууцаа 40 729 600 төгрөгийн төлбөрт өгөөд бид 11 770 400 төгрөг төлөх өр төлбөртэй үлдэж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө үнэлэн, тохиролцуулах ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч биднийг төлбөр авагч С.Цэвэгжавтай уулзуулж, харилцан тохиролцуулах ажиллагааг явуулаагүй, шууд шинжээч томилон үнэлгээ хийлгүүлсэн, өмчлөгч бидний зүгээс үнийн санал авахдаа мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүйн улмаас өмчлөгч бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж орон сууцыг 40 729 600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ч.Э , З.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 49.17 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг 50 хувь бууруулж хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 2452 дугаар захирамжаар З.О , Ч.Э нараас 105 840 650 төгрөгийг гаргуулан С.Цэвэгжавд олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч төлбөрийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоосон. Шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар дуудах эхний үнийг тооцох анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул тогтоосон үнийн 50 хувиар тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 01 сарын 24-ний өдөр оруулж худалдан борлуулсан байна. Дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээг хуулийн хугацаанд төлбөр төлөгчид гардуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд гаргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт зааснаар Ч.Э , З.О нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Э , З.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот 2 өрөө орон сууцыг 81 459 200 төгрөгөөр үнэлсэн билээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 81 459 200 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2018 оны 09 сарын 10-ны өдрийн үнэлгээний 50 хувь буюу 40 479 600 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нарын хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 1829 дугаар шийдвэр, 2019 оны 12 сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр удаа хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгаж шийдвэрлэсэн учраас орон сууцыг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 81 459 200 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 09 сарын 10-ны өдрийн үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаанд оруулах болохыг мэдэх боломжгүй байсан бөгөөд 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлээр л 40 729 600 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдсэн. Гэтэл анхан шатны шүүх үүн дээр үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, хууль зөрчсөн гэж маргасан байхад анхан шатны шүүх үүнийг мөн анхаарч үзсэнгүй, үндэслэл бүхий ойлгомжтой дүгнэлт хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Э , З.О нар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тэдний өмчлөлийн орон сууцны үнийг 50 хувь бууруулан хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх ба үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч биднийг төлбөр авагчтай уулзуулж, харилцан тохиролцох ажиллагааг явуулаагүй шууд шинжээч томилсон, үнийн санал авахдаа шинжээчийн тогтоосон үнэлгээг 50 хувь бууруулах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй хэмээн тайлбарлажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02452 дугаар захирамжаар Ц.Оюумаагаас 105 000 000 төгрөг болон 840 650 төгрөгийг гаргуулан С.Цэвэгжавд олгож, төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд З.О , Ч.Э нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал, 102 дугаар байр, 75 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар 52 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагааг явуулжээ. /хх 31-32, 30/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс 2018 оны 08 сарын 20-ны өдөр өмчлөгч З.О , Ч.Э нарт орон сууцны үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдсэн байх ба 4/12932, 4/12933 тоот мэдэгдлүүдэд хүлээн авлаа хэмээн тэмдэглэж З.О , Ч.Э нар гарын үсэг зуржээ. /хх 49, 50/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /хх 51, 52/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч биднийг төлбөр авагчтай уулзуулж, харилцан тохиролцох ажиллагааг явуулаагүй шууд шинжээч томилсон гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Шинжээч нь өмнө дурдсан орон сууцны зах зээлийн үнийг 81 459 200 төгрөгөөр тогтоожээ. /хх 53-65/ Шинжээчийн тогтоосон үнэлгээний талаархи 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 4/15918 тоот мэдэгдлийг З.О , Ч.Э нар 2018 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авчээ. /хх 69, 70/

 

Шинжээчийн тогтоосон үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 2018 оны 10 сарын 15-ны өдөр дуусч байх бөгөөд уг үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхны албадан дуудлага худалдаагаар Ч.Э , З.О нарын өмчлөлийн орон сууц бусдад худалдан борлогдоогүй учир хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулах нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн дураар үнэлгээг 50 хувиар бууруулан тогтоосон бус харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт ... хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу тогтоожээ.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулж хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон нь хууль бус гэсэн агуулга бүхий нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдагдсан хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэсэн үндэслэлийн тухайд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 4/646 тоот мэдэгдэл /хх 80/, 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдэл зэрэгт ... шинжээчийн тогтоосон үнэ 81 459 200 төгрөгийн 50 хувь болох 40 729 600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон ... 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдье хэмээн тодорхой дурдсан байхаас гадна Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн заасныг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/01829 дугаар шийдвэр болон 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/03281 дугаар шийдвэрийн тухайд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тэдгээр шийдвэрийн дагуу 2018 оны 11 сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байдаг. /хх 13-16, 10-12, 100/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600355204 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР