Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00951

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01293 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1563 дугаар магадлалтай,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, 2020.02.21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаар мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нарын  нэхэмжлэл болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.15-ны өдрийн 02452 дугаар захирамжаар Ц.Оюумаа нь 105,000,000 төгрөгийг С.Цэдэвжавт 2017.12.25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэн, гуравдагч этгээд иргэн *******, ******* нарын өмчлөлийн орон сууцаар хангуулахаар захирамжилсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэгдсэн *******, ******* нарын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020.01.24-ний өдрийн 10 цагт 40,729,600 төгрөгөөр худалдан борлуулах болсон байсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлийг 1 сарын 21-ний өдөр шуудангаар хүлээн авсан. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн шийдвэр, 12 сарын 06-ны өдрийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2 удаа хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 40,729,600 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.15-ны өдрийн 02452 дугаар захирамжийн дагуу талийгаач Ц.Оюумаагийн төлбөл зохих 52,500,000 төгрөгийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцаа 40,729,600 төгрөгийн төлбөрт өгөөд цаана нь 11,770,400 төгрөг төлөх төлбөртэй үлдэнэ. Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгчийг уулзуулж үнийг харилцан тохиролцуулах ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасан үнэлгээг 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүйн улмаас өмчлөгчдийн эд хөрөнгө үнэгүйдэж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Орон сууцыг 40,729,600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг зөвшөөрөхгүй. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40,729,600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.15-ны өдрийн 02452 дугаар шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******, ******* нарын хөрөнгөөр төлбөр төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Тогтоогдсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар талуудаас үнийн санал авсан ч тохиролцоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилсон. Ингээд хөндлөнгийн шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь дүгнэлтээ 2018.09.10-ны өдөр гаргасан. Дуудлага худалдааны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 болон 177.4-т зааснаар тухайн үнийг 30 болон 50 хувь бууруулдаг. Хэрвээ энэ үнэлгээнд гомдолтой байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ эдлээгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01293 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоот сууцыг 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 40,729,600 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1563 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 1293 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэж байгаа тул магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэгд, Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үндэслэлдээ Шинжээчийн тогтоосон үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 2018.10.15-ны өдөр дуусч байх бөгөөд уг үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлт үндэслэл бүхий болжээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 1829 дугаар шийдвэр, 2019.12.06-ны өдрийн 3281 дугаар шийдвэрийн тухайд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тэдгээр шийдвэрийн дагуу 2018.11.22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байдаг гэжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн 2018.08.29-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2018.09.10-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр Хөрөнгө эстимэйт ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал, 102 дугаар байрны 75 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 81,459,200 төгрөгөөр үнэлсэн билээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 1829 дугаар шийдвэр, 2019.12.06-ны өдрийн шүүхийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр удаа хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2020.01.14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 81,459,200 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн 2018.09.10-ны өдрийн үнэлгээний 50 хувиар буюу 40,729,600 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан байгаагаас үзвэл үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах эрхтэй гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 1829 дугаар шийдвэр, 2019.12.06-ны өдрийн шүүхийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр удаа хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгаж шийдвэрлэсэн учраас орон сууцыг Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн 81,459,200 төгрөгөөр үнэлсэн 2018.09.10-ны өдрийн үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаанд оруулах болохыг мэдэх боломжгүй байсан бөгөөд 2020.01.14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлээр л 40,729,600 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдсэн. Гэтэл хоёр шатны шүүх үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу ойлгож тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хоёрдугаарт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 1829 дугаар шийдвэр, 2019.12.06-ны өдрийн шүүхийн шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр удаа хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгаж шийдвэрлэсэн учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно харилцан тохиролцуулах ажиллагааг хийх ёстой. Гэтэл харилцан тохиролцуулах ажиллагаа хийгээгүй, Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааны үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, хууль зөрчсөн гэж маргасан байхад давж заалдах шатны шүүх 2018.12.12-ны өдрийн 4/646 тоот мэдэгдэл, 2020.01.14-ний 4/1334 тоот мэдэгдэл зэрэгт доод үнийг 50 хувиар бууруулж тогтооно гэж тодорхой тусгасан байхаас гадна Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэнд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны 1293 дугаар шийдвэр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******, ******* нар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан орон сууцны үнийг 50 хувь бууруулан хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргахдаа ..шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өмнө нь 2 удаа хүчингүй болгож байсан, ... төлбөр авагчтай уулзуулж, харилцан тохиролцох ажиллагааг явуулаагүй шууд шинжээч томилсон, үнийн санал авахдаа шинжээчийн тогтоосон үнэлгээг 50 хувь бууруулах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.15-ны өдрийн 102/ШШ2017/02452 дугаар захирамжаар Ц.Оюумаагаас 105,840,650 төгрөгийг гаргуулан С.Цэвэгжавд олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд *******, ******* нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, VI хороо, 102 дугаар байр, 75 тоот, 2 өрөө орон сууцаар 52,500,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс *******, ******* нарт 2018.08.20-ны өдөр орон сууцны үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдсэн, нэхэмжлэгч нар үнийн санал ирүүлээгүй байх тул орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс ...шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч биднийг төлбөр авагчтай уулзуулж, харилцан тохиролцох ажиллагааг явуулаагүй шууд шинжээч томилсон гэсэн нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй.

Шинжээч нь орон сууцны зах зээлийн үнийг 81,459,200 төгрөгөөр тогтоосон тухай 2018.09.21-ний өдрийн 4/15918 тоот мэдэгдлийг *******, ******* нар 2018.10.08-ны өдөр хүлээн авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа 2018.10.15-ны өдөр дууссан, үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан талаарх баримтгүй тул нэхэмжлэгч нарыг хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

            Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд албадан дуудлага худалдаа хэд хэдэн удаа зохион байгуулагдсан, 2 дахь албадан дуудлага худалдааг 2020.01.24-ний өдрийн 10 цагт 40,729,600 төгрөгөөр худалдан борлуулахаар тогтоосон, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдлийг 1 сарын 21-ний өдөр хүлээн авсан нь үнэлгээний талаарх гомдлыг хуулинд заасан хугацаанд гаргасан гэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц анхны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй учир хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулах нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 01829, 2019.12.06-ны өдрийн 03281 шийдвэрүүд нь нэхэмжлэгч нараас үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргахад саад болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь ...төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барсан, түүний эд хөрөнгөөс төлбөр төлүүлэх арга хэмжээ авалгүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах шаардлагатай гэж хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр тухай хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэсэн гомдлоо нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан, давж заалдах шатны шүүхээс гомдлын үндэслэлд хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Тухайлбал, ...шийдвэр гүйцэтгэх газрын 2018.12.12-ны өдрийн 4/646 тоот мэдэгдэл, 2020.01.14-ний өдрийн 4/1334 тоот мэдэгдэл зэрэгт ... шинжээчийн тогтоосон үнэ 81,459,200 төгрөгийн 50 хувь болох 40,729,600 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон ... 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн тухай тодорхой дурдсан, нөгөө талаас Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зохицуулалтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1563 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД