Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02497

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02497

 

 

Ж.Бат-Ирээдүйн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02019 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Бат-Ирээдүйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын их сургуульд холбогдох,

 

Сахилгын шийтгэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Буянбадрал

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 7 сараас 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монгол Улсын их сургууль /цаашид МУИС гэх/-ийн Пресс төвийн захирлын ажлыг хийж байхдаа 3 ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан бөгөөд пресс төвийн захирлын албан тушаалд цалингүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ерөнхий суурийн сурах бичиг зохиох, хэвлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг даалгасан шийдвэр гарч би зохиогч нартай гэрээ байгуулж ажилласан.

Гэтэл Монгол Улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч, уг тушаалд МУИС-ийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлт, МУИС-ийн Захиргааны Зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, МУИС Пресс Төвийн даргын саналыг тус тус үндэслэн намайг захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэхдээ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналын 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 21.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн гэж тодорхойлсон.

Зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж хийсвэрээр 24.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн гэх үндэслэл нь надаас ажил хүлээж авч үргэлжлүүлсэн Ч.Нарантуяа захирлын ажиллаж байх хугацаанд болсон бөгөөд энэ нь нягтлангийн хариуцах ажил үүрэг юм. Нөгөөтэйгүүр нэг ч төгрөгийн цалингүй ажиллуулчихаад ажлаас бууснаас хойш 2-3 жилийн дараа хариуцлага тооцох тухай асуудал байж болохгүй юм.

Мөн сахилгын шийтгэлийн 2 дахь үндэслэл болсон шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж, мөнгийг өөртөө завшсан нь тогтоогдсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ сурах бичиг сонгон шалгаруулах явцад тухайн үеийн тэнхимийн профессорын хувиар ерөнхий суурийн сурах бичиг зохиохоор баг ахлаж шалгаруулалтанд орсон нь тэнцсэн бөгөөд зохиогч нартай гэрээ байгуулах болсон юм. Би өөрөө өөртэйгээ гэрээ байгуулах хууль эрх зүйн нөхцөл байхгүй тул тухайн номын багт оролцож байгаа нэг ажилтантай гэрээ байгуулахаас өөр аргагүй байдалд орсон тул зохиогчдын багийн гишүүн Ж.Ичинхорлоотой гэрээ байгуулсан бөгөөд уг мөнгө нь зохиогч нарын шагнал юм.

Иймээс маргаан бүхий тушаал үндэслэлгүй учраас сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУИС-ийн Пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Бат-Ирээдүй нь захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24,7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн, тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж, өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж, мөнгийг өөртөө авч завшсан, байгууллагыг санхүүгийн алдагдалтай удирдсан болох нь тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт, МУИС-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр илэрсэн.

Нэхэмжпэгч Ж.Бат-ирээдүй нь тухайн үед МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд дээрхи санхүүгийн зөрчил дутагдал нь 2018 оны 3 сард илэрсэн болно. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд МУИС-ийн нийт авлагын дүнд МУИС Прессийн 24.7 сая төгрөгийн авлага багтсан.

Мөн МУИС-ийн Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтэд Сурах бичгийн зохиогчийн шагналыг үндэслэлгүйгээр 1000 ширхэг номоор тооцон өртөгт шингээж, хийсвэрээр дансны авлага үүсгэсэн зөрчил илэрсэн. Энэхүү 24.7 сая төгрөгийн дансны авлага үүссэн хугацаа нь Ж.Бат-ирээдүйгийн ажиллаж байсан үе буюу номны анхны зохиогчтой гэрээ байгуулсан үеэс эхэлсэн байна. Энэ нь МУИС Пресс хэвлэлийн газрын НББ-ийн авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд тодорхой бүртгэгдсэн.

Ж.Бат-ирээдүй нь удирдлагаас гаргасан тушаалын хавсралтаар батлагдсан сурах бичгийн зохиогч нарын нэрийг өөрчилсөн зөрчил илэрсэн. /Ж.Бат-ирээдүй- Ж.Ичинхорлоо/. Өөрөөр хэлбэл албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байхад дур мэдэн сурах бичгийн жагсаалтанд өөрчлөлт оруулсан. Тэрээр МУИС Пресс төвийн ажилтантайгаа гэрээ байгуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. МУИС Пресс хэвлэлийн газрын сурах бичгийн зохиогчийн шагналын урьдчилгаа олгох хүснэгт, мөнгөний баримтад 900 900 төгрөгөөс татварын хувийг хасаад 729 729 төгрөгийг Ж.Ичинхорлоогийн нэр дээр гаргуулсан боловч дээрхи ажилтан мөнгийг Ж.Бат-ирээдүйд хүлээлгэн өгсөн байдаг.

Ж.Бат-ирээдүйгийн дээрхи хууль зөрчсөн үйлдлүүд нь зохих байгууллагын шалгалтаар илэрсэн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бат-Ирээдүйгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Монгол улсын Их сургуулийн пресс хэвлэлийн газар нь анх 1990 байгуулагдсан бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 373 тоот тушаалаар МУИС Пресс хэвлэлийн газрыг байгуулан ажилуулахаар болж орон тоог гүйцэтгэх захирлаар Ж.Бат-Ирээдүйг 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хавсран ажиллуулахаар анх тушаал гаргасан байдаг. Уг 373 тоот тушаалын 5-д зааснаар "МУИС Пресс хэвлэлийн газар"-ын бизнес төлөвлөгөө, болон ажиллах журмыг боловсруулан танилцуулж батлуулан ажиллахыг гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүйд үүрэг болгосон боловч 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бизнес төлөвлөгөө, болон ажиллах журамгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.

Ж.Бат-Ирээдүй нь тухайн үед Монгол судлалын хүрээлэнгийн захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байсан бөгөөд МУИС Пресс хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлын ажлыг хавсран гүйцэтгэх болсон талаар тайлбарласан байхад анхан шатны шүүх "...талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргахгүй байна..." гэж дүгнэн бодит байдлыг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Түүнчлэн МУИС-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/269 дугаартай тушаалаар Ж.Бат-Ирээдүй удаан хугацаагаар гадаад оронд зочин профессорын хөтөлбөрт хамрагдахаар болсон тул түүний гүйцэтгэж байсан МУИС Пресс-ийн гүйцэтгэх захиралын ажлыг Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяад түр хугацаагаар хавсруулан гүйцэтгэхээр болж, Ж.Бат-Ирээдүйд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Энэ хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захиралын Б/30 дугаартай тушаал гаргаж Ж.Бат-Ирээдүйг гэрээт багшаас чөлөөлж, профессороор ажиллуулах тушаал мөн гарч байсан бөгөөд түүнийг МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байх үед буюу 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/72 захирлын "Сурах бичиг хэвлэх, санхүүжилтийг хуваарилах тухай" тушаал гарч Сонгон шалгаруулах хорооны дүгнэлтийн дагуу шинээр хэвлэх 22, дахин хэвлэх 4, орчуулгын 6 сурах бичгийг батлагдсан төсвийн дагуу 25 000 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр болж, улмаар сурах бичгийн зохиогч, орчуулагч, багийн ахлах нартай үр дүнгийн гэрээ байгуулж, санхүүжилт хийж сурах бичиг хэвлүүлэх, борлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Ж.Бат-Ирээдүйд үүрэг болгож байсан. Тухайн үед уг мөнгийг зориулалтын бусаар ашигласан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байхад шүүхээс баримтаар нотлогдохгүй байна гэж хууль бус дүгнэлт хийлээ.

МУИС Пресс төвийн захирлын Арга хэмжээ тооцуулан санал хүргүүлэх тухай 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай албан бичгийг үндэслэн МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Бат-Ирээдүйд сахилгын арга хэмжээ оногдуулсан нь үндэслэлтэй байхад шүүх хэт нэг талыг барьж үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иимд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Бат-Ирээдүй нь хариуцагч Монгол Улсын их сургуульд холбогдуулан сахилгын шийтгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.2, хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.2.5, МУИС-ийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлт, захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус баримтлан Ж.Бат-Ирээдүйг МУИС Пресс төвийн захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн, тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж мөнгийг өөртөө авч завшсан, байгууллагыг санхүүгийн алдагдалтай удирдсан гэх үндэслэлээр түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ажилтан Ж.Бат-Ирээдүй нь МУИС Пресс хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлаар 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-ы өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан ба уг ажлыг үндсэн ажлын хамт хавсарч гүйцэтгэж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй ч гомдлоор хянан хэлэлцэх маргаанд хамаарах үйл баримтын хувьд нотлогдсон байх ёстой юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтыг хариуцагч талаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2018/08077 тоот захимж гаргаж, хариуцагч байгууллагаас МУИС Пресс хэвлэлийн газрын захирлаар Ж.Бат-Ирээдүй ажиллаж байх хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолт, түүнийг уг хэвлэлийн газрын захирлын ажлаас чөлөөлсөн тушаал, тус байгууллагын 2015-2017 оны санхүүгийн тайланг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 64-66 дахь тал/

 

МУИС-ийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4а/3097 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтод Ж.Бат-Ирээдүй нь 2015 оны МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн профессор багшаар, мөн МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар, МУИС-ийн МУИС-Пресс хэвлэлийн газрын захирлаар тус тус ажиллаж байсан гэжээ. /1 хх 164 дэх тал/

 

Түүнчлэн МУИС-ийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/3102 тоот албан бичгээр тус сургуулийн архивт Ж.Бат-Ирээдүйг МУИС Пресс хэвлэлийн газрын захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай тушаал байхгүй байна гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн боловч энэ нь ажилтныг уг ажлын байранд түүнд сахилын шийтгэл ногдуулсан 2018 оны тушаал гарах хүртэл ажиллаж байсан гэдгийг нотлохгүй юм. /1хх 163 дах тал/

 

Монгол Улсын Их сургуулийн захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тэмдэглэлээс үзвэл уг хуралаар хэлэлцэгдсэн асуудалд МУИС Пресс төвийн үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүнгийн мэдээлэл орж хэлэлцэгдсэн ба тус төвийн үйл ажиллагаатай холбоотой 2015, 2016 онд гарсан зөрчилд тухайн үед удирдлагаар ажиллаж байсан албан тушаалтнуудыг Ж.Бат-Ирээдүй, н.Нарантуяа, н.Нямаа, н.Болормаа нар байсан гэж тодорхойлжээ. /1хх 170-181 дэх тал/

 

Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл Ж.Бат-Ирээдүй нь 2012 оноос 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд МУИС-Пресс хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

 

МУИС-ийн захирлын 2018 оны Б/167 тоот тушаалд дурдсан Ж.Бат-Ирээдүйн гаргасан гэх зөрчил 2015 онд хамрагдах ба уг зөрчил гарснаас хойш ажил олгогч нь 6 сарын дотор сахилгын арга хэмжээ авах байсан. Ажилтныг ажлаа хүлээлгэж өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 3 жил 6 сарын дараа зөрчлийг олж тогтоож буй гэх тайлбар үндэслэл муутай байна.

 

Иймд хуульд заасан хугацаа хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуудах арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь уг тушаалын үндэслэлд маргасан тул анхан шатны шүүхээс дүгнэлт өгснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

МУИС-ийн захирлын Сурах бичиг хэвлэх, санхүүжилтийг хуваарилах тухай 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/72 тоот тушаалаар сурах бичгийн зохиогч, орчуулагч, багийн ахлагч нартай үр дүнгийн гэрээ байгуулж, санхүүжилт хийж, сурах бичиг хэвлүүлэх, борлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Ж.Бат-Ирээдүйд үүрэг болгож, сурах бичгийн хэвлэх зардлын тооцоог баталсан, ажилтан Ж.Бат-Ирээдүй зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24 700 000 төгрөгийн дансны авлага үүсгэсэн, сурах бичгүүдийн нэрийг сольсон нь нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Үндэсний аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн санхүүгийн аудитын тайлан, 06/761 тоот аудитын гэрчилгээ /1хх 104-141 дахь тал/-г хариуцагч байгуулла болох МУИС-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримт эх хувиарэ эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрт үнэлсэн нь хууль зөрчсөн боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний алдаатай зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. Учир нь дээрх тайлан, аудитын гэрчилгээ нь МУИС-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хамаарах тул ажилтан Ж.Бат-Ирээдүйн 2015 онд гаргасан гэх сахилгын зөрчилд хамаарахгүй байна.

 

МУИС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан МУИС-ын МУИС Пресс төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын тайланд МУИС Пресс төв нь 2014, 2015 онд алдагдалтай ажилласан тухай дурдсан байх боловч уг дүгнэлтийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан ямар баримтуудад тулгуурлан гаргасан нь тодорхой бус, эргэлзээтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэлээ.

 

Харин Ж.Бат-Ирээдүй нь иргэн Ж.Ичинхорлоод шилжүүлсэн зохиогчийн шагнал болох 729 729 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримтыг анхан шатны шүүх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сурах бичгийн зохиогчийн эрх хамтран эзэмших гэрээ, МУИС Пресс хэвлэлийн газрын сурах бичгийн зохигчийн шагналын урьчилгаа олгосон баримт, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 000049 тоот төлбөрийн даалгаврын баримтыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэж зөв тогтоосон ба уг зөрчилд сахилгын арга хэмжээ авах хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн байхад тушаал гаргасан нь буруу гэсэн дүгнэлтийг хийснийг буруутгах боломжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс тогтоосон энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа, хариуцагч нь татгалзал, тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА