Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02496

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02496

 

 

Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02184 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Энхболдод холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 679 275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энхболд нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 16 тоот байрны өмчлөгч юм. С.Энхболд нь Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны дундын өмчийн засвар үйлчилгээний төлбөрийг олон жил төлөөгүй. С.Энхболд орон сууцандаа амьдардаггүй, орон сууцаа хууль бусаар өргөтгөөд, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлдэг. Өөрөөс нь төлбөрийг шаардахад энэ байрны эзэн Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг н.Чойжамц, би биш гэсний улмаас бид шүүхэд удаа дараа А.Чойжамцийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан боловч хэргийг шалгах явцад энэ байрны өмчлөгчөөр С.Энхболд тогтоогдсон юм.

Иймд Иргэний хуулийн 143-149 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон 2014 оны 05 дугаар сарын 10-ны СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн С.Энхболдоос 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний хугацаанд төлөөгүй дундын өмчийн засвар, үйлчилгээний төлбөр 1 679 275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 54 дүгээр байрны 16 тоот орон сууцыг банкны зээлд хамрагдан 2013 оны 10 дугаар сард худалдан авсан. Энэхүү орон сууцыг худалдан авсныхаа дараахан буюу 2013 оны 11 дүгээр сараас СӨХ-ны төлбөр 9 025 төгрөгөөс 29 300 төгрөг болж өсгөсөн. Би үндэслэлгүй өсгөсөн төлбөрийг төлөхгүй гэдгээ тухайн үед СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Таняд мэдэгдсэн. Үүнээс хойш СӨХ-оос надтай уулзаагүй, уулзах хүсэлт, шаардлага, мэдэгдэл тавиагүй. Энэ хугацаанд манай байр байнгын хүнтэй байсан бөгөөд СӨХ-ны төлбөрөөс бусдыг нь цаг хугацаанд төлөөд явдаг байсан.

СӨХ-ны Дээд зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6 тоот тогтоолоор айл өрхийн 1м.кв-аас авах төлбөр 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлс 1500-10 000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулалд 5 000-10 000 төгрөг, лифтний төлбөр 8000-10 000 төгрөг байхаар заасан байдаг. Манай байр лифтгүй, харуул хамгаалалт, жижүүргүй хуучны 5 давхар байр юм. Миний эзэмшдэг 16 тоот байр нь 3 өрөө 40 м.кв бөгөөд тус байранд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суух зориулалтаар ашигладаг.

СӨХ-ны төлбөрийн хэмжээг бүх оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Нэхэмжлэлд хавсаргасан СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр нь бүх оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй байсан гэж үзэхэд хангалттай бус байна. 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүх гишүүдийн хуралд оролцсон оршин суугчдын бүртгэл, гарын үсэг зэрэг нотлох баримт байхгүй байна. СӨХ-ны нэмэгдэж 29 300 болсон төлбөрийг манайхаас 2013 оны 11 дүгээр сараас нэхэмжилж эхэлсэн нь бүх гишүүдийн хурал хийсэн гэх өдрөөс өмнө цаг хугацааны зөрүүтэй байна.

Хариуцагчийн зүгээс байрны бусад өрхийн жишгээр сард 10 000 төгрөгөөр тооцон 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Тус орон сууц нь гэрчилгээнд бичигдсэнээр 40 м.кв талбайтай бөгөөд өргөтгөл хэсэг нь 20 хүрэхгүй м.кв байгаа. Гэхдээ орон сууцны конторт 73 м.кв талбайгаар бүртгэгдсэн тул уг хэмжээгээр тооцохыг зөвшөөрч байна. СӨХ нэг айл өрхөөс 1м.кв-ыг 230 төгрөгөөр тооцож авдаг тул 73 м.кв-ыг 230 төгрөгөөр тооцоход 16 790 төгрөг болж байна. Үүнийг төлөөгүй 57 сараар бодоход нийт 957 030 төгрөг гарч байна. Энэхүү төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энхболдоос 966 055 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хот айл-4 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 713 220 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжинд 27 735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хот айл-54 СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т "сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол" илүү өндөр хэмжээгээр төлүүлж болно хэмээн заасан байдаг бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх хүлээн авч шийдвэртээ тусгасныг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд нийцүүлэн гаргасан бүх гишүүдийн хурлын шийдвэрийг шүүх буруу дүгнэсэн.

Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч өөрийн татгалзал нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч өөрийн татгалзлаа нотлоогүй бөгөөд, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргаагүй. Мөн бүх гишүүдийн хурлаар тэргүүлэгч Г.Ариунжаргал, н.Түмэнжаргал нарыг сонгосон бөгөөд хурлын тэмдэглэл шийдвэрт тэргүүлэгч нар гарын үсэг зурсан, тэр бүү хэл хорооны засаг дарга оролцсон бөгөөд мөн гарын үсэг зурсан, СӨХ-ны тамга дарсан. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.10 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Хот айл 54 СӨХ нь хариуцагч С.Энхболдод холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 1 679 275 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

С.Энхболд нь Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо, бага тойруугийн 54 дүгээр байрны 16 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэрээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нэхэмжлэгч Хот айл-54 СӨХ нь хариуцагч С.Энхболдын өмчлөлийн 54 дүгээр байрны 16 тоот орон сууц нь зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн, өргөтгөл нь орж тооцогдоод 73 м.кв талбайтай тул 1 м.кв-ыг нь 400 төгрөгөөр тооцон сард 29 300 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 57 сарын хугацааны төлбөрт 1 679 275 төгрөг шаардсан бол хариуцагч С.Энхболд нь орон сууц нь өргөтгөлтэй боловч аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй учир 73 м.кв орон сууцны 1 м.кв-ыг нь 230 төгрөгөөр тооцож 1 сарын төлбөрт 16 790 төгрөгийг 57 сараар тооцон нийт 957 030 төгрөг төлөхийг зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч С.Энхболд нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч Хот айл 54 СӨХ-д төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ өмчлөгч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тус СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн Хот айл-54 СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцээгүй, түүнчлэн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн 50 хувь нь оролцсон байх шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Г.Ариунжаргал, н.Түмэнжаргал нар нь Хот айл 54 СӨХ-ны тэргүүлэгчид болох нь баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хариуцагч С.Энхболдоос 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул 1 м.кв-ыг 400 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагч С.Энхболдын татгалзал үндэслэлтэй байна.

 

Иймд С.Энхболдын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 54 дүгээр байрны 16 тоот орон сууц нь өргөтгөл хэсгийг оруулаад 73 м.кв талбайтай байх бөгөөд талууд уг асуудлаар маргахгүй байх тул нийт айл өрхийн 1 м.кв талбайг 230 төгрөгөөр тооцон авч байгаа зардлын хэмжээгээр тооцон сард 16 790 төгрөгийг дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Анхан шатны шүүх 2013 оны 10 дугаар сарын төлбөр 9025 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 57 сарын төлбөр 957 030 төгрөг, нийт 966 055 төгрөгөөр хариуцагчийн үүргийг тодорхойлсон нь зөв болжээ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг бичихдээ техникийн алдаа гаргаж, алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02184 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын Хот айл-4 гэснийг Хот айл-54 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 21 667 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА