Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00503

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05-ны өдөр                   Дугаар 183/ШШ2018/00503                         Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, овогт С /РД: /,

Нэхэмжлэгч:  Ц /РД: / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С /РД: /,

Хариуцагч: Э /РД: / нарт холбогдох,    

зээлийн гэрээний үүрэгт 201,600,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, ажиглагчаар Г.Төгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадрал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2014.08.03-ны орой Б.С, С.Э нар манай гэрийн гадаа ирж аав, ээж 2-той уулзсан. Энэ хүмүүс нь манай аав, ээж 2-оос өмнө нь мөнгө зээлдэг байсан. Энэ 2 хүн нь “яаралтай ганц хоёр хоногийн хугацаанд мөнгө хэрэгтэй байна, арилжааны банк мөнгө зээлэхгүй байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна гээд туслахыг хүссэн, өмнө нь 2 удаа зээл авсанаа хэлж 3 дахь удаагаа зээл авмаар байна” гэж ирсэн. 2014.08.03-ны өдрийн орой бид нар зээлийн хүү, хэмжээ, хугацаа зэргийг тохиролцож, 2014.08.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр нийтдээ 70.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар байгуулж, барьцааны гэрээг давхар байгуулж, тухайн зүйлийг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж, улмаар 2014.08.06-ны өдөр хариуцагч нар нь гарын үсэг зурж, мөнгө хүлээлцсэн акт үйлдсэн байгаа. Уг зээлийг хариуцагч нар нь “богинохон хугацаанд төлнө, итгэл хүлээлгэнэ үү” гэсний дагуу нэхэмжлэгч нь итгэж  мөнгө зээлүүлсэн. Зээлсэн мөнгөө хурдан эргүүлж өгөхийг байнга хэлж, очиж уулзаж, утасддаг байсан. Гэтэл 2014.08.06-ны өдрөөс авсан зээлээ хариуцагч нар нь “зээлээ төлөх боломжгүй боллоо, та бүхэн хугацаа сунгаж өгнө үү” гэх хүсэлт бичгээр гаргаж өгсөн. Хэрэгт нотлох баримтаар 2016.06.08-ны өдрийн хүсэлт авагдсан байгаа. Уг хүсэлтэд 70.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцож, гэрээ байгуулсан үүргээ биелүүлээгүй тул хугацааг сунгахыг хүссэн.  Энэ хүсэлтийг үндэслэж бид нар 2015.06.08-ны өдөр буюу зээлийн гэрээг сунгахдаа зээлийн гэрээний нөхцөлүүдийг тохиролцож, алданги болон зээлийн хүүг маш нарийн тооцсон байгаа. Гэтэл 2016.01.08-ны өдрийн буюу 2 дох зээлийн гэрээний сунгалт дуусах үед хариуцагч нар нь дахин хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу 2016.01.08-ны өдөр С.Эийн оффис дээр очсон бөгөөд хариуцагч нар нь өөрсдийнхөө нөхцөл байдлыг хэлж, “зээлийн гэрээг итгэл үзүүлэн дахин 1 удаа сунгаж өгнө үү” гэсний дагуу хугацаа болон хүүг тэмдэглэж, 3 дахь зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл хугацаа сунгуулсан 23 сар нь 4 хувийн хүүтэй гэхээр 64.400.000 төгрөг болж байгаа юм. Гарын үсэг зурна гэдэг нь тухайн хүн хуулиар болон зээлийн гэрээг хүлээсэн үүргээ баталгаажуулж байна гэсэн үг юм. Зээл, хүү, алданги зэргийг төлж барагдуулна гэсэн С.Эийн гарын үсэгтэй компанийн санхүүжилт орж ирэнгүүт зээлийн төлбөр хүүтэй нь 2016.07 дугаар сард багтаан төлөх хүсэлт ирсэн. 2016.06.15-ны өдрийн хүсэлт, дахиад 2016.11.04-ний тайлбартаа дараагийн долоо хоногт дансанд мөнгө орж ирэхээр нь төлнө гэсэн байдаг. Ингээд 38 сар болж байхад харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. мөнгийг ашиглачихаад одоо бага мөнгө өгөх нь арай боломжгүй зүйл байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээний тухайд талууд маргаан байхгүй. Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хууль ёсны үндэслэл бүхий гэрээ гэж ойлгож байгаа. Уг гэрээний дагуу 70.000.000 төгрөг авсан талаар маргаагүй. Хариуцагч талаас 2 зүйлд маргаж байгаа. Энэ нь үлдэгдэл төлбөр буюу 120.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, анхны гэрээ 10 сарын хугацаатай 2014.08.05-ны өдрөөс 2015.06.08-ны өдөр хүртэл, сарын 4 хувийн хүүтэй зээл авсан.  Маргаж байгаа зүйл бол 2015.06.08-ны өдрийн зээлийн гэрээний 11 дүгээр зүйлд “энэхүү гэрээ нь зээлдэгчээс зээлдэгчдэд мөнгийг бодитой гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн тохиолдолд” гэж байна. Тэгэхээр зээлийн гэрээний үндсэн агуулга нь бодитой мөнгийг гаргуулсан байхыг шаардаж байна. Тэр тусмаа 70.000.000 төгрөг, 28.373.000 төгрөг, 99.848.000 төгрөгийг бодитой бэлнээр өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно гэж талууд тохиролцсон бөгөөд 99.848.000 төгрөгийг бэлнээр өгсөн нотлох баримтгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байгаа. Хэрвээ сунгалт гэвэл 2014 оны хэдэн сараар сунгав гэж хийх байсан. Энэ сунгасан гэрээ гэж байгаа нь шинээр гэрээ хийж байгаа нэг хэлбэр юм. Иргэний хуульд заасны дагуу тухайн сунгалтыг хийхдээ энэ гэрээний сунгалт болно гэж талууд гарын үсэг зурах хэрэгтэй. Ийм учраас бид нарыг зүгээс 2015.06.08-ны өдрийн зээлийн гэрээг бодитой биелэгдээгүй гэрээ гэж үзэж байна. Үүнтэй холбоотой 2016.01.08-ны гэрээ байгаа. Энэ зээлийн гэрээгээр  бас 70.000.000 төгрөг нэмж өгсөн юм уу, эсхүл 2016 оны зээлийн гэрээний дахин сунгалт эсэх нь тодорхойгүй, агуулгаас харахад Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг тайлбарлавал шинэ гэрээ байна. Улмаар 2014 оны зээлийн гэрээ нь 2015 оны 06 дугаар сард дуусгавар болсноор цаашид үргэлжлээгүй байна гэдэг үйл баримт тогтоогдож байна. Иргэд хоорондын зээлд зөвхөн зээлийн тогтоосон хугацаагаар нь боддог, маш тодорхой тооцоо нийлсэн байгаа. 70.000.000 төгрөгийн хүү, 2014.08.05-ны өдрөөс 2015.06.08-ны өдөр хүртэл хуримтлуулсан хүү 28.373.000 төгрөг, алданги 1.475.000 төгрөг гэж тооцоо нийлсэн. Үүнийг зээлдүүлж, бэлэн мөнгөөр өгнө гэсэн утгатай болж байна. 2015 оны гэрээний асуудалд Б.С, Д.Ц нар гарын үсэг зурсан, харилцан тохиролцсоноор энэ зээлийн гэрээ бодитойгоор хэрэгжээгүй гэрээ учраас бид нарын зүгээс цааш нь хүү хуримтлуулах эрх байхгүй гэж хязгаарлагдаж байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 282 дугаар зүйлийн удирдлага болгон эдгээр хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримтгүй учраас хүү төлөх үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг шүүх багасгаж болно гэж заасан байдаг. 2012 оноос хойш Б.С, Д.Ц гэдэг хүмүүс Монгол улсад зээл олгох байдлаар иргэдээс зээлийн хүү хүүлэх болсон. 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үндсэн зээлийн гэрээнд бид нар маргаагүй, үүний дагуу төлөх ёстой 70.000.000 төгрөг, хуримтлуулсан хүү 28.373.000 төгрөг, алдангийг 1.475.000 төгрөг гэж тооцоо нийлсэнээр нэхэмжлэлийн шаардлагыг 99.848.000 төгрөгөөр хангаж, барьцааны гэрээний дагуу худалдан борлуулснаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 64 400 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг нийтдээ 169 400 000 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  хариуцагч У.С, С.Эрдэнэбилэг нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2017.06.02-ны өдөр нэмэгдүүлж үндсэн зээл 70 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 64 400 000 төгрөг, алданги 56 448 000 төгрөг, нийтдээ 190 848 000 төгрөг нэхэмжилсэн, мөн 2018.01.15-ны өдөр дахин 10 752 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 201 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн байна.

            Хариуцагч тал “...зээлийн хүүгээс анз тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, 2016.01.08-ны өдрийн гэрээг 2015.06.05-ны  өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзсэн нь хууль бус” гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Д.С, У.С нарын хооронд 2014.08.05-ны өдрийн зээлийн  гэрээ  байгуулагдсан,  сарын 4 хувийн хүүтэй 70 000 000 төгрөгийг 2015.06.05-ныг хүртэл 10 сарын хугацаатай зээлдүүлсэн,  зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд энэ гэрээнд хамтран зээлдүүлэгч Д.Ц, хамтран зээлдэгчээр С.Э нар хамтдаа  гарын үсэг зурсан байна.

Мөн өдрийн барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ-ний гудамж 46 дугаар байрны 12 тоот Ү-2203017239 улсын дугаартай,  48м/кв 2 өрөө сууц, Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м/кв авто гаражийг барьцаалсан, барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч нь У.С, нэг хүний өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

           Д.С, Д.Ц нараас 2014.08.05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 70 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай нэр бүхий 4 хүний гарын үсэг зурсан 2014.08.06-ны өдрийн мөнгө хүлээлцсэн акт хэрэгт авагдсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

Энэ хуулийн заалтаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, хариуцагч нар мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй болно.

Талууд хоорондоо  2015.06.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний  зүүн дээд талд “2014.08.05-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний сунгалт, нэмэлт өөрчлөлт” гэж тодотгосон байх бөгөөд гэрээний нөхцөл 1.1-д 2014.08.05-ны өдрийн зээлийн гэрээгээр олгогдсон 70 000 000 төгрөгний зээлийн гэрээний хугацааг 2015.06.08-ны өдрөөс 2016.01.08-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай сунгав гэжээ.

 Гэрээний 13-т сунгалтын гэрээг байгуулсан 2015.06.08-ны өдрийн байдлаар 70 000 000 төгрөг, 2014.08.05-ны өдрөөс 2015.06.08-ныг хүртэлх хуримтлагдсан зээлийн 28,373,000 төгрөг, 2015.06.06-наас 8-ныг хүртэл 3 өдрийн алданги 1,475,000 төгрөг, нийт 99,848,000 төгрөг төлөөгүй байгаа нь үнэн болно гэжээ.

Мөн өдөр 2015.06.08-ны үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, энэ гэрээний 3-т “...барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн болон харилцан тохирсон үнэлгээг 99,470,000 төгрөгний үнэлгээтэй болгож өөрчлөв” гэжээ.

Хариуцагч нар 2015.06.08-ны өдөр гаргасан зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтдээ нийт 99,848,000 төгрөг төлөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацааг сар бүрийн 4 хувийн хүүтэй сунгахыг хүсч байсан, мөн санхүүжилт орж ирэнгүүт бүх төлбөрийг төлж дуусгах талаар нэхэмжлэгч нарт 2016.02.29-нд, 2016.06.15-нд, 2016.11.04-нд удаа дараа бичгээр тайлбар гаргаж байсан байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй боловч Д.С, У.С нар 2016.01.08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсанаар өмнөх 2015.06.08-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх талаар маргалдсан байна.

Хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан 2016.01.08-ны өдрийн зээлийн гэрээг үзэхэд зээлдүүлэгч нь 70 000 000 төгрөгийг 2016.01.08-ны өдөр зээлдэгчид 2016.07.08 хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн мэтээр байгуулсан атлаа  мөн өдрийн барьцааны гэрээний 1-д “...2014.08.05-ны өдрийн 70 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд 150 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан” гэж тусгажээ.

           Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байна.

           Талууд хоорондоо 2016.01.08-ны өдрийн зээлийн гэрээг шинээр байгуулсан мэт боловч тухайн өдөр бодитоор мөнгө шилжээгүй, мөн өмнөх гэрээг сунгасан талаар тусгаагүй, уг гэрээгээр талууд ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй  байх тул өмнөх зээлийн гэрээний хугацааг 2016.07.08-ныг хүртэл дахин 6 сараар сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, алдангийг хэрхэн тооцож 201 600 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж буйгаа нотолж чадаагүй байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан 2014.08.05-ны өдрийн зээлийн болон  барьцааны гэрээний хугацааг 2015.06.08-ны өдрийн зээлийн гэрээгээр сунгасан гэж дүгнэж, үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүүг сарын 4 хувиар, гэрээний хугацааг 17 сараар тус тус тооцож, зээлийн хүү 47 600 000 төгрөгийг нэмж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 117 600 000 төгрөг гэж, түүний алданги 58 800 000 төгрөгийг нэмж  нийтдээ 176 400 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, 2014.08.05-ны зээлийн гэрээний 2-т зээлийн хүү тооцохоор, гэрээний 10-т “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын  гэрээг бичгээр хийнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн заалтад тус тус нийцсэн байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Ц.С, У.Э нараас 176 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 200 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ-ний гудамж 46 дугаар байрны 12 тоот Ү-2203017239 улсын дугаартай,  48м/кв 2 өрөө сууц, Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м/кв авто гаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч нараас 1,039,949 төгрөг гаргуулж Д.С, Д.Ц нарт  олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 299 232 төгрөг /499,950+505,000+107,300+186,982/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ