Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж. Б/РД: /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М сургуульд холбогдох,

 

Сахилгын шийтгэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жанцангийн Б миний бие 2015 оны 9 сараас 2017 оны 10 cap хүртэл ХБНГУ-ын Боннын Их Сургуульд зочин профессороор ажиллаж ирээд, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд профессорын орон тоонд ажиллахаар МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн Б/561 тоот тушаал гарч ажилдаа орж ажиллаж байсан билээ. Ингээд дараахь зүйлээр нэхэмжлэл гаргаж байна.

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Я.Төмөрбаатар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж, үүндээ МУИС-ийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлт, МУИС-ийн Захиргааны Зөвлөлийн 2018 оны 03-р сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, МУИС Пресс Төвийн даргын саналыг үндэслэн гэж дурдсан боловч миний шаардсанаар нэг ч баримтыг өдий хүртэл үзүүлээгүй байгаа тул сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, өгөхийг хүсч өргөдөл гаргав.

Энэ шийтгэлийг 2018 оны 4 дүгээр сарын 17-нд шууданд хийснийг тэр үед эмнэлэгт хэвтэж байсан тул мөн сарын 18-нд шуудангаас хулээн авсан болно.

Миний бие МУИС Пресс Хэвлэлийн Газрын Гүйцэтгэх захирлаар нэг ч төгрөгийн төсөвгүй, нэг ч төгрөгийн цалингүйгээр дараахь хугацаанд 2 жил ажилласан.

Гүйцэтгэх захирал

Ажилласан жил

цалин

Ж.Б

2012 оны 7-р сарын 02-2015 оны 9 сарын 25

0

Ч.Нарантуяа

2015 оны 9-р сарын 25 - 2017.05.01

0

Ц.Болормаа

2017 оны 05-р сарын 01 - 2017.09.26

0

Б.Шүрэнцэцэг

2017 оны 9 сарын 26-наас - одоо

???????

Энэ байгууллагад даргаар ажилласан ийм дөрвөн хүний ажилласан хугацаа, цалингийн байдлыг ойлгуулах үүднээс хүснэгтээр үзүүллээ. Үүний учир нь тэдний намайг “буруутгасан” “... Зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж хийсвэрээр 24.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн, гэдэг үндэслэл чинь надаас ажил хүлээж авч үргэлжлүүлсэн Ч.Нарантуяа захирлын ажиллаж байх хугацаанд болсон бөгөөд нарийн ярьвал хариуцаж байсан нягтлангийн хариуцах ажил байна.

Ийм учраас хүний хийсэн “ялыг” би үүрмээргүй байна. Нөгөөтэйгүүр нэг ч төгрөгийн цалингүй ажиллуулчихаад ажлаас бууснаас хойш 2-3 жилийн дараа хариуцлага тооцох тухай асуудал байж болохгүй юм.

Мөн сахилгын шийтгэлийн 2 дахь үндэслэл болсон заалт буюу тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж, мөнгийг өөртөө “завшсан” нь тогтоогдсон нь гэсэн энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ сурах бичиг сонгон шалгаруулах явцад тухайн үеийн тэнхимийн профессорын хувиар ерөнхий суурийн сурах бичиг зохиохоор баг ахлаж шалгаруулалтанд орсон нь тэнцсэн бөгөөд дараа нь уг сурах бичиг хэвлэх ажлыг манай прессээр хийлгэх шийдвэр гарч би зохиогч нартай гэрээ байгуулах болсон юм. Ингээд өөрөө өөртэйгээ гэрээ байгуулах хууль эрх зүйн нөхцөл байхгүй тул тухайн номын багт оролцож байгаа нэг ажилтантай гэрээ байгуулахаас өөр аргагүй байдалд орсон юм. Энэхүү гэрээг байгуулсан Ж.Ичинхорлоо нь миний докторант бөгөөд номыг зохиогчдын багийн гишүүн юм. Энэ мөнгө чинь зохиогч нарын шагнал. Энэ сурах бичгийг багаар одоо хүртэл хийж байгаа багийн гишүүдэд хуваарилж өгсөн мөнгө болно. Би ганцаараа аваад идээд уугаад байгаа юм байхгүй.

Ийнхүү 30 гаруй жил ажилласан МУИС-ийн эрх ашгийн төлөө захирлын үүрэг гүйцэтгэгчийг шүүмжлэн Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэж, шүүмжилж, үг хэлсний төлөө гадуурхан мөрдөн мөшгөж, үндэслэлгүй, зохиомол үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, мөн ажлаас халсан нь ёс зүйгүй бусармаг үйлдэл бөгөөд үүнийг шалган үзэж, сахилгын зөрчил оногдуулсан тушаалыг хүчингүй болгож, өгнө үү хэмээн өргөдөл гаргав.

Би энэ 32 жилд МУИС-ийн төлөө зүрх сэтгэлээ гаргаж, зүтгэж ажилласнаас биш хэрэг төвөг тарьж, зөрчил гараж байгаагүй юм.” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Бгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУИС-ийн захирлын Б/167 тоот тушаал нь өөрөө хууль зөрчсөн болох нь дараах тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байна.

Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.2 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2, 9.1.5 дахь заалтыг барьсан байдаг. Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 2 сарын 9-ний өдрийн А/49 тоот тушаалаар байгуулсан. МУИС-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлт, МУИС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 3 сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр,  МУИС-ийн пресс төвийн захирлын саналыг тус тус үндэслэн гэж байгаа. Тушаахдаа МУИС-ийн пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Б нь захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэхдээ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналын 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 21.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн гэж байна. Эхний зөрчлийн тухайд хэзээ хэрхэн гаргасан зөрчил болох нь тодорхойгүй. Хийсвэрээр дансны авлага үүсгэх боломж, нөхцөл байсан эсэх нь тодорхойгүй. Ж.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийн алинд нь хамаарагдах зөрчил болох нь тодорхойгүй байна. Тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж, өөрийн нэрийн өмнөөс гэрээт ажилтантай гэрээ байгуулж мөнгийг өөртөө завшсан гэсэн боловч Ж.Б нь тамга тэмдэгтэй эрх бүхий байгууллагын нэрийн өмнөөс гэрээ байгуулсан байдаг. Энэ мөн хэзээ гаргасан зөрчил болох нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй. Тэр мөнгийг Ж.Б өөртөө авч завшаагүй. Сурах бичигт ажилласан эрдэмтэн багш нарт хувиарласан эсэхэд маргаантай асуудлыг эргэлзээгүйгээр нотлож тогтоогоогүй. МУИС-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Байгууллагын санхүүг алдагдалтай удирдсан гэх боловч Ж.Бгийн хувьд хэзээнээс хэднийг хүртэл, хэрхэн яаж алдагдалтай удирдсан гэдэг н тодорхойгүй. Санхүүгийн алдагдлын шалтгаан нөхцөл нь удирдлагын үйл ажиллагаанаас хамааралтай эсэх нь нотлогдоогүй. Нягтлан бодогч гэж хүн ажиллаж байгааг огт оруулаагүй. Хэдий хэмжээний алдагдал, ямар шалтгааны улмаас учирсныг тогтоогоогүй атлаа эдгээр зөрчлийг Ж.Б гаргасан мэтээр хэт хийсвэрээр ерөнхий тушаал гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Дээрх зөрчлөө Үндэсний аудитын газар, МУИС-ийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дурьдсан боловч аудитын газрын дүгнэлтэд дурьдсан зөрчлийг хэн хэзээ гаргасныг тодруулаагүй бөгөөд зөрчил гаргасан хугацааг огт тодруулаагүй. Мөн хяналт шинжилгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаалыг гаргасан гэх боловч тус дүгнэлтэд зөрчил гаргасан хугацааг тогтоогоогүй. 2018 оны 4 сарын 11-ний өдрийн 030 тоот МУИС-ийн пресс төвийн арга хэмжээ тооцуулах тухай санал хүргүүлэх тухай бичигт хэзээ хэрхэн алдаа дутагдал гаргасан талаар дурьдаагүй. Тушаалд нэрлэн заасан зөрчлийн цаг хугацааг нэрлэн заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэг МУИС-ийн дотоод журмын 9.2.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар хэвийн тогтоосон хугацааг хэрэглэх тооцох хууль зүйн үндэслэл шаардлагыг хангаагүй байна. Мөн Ж.Б нь МУИС-ийн пресс төвийн захирлаар ажиллаж байхдаа 3 ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан бөгөөд пресс төвийн захирлын албан тушаалдаа цалингүй ажиллаж байсныг тодорхойлсон байдаг. УДШ-ийн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын 3.4-т сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, сахилгын шийтгэл авсан этгээд нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан байна гэж заасан. Иймээс маргаан бүхий тушаал үндэслэлгүй учраас сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдэрлэж өгнө үү.” гэв.   

 

Хариуцагч Мсургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Б нэхэмжлэлтэй МУИС-д холбогдуулан гаргасан сахилгын шийтгэлийг хүчингүй болгох шаардлагатай  нэхэмжлэлийг хариуцагч хүлээн авч дараахь тайлбарыг гаргаж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Б нь захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24,7 /сая/ төгрөгийн дансны авлага үүсгэсэн, тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж, өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж, мөнгийг өөртөө авч завшсан, байгууллагыг санхүүгийн алдагдалтай удирдсан болох нь тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт, МУИС-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр илэрсэн.

Нэхэмжпэгч Ж.Б нь тухайн үед МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд дээрхи санхүүгийн зөрчил дутагдал нь 2018 оны 3 сард илэрсэн болно.

Үндэсний аудитын газрын дүгнэлтэд МУИС-ийн нийт авлагын дүнд МУИС Прессийн 24.7 сая төгрөгийн авлага багтсан болно.

Мөн МУИС-ийн Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтэд Сурах бичгийн зохиогчийн шагналыг үндэслэлгүйгээр 1000 ширхэг номоор тооцон өртөгт шингээж, хийсвэрээр дансны авлага үүсгэсэн зөрчил илэрсэн. Энэхүү 24.7 сая төгрөгийн дансны авлага үүссэн хугацаа нь Ж.Бгийн ажиллаж байсан үе буюу номны анхны зохиогчтой гэрээ байгуулсан үеэс эхэлсэн байна.

Энэ нь МУИС Пресс хэвлэлийн газрын НББ-ийн авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд тодорхой бүртгэгдсэн болно.

Ж.Б нь удирдлагаас гаргасан тушаалын хавсралтаар батлагдсан сурах бичгийн зохиогч нарын нэрийг өөрчилсөн зөрчил илэрсэн. /Ж.Б- Ж.Ичинхорлоо/. Өөрөөр хэлбэл албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байхад дур мэдэн сурах бичгийн жагсаалтанд өөрчлөлт оруулсан байна. Тэрээр МУИС Пресс төвийн ажилтантайгаа гэрээ байгуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон байна. МУИС Пресс хэвлэлийн газрын сурах бичгийн зохиогчийн шагналын урьдчилгаа олгох хүснэгт, мөнгөний баримтад 900 900 төгрөгөөс татварын хувийг хасаад 729 729 төгрөгийг Ж.Ичинхорлоогийн нэр дээр гаргуулсан боловч дээрхи ажилтан мөнгийг Ж.Бд хүлээлгэн өгсөн баримтууд байна.

Иймд Ж.Бгийн дээрхи хууль зөрчсөн үйлдлүүд нь зохих байгууллагын шалгалтаар илэрсэн тул МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу МУИС-ийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй МУИС-ийн Пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Бд сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн болно.” гэжээ.

 

Хариуцагч Мсургуулийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр тайлбараа гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар Пресс төвийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан дээр маргахгүй байх. МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлд тодорхой заасан. 3 төрлийн арга хэмжээ авах талаар заасан. Гэхдээ ямар төрлийн зөрчил гаргасныг тогтооно гэж байгаа. 3 сарын 12-ны пресс төвийн үйл ажиллаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийгээд тодорхой зөрчлүүдийг тогтоосон. МУИС пресс төв бол бие даасан хуулийн этгээд биш. МУИС-ийн бүрэлдэхүүний нэгж тэгэхээр хэнтэй гэрээ хийх нь миний асуудал гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. 300 ширхэг ном гэдгээ нотлох ёстой. Үнэлгээний тайлангаа ямар байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох ёстой. Зөрчил хэзээ үйлдэгдсэн талаар цаг хугацаа тодорхойгүй байна гэж байгаа боловч ийм, ийм зөрчил гарсан байна гээд гараад ирсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132-р зүйлд нийцэж байна. 3 сарын 12-ны өдрийн зөрчилд 4 сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч МСургуульд холбогдуулан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МСургууль нь Ж.Б Хөдөлмөрийн тухай хууль болон МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч МСургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандахад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МСургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандахын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хариуцагчид МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь МУИС Пресс төвийн захирлын ажил нь байнгын ажлын байр болох талаар болон МУИС Пресс төвийн захирлаар ажиллах хугацаанд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан байх тул 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, гэрээ байгуулж мөнгө өөртөө авч завшсан, байгууллагыг санхүүгийн алдагдалтай удирдсан гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/167 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.1-т “сануулах;” гэж заасан.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24 700 000/хорин дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийн дансны авлага үүсгэсэн, тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулсан гэж маргаж байна.

 

Хариуцагчийн захирал 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр сурах бичиг хэвлэх, санхүүжилтийг хуваарилах тухай тушаал гаргаж хэвлэх сурах бичгүүдийн жагсаалт болон түүний санхүүжилтийг баталсан болох нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/72 дугаар тушаалын болон түүний 1-р хавсралтын хуулбараар нотлогдож байна.

 

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад сурах бичгийн жагсаалт болон зохиогчийн шагналыг тусгасан болох нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/72 дугаар тушаалын болон түүний 1-р хавсралтын хуулбараар нотлогдож байна.

 

А/72 дугаар тушаалд зааснаар жагсаалтад дурдсан сурах бичиг зохиогчид зохиогчийн шагналыг олгохоор заасан байх ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24 700 000/хорин дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийн дансны авлага үүсгэсэн болох нь анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч нь өөрийн ямар үйлдэл, эс үйлдлээр, ямар сурах бичгүүдийн нэрийг сольсон талаар тусгаагүй байх ба нэхэмжлэгч нь сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн аудитын дүгнэлт, тайланд МУИС Пресс төвийн санхүүгийн үйл ажиллагааны талаар дурдаагүй байх ба уг дүгнэлт, тайлангаар МУИС Пресс төв нь алдагдалтай ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байна.

 

“МУИС Пресс” төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тайлангийн хуулбарт МУИС Пресс төв нь 2014, 2015 онд алдагдалтай ажилласан тухай дурдсан байх боловч уг дүгнэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан ямар баримтуудад тулгуурлан гаргасан нь тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч нь иргэн Ж.Ичинхорлоод шилжүүлсэн зохиогчийн шагнал болох 729 729/долоон зуун хорин есөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн № 15/020 Сурах бичгийн зохиогчийн эрх хамтран эзэмших гэрээний болон МУИС Пресс хэвлэлийн газрын сурах бичгийн зохиогчийн шагналын урьдчилгаа олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 000049 Төлбөрийн даалгаврын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч нь үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ зөрчиж гэрээ байгуулах хүсэл зориггүй этгээдтэй гэрээ байгуулан 729 729/долоон зуун хорин есөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан сахилгын зөрчил гаргасан байх боловч зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа 2015 онд дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МСургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МСургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МСургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

                                                                                                                                               

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ