Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01558

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.И нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01095 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.И хариуцагч Г ХХК -д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохирол 95 418 922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Инжинаш, Ц.Сансартуяа нар нь Г ХХК -ийн Моннис салбараас ЗГ3000001022 дугаар гэрээний дагуу нийт 110 000 000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр 2011 оны 08 сарын 31-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлийн төлбөр болон хүүг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Зээлийн гэрээний 2.1-т зааснаар зээлийн хүү сарын 1 хувь байсан. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүү нь зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байхаар тохиролцсон ба 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зэх зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн нөхцөлтэй байсан. Гэтэл 2014 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг 37 дахь сар болоогүй байхад гэрээний нэг талын санаачилгаар өөрчилж эндүүрэл гарсан байсан. Тухайн үед гэрээний нэмэлт, өөрчлөлтийн нөхцөлийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар гарыг үсэг зуруулсан. Үүгээр Д.Инжинаш би өөрт илт хохиролтой гэрээний нэмэлт, өөрчлөлтийг хууран мэхлэлт, төөрөгдлийн улмаас хохирсон гэж үзэж байна. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлийн хүүг 36 дахь сар дуустал хугацаагаар хэвээр тооцож, илүү төлөлтийг зээлийн төлбөр болон хүүгээс хасаж өгөхийг, хэт өндөр зээлийн хүүг бууруулж өгөхийг нэхэмжлэгч банканд 2018 оны 05 сарын 16-ны өдөр бичгээр хандсан боловч 2018 оны 08 сарын 10-ны өдөр татгалзсан хариу авсан.

Зээлийн хүүг зах зээлийн хүү болон нөхцөлтэй уялдуулан бууруулах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч татгалзсан хариу авдаг байсан. Г ХХК -ийн болон бусад банкны нийтэд санал болгож буй зээлийн хүүг харахад зээлийн хүү болох нэг сарын 1.6 хувь /жилийн 19.2 хувь/ хэт өндөр байсан. Жилийн 19.2 хувь бол бараг арилжааны/бизнесийн зээлийн нэгэн адил байсан. Үндэслэлгүйгээр хэт өндөр хүүгээр зээлийг төлүүлсний улмаас хохирсон гэж үзэж байна. Мөн зээл болон хүүгийн эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний талуудын эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй байгаа, үндсэн төлбөрийн тогтмол их дүнтэй, хүүгийн төлөлтийн хэмжээ зээлийн төлбөрийн хэмжээнд эзлэх хувь хэт бага байгаагийн улмаас үндсэн төлбөрийн хэмжээ маш багаар буурдаг байсан тул уг нөхцөлийг хууль бус, талуудын эрх тэгш байдалд нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас хохирсон болно. Хууль бусаар, зээлдэгч өөрт илт хохиролтойгоор, илүү төлсөн зээл, санхүүжилтэд хамруулсан байх тул зохих нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнг Г ХХК -аас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд зааснаар зах зээлийн нөхцөлтэй зээлийн хүү уялдахгүй байгаа нь Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн болон бусад банкны орон сууцны зээлийн нөхцөлөөс тодорхой нотлогдож байгаа.

Иймд хууль бусаар, зээлийн гэрээний нөхцөлийг зөрчиж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас зээлдэгчээс илүү төлсөн хохирол 3 342 922 төгрөг, орон сууцны зах зээлийн хүүгээс хэт өндөр хүү төлж хохирсон 2012 оны 10 сараас 2017 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх зөрүү 92 076 000 төгрөг, нийт 95 418 922 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Д.Инжинаш, Ц.Сансартуяа нар 2011 оны 08 сарын 30-ны өдөр Г ХХК -тай гэрээ байгуулан Моннис салбараас ЗГ3000001022 дугаар гэрээний дагуу 110 000 000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар авсан. 2014 оны 01 сарын 07-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, харилцан тохиролцон гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Г ХХК болон Моннис салбарын зүгээс иргэн Д.Инжинаш, Ц.Сансартуяа нарыг хууран мэхэлж, төөрөгдүүлсэн гэрээг байгуулаагүй, хоёр тал харилцан тохиролцож, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлдэгч нар гэрээнд заасан бүх нөхцөлүүдтэй танилцан харилцан тохиролцсоны баталгаа болгон гарын үсгээ зурсан бөгөөд Г ХХК дангаараа гэрээний нөхцөлийг өөрчлөөгүй. Г ХХК нь зээлдэгчид ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 206 дугаар зүйлийн 206.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК -д холбогдох 95 418 922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.И нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.И улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Инжинашаас шинжээчийн ажлын хөлсөнд 264 881 төгрөгийг гаргуулан Монголбанкинд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Д.Инжинаш нь Г ХХК -ийн Моннис салбараас ЗГ3000001022 тоот зээлийн гэрээний дагуу 110 000 000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр 2011 оны 08 сарын 31-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар авсан. 2014 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээ, нэмэлт гэрээнд хамаарахгүй буюу зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш буюу хожим хойно Г ХХК -аас батлагдсан тушаал, журмыг үндэслэж, нотлох баримтуудыг тал бүрээс нь нягтлахгүйгээр хэт нэг талыг баримталж, хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж анхан шатны шүүх шийдсэн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Зээлийн гэрээ нь байгууллагын шугамаар, тухайн ажилтанд зээл олгодог нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан талаар ямар ч зүйл, заалт байхгүй болно.

Гэтэл нотлох баримтаар нотлогдоогүй нөхцөлийг яагаад ч юм үнэн зөв гэж үзэж, байгууллагын ажилтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдсон зээлийн гэрээ мөн гэж шүүх үзлээ. Зээлийн гэрээг тодорхой нэг байгууллагын ажилтны хувьд биш иргэний хувьд байгуулсан. Зээлийн гэрээний 2.1-д зааснаар зээлийн хүү сарын 1 хувь байсан. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүү нь зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байхаар тохиролцсон ба 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн нөхцөлтэй байсан. Гэтэл 2014 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг 37 дахь сар болоогүй байхад гэрээний нэг талын санаачилгаар өөрчилж төөрөгдүүлсэн. Банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн нөхцөлийг хэрхэн тодорхойлох талаар зохигч талууд маргасан байдаг. Зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг хэрхэн ойлгох талаар хариуцагч тодорхой үндэслэлээр тайлбарлаж чадаагүй, нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно. Монголбанкнаас гаргасан Ипотекийн зээлийн тайлангуудыг харахад ипотекийн зах зээлийн дундаж хүү 2011 онд 14.8 хувь, 2012 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан болно. Иймд жилийн 19.2 хувь нь зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа бөгөөд банк нь зээлийн гэрээнд заасан дээрх нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байгаа. Г ХХК миний орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр, нууцын зэрэглэлтэйгээр МИК-ийн барьцаанд шилжүүлсэн байдаг. Мэдэгдээгүйн улмаас миний бие орон сууцны илүү сайн нөхцөлтэй зээлийн санхүүжилтэд хамрагдах боломжийг Г ХХК үгүй болгосон. Ийнхүү жилийн 0.76 хувийн хүүтэй зээлийг иргэдэд, тэр дундаа нэхэмжлэгч надад Г ХХК 19.2 хувиар дамлан зээл олгосон байна. Нэхэмжлэгч миний бие зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний нөхцөлийг зөрчөөгүй, хугацаа хэтэрсэн зээл байхгүй байсан. Г ХХК -тай байгуулсан зээлийн гэрээнд зээлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах талаар ямар нэгэн нөхцөл байхгүй, тийм нөхцөлийг зээлийн гэрээний талууд харилцан тохироогүй болно. Зээлийн ерөнхий гэрээ, нэмэлт гэрээ, буцаан худалдан авах гэрээг маш нууц хэмээн нэрийдлээр санаатайгаар нуун дарагдуулж, Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хууль болон барьцааны гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч зөрчсөнөөс болж Д.Инжинаш МИК-ийн нөхцөл, шалгуурын дагуу зээл авах боломжийг үгүй болгосон. Г ХХК -ийн гүйцэтгэх захирлын зохих тушаалууд хэрэгт хамааралгүй, тухайн зээлийн гэрээнд үндэслээгүй, зарим нь хожим хойно батлагдсан тушаалыг гэрээний талуудын эрх тэгш байдал, чөлөөт байдлын зарчмыг зөрчиж шүүх буцаан хэрэглэж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, гэрээний хохирол 95 418 922 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Инжинаш нь хариуцагч Г ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний нөхцөлийг зөрчиж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас зээлдэгчээс илүү төлсөн 3 342 922 төгрөг, хэт өндөр хүүгийн улмаас 54 сарын зөрүү 32 076 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд учирсан хохирол 60 000 000 төгрөг, нийт 95 418 922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын /1хх 1-3/ үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн байна. /2хх 166-168/ Хариуцагчийн хувьд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. /1хх 40/

 

Талууд анх 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ3000001022 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, зээлдүүлэгч Г ХХК нь 110 000 000 төгрөгийн зээлийг эхний 36 сарын хугацаанд 1 хувийн хүүтэй, 37 дахь сараас эхлэн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болохоор нөхцөлтэйгөөр 15 жилийн хугацаагаар зээлдэгч Д.Инжинаш, Ц.Сансартуяа нарт олгожээ.

 

Улмаар 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ЗГ3000001022-1 тоот ЗГ3000001022 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж, үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний хүүг нэг сарын 1,6 хувь болгон өөрчилж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Инжинаш нь дээр дурдсан 3Г3000001022-1 тоот гэрээг хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар байгуулсан, уг гэрээний улмаас өндөр хүү төлж хохирсон хэмээн илүү төлсөн мөнгө, зээлийн хүүгийн зөрүү нийт 95 418 922 төгрөгийг хохирол хэмээн нэхэмжилж байх ба хариуцагч Г ХХК нь зээлийн хүүг харилцан тохиролцож өөрчилсөн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3Г3000001022-1 тоот гэрээ болон түүний хавсралт-1-д зээлдүүлэгч талаас Г ХХК -ийн Моннис салбарын захирал, харилцааны менежер, зээлдэгч талаас Д.Инжинаш, Ц.Сансартуяа нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Хэргийн баримтаар ЗГ3000001022-1 тоот гэрээ болон түүний хавсралт-1-ийг хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Монголбанкнаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь Монголбанкнаас гаргасан хүчин төгөлдөр үйлчилж байсан журмуудад нийцсэн болохыг тогтоосон байна.

 

Үүрэг гүйцэтгэгч Д.Инжинаш, Ц.Сансартуяа нар ЗГ3000001022 тоот Орон сууцны зээлийн гэрээ, ЗГ3000001022-1 тоот ЗГ3000001022 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2019 оны 01 сарын 02-ны өдөр зээлийг төлж дуусгажээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч Д.Инжинаш нь зээлийн гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийг өөрөө хүлээн зөвшөөрч хийж гүйцэтгэсэн байх тул түүнийг хуурч мэхлэгдсэн, төөрөгдсөн гэж үзэх боломжгүй байхаас гадна хариуцагч Г ХХК нь зээлийн гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлтөөр харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч Д.Инжинашийг хохироосон гэж үзэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.И гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.И гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Инжинашаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600480051 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР