Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00590

 

Ж.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02019 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2497 дугаар магадлалтай, 

Ж.Б-н нэхэмжлэлтэй

МУИС-д холбогдох, 

Сахилгын шийтгэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2012 оны 7 сараас 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл МУИС-ийн Пресс төвийн захирлын ажлыг хийж байхдаа 3 ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан бөгөөд пресс төвийн захирлын албан тушаалд цалингүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ерөнхий суурийн сурах бичиг зохиох, хэвлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг даалгасан шийдвэр гарч би зохиогч нартай гэрээ байгуулж ажилласан. Гэтэл МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч, уг тушаалд МУИС-ийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлт, МУИС-ийн Захиргааны Зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, МУИС Пресс Төвийн даргын саналыг тус тус үндэслэн намайг захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэхдээ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналын 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн гэж тодорхойлсон. Зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж хийсвэрээр 24.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн гэх үндэслэл нь надаас ажил хүлээж авч үргэлжлүүлсэн Ч.Нарантуяа захирлын ажиллаж байх хугацаанд болсон бөгөөд энэ нь нягтлангийн хариуцах ажил үүрэг юм. Нөгөөтэйгүүр нэг ч төгрөгийн цалингүй ажиллуулчихаад ажлаас бууснаас хойш 2-3 жилийн дараа хариуцлага тооцох тухай асуудал байж болохгүй. Мөн сахилгын шийтгэлийн 2 дахь үндэслэл болсон шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж, мөнгийг өөртөө завшсан нь тогтоогдсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ сурах бичиг сонгон шалгаруулах явцад тухайн үеийн тэнхимийн профессорын хувиар ерөнхий суурийн сурах бичиг зохиохоор баг ахлаж шалгаруулалтанд орсон нь тэнцсэн бөгөөд зохиогч нартай гэрээ байгуулах болсон. Би өөрөө өөртэйгээ гэрээ байгуулах хууль эрх зүйн нөхцөл байхгүй тул тухайн номын багт оролцож байгаа нэг ажилтантай гэрээ байгуулахаас өөр аргагүй байдалд орсон тул зохиогчдын багийн гишүүн Ж.Ичинхорлоотой гэрээ байгуулсан бөгөөд уг мөнгө нь зохиогч нарын шагнал юм. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...МУИС-ийн Пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Б- нь захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24,7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн, тушаал шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж, өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээт ажилтантайгаа гэрээ байгуулж, мөнгийг өөртөө авч завшсан, байгууллагыг санхүүгийн алдагдалтай удирдсан болох нь тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт, МУИС-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр илэрсэн. Нэхэмжлэгч Ж.Б- нь тухайн үед МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд дээрхи санхүүгийн зөрчил дутагдал нь 2018 оны 3 сард илэрсэн болно. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд МУИС-ийн нийт авлагын дүнд МУИС Прессийн 24.7 сая төгрөгийн авлага багтсан. МУИС-ийн Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтэд Сурах бичгийн зохиогчийн шагналыг үндэслэлгүйгээр 1000 ширхэг номоор тооцон өртөгт шингээж, хийсвэрээр дансны авлага үүсгэсэн зөрчил илэрсэн. Энэхүү 24.7 сая төгрөгийн дансны авлага үүссэн хугацаа нь Ж.Б-гийн ажиллаж байсан үе буюу номны анхны зохиогчтой гэрээ байгуулсан үеэс эхэлсэн байна. Энэ нь МУИС Пресс хэвлэлийн газрын НББ-ийн авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд тодорхой бүртгэгдсэн. Ж.Б- нь албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байхад дур мэдэн сурах бичгийн жагсаалтанд өөрчлөлт оруулсан. Тэрээр МУИС Пресс төвийн ажилтантайгаа гэрээ байгуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. МУИС Пресс хэвлэлийн газрын сурах бичгийн зохиогчийн шагналын урьдчилгаа олгох хүснэгт, мөнгөний баримтад 900.900 төгрөгөөс татварын хувийг хасаад 729.729 төгрөгийг Ж.Ичинхорлоогийн нэр дээр гаргуулсан боловч дээрхи ажилтан мөнгийг Ж.Б-д хүлээлгэн өгсөн байдаг. Ж.Б-гийн дээрхи хууль зөрчсөн үйлдлүүд нь зохих байгууллагын шалгалтаар илэрсэн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02019 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МУИС-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МУИС-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2497 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх талаас үнэлгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хууль бус болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хариуцагч нь МУИС Пресс төвийн захирлаар ажил нь байнгын ажлын байр болох талаар болон МУИС Пресс төвийн захирлаар ажиллах хугацаанд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргахгүй байна...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. МУИС-ийн Пресс хэвлэлийн газар нь анх 1990 байгуулагдсан бөгөөд МУИС-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 230 тоот тушаалаар МУИС Пресс хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрийг нэгтгэн “МУИС Пресс” төвийг байгуулан үйл ажиллагааг нь явуулсаар байна. МУИС-ийн захирлын 2012 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 373 тоот тушаалаар МУИС Пресс хэвлэлийн газрыг байгуулан ажиллуулахаар болж орон тоог гүйцэтгэх захирал 1, ажилтан 2 орон тоотой байгуулж, МУИС-ийн төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр болж “МУИС Пресс хэвлэлийн газар”-ын гүйцэтгэх захирлаар доктор Жанцангийн Бат-Ирээдүйг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хавсран ажиллуулахаар анх тушаал гаргасан байдаг. Уг 373 тоот тушаалын 5-д зааснаар “МУИС Пресс хэвлэлийн газар”-ын бизнес төлөвлөгөө, болон ажиллах журмыг боловсруулан танилцуулж батлуулан ажиллахыг гүйцэтгэх захирал Ж.Б-д үүрэг болгосон боловч 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бизнес төлөвлөгөө, болон ажиллах журамгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс мөн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. Ж.Б- нь тухайн үед Монгол судлалын хүрээлэнгийн захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байсан бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн МУИС Пресс хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлын ажлыг хавсран гүйцэтгэх болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан байхад “...талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргахгүй байна...” гэж дүгнэн бодит байдлыг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар Ж.Бат-Ирүүдэй нь Монгол судлалын хүрээлэнгийн захирлын ажлыг хийхдээ МУИС Пресс хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлын ажлыг хавсран гүйцэтгэхээр болсон бөгөөд үйл баримтанд шүүхээс огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн МУИС-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/269 дугаартай тушаалаар Профессор Ж.Б- удаан хугацаагаар гадаад оронд зочин профессорын хөтөлбөрт хамрагдахаар болсон тул түүний гүйцэтгэж байсан МУИС Пресс төвийн гүйцэтгэх захирлын ажлыг Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяад түр хугацаагаар хавсруулан гүйцэтгэхээр болсон, мөн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/309 тоот тушаалаар Ж.Б-д 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан байх тул 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна...” гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Энэ хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр захирлын Б/30 дугаартай тушаал гаргаж Ж.Б-г гэрээт багшаас чөлөөлж, профессороор ажиллуулах тушаал мөн гарч байсан бөгөөд түүнийг МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байх үед буюу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А/72 захирлын “Сурах бичиг хэвлэх, санхүүжилтийг хуваарилах тухай” тушаал гарч Сонгон шалгаруулах хорооны дүгнэлтийн дагуу шинээр хэвлэх 22, дахин хэвлэх 4, орчуулгын 6 сурах бичгийг хавсралт 1-ээр батлагдсан төсвийн дагуу 25.000.000 төгрөгөөр санхүүжүүлэхээр болж, улмаар сурах бичгийн зохиогч, орчуулагч, багийн ахлах нартай үр дүнгийн гэрээ байгуулж, санхүүжилт хийж сурах бичиг хэвлүүлэх, борлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Ж.Б-д үүрэг болгож байсан бөгөөд тухайн үед уг мөнгийг зориулалтын бусаар ашигласан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байхад шүүхээс баримтаар нотлогдохгүй байна гэж хууль бус дүгнэлт хийлээ. Ж.Б-г чөлөөтэй байх хугацаанд МУИС Пресс төвийн гүйцэтгэх захирлын ажлыг Ч.Нарантуяа хавсран гүйцэтгэж байгаад 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/213 дугаар ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай тушаалаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгэсэн. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/461 дугаартай тушаалаар Б.Шүрэнцэцэгийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн МУИС Пресс төвийн даргаар томилон ажиллуулсан бөгөөд Ж.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цалингүй чөлөөний хугацаа дуусч Монгол хэл соёлын сургуулийн Монгол хэл шинжлэлийн танхимд профессорын ажилдаа эргэн орж, МУИС Пресс төвийн ажлыг хавсран гүйцэтгэхээр санал гаргасан боловч сонгон шалгаруулалтын үр дүнг харгалзан Б.Шүрэнцэцэгийг МУИС Пресс төвийн даргаар томилсон тул ажил үүрэг хавсран гүйцэтгэх боломжгүй болсон. Харин Монгол хэл соёлын сургуулийн Монгол хэл шинжлэлийн танхимд профессорын үүрэгт ажлаа хийж байгаад ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон тушаал гарсан бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрөн Сүхбатаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. МУИС Пресс төвийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 030 дугаар Арга хэмжээ тооцуулан санал хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн МУИС Пресс төвийн захирлаар ажиллаж байсан Ж.Б-д сахилгын арга хэмжээ оногдуулсан нь үндэслэлтэй байхад шүүх хэт нэг талыг барьж үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, түүний цалингийн чөлөөний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсноор ажил үүргээ хийж гүйцэтгэж байсантай холбоотой аливаа хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаа болно. Цалингүй чөлөө олгосноор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс иргэн Ж.Ичинхорлоод шилжүүлсэн зохиогчийн шагнал болох 729.729 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримтыг анхан шатны шүүх 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн сурах бичгийн зохиогчийн эрх хамтран эзэмших гэрээ, МУИС Пресс хэвлэлийн газрын сурах бичгийн зохиогчийн шагналын урьдчилгаа олгосон баримт, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000049 тоот төлбөрийн даалгаврын баримтыг зохиогчийн тайлбартай харьцуулан дүгнэж зөв тогтоосон гэж тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй, МУИС-ын МУИС Пресс төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлантай харьцуулан зөв дүгнээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Б-, МУИС-д холбогдуулан түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Б- өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/167 тоот тушаалыг зөвшөөрөөгүй гомдлоо 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хэргийн харъяалал болон гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

Ажил олгогч Ж.Б-д Б/167 тоот тушаалаар сануулах шийтгэл ногдуулахдаа, МУИС-ийн Пресс төвийн захирлын ажлыг эрхлэн гүйцэтгэхдээ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, зохиогчийн шагналыг 1000 ширхэг номын өртөгт шингээж, хийсвэрээр 24.7 сая төгрөгийн дансны авлага үүсгэсэн, тушаал, шийдвэргүйгээр сурах бичгийн жагсаалтад өөрчлөлт оруулж өөрийнхөө нэрийн өмнөөс ажилтантайгаа гэрээ байгуулж мөнгийг завшсан, байгууллагыг санхүүгийн алдагдалтай удирдсан нь Үндэсний аудитын газрын дүгнэлт, МУИС-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж үзжээ.

Ж.Б-д сахилгын сануулах шийтгэл ногдуулах үед тэрээр МУИС-ийн Пресс төвийн захирлын ажлыг гүйцэтгээгүй, өмнө нь тухайн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаад уг хөдөлмөрийн харилцаа  түүнийг 2015 оны 9 дүгээр сараас 2 жилийн хугацаатай гадаад улсад ажиллахаар явахад дуусгавар болсон талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн  131.1-д  ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулж болохыг заажээ. Гэрээний харилцаа дуусгавар болсон, өөр буюу МУИС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд профессорын ажил, албан тушаалд ажиллаж байхад өмнөх ажил, үүрэгтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох бөгөөд Ж.Б- МУИС-ийн Пресс төвийн захирлаас чөлөөлөгдснөөс хойш 3 жил 6 сар өнгөрсний дараа ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

Дээрхи үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02019 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2497 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ