Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/01095

 

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/01095

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, А овогт Д.И /РД:72/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах, ГБ ХХК/РД:20/-д холбогдох,

Гэрээнээс учирсан хохиролд 95.418.922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И , хариуцагчийн төлөөлөгч Г.Ж, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГБ болон түүний Моннис салбар үндэслэлгүйгээр, хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар гэрээний нөхцлийг дангаараа өөрчилсөн, хэт өндөр хүүгээр буюу зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй нөхцлөөр орон сууцны зээлийг олгосон олгосон. Зээлдэгчийн нэрийг барьж 8 хувийн орон сууцны зээлээс санхүүжилт авсаны улмаас зээлдэгч надад дараах хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага ГБ ны эсрэг гаргаж байна. Хууль бусаар зээлийн гэрээний нөхцлийг зөрчиж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсаны улмаас зээлдэгчээс илүү төлсөн хохирол 3,342,922 төгрөг,

Орон сууцны зээлийн хүү зах зээлд жилийн 13 хувь байхад, ГБ наас хэт өндөр зээлийн хүүгийн улмаас (нэг сарын 1.6 хувь, нэг жилийн 19.2 хувь байсан) хохирсон гэж үзэж, зөрүү хүүг нэг сарын 0.5 хувиар тооцож нэг сарын зөрүү төлбөрийг 594,000 төгрөгөөр тооцов. 54 сараар тооцоод 32,076,000 төгрөгөөр хохирсныг нэхэмжлэв.

Зээлдэгчийн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд зохих гэрээний дагуу хамруулсан, зохих санхүүжилт авсан байх тул 2012 оны 10-р сараас эхлэн 2017 оны 9-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд, нэг сарын хүүгийн зөрүү 1 сая төгрөгөөр тооцож 60,000,000 төгрөгөөр хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. (Энэхүү гэрээг иргэний хэрэг үүсгэснээс хойш нотлох баримтаар гаргуулах юм) Ийнхүү нийт 95,418,922 төгрөг нэхэмжилж байна (Тэмдэгтийн хураамжийн хэмжээ 635,045 төгрөг) Энэхүү нэхэмжлэлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйл, 495 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх явцад, нэмэлт тодруулга тайлбар өгөх, нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн бусад арга хэрэгслээр нотолно. Зарим баримтыг хариуцагчаас гаргуулах шаардлагатай тул нэхэмжлэгчээс гаргаж өгөх боломжгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй гэж бодож байна. Миний бие Дашдэжидийн И  нь эхнэр Цогбадрахын Сансартуяагийн хамтаар ГБ , түүний Моннис салбараас ЗГ3000001022 тоот гэрээний дагуу 110,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр 2011 оны 8-р сарын 31-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлийн төлбөр болон хүүг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Зээлийн гэрээний 2.1-т зааснаар зээлийн хүү сарын нэг хувь байсан. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүү нь зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байхаар тохиролцсон ба 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн нөхцөлтэй байсан. Тэгтэл 2014 оны 1-р сарын 7-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр (Дугаар ЗГЗ000001022-1) зээлийн хүүгийн хэмжээг 37 дахь cap болоогүй байхад гэрээний нэг талын санаачилгаар өөрчилж эндүүрэл гарсан байсан. Тухайн үед гэрээний нэмэлт, өөрчлөлтийн нөхцлийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар гарын үсэг зуруулсан. Үүгээр Д.И  би өөрт илт хохиролтой гэрээний нэмэлт, өөрчлөлтийг хууран мэхлэлт, төөрөгдлийн улмаас хохирсон гэж үзэж байна. Зээлийн гэрээний нөхцлийн дагуу зээлийн хүүг 36 дахь cap дуустал хугацаагаар хэвээр тооцож, илүү төлөлтийг зээлийн төлбөр болон хүүгээс хасч өгөхийг, хэт өндөр байгаа зээлийн хүүг бууруулж өгөхийг ГБ инд 2018 оны 5-р сарын 16-ны өдөр бичгээр хандсан боловч 2018 оны 8-р сарын 10-ны өдөр татгалзсан хариу авсан. Зээлийн хүүг зах зээлийн хүү болон нөхцөлтэй уялдуулан бууруулах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч татгалзсан хариу авдаг байсан. ГБ ны болон бусад банкны нийтэд санал болгож буй зээлийн хүүг харахад зээлийн хүү болох нэг сарын 1.6 хувь нь (жилийн 19.2 хувь) хэт өндөр байсан. Жилийн 19.2 хувь бол бараг арилжааны /бизнесийн зээлийн нэгэн адил байсан. Үндэслэлгүйгээр хэт өндөр хүүгээр зээлийг төлүүлсний улмаас хохирсон гэж үзэж байна. Мөн зээл болон хүүгийн эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний талуудын эрхтэй тэгш байдлын зарчимд нийцэхгүй байгаа. Үндсэн төлбөрийн тогтмол их дүнтэй, хүүгийн төлөлтийн хэмжээ зээлийн төлбөрийн хэмжээнд эзлэх хувь хэт бага байгаагийн улмаас үндсэн төлбөрийн хэмжээ маш багаар буурдаг байсан тул уг нөхцлийг хууль бус, талуудын эрх тэгш байдалд нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас хохирсон болно. Гэрээний хүү, гэрээний хуваарын талаар зохих шинжээч томилуулах талаар хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тухайн үед нь хуульд заасан үндэслэлээр зохигчийн хувьд хүсэлтээ гаргана. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйл, 282 дугаар зүйл болон хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэл болон энэхүү нэхэмжлэлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаж байна. Хууль бусаар, зээлдэгч өөрт илт хохиролтойгоор, илүү төлсөн зээл болон хүүгийн төлбөрийг, мөн зээлдэгчийн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээл, санхүүжилтэнд хамруулсан байх тул зохих нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан дүнг ГБ наас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд зааснаар зах зээлийн нөхцөлтэй зээлийн хүү уялдах байсан боловч зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа тул үндэслэлгүйгээр авсан зээлийн эргэн төлөлтийн дүнгээс дээр дурдсан хохирлыг ГБ наас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа нь Худалдаа хөгжил банкны болон бусад банкны орон сууцны зээлийн нөхцлөөс тодорхой нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас үндэслэл, шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: ГБ болон түүний Моннис салбар үндэслэлгүйгээр, хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар гэрээний нөхцлийг дангаараа өөрчилсөн, хэт өндөр хүүгээр буюу зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй нөхцлөөр орон сууцны зээлийг олгосон. Зээлдэгчийн нэрийг барьж илүү сайн нөхцөлтэй орон сууцны зээлээс санхүүжилт авсаны улмаас зээлдэгч надад дараах хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага ГБ ны эсрэг гаргаж байна. Хууль бусаар, Зээлийн гэрээний нөхцлийг зөрчиж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсаны улмаас зээлдэгчээс илүү төлсөн хохирол 3,342,922 төгрөг, Орон сууцны зээлийн хүү зах зээлд 2011 онд 14.8 хувь, 2012 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан байна. Гэтэл ГБ наас хэт өндөр зээлийн хүүгийн улмаас (нэг сарын 1.6 хувь, нэг жилийн 19.2 хувь байсан) хохирсон гэж үзэж, Зээлдэгчийн орон сууцыг ипотекийн илүү сайн нөхцөлөөр зохих гэрээний дагуу хамруулсан, зохих санхүүжилт авсан байх тул хохирол учирсан гэж үзэж 2012 оны 10-р сараас эхлэн 2017 оны 9-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд, зөрүү хүүг тооцож 92,076,000 гэж үзэж нэхэмжилж байна. Ийнхүү нийт: 95,418,922 төгрөг нэхэмжилж байна (Тэмдэгтийн хураамжийн хэмжээ 635,045 төгрөг). Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсгийн дагуу нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчилж байна. Нэхэмжлэлийг иргэний хуулийн 59 дүгээр зүйл, 495 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх явцад, нэмэлт тодруулга тайлбар өгөх, нотлох баримт гаргах, гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн бусад арга хэрэгслээр нотолсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчилснийг хүлээн авахаас татгалзах ИХШХтХ-ийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй гэж бодож байна. Миний бие Дашдэжидийн И  нь эхнэр Цогбадрахын Сансартуяагийн хамтаар ГБ , түүний Моннис салбараас ЗГ3000001022 тоот гэрээний дагуу 110,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр 2011 оны 8-р сарын 31-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлийн төлбөр болон хүүг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Зээлийн гэрээний 2.1-т зааснаар зээлийн хүү сарын нэг хувь байсан. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүү нь зээлийг авсан эхний 36 сарын хугацаанд тогтмол байхаар тохиролцсон ба 37 дахь сараас эхлэн банкны зүгээс зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зээлийн хүүг өөрчилж болно гэсэн нөхцөлтэй байсан. Тэгтэл 2014 оны 1-р сарын 7-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ3000001022-1) зээлийн хүүгийн хэмжээг 37 дахь cap болоогүй байхад гэрээний нэг талын санаачилгаар өөрчилж эндүүрэл гарсан байсан. Тухай үед гэрээний нэмэлт, өөрчлөлтийн нөхцөлийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар гарын үсэг зуруулсан. Үүгээр Д.И  би өөрт илт хохиролтой гэрээний нэмэлт, өөрчлөлтийг хууран мэхлэлт, төөрөгдлийн улмаас хохирсон гэж үзэж байна. Зээлийн гэрээний нөхцлийн дагуу зээлийн хүүг 36 дахь cap дуустал хугацаагаар хэвээр тооцож, илүү төлөлтийг зээлийн төлбөр болон хүүгээс хасч өгөхийг, хэт өндөр байгаа зээлийн хүүг буруулж өгөхийг ГБ инд 2018 оны 5-р сарын 16-ны өдөр бичгээр хандсан боловч 2018 оны 8-р сарын 10-ны өдөр татгалзсан хариу авсан. Зээлийн хүүг зах зээлийн хүү болон нөхцөлтэй уялдуулан буруулах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч татгалзсан хариу авдаг байсан. Монгол банкнаас гаргасан Ипотекийн зээлийн тайлангуудыг харахад ипотекийн зээлийн зах зээлийн дундаж хүү 2011 онд 14.8 хувь, 2012 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан байна. Иймд жилийн зээлийн хүү 19.2 нь зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа бөгөөд Зээлийн гэрээнд заасан дээрхи нөхцөлийг зөрчсөн байна. ГБ ны зээлийн хүүг харахад зээлийн хүү болох нэг сарын 1.6 хувь нь (жилийн 19.2 хувь) хэт өндөр байсан. Жилийн 19.2 хувь бол бараг арилжааны бизнесийн зээлийн нэгэн адил байсан. Үндэслэлгүйгээр хэт өндөр хүүгээр зээлийг төлүүлсний улмаас хохирсон гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйл, 282 дугаар зүйл болон хуульд заасан бусад үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэл болгон энэхүү нэхэмжлэлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаж байна. Хууль бусаар, Зээлдэгч өөрт илт хохиролтойгоор, илүү төлсөн зээл болон хүүгийн төлбөрийг, мөн зээлдэгчийн орон сууцыг ипотекийн илүү сайн нөхцөлтэй болон хөнгөлөлттэй хувийн зээл, санхүүжилтэнд хамруулсан байх тул зохих нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан дүнг ГБ наас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд зааснаар зах зээлийн нөхцөлтэй зээлийн хүү уялдах байсан боловч зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа тул үндэслэлгүйгээр авсан зээлийн эргэн төлөлтийн дүнгээс дээр дурьдсан хохирлыг ГБ наас гаргуулах мөн үндэслэлтэй гэж үзэж байна. Зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй байгаа нь Монголбанкны зохих тайлангуудаар болон бусад баримтаар тодорхой нотлогдож байгаа. Иймд дээр дурьдсан үндэслэл, шаардлагаар Хууль бусаар, зээлийн гэрээний нөхцлийг зөрчиж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас зээлдэгчээс илүү төлсөн хохирол 3,342,922 төгрөг. Орон сууцны зээлийн хүү зах зээлд 2011 онд 14.8 хувь, 2012 онд 14.8 хувь, 2013 онд 10.8 хувь, 2014 онд 10.2 хувь, 2015 онд 9.7 хувь, 2016 онд 10.3 хувь, 2017 онд 11 хувь, 2018 онд 10.1 хувь, 2019 онд 10.4 хувь тус тус байсан байна. Гэтэл ГБ наас хэт өндөр зээлийн хүүгийн улмаас (нэг сарын 1.6 хувь, нэг жилийн 19.2 хувь байсан) хохирсон гэж үзэж, Зээлдэгчийн орон сууцыг ипотекийн илүү сайн нөхцөлөөр зохих гэрээний дагуу хамруулсан, зохих санхүүжилт авсан байх тул хохирол учирсан гэж үзэж 2012 оны 10-р сараас эхлэн 2017 оны 9-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд, зөрүү хүүг тооцож 92,076,000 гэж үзэж нийт 95,418,922 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж ГБ наас гаргуулж өгнө үү. Хамгийн гол нь зах зээлийн нөхцөлтэй уялдахгүй, хэт өндрөөр зээл олгосон байгаа. Тэгэхээр Иргэний хуульд зээлийн гэрээний хүү хэт өндөр байвал шүүх багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.И , Ц.С  нар нь 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ГБ тай гэрээ байгуулан Моннис салбараас ЗГ3000001022 тоот гэрээний дагуу 110.000.000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар авсан байна. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, харилцан тохиролцон гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. ГБ болон Моннис салбарын зүгээс иргэн Д.И , Ц.С  нарыг хууран мэхэлж, төөрөгдүүлэн гэрээг байгуулаагүй. 2 тал харилцан тохиролцож, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлдэгч нар гэрээнд заасан бүх нөхцлүүдтэй танилцан харилцан тохиролцсоны баталгаа болгон гарын үсгээ зурсан бөгөөд ГБ дангаараа гэрээний нөхцлийг өөрчлөөгүй. ГБ нь зээлдэгчид ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй .

ГБ болон И  нар нь 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, эхний 36 сарын хугацаанд сар бүр 1 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Энэ зээлийн гэрээтэй холбоотой барьцааны гэрээ байгуулагдсан. Энэ зээлийн гэрээ нь яагаад 1 хувь байгаа вэ гэхээр Монголын мянганы сорилтын санд И  ажиллаж байсан. Энэ нь тодорхойлолтоор харагдаж байгаа. Мянганы сорилтын сан болон ГБ нар нь үйлчилгээ үзүүлэх гэрээ 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Энэ гэрээний зориулалт нь банк гэрээгээр нөгөө талд ажиллаж байгаа хүмүүст хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох байсан. Энэ гэрээний 1.4.2-т зээлийн хүү сарын 1 хувь гэж байгаа. Тэгэхээр энэ гэрээ нь 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан бөгөөд И тай байгуулсан гэрээ нь 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгаа. Тэгэхээр энэ гэрээний үндсэн дээр И д хөнгөлөлттэй зээл буюу эхний 36 сарын хугацаанд 1 хувийн хүүтэй зээлийг ГБ олгосон. Энэ зээл явж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдсан. Энэ зээлийн гэрээнд яагаад өөрчлөлт оруулсан бэ гэхээр үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.6-д байгууллага, зээлдэгч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан тохиолдолд банк зээлийн гэрээг тухайн үед нийтэд зарласан зээлийн нөхцөлд нийцүүлж, нэг талын санаачлагаар өөрчилнө гэж байгаа. Тэгэхээр И  нь 2014 онд Монголын мянганы сорилтын сангаас ажлаас гарсан. Энэ нь үйл баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ гэрээний дагуу ГБ нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь болохоор хүүг 1.6 болгож өөрчилсөн. Тухайн үед ГБ наас нийтэд зарласан хүү ийм байсан. Нэхэмжлэлд он оны зээлийн гэрээний хүү байгаа. Гэтэл энэ нь жигнэсэн дундаж хүү буюу тухайн нийт зээлийн хүүгийн дундаж болохоос яг зээлийн хүү нь ийм байсан гэсэн үг биш юм. Уг тайлангууд дээр юу байдаг вэ гэхээр 2013 оны тайланд тухайн оны зээлийн хамгийн өндөр хүү 26.4 гэж байгаа. Ингээд банк яадаг вэ гэхээр хамгийн өндөр нь 26.4 хувь хүү байх юм байна гэж үзээд өөрөө зээлийн хүүгээ тогтоодог. ГБ ны гүйцэтгэх захирлын тушаал байгаа. 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар ГБ зээлийн хүүгээ нийтэд зарласан. Үүнд юу гэдэг вэ гэхээр энэ тушаалын хавсралт нэг дээр зээлийн хүү сарын 1.35 хувь байна гэж байгаа. Тэгэхээр манайх 8 дугаар сарын 30-ны өдөр зээл олгосон. Тэрнээс өмнө манайх 1.35 хувийн хүү олгож байсан. Тэгэхээр уг үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр И  нь энэ 1 хувийн хүүтэй буюу хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан гэдэг нь харагдаж байгаа. Нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах үед 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 215 дугаар тушаалаар орон сууцны зээлийн сарын хүүг 1.6 хувь болгосон байдаг. Тэгэхээр 2014 онд гэрээнд өөрчлөлт оруулахад хэрэгжиж байсан хүү нь 1.6 хувь байсан учраас зээлийн хүүг өөрчилсөн байгаа. Нэхэмжлэлд хууль бусаар зээлийн гэрээний хүүг өөрчилж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэж байгаа. Банк нь гэрээний дагуу нэг талын санаачлагаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй байсан. Энэ талаар И д мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч буюу эхнэртэйгээ хамт ирж, гэрээтэй танилцаж, гарын үсэг зураад явсан. Энэ хүн нь хуульч мэргэжилтэй учраас энэ гэрээг уншаагүй, бид үүнийг буруугаар ойлгосон гэх зүйл байхгүй. Бид 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу харилцагчид танилцуулж, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш хүү нь 1.6 хувь болсон бөгөөд энэ үед И  нь зээлийг тогтмол төлдөг байсан. Хэрэв энэ хүн тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй, биднийг хууль бусаар зээлийн хүүг нэмсэн гэж үзэж байгаа бол яагаад зээлийн хүүг төлөөд байсан нь тодорхойгүй. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нь зээлийн хүүг бүрэн төлсөн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь уг зээлийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээний хүү, үндсэн төлбөрөө төлж барагдуулсан гэж үзэж байна. Зах зээлийн орон сууцны хүү гэж байгаа нь жигнэсэн дундаж хүү юм. Мөн хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хүүд хийлгэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр Монгол банкны 2008 оны икотекийн журам, сүүлд ирүүлсэн хүү тооцох аргачлалын дагуу хүүг тооцсон байна гэсэн байдаг. Банк хүүгээ тооцохдоо Монгол банкны тухайн жилд баталсан хүүнд өөрсдийн зардал, шимтгэлээ шингээж өөрсдийн хүүг нийтэд зарлаж байгаа. Тэр зарласан хүүгээр харилцагч нь тухайн зээлийг авсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны гэрээ нь орон сууцны зээлийн гэрээ буюу 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ байгаа. Гэрээг байгуулсан талууд нь нэг талаас И , нөгөө талаас ГБ байгаа. Энэ зээлийн гэрээний нөхцөл нь банк зээлдэгчид 110,000,000 төгрөгийн зээл олгох бөгөөд эхний 36 сарын хугацаанд 1 хувийн хүүтэй байна гэсэн байгаа. Энэ зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байгаа. Хүү тооцооллын хүснэгтээс харахад энэ зээлийн гэрээний график буюу нэг сарын төлөлтийн хэмжээ байгаа. 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буюу зээл олгосноос хойш зээл төлөлтийг гаргасан байгаа. Энэ зээл төлөлтийг И  нь хугацаандаа төлж байгаад нэмэлт өөрчлөлт оруулах буюу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр график өөрчлөгдөж байгаа. Яаж өөрчлөгдсөн бэ гэхээр хүү өсөж байгаа учраас сарын төлөлт нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ төлөгдсөн хэмжээгээр И  нь мөн адилхан хүү төлж байгаад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийг бүрэн төлж дуусгасан. Тэгэхээр хохирол шаардаж байгааг нь ойлгохгүй байгаа. Хохирол гэдэг нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол яригдах ёстой болохоос нэгэнт биелэгдээд дууссан гэрээний харилцаанд энэ асуудал яригдахгүй. Нэгэнт энэ зээлийн хүү өссөн гэдгийг ойлгож, өссөн хүүг төлсөөр байгаад зээл бүрэн төлж, дуусгавар болгоод хаагдсан байгаа. Нэг ёсондоо талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ дуусгавар болсон. Ийм нөхцөлд хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт талуудын хооронд байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг би мэдээгүй эсхүл ойлгоогүй гэх гэж байгаа бол зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талууд нэмэлт өөрчлөлтийн гэрээнд зурсан байгаа. Үүнийг зөвшөөрч, талууд гэрээ байгуулсан байгаа ба үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар нь орон сууцны зээлийн төлбөрийг төлж дуусгасан байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны зээлийн хүүг 1 хувь байлгаж байгаад яагаад 1.6 болгосон бэ гэдэг. Зээл олгох үеийн нийтэд зарласан хүү бол тухайн үед И д олгосон зээлийн хүүгээс өндөр байгаа. Яагаад ийм өндөр байхад 1 хувийн хүүтэй гэрээ байгуулсан бэ гэхээр Монголын мянганы сорилтын сан болон ГБ нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний нөхцөл буюу Монголын мянганы сорилтын ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоно гэсэн гэрээний дагуу олгосон. И  нь юу гэж тайлбарладаг вэ гэхээр би зүгээр банк дээр очоод гэрээ байгуулсан гэдэг. Хэрэв тийм бол нийтэд зарласан 14.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл уг хамтран ажиллах гэрээний дагуу 1 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Хамтран ажиллах гэрээний агуулгаас харахад хэрэв ажилтан нь Мянганы сорилтын сангаас гарах, эсхүл хамтран ажиллах гэрээ цуцлагдах юм бол гэрээний хүү ердийн нөхцөлд шилжинэ гэсэн байгаа. Ингээд ердийн нөхцөлд шилжүүлэхэд ГБ ны тухайн үед зарласан хүү буюу 1.6 хувийн хүүтэйгээр зээлд өөрчлөлт орсон юм. Гуравдугаарт нэхэмжлэгч нь Монголын ипотекийн корпораци ХХК-ийг хэлж байгаа. Миний зээлийг МИК-ийн 8 хувийн зээлд зарах боломжтой байхад танайх зараагүй гэдэг. Гэтэл МИК-ийн 8 хувийн зээлийн үндсэн шаардлага нь тухайн орон сууцны зээлээр санхүүжих үл хөдлөх хөрөнгө буюу байр нь 80 мкв талбай буюу түүнээс доош байна гэсэн шаардлага байгаа. Гэтэл И ийн худалдаж авсан байр нь 110 мкв талбайтай байр юм. Тэгэхээр энэ зээл нь угаасаа МИК-д шилжих боломжгүй зээл юм. Яагаад гэвэл МИК-ээс гаргасан журамд тэнцэхгүй байгаа бөгөөд бид шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй юм. Банкнуудын жилийн хүү нь ийм байсан гэж байгаа боловч үүнийг банк дагах ёстой гэсэн үг биш юм. Өөрөөр бол зүгээр тухайн үеийн банкнуудын зээлийн дундаж хүүг гаргасан тооцоолол юм. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч ГБ анд холбогдох нэхэмжлэгч Д.И ийн зээлийн гэрээнээс учирсан хохиролд 95.418.922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.И  зээлийн гэрээний үүргийг хариуцагч ГБ зохих ёсоор биелүүлээгүй, зах зээлд тогтоогдсон зээлийн дундаж хүүгээс илүү хүүтэй нэмэлт зээлийн гэрээг ГБ хууль бусаар хийсэн, өөрт нь мэдэгдэлгүйгээр түүний зээлийг МИК ОССК-т худалдах, мөн буцаан худалдан авах авах гэрээнүүдийг 2016, 2017 онд байгуулж МИК ОССК-иас илүү сайн нөхцөлтэй зээл авах боломжийг нь үгүйсгэж нийт 95,418,922 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч ГБ нэхэмжлэгч Д.И д олгосон зээлийн хүүгийн хэмжээ нь Мянганы сорилтын сантай байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хөнгөлөлттэй нөхцлөөр олгогдсон хүүтэй зээл байсан бөгөөд түүнийг ажлаасаа гарсан үед нэхэмжлэгч Д.И  болон түүний хамтран зээлдэгч нартай харилцан ярилцаж тохиролцон зээлийн хүүгийн хэмжээг өөрчилж ГБ наас олгож байсан ердийн зээлийн хүүгийн хэмжээгээр хүүг тогтоож нэмэлт гэрээ байгуулсан ба, уг зээлдэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон, МИК ОССК-д нэр бүхий зээлдэгч нарын зээлийг буцаан худалдан авах нөхцөлтэйгээр 2016 онд худалдаж, 2017 онд буцаан худалдан авсан, МИК ОССК нь иргэдэд зээл олгодоггүй бөгөөд ГБ наас нэхэмжлэгчид зээлийн гэрээний улмаас ямар нэгэн хохирол учруулаагүй гэж маргасан.

Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.И  авсан 110 сая төгрөгийг хүүгийн хамт буцаан төлж зээлийн гэрээний зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон тухайд талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.И , Ц.С  нар нь 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ГБ тай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан Моннис салбараас ЗГ3000001022 тоот гэрээний дагуу 110.000.000 төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авч, 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж, харилцан тохиролцон гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, ЗГ3000001022 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ, 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

ЗГ3000001022 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувь болгон өөрчилж гэрээний бусад заалтыг хэвээр үлдээхээр харилцан тохиролцжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.И  Мянганы сорилтын санд ажиллаж байсан тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд тэрээр иргэний эрх зүйн гэрээгээр ажиллаж байсан гэж тайлбарласан болно.

Талуудын тайлбар хэрэгт авагдсан дээр дурдсан зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт зэргээс үзэхэд 2011, 2014 онуудын зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн байгуулагдсан Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

МИК ОССК-ийн дүрэмд заасан зорилго, МИК ОССК, ГБ ны хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 12-ны ипотекийн зээлийн хөрөнгө худалдах-худалдан авах ерөнхий гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ипотекийн зээлийн багцыг буцаан худалдах, худалдан авах гэрээ-нүүдээс үзвэл нэхэмжлэгч Д.И ид дээрх гэрээнүүдийн талаар мэдэгдээгүйгээс болж түүнд хохирол учирсан гэх байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүдийн талаар нэхэмжлэгч Д.И  мэдээгүй гэх байдал, хариуцагч ГБ наас зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс түүнд учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоогүй байна.

Мөн талуудын хооронд 2014 онд байгуулсан зээлийн гэрээний нэмэлтээр тохиролцсон сарын 1.6 хувийн хүү нь бусад арилжааны банкнуудын орон сууцны зээлийн гэрээний дундаж хэмжээнээс өндөр байсан гэж үзсэн үндэслэлээ нэхэмжлэгч Д.И  үнэн зөв, эргэлзээгүй, хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримтаар нотлоогүй бөгөөд, хариуцагч ГБ ыг зах зээлийн нөхцөлтэй уялдуулаагүй хэт өндөр хүүгээр нэмэлт гэрээг байгуулсан гэсэн нэхэмжлэгч талын тайлбар нь холбогдох баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.И тай нэмэлт гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ нь ГБ ны гүйцэтгэх захирлын 2011-2017 онуудын тушаал түүний хавсралтаар батлагдсан орон сууцны зээлийн хүүгийн хэмжээнд нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.И ийн гаргасан хариуцагч ГБ анд холбогдох гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.И ийн хүсэлтээр шинжээчээр Монгол банк томилогдон ажиллаж шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн ба, шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 264.881 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн зардлыг хуваарилах журмын дагуу нэхэмжлэгч Д.И аас гаргуулж Монгол банканд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 206 дугаар зүйлийн 206.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ГБ ХХК-д холбогдох 95.418.922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.И ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.И аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 635.045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Д.И аас шинжээчийн ажлын хөлсөнд 264.881 төгрөгийг гаргуулан Монгол банканд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ