Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00696

 

 Д.Инжинашийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01095 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1558 дугаар магадлалтай,

 Д.Инжинашийн нэхэмжлэлтэй

Голомт банк ХХК-д холбогдох

 Гэрээнээс учирсан хохирол 95,418,922 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Д.Инжинашийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Инжинаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Д.Инжинашаас Голомт банк ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 95,418,922 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01095 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 206 дугаар зүйлийн 206.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Голомт банк ХХК-д холбогдох 95,418,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Инжинашийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Инжинашийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Инжинашаас шинжээчийн ажлын хөлсөнд 264,881 төгрөгийг гаргуулан Монголбанкинд олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1558 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Инжинашийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч Д.Инжинаш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүх шударгаар шүүгээгүй, хууль дээдлэх зарчмыг мөрдөөгүй гэж үзэж байна. Эргэлзээтэй байгаа асуудлыг тодруулахгүйгээр, тал бүрээс нь үнэлээгүй бөгөөд хэт нэг талыг шүүх баримталсан гэж үзэж байна.

4.1. ЗГ3000001022 тоот Зээлийн гэрээний дагуу Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байна. 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн байгаа.

Голомт банк 36 сарын хугацаанд зээлийн хүүг тогтмол байлгах үүргээ зээлийн хүүг өөрчилснөөр зөрчсөн. 2014.01.07-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг 37 дахь сар болоогүй байхад Голомт банк өөрчилж гэрээний үүргээ зөрчсөн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь заалтын дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байгаа. Энэхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна.

37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн нөхцөлийг Голомт банк зөрчсөн гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчлөх тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн дагуу гаргасан.

Иргэний хуулийн 282.2 дахь заалтын дагуу Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн байна.

Шүүхийн магадлалд Иргэний хуулийн 43.2, 43.2.1-г үндэслэжээ.

Иргэний хуулийн 42.2 дахь хэсэгт зааснаар Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 282.4 дахь хэсэг үйлчилнэ гэж ойлгож байна. Үүнд Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэжээ.

Нэхэмжлэгч тухайн үедээ өөрийн орон сууцыг алдах эрсдэлтэй байсан тул зээлийг хааж, орон сууцаа барьцаанаас чөлөөлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр арга үгүй байсныг шүүхэд удаа дараа тайлбарласан байдаг. Зээлийн төлбөрийг хааж байгаа нь нэхэмжлэл гаргах буюу шаардах эрхээсээ татгалзаж буй нөхцөл болохгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээ, нэмэлт гэрээнд хамаарахгүй буюу зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш буюу хожим хойно Голомт банкнаас батлагдсан тушаал, журмыг үндэслэсэн, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхүүд зөрчсөн гэж үзэж байна.

Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Зээлийн гэрээний 2.3 дахь нөхцөлийг өөрчлөөгүй байгаа. Нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хавсралт болох зээлийн төлөлтийн хуваарь нь Зээлийн гэрээний 2.3-т нийцэхгүй байна.

4.2. Банкны зээлийн хүүгийн зах зээлийн нөхцөлийг тодорхойлдог төрийн эрх бүхий буюу албан ёсны байгууллага нь Монгол банк гэж би ойлгож байна.

Монгол банкнаас гаргасан Ипотекийн зээлийн тайлангуудыг харахад ипотекийн зээлийн зах зээлийн дундаж хүү 2011 онд 14.8 хувь, 2012 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан байна.

Иймд жилийн зээлийн хүү 19.2 нь зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа бөгөөд банк зээлийн гэрээнд заасан дээрх нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байгаа.

4.3. Голомт банк миний орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр, нууцын зэрэглэлтэйгээр МИК-ийн барьцаанд шилжүүлсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 37.1. Барьцаалагч шаардах эрхээ шилжүүлэхэд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг баримтална. Мөн хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар Барьцаалбарыг шилжүүлж байгаа этгээд нь энэ тухай болон барьцаалбарын шинэ хууль ёсны эзэмшигчийн нэр, хаяг, дараагийн төлбөрийг хийх хугацааны талаар барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ Голомт банк зөрчсөн гэж үзэж байна.

Мэдэгдэлгүйгээр барьцааг Голомт банк МИК-д шилжүүлсэн. Мэдэгдээгүйн улмаас миний бие орон сууцны илүү сайн нөхцөлтэй зээлийн санхүүжилтэнд хамрагдах боломжийг Голомт банк үгүй болгосон. 2006 онд арилжааны 9 банк Монгол банктай хамтран Монголын Ипотекийн Корпораци ХХК-ийг байгуулсан. Компанийн үндсэн зорилго нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаад хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангахад оршино.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан Монголын Ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжих төсөл-ийн зээлийн хэлэлцээр 2010.05.06-ны өдөр УИХ-аар соёрхон батлагдсан байна. Зээлийн хэлэлцээрт тохиролцсоны дагуу Сангийн яам, Монголбанк, Монголын ипотекийн корпораци ХХК-ийн хооронд 2011.01.03-ны өдөр 4.8 сая еврог Монголбанкаар дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү төсөл нь хувь хүмүүст олгогдсон зээлийг багцлан худалдан авснаар тус арилжааны банкнуудын орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, улмаар Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийг хангахад чиглэгдсэн. Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-аас жилийн 0.75% хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жилийн нөхцөлтэйгөөр 4.8 сая евро хөнгөллттэй зээл авсан. Ийнхүү анх байгуулагдсан үеэс МИК-ийн хөрөнгө хөнгөлттэй зээлийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг дэмжихээр байгаа нь тодорхой байна.

Ийнхүү жилийн 0.76 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг Голомт банк миний нэр дээр ашиглаж зээлдэгч надад Голомт банк 19.2 хувиар дамлан зээл олгосон байна.

Дээрх нөхцөлийг шүүхүүд харгалзаагүй, шударгаар шүүгээгүй. Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах, худалдан авах ерөнхий гэрээний 1.3-ийн дагуу энэхүү гэрээгээр Худалдагчаас (Голомт банк) Ипотекийн зээлийг МИК-д худалдахтай холбоотой харилцааг зохицуулж, уг зээлтэй холбоотой үүсэх талуудын эрх, үүргийг тодорхойлно.

Ерөнхий гэрээний 3.52-ын дагуу Буцаан худалдан авах нөхцөлтэй хэлцэл зээлийн хөрөнгийн эргэн төлөлт зохих ёсоор төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн буюу талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан бусад үндэслэл үүссэн тохиолдолд тухайн ипотекийн зээлийг худалдагч буцаан худалдан авах нөхцөлтэй хэлцэл гэжээ.

Нэхэмжлэгч миний бие зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний нөхцөлийг зөрчөөгүй, хугацаа хэтэрсэн зээл байхгүй байсан. Голомт банктай байгуулсан зээлийн гэрээнд зээлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах талаар ямар нэгэн нөхцөл байхгүй, тийм нөхцөлийг зээлийн гэрээний талууд харилцан тохироогүй болно.

Ерөнхий Гэрээний 3.56-ын дагуу Буцаан худалдан авах үнийн дүн буцаан худалдан авах өдрөөрх үндсэн төлбөрийн үлдэгдэл, хуримтлагдсан болон төлөгдөөгүй хүүгийн нийт дүн гэжээ.

Буцаан худалдах авах нөхцөл байхгүй байхад Голомт банкнаас МИК-ийн санхүүжилтэнд нэгэнт шилжсэн миний зээлийг Голомт банк МИК-ээс буцаан худалдан авсан байна. Ерөнхий гэрээний 7.3-ын дагуу МИК нь Ипотекийн зээлд холбогдох бүх эрх, өмчлөх эрх, ашиг сонирхол болон гэрээгээр тодорхойлсон бүх эрхийг МИК өөртөө шилжүүлэн авсан байна. Зээлийн хөрөнгө худалдан авахад тавих чанарын стандартанд зааснаар харилцагчийн өргөдөл тодорхой маягтын дагуу бөглөгдөж, холбогдох материалуудыг бүрдүүлэх ёстой байжээ. Зээлдүүлэгч буюу МИК нь зээлдэгчээс холбогдох мэдээллийг өргөдлийг маягтаар мөн авах ёстой байжээ.

Ерөнхий гэрээний хавсралт болох Нөхцөл баталгааны 16-д зааснаар Ипотекийн зээлийг Голомт банкнаас МИК-д шилжүүлсэн даруйд барьцаалагч нь МИК болох бөгөөд барьцаа хөрөнгөтэй холбоотой зээл болон хүүгийн төлбөр, үнэт цаасны хүүг хүртэх эрхийг МИК шилжүүлэн авсан байна.

Зээлийн ерөнхий гэрээ, нэмэлт гэрээ, буцаан худалдан авах гэрээг Маш нууц хэмээн нэрийдлээр санаатайгаар нуун дарагдуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Барьцааны гэрээнд заасан үүргээ Голомт банк зөрчсөнөөс болж миний бие Д.Инжинаш МИК-ийн нөхцөл, шалгуурын дагуу зээл авах боломжийг Голомт банк үгүй болгосон байна.

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн 2019 оны дүрмийн 3-ын дагуу МИК-ийн зорилго нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангахад чиглэгдэж байна. Уг Дүрмийн 4.2.3 дахь заалтын дагуу Монгол Улсын хүн ам өсч, улам их хотжиж байгааг харгалзан орон сууцны хэрэгцээг илүү сайн хангах тулд орон сууцны санхүүжилтийн салбарын зохицуулалт, бүтэц зохион байгуулалтын асуудлаар зохих арга хэмжээнүүдийг боловсруулж, Засгийн газарт санал оруулах үйл ажиллагааг эрхлэхээр заасан байна.

4.4. Ийнхүү Голомт банк болон түүний Моннис салбар үндэслэлгүйгээр гэрээний нөхцөлийг дангаараа өөрчилсөн, хэт өндөр хүүгээр буюу зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй нөхцөлөөр орон сууцны зээлийг олгосон, Зээлдэгчийн нэрийн барьж илүү сайн нөхцөлтэй орон сууцны зээлээс санхүүжилт авсны улмаас зээлдэгч надад хохирол учирсан нь нотлон баримтаар нотлогдсон байхад шүүх тал бүрээс нь нотлох баримтыг үнэлэхгүйгээр, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх аль хуулийн ямар зүйл, хэсэг, заалтанд үндэслэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны болон давж заалдах шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг болон шүүхийн магадлалыг хууль зөрчсөн, хэт их нэг талыг баримталсан, нотлон баримтыг тал бүрээс нь нягтлан үзээгүй, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Дээр дурдсан үндэслэл, шаардлагаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, хууль бусаар, зээлийн гэрээний нөхцөлийг зөрчиж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас зээлдэгчээс илүү төлсөн хохирол 3,342,922 төгрөг. Орон сууцны зээлийн хүү зах зээлд 2011 онд 14.8 хувь, 2012 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан байна. Гэтэл Голомт банкнаас хэт өндөр зээлийн хүүгийн улмаас (нэг сарын 1.6 хувь, нэг жилийн 19.2 хувь байсан) хохирсон гэж үзэж, зээлдэгчийн орон сууцыг ипотекийн илүү сайн нөхцөлөөр зохих гэрээний дагуу хамруулсан, зохих санхүүжилт авсан байх тул хохирол учирсан гэж үзэж 2012 оны 10-р сараас эхлэн 2017.09.30-ны өдөр хүртэлх хугацаанд зөрүү хүүг тооцож 92,076,000 төгрөг гэж үзэж нэхэмжилсэн дүнг буюу нийт 95,418,922 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг үндэслэн зээлийг хүүг буруулан, хууль бусаар надаас авсан зээлийн илүү хүүг Голомт банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч Д.Инжинаш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Голомт банкны Моннис салбараас 2011.08.30-ны өдөр 110,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан, гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүү эхний 36 сарын хугацаанд тогтмол байхаар, 37 дахь сараас банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэж тохиролцсон, гэтэл 2014.01.07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 37 сар болоогүй байхад хүүг өөрчилж сарын 1.6% болгосноос хохирол учирсан. Энэ хүүгийн хэмжээ бусад арилжааны банкны хүүгээс өндөр хэмжээтэй тогтоогдсон, хариуцагч Голомт банк гэрээний үүргээ зөрчиж, тохирсон хугацаанаас өмнө гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас зээлдэгчээс илүү 3,342,922 төгрөг төлсөн, хэт өндөр хүүгийн улмаас 92,076,000 төгрөгийн хүү төлж хохирол учирсан, иймд 95,418,922 төгрөг гаргуулна... гэж тайлбарласан,

 хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2011.08.30-ны өдөр Д.Инжинаш, Ц.Сарантуяа нартай Зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 110,000,000 төгрөгийн зээлийн сарын 1 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар олгосон, зээлдэгч нь Мянганы сорилын санд ажиллаж байсан үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон зээлийн хүүгийн хэмжээ нь Мянганы сорилын сантай байгуулсан хамтран ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хөнгөлөлттэй нөхцлөөр олгогдсон байсан, тэрээр ажлаасаа гарсан үндэслэлээр харилцан тохиролцож, 2014.01.07-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг ердийн зээлийн хэмжээгээр тогтоосон. Зээлдэгч нь гэрээний дагуу авсан 110,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 8. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоогоогүй, ...эргэлзээтэй асуудлыг тодруулахгүйгээр, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь үндсэн гэрээний заалтыг зөрчсөн, ...зээлийн хүү Монгол банкнаас гаргасан Ипотекийн зээлийн дундаж хувиас илүү, зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байхад дүгнэлт хийгээгүй, ...зээлдэгчийн орон сууцыг ипотекийн илүү сайн нөхцлөөр зохих гэрээний дагуу хамруулсан, санхүүжилт авсан байх тул хохирол учирсан гэж үзэж байна, ...иймд хохирлыг барагдуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 9. Хоёр шатны шүүхийн зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцжээ.

 Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч буюу банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 Зохигч 2011.08.30-ны өдөр ЗГ3000001022 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Голомт банк зээлдэгч Д.Инжинаш, Ц.Сансартуяа нарт 110,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууцны зориулалтаар олгох, зээлдэгч нар зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хүүг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд гэрээ хэрэгжиж зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нар зээлийг хүлээн авч, гэрээгээр тохирсон эргэн төлөх үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон байна.

 9.1. Зохигч Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин нэхэмжлэгчээс ...гэрээ хэрэгжих явцад зээлдүүлэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний нөхцлийг өөрчилж, зээлийн хүүг нэмэгдүүлсэн нэмэлт гэрээ байгуулснаас илүү хүү төлж хохирол учруулсан..., Тухайлбал, ...2011.08.30-ны өдрийн гэрээний 2.1.-д зээлийн хүүг сарын нэг хувь гэж, 2.3.-т энэ хүү нь зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байхаар, 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэж тохиролцсон атлаа 2014.01.07-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, хүүгийн хэмжээг өөрчлөх 37 сарын хугацаа болоогүй байхад зээлийн хүүг сарын 1.6 хувь болгон өөрчилж, банк гэрээний үүргээ зөрчсөн, ...улмаар хүүгийн төлбөрт 3,342,922 төгрөгийг илүү төлж хохирсонд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4.1/

 Зохигчийн хооронд байгуулсан 2011.08.30-ны өдрийн гэрээний 2.1, 2.3-т: ... зээлийн хүү сарын 1 хувь байна, ...зээлийн хүү нь зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байх ба 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтөй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно... гэсэн, 2014.01.07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувь болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдсон байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлох баримт болох нь тогтоогдоно, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн: ...зээлдэгч нь Мянганы сорилтын санд ажиллаж байсан тул хоёр байгууллагын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан, тус гэрээнд зааснаар зээлдэгч Мянганы сорилын сангаас гарах, эсхүл хамтран ажиллах гэрээ цуцлагдах бол гэрээний хүү ердийн нөхцөлд шилжинэ гэж зохицуулсан. Зээлдэгч 2014 онд ажлаасаа гарсан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг ердийн нөхцөлд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй... гэх тайлбарыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хэн аль нь гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон тул хариуцагч Голомт банк 2011.08.30-ны өдрийн гэрээнд заасан зээлийн хүүг 36 сарын хугацаанд нэг хувиар авах гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүг илүү төлж хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 Иймд 2011.08.30-ны өдрийн гэрээг зөрчиж, 3,342,922 төгрөгийн хохирол учруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 9.2. ...Монгол банкнаас гаргасан Ипотекийн зээлийн тайлангуудыг харахад ипотекийн зээлийн зах зээлийн жилийн дундаж хүү 2011 онд 14.8 хувь, 2014 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан. Гэтэл Голомт банкны зээлийн хүү жилийн 19.2 хувь байгаа нь зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа бөгөөд дээрх нөхцлийг зөрчснөөс 2012 оны 10 сараас эхлэн 2017.09.30-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүгийн зөрүүд 92,076,000 төгрөгийг төлж хохирсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэснийг анхаараагүй... гэжээ. /тодорхойлох хэсгийг 4.2/

 Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Д.Инжинаштай нэмэлт гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ нь Голомт банкны гүйцэтгэх захирлын 2011-2017 онуудын тушаал, түүний хавсралтаар батлагдсан орон сууцны зээлийн хүүгийн хэмжээнд нийцсэн, нэхэмжлэгч нь дээрх хүүг бусад арилжааны банкнуудын орон сууцны зээлийн гэрээний дундаж хэмжээгээс өндөр, зах зээлийн нөхцөлтэй уялдаагүй гэж үзсэн үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй... гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх ...Монгол банкнаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь Монгол банкнаас гаргасан хүчин төгөлдөр үйлчилж байсан журамд нийцсэн болохыг тогтоосон, ...нэхэмжлэгч нь зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүлээн зөвшөөрч төлбөрөө хийж гүйцэтгэсэн байх тул түүнийг төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэж үзэх боломжгүй, ...хариуцагч нь гэрээний үүргийг хүлээн авсан тул нэхэмжлэгчийг хохироосон гэж үзэх боломжгүй... гэсэн дүгнэлтийг тус тус хийж, ...өндөр хүүтэй зээлийн гэрээ байгуулснаас зээлийн хүүгийн зөрүүд 92,076,000 төгрөгийг илүү төлж хохирсон... гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд үндэслэлгүйгээр хэт өндөр хүү төлүүлсний улмаас хохирсон гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 9.3. Хариуцагч Голомт банк ХХК нь миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүйгээр миний орон сууцыг Монголын ипотекийн корпораци ОССК ХХК /МИК/-ийн барьцаанд шилжүүлж, улмаар буцаан худалдан авах нөхцөл байхгүй байхад МИК-ийн санхүүжилтэд шилжсэн миний зээлийг буцаан худалдан авснаар орон сууцны илүү сайн нөхцөлтэй зээлийн санхүүжилтэд хамрагдах боломжийг үгүй болгосон, зээлдэгчийн нэрийг барьж илүү сайн нөхцөлтэй орон сууцны зээлээс санхүүжилт авсан атлаа гэрээний нөхцлийг дангаараа өөрчилж, хэт өндөр хүүгээр надад зээл олгосон байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ. /тодорхойлох хэсгийн 4.3/

 Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчид олгосон зээл нь Ипотекийн зээлд тавигдах шаардлагад хамаарахгүй тул МИК-д шилжүүлэх боломжгүй зээл байсан тул буцаан худалдаж авсан. Иймд МИК-ийн санхүүжилтэд хамрагдах боломжийг үгүй болгосон, зээлдэгчийн нэрийг барьж илүү сайн нөхцөлтэй орон сууцны зээлээс санхүүжилт авснаар нэхэмжлэгчийг хохироосон гэх гомдол үндэслэлгүй гэжээ.

 МИК ОССК ХХК нь Монгол Улсын Засгийн газар болон Монгол банкнаас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгогдсон орон сууцны ипотекийн зээлийг багцлан, буцаахгүй нөхцөлтэй хэлцлээр банкуудаас худалдан авч ИЗББ-оор солих үйл ажиллагаа, өөрийн хөрөнгө, Германы сэргээн босголт хөгжлийн банкнаас авсан урт хугацаатай зээл болон Өэлүн бондын эх үүсвэрээр банкуудаас буцаах нөхцөлтэй ипотекийн зээлийн багц худалдан авах үйл ажиллагаа тус тус гүйцэтгэдэг байна.

 Ипотекийн зээлийн зээлдэгчид тавигдах шалгуур нь зээлийн дээд хэмжээ 100,000,000 төгрөг, барьцаа хөрөнгөд тавигдах шалгуур нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м.кв-аас дээшгүй байхыг шаарддаг тул нэхэмжлэгчийн зээл ипотекийн зээлд тавигдах шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр банк зээлдэгчийн МИК-ийн санхүүжилтэд хамрагдах боломжийг үгүй болгосон, зээлдэгчийн нэрийг барьж илүү сайн нөхцөлтэй орон сууцны зээлээс санхүүжилт авч нэхэмжлэгчийг хохироосон гэх гомдол үндэслэлгүй.

 Хоёр шатны шүүхийн МИК ОССК ХХК , Голомт банкны хооронд 2012.09.12-ны өдөр байгуулагдсан Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах-худалдан авах ерөнхий гэрээ, 2016.09.29-ний өдрийн Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ, 2017.11.01-ний өдрийн Ипотекийн зээлийн багцыг буцаан худалдах-худалдан авах гэрээ-нүүдийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч мэдээгүйгээс түүнд хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй гэх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 Хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Голомт банк ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмыг дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01095 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1558 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д.Инжинашийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Инжинашаас 2020.08.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                 Г.БАНЗРАГЧ

                                                     Б.МӨНХТУЯА

                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                           Х.ЭРДЭНЭСУВД