Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01472

 

Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлалтай

Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй

У.С, С.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 201 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эринтөгс нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бадрал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нарын хүсэлтээр 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн гэрээний 10 дугаар зүйлд үндсэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний барьцаанд У.Сийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ гудамж, 46 дугаар байрны 12 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий хоёр өрөө байрыг, 39.2 м.кв талбай бүхий авто гражийн хамт тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Дээрх зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн, 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 70 000 000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээг 10 сарын хугацаатай байгуулсан боловч 2 удаа буюу 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 7 сараар, 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 6 сараар гэрээний хугацааг тус тус сунгасан. Ийнхүү хугацааг сунгахад өмнө гэрээний тохиролцоо хэвээр хадгалагдаж байсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулан мөнгө авсан цагаас хойш нэг ч төлөлт хийгээгүй, бидний зүгээс удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү /2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 6 хүртэл 23 сарын хүү/ 64 400 000 төгрөг, алданги 67 200 000 төгрөг, нийт 201 600 000 төгрөгийг гаргуулж, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээний дагуу 70 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан талаар маргахгүй. Харин зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 11-д энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байх ба уг гэрээгээр мөнгийг бодитойгоор гардуулсан гэж үзэхгүй. Энэ асуудлаар манай талаас маргаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг гэрээний агуулгаас үзэхэд гэрээний сунгалт бус шинээр гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэд хоорондын зээлд зөвхөн зээлийн тогтоосон хугацаагаар нь хүү тооцож 70 000 000 төгрөгийн хүү нь 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 28 373 000 төгрөг, алданги 1 475 000 төгрөг гэж тооцоо нийлсэн байна. Үүнийг зээлдүүлж, бэлэн мөнгөөр өгнө гэсэн утгатай болж байна. 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний хувьд Б.С, Д.Ц нар гарын үсэг зурсан, харилцан тохиролцсоноор энэ зээлийн гэрээ бодитойгоор хэрэгжээгүй тул хүү шаардах эрхгүй байна гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 282 дугаар зүйлийг удирдлага болгон эдгээр хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримтгүй учраас хүү төлөх үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг шүүх багасгаж болно, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д хүүнээс анз тооцохгүй гэж тус тус заасан байдаг. 2012 оноос хойш Б.С, Д.Ц гэдэг хүмүүс Монгол улсад зээл олгох байдлаар иргэдэд зээл өгч, мөнгө хүүлэх болсон. 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн үндсэн зээлийн гэрээний талаар манай талаас маргаагүй, уг гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 28 373 000 төгрөг, алданги 1 475 000 төгрөг, нийт 99 848 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Ц.С, У.Э нараас 176 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ-ийн гудамж, 46 дугаар байрны 12 тоот Ү-2203017239 улсын дугаартай, 48м.кв 2 өрөө сууц, Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м.кв авто гаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1 039 949 төгрөг гаргуулж Д.С, Д.Ц нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 299 232 төгрөг /499 950+505 000+107 300+186,82/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлд ээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.С болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эринтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Зээлдүүлэгч Д.Ц би зээлдэгч С.Э, У.С нарт 70 000 000 төгрөгийг 2014.08.05-ны өдрөөс 2015.06.05 өдөр хүртэл 10 сарын хугацаатай зээлдүүлсэн.  Дараа нь 2015.06.05-ны өдрөөс 2016.01.08-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай сунгасан сунгалтын гэрээг хийсэн. Энэ сунгалтын гэрээний дараа 2016.01.08-ны өдрөөс 2016.07.08-ны өдөр хүртэл 6 сарын сунгалтын гэрээг тус тус хийсэн.

Гэвч анхан шатны шүүхээс 2016.01.08-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг 70 000 000 төгрөгийг зээлсэн гэсэн агуулгаар хийгдсэн байх тул 2016.01.08-ны өдрийн гэрээг өмнөх зээлийн сунгалт гэж үзэхгүй байгаад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисонд гомдолтой байна.

...Иргэний хуулийн 198.1.-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 198.2.-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгын бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заажээ.

Иргэний хуулийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. ... 2016.01.08-ны гэрээг үгийн утгаар сунгалтын гэрээг агуулгаар сунгалтын гэрээ биш гэж шүүх шийдвэрлэсэн. Дээрх хуулийн заалтаар үгийн утгыг анхаарна гэж зааснаас бус үгийн шууд утгаар зээлийн сунгалтын гэрээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Аливаа гэрээ болон хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах гэдэг нь тэдгээрийн эрх зүйн ач холбогдол бүхий утга санааг илэрхийлэхийг хэлнэ. Иргэний хуулийн 198 болон 41 дүгээр зүйлд заасан гэрээ болон хүсэл зоригийг тайлбарлах нь маргааныг шийдвэрлэх гол зарчим байдаг. ...Иргэний хуулийн 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилсан байна. ...хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргаж гэрээг шинэ гэрээ хийсэн гэх үндэслэлээр хүү, алданги авах боломжийг хаагдуулсан явдалд гомдолтой байна. ...энэ сунгалтын гэрээг хийхдээ зээлдүүлэгч зээлдэгч нар иргэний хуулийн 189.1-д зааснаар сунгалтын гэрээг чөлөөтэй байгуулж гэрээг сунгах агуулгыг өөрсдөө тодорхойлж 2016.01.08-ны өдрийн гэрээг 6 сарын хугацаатай сунгасан болно. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 25 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон 2016.01.08-ны өдрийн сунгалтын гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зарим хэсэг нь хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу “...магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх...”- ээр дараах үндэслэлийг гаргаж байгаа болно. Үүнд:

1.    Шүүхийн магадлалд “...шүүх талуудын хооронд байгуулсан 2014.08.06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хугацааг 2015.06.08-ны өдрийн зээлийн гэрээгээр сунгасан гэж дүгнэсэн нь ...хууль зүйн үндэслэлтэй болжээ...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт “...Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна...” гэж заасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...талууд хоорондоо 2015.06.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан...” гэж дүгнэсэн атлаа мөн уг гэрээг 2014 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэж хүү, алданги тооцсон нь илт үндэслэл муутай байна.

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээнд “...Монгол Улсын иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл заалтыг үндэслэн нэг талаас Дондовын Ц, Давгын С би /зээлдүүлэгч/, нөгөө талаас ...У.С, С.Э /зээлдэгч/ бид харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулав...” гэж шинээр бие даасан зээлийн гэрээг байгуулсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх зүйлд “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасан. Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 11 дүгээр зүйлд “...энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно...” гэж тов тодорхой заасан байх ба уг гэрээгээр мөнгийг бодитойгоор гардуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байхад уг зээлийн гэрээ нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэж нийт 17 сарын хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Шийдвэрт “...2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн үндсэн төлбөрөөс алданги төлүүлэх заалтыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр өөрчилж үндсэн үүргээс төлүүлэхээр тохиролцсон байх тул анхан шатны шүүх уг гэрээний тохиролцоог үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шийдвэрлэснийг буруутгах, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт “...хүүгээс анз тооцохгүй...” гэж заасан байхад үндсэн зээлийн төлбөр дээр зээлийн хүүг нэмж, нийт дүнгээс алданги болох 58 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хууль зөрчиж шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэхгүй шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно...” гэж заасан.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан зээлийн гэрээнд “...Зээлийн үйлчилгээнд 0.5 хувийн шимтгэл төлнө...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа иргэн Д.С, Д.Ц нар нь байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлж, зээл олгодог тухайгаа хүлээн зөвшөөрсөн.

Мөн иргэн Д.С, Д.Ц нар нь 2012 оноос хойш байнгын зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь нийтэд илэрхий баримт болох Shuukh.mn цахим хуудсанд байрлах тэдний нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаануудын шийдвэрээр нотлогдож байна.

...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ...”, 15.3.4-т “...банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх...” тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан атал иргэн Д.С, Д.Ц нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй этгээдийн хийсэн хэлцэл юм.

Иймд хариуцагчийн зүгээс 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 70 000 000 төгрөг, 10 сарын зээлийн хүү болох 28 000 000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 35 000 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул үлдэх 43 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх зүйлээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 167.2.3-т заасны дагуу 1215 дугаар магадлалын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “176 400 000 төгрөг” гэснийг “133 000 000 төгрөг”, “25 200 000 төгрөг” гэснийг “43 400 000 төгрөг” гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь У.С, С.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 201 600 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 99 848 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр зээлдүүлэгч нар нь зээлдэгчид 70 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үндсэн зээлийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч У.Сийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна.

Гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Гэрээний дагуу зээлдэгч нар 70 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, улмаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 7 сараар сунгаж Зээлийн гэрээ байгуулсан, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 70 000 000 төгрөгийг зээлсэн тухай дахин Зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нар дээрх 3 гэрээний үргэлжлэх хугацаагаар зээлийн хүү, алдангийг тооцож нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар эхний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг  зөвшөөрч, гэрээний хугацаа сунгасан гэх гэрээг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан эхний гэрээ, хугацаа сунгасан хоёр дахь гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэн, дээрх гэрээгээр тохирсон хугацаагаар зээлдэгчийн үүргийг тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.4., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 Харин 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ бодит байдалд хэрэгжээгүй, тус гэрээг зээлийн хугацааг сунгасан гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын  энэ хэсэгт холбогдох шаардлагыг нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд зээлийн гэрээний сунгалтыг зөв тайлбарлаагүйгээс хүү, алданги авах эрхийг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын эцэг эхийг таньдаг үндэслэлээр тэдний хүсэлтээр   мөнгө зээлдүүлснийг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нарыг зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй.

Мөн шүүх гэрээгээр тохирсон хугацаанд ногдох хүү, хуульд заасны дагуу алдангийг тооцсон байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6. дахь заалтыг зөрчиж, хүүгээс анз тооцсон гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй байна. 

Зохигчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр болон гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эринтөгс нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Сээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагч С.Эээс төлсөн 374 950 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД