Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0163/З |
Дугаар | 221/МА2018/0274 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0274
2018 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2018/0274 | Улаанбаатар хот |
“Э Б Э Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, У.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0155 дугаар шийдвэртэй, “Э Б Э Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0155 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн “Э Б Э Ж Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Э Б Э Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: “...Шүүх хариуцагчийн гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолтод нэхэмжлэгч компанийн албан ёсны хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 27-57 тоот гэж гаргаж өгсөн атал тус тодорхойлолтод хэн нэгэн этгээдийн нэмэлт тэмдэглэгээ хийсэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбогд плаза 1-2 тоот түрээс гэж тэмдэглэсэн хаягийг нэхэмжлэгчийн албан ёсны хаяг гэж үзэж хаягтаа хүргэгдсэн байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хуулийн этгээд албан ёсны хаягтаа өөрчлөлт оруулсан бол шинээр хуулийн этгээдийн тодорхойлолт гарган өгч бүртгүүлэх эсвэл өмнө гаргасан тодорхойлолтод өөрчлөлт оруулсан тэмдэглэгээ хийсэн бол өөрчлөлт оруулсан тэмдэглэгээг хэзээ бичих, эрх бүхий этгээдийн гарын үсэг, компанийн тэмдэгээр баталгаажуулах ерөнхий шаардлагыг төрийн захиргааны байгууллага ханган ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрх шаардлагыг хангаагүй, нэмэлт тэмдэглэгээ хийсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хаягтаа хүргэгдсэн гэж дүгнэж байгаад гомдолтой байна.
Монгол шуудан ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ашигт малтмал, газрын тосны газраас “Э Б Э Ж Э” ХХК, Баянгол дүүргэг 16 дугаар хороо, “Шинэ монгол хаад” ХХК-ийн байранд гэсэн хаягаар илгээсэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 тоотод...” гэсэн 08/59 дүгээр албан бичгийг анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлийг дурдаж төрийн захиргааны байгууллага болон Монгол шуудан ХК-ийн лавлагааны хариуд бичсэн дээрх хаягууд зөрж байгаа тухай хэлсэн хэдий ч шүүх хүлээн авч нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн дүгнээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 27-57 тоот гэж тэмдэглэсэн хаяг нь манай албан ёсны бүртгэлтэй хаяг бөгөөд төрийн байгууллагатай энэ хаягаар харилцахаар тодорхойлолтоо гарган өгсөн. Түрээс гэж тэмдэглэсэн хаяг нь н.Бат-Амгалангийн өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн хаяг бөгөөд энэ хаягийг хэн хэзээ нэмж тэмдэглэсэн эсэхийг мэдэхгүй байгаагаа тайлбарласан боловч анхан шатны шүүх нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан асуудалд бүрэн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр “Э Б Э Ж Э” ХХК-д Өмнөговь аймгийн Манлай сумын “Оюут манлай” нэртэй газарт 65087 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн холбогдох заалтаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “Э Б Э Ж Э” ХХК-ийн дээрх ашигт малтмалын хайгуулын XY-014238 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэхээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “Э Б Э Ж Э” ХХК-д хүргүүлсэн ба уг мэдэгдлийг мөн оны 01 дүгээр сарын 27-ны өдөр н.Бат-Амгалан гардсан авсан байна.
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, тухайн жилдээ төлөх зохицуулалт байхгүй тул “Э Б Э Ж Э” ХХК тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийн тодорхой хэсгийг урьдчилан төлсөн нь түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хариуцагч цуцлахгүй байх үндэслэл болохгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...төрийн захиргааны байгууллага болон “Монгол шуудан” ХК-ийн албан бичгүүдэд хаягууд зөрүүтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн дүгнээгүй гэж үзэж байна” гэж дурдсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан энэ талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг хариуцагчид үүрэг болгосон.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18.2.1-д “тухайн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг” гэж заасан ба нэхэмжлэгч байгууллага Ашигт малтмал, газрын тосны газартай албан ёсоор харилцах хаягаа өөрөө тодорхойлж, төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн тодорхойлсон уг хаягаар нь харилцах талаар хуульд зохицуулсан ч уг хуулийн зорилго нь хариуцагчаас хууль зүйн үр дагавар бүхий асуудлын талаар тухайн хуулийн этгээдэд мэдэгдэж, түүнийг арилгах боломжийг олгох явдал юм.
“Э Б Э Ж Э” ХХК-ийн хаяг нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 хороо, Өнөр хороолол 27-57 тоот болох нь нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолтоор тогтоогдох боловч хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6/333 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч Д.Бат-Амгалан гардан авсан гэдэгтэй нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд тэр нь “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08/382, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/59 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх албан бичгийг Д.Бат-Амгаланд гардуулсныг “Э Б Э Ж Э” ХХК-д мэдэгдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт төлсөнөөр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч компанийн хууль ёсны хаягаар мэдэгдлийг хүргүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч компани 2014-2015 оны төлбөрийн тал хувийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүйгээ мэдэж байсан боловч үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн 2015-2016 оны төлбөрөө мөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд 2017 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч өөрийн төлбөр төлөх үүргээ мэдсээр атлаа дан ганц хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА