Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01215

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01215

 

 

Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч У.Сэлэнгэ, С.Эринбилэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 201 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Сэдэд

Нэхэмжлэгч Д.Сэдэдийн өмгөөлөгч: Н.Ичинхорлоо

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

С.Бадрал

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Эринтөгс

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд оролцов.

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.Сэдэд, нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадрал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нарын хүсэлтээр 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн гэрээний 10 дугаар зүйлд үндсэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний барьцаанд У.Сэлэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ гудамж, 46 дугаар байрны 12 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий хоёр өрөө байрыг, 39.2 м.кв талбай бүхий авто гражийн хамт тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Дээрх зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн, 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 70 000 000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээг 10 сарын хугацаатай байгуулсан боловч 2 удаа буюу 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 7 сараар, 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 6 сараар гэрээний хугацааг тус тус сунгасан. Ийнхүү хугацааг сунгахад өмнө гэрээний тохиролцоо хэвээр хадгалагдаж байсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулан мөнгө авсан цагаас хойш нэг ч төлөлт хийгээгүй, бидний зүгээс удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү /2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 6 хүртэл 23 сарын хүү/ 64 400 000 төгрөг, алданги 67 200 000 төгрөг, нийт 201 600 000 төгрөгийг гаргуулж, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эринтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээний дагуу 70 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан талаар маргахгүй. Харин зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 11-д энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байх ба уг гэрээгээр мөнгийг бодтойгоор байгуулсан гэж үзэхгүй. Энэ асуудлаар манай талаас маргаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг гэрээний агуулгаас үзэхэд гэрээний сунгалт бус шинээр гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэд хоорондын зээлд зөвхөн зээлийн тогтоосон хугацаагаар нь хүү тооцож 70 000 000 төгрөгийн хүү нь 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 28 373 000 төгрөг, алданги 1 475 000 төгрөг гэж тооцоо нийлсэн байна. Үүнийг зээлдүүлж, бэлэн мөнгөөр өгнө гэсэн утгатай болж байна. 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний хувьд Б.Сэдэд, Д.Цэцэгмаа нар гарын үсэг зурсан, харилцан тохиролцсоноор энэ зээлийн гэрээ бодитойгоор хэрэгжээгүй тул хүү шаардах эрхгүй байна гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 282 дугаар зүйлийн удирдлага болгон эдгээр хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримтгүй учраас хүү төлөх үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг шүүх багасгаж болно, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д хүүнээс анз тооцохгүй гэж тус тус заасан байдаг. 2012 оноос хойш Б.Сэдэд, Д.Цэцэгмаа гэдэг хүмүүс Монгол улсад зээл олгох байдлаар иргэдэд зээл өгч, мөнгө хүүлэх болсон. 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн үндсэн зээлийн гэрээний талаар манай талаас маргаагүй, уг гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 28 373 000 төгрөг, алданги 1 475 000 төгрөг, нийт 99 848 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Ц.Сэлэнгэ, У.Эринбилэг нараас 176 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ-ийн гудамж, 46 дугаар байрны 12 тоот Ү-2203017239 улсын дугаартай, 48 м.кв 2 өрөө сууц, Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м.кв авто гаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1 039 949 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 299 232 төгрөг /499 950+505 000+107 300+186, 82/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эринтөгс давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт "...гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...талууд хоорондоо 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан..." гэж дүгнэсэн атлаа мөн уг гэрээг 2014 оны 8 дугаар сарын 5-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэж хүү, алданги тооцсон нь илт үндэслэл муутай байна. Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 11"...энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно..." гэж тов тодорхой заасан байх ба уг гэрээгээр мөнгийг бодитойгоор гардуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байхад уг зээлийн гэрээг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэж, нийт 17 сарын хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болно.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт "...хүүгээс анз тооцохгүй..." гэж заасан байхад үндсэн зээлийн төлбөр дээр зээлийн хүүг нэмж, нийт дүнгээс алданги болох 58 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 8-ний өдрүүдэд тус тус байгуулагдсан зээлийн гэрээнд "...зээлийн үйлчилгээнд 0,5 хувийн шимтгэл төлнө..." гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа иргэн Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлж, зээл олгодог тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т "...Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ...", 15.3.4-т "...банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн уйл ажиллагаа эрхлэх..." тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан атал иргэн Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй этгээдийн хийсэн хэлцэл юм. Иймд хариуцагчийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 5ы өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 70 000 000 төгрөг, 10 сарын зээлийн хүү болох 28 000,000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 35 000 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул үлдэх 43 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "176 400 000 төгрөг" гэснийг "133 000 000 төгрөг", "25 200 000 төгрөг" гэснийг "43 400 000 төгрөг" гэж өөрчилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сэдэд давж заалдах гомдолдоо:

... Хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг үзэхэд 70 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 8 хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлүүлсэн мэтээр шүүхийн шийдвэрт бичигдсэн байна. Зээлдэгч бид нар шинээр зээлийн гэрээ байгуулаагүй, харин зээлдэгч С.Эринбилэг, Сэлэнгэ нартай харилцан тохиролцож гэрээний сунгалт хийсэн юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн шинээр зээл олгосон гэж тайлбарласнаар шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 25 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч нараас 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгуулахыг хүссэн хүсэлтийн дагуу санхүүжилт авах хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2016 оны 1 дүгээр сарын 8 хүртэл 7 сарын хугацаатай, 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай 2 удаа сунгасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг болохоос хүчингүй болгоно гэсэн заалт биш юм. Үгийн утгаар тайлбарлах арга нь ихэнхи тохиолдолд тухайн үгийн утгыг харьцуулан тайлбарлах явдлаар хязгаарлагддаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нөхцлийн агуулга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарна гэж заасан. Гэрээний сунгалтыг хийхдээ зээлдүүлэгч болон зээлдэгч нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 25 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт каасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь хариуцагч У.Сэлэнгэ, С.Эринбилэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 201 600 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүгээс анз тооцсон, 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр сунгаагүй гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Сэдэд хариуцагч У.Сэлэнгэ нар 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэх хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 6 тал/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Д.Сэдэд нь хариуцагч У.Сэлэнгээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талууд гэрээний зүйл болох 70 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн талаарх мөнгө хүлээлцсэн акт хэрэгт авагдсан, гэрээний харилцаа бодитоор үүссэн болно. /хх-ийн 11 тал/

 

 

Мөн зохигчид 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч У.Сэлэнгэ, С.Эринбилэг нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоотод оршин байрлах 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 39,2 м.кв талбай бүхий №12 гаражийг тус тус барьцаалж, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. \хх-ийн 7-9 тал\

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч У.Сэлэнгэ, С.Эринбилэг нар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний 13-т талууд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөр сунгаж, уг гэрээндээ ... Зээлийн гэрээгээр олгогдсон 70 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хуримтлагдсан зээлийн хүү 28 373 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 6-8 хүртэлх 3 өдрийн алданги 1 475 000 төгрөг, нийт 99 848 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөөгүй байгаа нь үнэн болно. Энэхүү төлбөрийг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, гэрээний хугацааг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өөрсдийн хүсэлтээр, ямар ч хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр сунгаж байгаагаа хүлээн зөвшөөрч гарын үсгээр зээлдэгч бид баталгаажуулав гэж тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөр сунгасан гэж үзэн, хариуцагч У.Сэлэнгэ, С.Эринбилэг нараас үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүүг сарын 4 хувиар тооцож 17 сарын /2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл/ хугацааны зээлийн хүү 47 600 000 төгрөг, алданги 58 800 000 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 117 600 000:2= 58 800 000/, нийт 176 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 6 сарын хугацаагаар зээлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээгээр хэн аль нь дээрх мөнгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй болохоо үгүйсгээгүй байна.

 

Зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 5-ны гэрээний хугацааг сунгасан сунгалт гэж, хариуцагч өмнөх гэрээний сунгалт биш, шинэ гэрээ гэсэн өөр өөр агуулгаар тайлбарлан маргажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний агуулгыг талуудын хооронд өмнөх гэрээг сунгаж байсан гэрээний агуулгатай харьцуулан үзэхэд уг гэрээнд өмнөх зээлийн гэрээний сунгалт гэсэн агуулга байхгүй байх тул талууд 70 000 000 төгрөг зээлүүлэхээр шинээр гэрээ байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэж уг хугацаагаар хүү, алдангийг төлүүлэх, хариуцагч зээлийн гэрээнд алдангийг зээлийн үндсэн төлбөрийн үнийн дүнгээр төлөхөөр тохиролцсон гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн гэрээгээр сунгаж, зээлийн гэрээний үүргийг тодорхойлсон, харин 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөгийг зээлсэн гэсэн агуулгаар хийгдсэн байх тул 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээг өмнөх зээлийн гэрээний сунгалт гэж үзэхгүй бөгөөд энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Талууд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн гэрээний 10-т гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдэгч тал төлөх үүрэгтэй гэж, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дээрх зээлийн гэрээний 8-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тус тус заасан байна.

 

2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн үндсэн төлбөрөөс алданги төлүүлэх заалтыг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээгээр өөрчилж үндсэн үүргээс /үндсэн зээл+хүү/ төлүүлэхээр тохиролцсон байх тул шатны шүүх уг гэрээний тохиролцоог үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шийдвэрлэснийг буруутгах, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэдэд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэдэд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Сэдэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эринтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО