Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00670

 

“ХА” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02184 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2496 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “ХА” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Э-од холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 679 275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Танягийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч С.Э-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Э- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 16 тоот байрны өмчлөгч. С.Э- нь Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны дундын өмчийн засвар үйлчилгээний төлбөрийг олон жил төлөөгүй. С.Э- орон сууцандаа амьдардаггүй, орон сууцаа хууль бусаар өргөтгөөд, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлдэг. Өөрөөс нь төлбөрийг шаардахад энэ байрны эзэн Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг н.Чойжамц, би биш гэсний улмаас бид шүүхэд удаа дараа А.Чойжамцийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан боловч хэргийг шалгах явцад энэ байрны өмчлөгчөөр С.Э- тогтоогдсон юм. Иймд Иргэний хуулийн 143-149 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон 2014 оны 05 дугаар сарын 10-ны СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн С.Э-оос 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний хугацаанд төлөөгүй дундын өмчийн засвар, үйлчилгээний төлбөр 1 679 275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 54 дүгээр байрны 16 тоот орон сууцыг банкны зээлд хамрагдан 2013 оны 10 дугаар сард худалдан авсан. Энэхүү орон сууцыг худалдан авсныхаа дараахан буюу 2013 оны 11 дүгээр сараас СӨХ-ны төлбөр 9 025 төгрөгөөс 29 300 төгрөг болж өсгөсөн. Би үндэслэлгүй өсгөсөн төлбөрийг төлөхгүй гэдгээ тухайн үед СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Таняд мэдэгдсэн. Үүнээс хойш СӨХ-оос надтай уулзаагүй, уулзах хүсэлт, шаардлага, мэдэгдэл тавиагүй. Энэ хугацаанд манай байр байнгын хүнтэй байсан бөгөөд СӨХ-ны төлбөрөөс бусдыг нь цаг хугацаанд төлөөд явдаг байсан. СӨХ-ны Дээд зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6 тоот тогтоолоор айл өрхийн 1мкв-аас авах төлбөр 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлс 1500-10 000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулалд 5 000-10 000 төгрөг, лифтний төлбөр 8000-10 000 төгрөг байхаар заасан байдаг. Манай байр лифтгүй, харуул хамгаалалт, жижүүргүй хуучны 5 давхар байр юм. Миний эзэмшдэг 16 тоот байр нь 3 өрөө 40 м.кв бөгөөд тус байранд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суух зориулалтаар ашигладаг. СӨХ-ны төлбөрийн хэмжээг бүх оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Нэхэмжлэлд хавсаргасан СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр нь бүх оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй байсан гэж үзэхэд хангалттай бус байна. 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүх гишүүдийн хуралд оролцсон оршин суугчдын бүртгэл, гарын үсэг зэрэг нотлох баримт байхгүй байна. СӨХ-ны нэмэгдэж 29 300 төгрөг болсон төлбөрийг манайхаас 2013 оны 11 дүгээр сараас нэхэмжилж эхэлсэн нь бүх гишүүдийн хурал хийсэн гэх өдрөөс өмнө цаг хугацааны зөрүүтэй байна. Хариуцагчийн зүгээс байрны бусад өрхийн жишгээр сард 10 000 төгрөгөөр тооцон 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Тус орон сууц нь гэрчилгээнд бичигдсэнээр 40 мкв талбайтай бөгөөд өргөтгөл хэсэг нь 20 хүрэхгүй мкв байгаа. Гэхдээ орон сууцны конторт 73 мкв талбайгаар бүртгэгдсэн тул уг хэмжээгээр тооцохыг зөвшөөрч байна. СӨХ нэг айл өрхөөс 1мкв-ыг 230 төгрөгөөр тооцож авдаг тул 73 мкв-ыг 230 төгрөгөөр тооцоход 16 790 төгрөг болж байна. Үүнийг төлөөгүй 57 сараар бодоход нийт 957 030 төгрөг гарч байна. Энэхүү төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02184 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-оос 966 055 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хот айл-4 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 713 220 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-оос улсын тэмдэгтийн хураамжинд 27 735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХА СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2496 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02184 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын Хот айл-4 гэснийг ХА гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 21 667 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь С.Э-оос СӨХ-ны төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дурдсан сууц өмчлөгдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно ’ хэмээн заасныг ойлгоогүй байна. Учир нь: 1.Энэхүү хуулийн заалтыг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэртээ /Хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсгийн 1.2-т “зөвшөөрөлгүй байраа өргөтгөж амьдарч байгаа айлуудаас сард нийт талбайгаас 400 төгрөгөөр м.кв-ыг тус тус тооцон үргэлжлүүлэн авахаар тогтлоо” хэмээн шийдвэрлэсэн байгааг “аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа 800 төг/м2” айлын тарифтай хольж хутган ойлгоогүй байна.

2.Анхан шатны шүүхээс “...энэхүү зардлын хэмжээг тогтоон шийдвэрлэхдээ тогтоол гаргаж, түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулаагүй” гэж байгаа нь үнэнд нийцэхгүй. нотариатаар баталгаажуулж шүүхэд хүргүүлсэн хурлын тэмдэглэлийн хуулбарт нь тамга нь тод гарч харагдахгүй байгаа нь бидний бус техникийн алдаа болон бид хурлын тэмдэглэлийн эх хувийг үзүүлэхийг хүсч байна. Тэр СӨХ-ны тэмдэг нь одоо бидэнд байхгүй, 2016 оны 7 дугаар сард хуучирч элэгдсэн шалтгаанаар хууль ёсоор тамгаа хураалган, СӨХ нь шинэ тамга авч байсан юм.

З. Анхан шатны шүүхэд СӨХ-оос нэмж гаргаж өгсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны “Газар чөлөөлөх тухай” 02-10/229 тоотыг хэрэгт хавсаргаагүй байна. Иймээс Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны 183/ШШ2018/02184 дугаартай шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны 2496 тоот магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг 1 679 275 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн оноосон нэрийг ташаа бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч “ХА” СӨХ нь хариуцагч С.Э-од холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 679 275 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Э- шаардлагыг эс зөвшөөрч сууц өмчлөгчдөөс авдаг төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааны талаар дүгнэсэн байна.

Хариуцагч С.Э- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 54 дүгээр байрны 16 тоот 40 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгч мөн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг СӨХ-д төлөөгүй байна.

С.Э-ын орон сууц нь нэг давхарт байрлалтай бөгөөд өргөтгөл хийснээр 73 мкв талбайтай гэж тооцогдох учир 1 мкв талбайг 400 төгрөгөөр тооцон, сард 29 300 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжлэгч тал үзсэн бол хариуцагч тухайн өргөтгөлд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй, өргөтгөлтэй нь худалдан авч, сууцны зориулалтаар ашигладаг тул 1 мкв-ыг 230 төгрөгөөр тооцож, сард 16 790 төгрөгөөр СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой гэж маргасан байна.

Нэхэмжлэгч “ХА” СӨХ  нь 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгч нараас ялгамжтай авахаар тогтоосон байх ба хоёр шатны шүүх энэхүү шийдвэрийг хууль ёсны гэж үзээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх хурлын шийдвэрийг хоёр шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4., 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасан шаардлагыг зөрчсөн, сууц өмчлөгчдийн 50 хувь оролцсон эсэх, тэмдэглэлд гарын үсэг зурсан хүмүүс нь тус холбооны тэргүүлэгчид мөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэж маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч С.Э- дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь баримтаар тогтоогдсон, тэрээр нийт айл өрхөөс сард авдаг төлбөрийн жишгээр ашигтай талбайн 1 мкв-аас 230 төгрөгөөр боддог төлбөрийг орон сууцны үндсэн болон өргөтгөлийн тайлбайг хамааруулан 73 мкв-аар төлөхийг хүлээн зөвшөөрснийг үндэслэн хариуцагчаас 2013 оны 10 дугаар сарын төлбөр 9 025 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 957 030 төгрөг нийт 966 055 төгрөг  гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2496 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 20 751.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                      Ц.АМАРСАЙХАН