Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/01293

 

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/01293

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Х овогт Ч.Э,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, С овогт З.Лнарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т/үнэмлэх 2571/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9-р сарын 15-ны өдрийн 02452 дугаар захирамжаар Ц.О нь 105 000 000 төгрөгийг С.Ц-т 2017 оны 12-р сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэн, гуравдагч этгээд иргэн Ч.Э, З.Л нарын өмчлөлийн орон сууцаар хангуулахаар захирамжилсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн Ч.Э, З.Л нарын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, 75 тоот орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт 40 729 600 төгрөгөөр худалдан борлуулах болсон байсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлийг 1 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүлээн авсан. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр, 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2 удаа хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд  хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9-р сарын 15-ны өдрийн 02452 дугаар захирамжийн дагуу талийгаач Ц.О-ийн төлбөл зохих 52 500 000 төгрөгийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцаа 40 729 600 төгрөгийн төлбөрт өгөөд цаана нь 11 770 400 төгрөг төлөх төлбөртэй үлдэнэ. Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгчийг уулзуулж үнийг харилцан тохиролцуулах ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасан үнэлгээг 50% бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй улмаас өмчлөгчдийн эд хөрөнгө үнэгүйдэж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Орон сууцыг 40 729 600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг зөвшөөрөхгүй. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02452 дугаар шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Э, З.Л нарын хөрөнгөөр төлбөр төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Тогтоогдсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар талуудаас үнийн санал авсан ч тохиролцоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилсон. Ингээд хөндлөнгийн шинжээч Х ХХК нь дүгнэлтээ 2018 оны 9-р сарын 10-ны өдөр гаргасан. Дуудлага худалдааны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, болон 177.4-т зааснаар тухайн үнийг 30% болон 50% бууруулдаг. Хэрвээ энэ үнэлгээнд гомдолтой байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ эдлээгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э, З.Л нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09-р сарын 15-ны өдрийн 02452 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ц.О нь С.Ц-ын нэхэмжилсэн 105 000 000 төгрөгийг 2017 оны 12-р сарын 25-ны дотор төлөхөөр зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ч.Э З.Л нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, 0 тоот орон сууцаар 52 500 000 төгрөгийн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчинтэй /хх 30-31, 38/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 200 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч нарын өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 41-47/, улмаар 2018 оны 08-р сарын 20-ны өдрийн 4/12932, 4/12933 тоот албан бичгээр төлбөр төлөгч  З.Л, Ч.Э нарт ...орон сууцны үнэлгээг Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон 2018 оны 8-р сарын 27-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид хариу ирүүлэхийг мэдэгдсэн, мэдэгдлийг 2018-08-20-ны өдөр хүлээн авч гарын үсэг /хх 48-49/ зуржээ.

 

Харин төлбөр төлөгч нар орон сууцны үнийн талаар төлбөр авагчтай тохиролцоогүй, үнийн санал өгөөгүй байх ба төлбөр авагч орон сууцны үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2018 оны 08-р сарын 29-ний өдөр гаргасан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08-р сарын 30-ны өдрийн 185 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр /хх 50-51/ томилжээ. 

 

Шинжээч 2018 оны 09-р сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тухайн хөрөнгийг 81 459 200 төгрөгөөр үнэлэхдээ /хх 52-64/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний зах зээлийн, өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, ашиглалтын нормативт хугацаа, цаашид ашиглах хугацаа, хуримтлагдсан элэгдэл зэргийг харьцуулан тооцож үнэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 81 459 200 төгрөгийн 70 хувиар тооцож дуудлага худалдааны санал болгох доод үнийг 57 021 440 төгрөгөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналаа гаргахыг төлбөр төлөгч нарт 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн 4/15918 тоот мэдэгдлээр мэдэгдсэн, мэдэгдлийг 2018 оны 10-р сарын 08-нд хүлээн авсан /хх 68 /, улмаар үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд /хх 69/ тусгагджээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдсэн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлсөн байх ба төлбөр төлөгч нар энэ хуулийн 55.7-д зааснаар мэдэгдлийг 2018 оны 10-р сарын 08-ны өдөр мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

            Харин төлбөр төлөгч нар үнэлгээчний тогтоосон 81 459 200 төгрөгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд хуулинд заасан хугацаа хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд албадан дуудлага худалдаа хэд хэдэн удаа зохион байгуулагдсан, 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 01-р сарын 24-ний өдрийн 10 цагт 40 729 600 төгрөгөөр худалдан борлуулахаар тогтоосон, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлийг 1-р сарын 21-ний өдөр хүлээн авсан нь үнэлгээний талаарх гомдлыг хуулинд заасан хугацаанд гаргасан гэх үндэслэл болохгүй.

 

            Түүнчлэн 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн  177-р зүйлийн 177.4-т зааснаар тогтоосон 81 459 200 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээний 50 хувийн хэмжээ байна.

 

            Нөгөө талаас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 18-ны өдрийн 01829 дугаар, 2019 оны 12-р сарын 06-ны өдрийн 03281 дугаар шийдвэрүүд нь үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргахад саад болоогүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь ...төлбөр төлөгч Ц.О нас барсан, түүний эд хөрөнгөөс төлбөр төлүүлэх арга хэмжээ авалгүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр /хх 10-16/ байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Э, З.Л нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот сууцыг 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40 729 600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ч.Э, З.Лнарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА