Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 117/2017/0014/З |
Дугаар | 221/МА2018/0288 |
Огноо | 2018-05-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2018/0288
2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2018/0288 | Улаанбаатар хот |
Ч.Л-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэртэй, Ч.Л-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох “Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М давж заалдах гомдолдоо: “...Уг маргаж байгаа газрыг манайх хуулийн дагуу эзэмшиж байсан ба маргаж байгаа захирамжуудад манай эзэмшлийн газрын аль хэсгээс нь яагаад хасч байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй манай газраас хасч дээрэмдэж байна. Энэхүү хэргийн оролцогч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох аймгийн Газрын харилцааны барилга хот байгуулалтын газрын шинжээчдийн дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдийн дүгнэлтүүдийг үндэслэх нь хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байгаа ба нэг шинжээчийн дүгнэлт гаргасан нь хэргийн оролцогч нөгөө дүгнэлт гаргасан нь хэргийн оролцогчийн дээд шатны байгууллага. Гэтэл анхан шатны шүүх үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.
Мөн Ерөнхий шүүгч Б.С-ыг манай талаас удаа дараа татгалзсаар байтал энэ хэргийг шийдвэрлэх гэж улайрсаар хэргийг шийдвэрлэж манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүгч хүний ёс зүйтэй холбоотой ба хэргийн шийдэлд нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т зааснаар Ерөнхий шүүгч Б.С нь хэргийн оролцогч болох хариуцагчтай 10 жилийн нэг анги, хоорондоо найз нөхдийн дотно харилцаатай гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрөө татгалзан гаргах тухай хүсэлтийг бичгээр гаргахад уг хүсэлтийг Ерөнхий шүүгч өөрөө шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Иймд Ч.Л-гээр мөн шүүгчээс татгалзаж буй татгалзлыг бичгээр гаргасан ба энэхүү хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шийдвэрлэхдээ татгалзан гаргагдаж буй шүүгч өөрөө оролцож тогтоол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3, 85.6-д заасныг зөрчиж уг хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаад гомдолтой байна.
Мөн шүүх хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон ба уг шүүх хуралдаанд маргаан бүхий газарт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан. Шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэж ойлгосон боловч маргааш нь шүүх хуралдаан үргэлжилж энэхүү хүсэлттэй холбоотой ажиллагаа хийгдээгүй шууд хэргийг шийдвэрлэн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар Ч.Л-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 480 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн 0009777 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд мөн даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар уг газрын хэмжээг нэмэгдүүлж 633 м.кв болгон өмнөх зориулалтын дагуу эзэмшүүлж, дээрх Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжийн Ч.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Ч.Л, Л.М нар 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ц.У-тэй 185 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр А.Ө-тэй 84 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Ц.У-ийн эзэмшиж байсан 185 м.кв газрыг, мөн өдрийн А/610 дугаар захирамжаар А.Өлзийдүүрэнгийн эзэмшиж байсан 84 м.кв газрыг тус тус Л.М, хамтран эзэмшигч Ч.Л нарт худалдаа үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар Л.М Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “...хүнсний захын баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 185 м.кв, 84 м.кв газруудыг нэгтгэн ... одоо байгаа кадастрын зургийн хэмжээ 153 м.кв-аар гаргаж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар дээрх 185 м.кв, 84 м.кв газруудыг нэгтгэж газрыг хэмжээг одоо байгаа 154 м.кв газраар тооцон 28 жилийн хугацаатайгаар Л.М, Ч.Л нарт эзэмшүүлэн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн 000531169 дүгээр гэрчилгээг олгосон байна.
Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Ч.Л-гийн 633 м.кв газрын хэмжээг багасган анх олгосон 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 480 м.кв газрын хэмжээгээр нь олгож, үлдсэн 153 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар дээрх А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Л-гийн газрын хэмжээг 595 м.кв хэмжээгээр тогтоон эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн Засаг дарга 2017 оны А/385 дугаар захирамжаар А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А/385, А/254 дүгээр захирамжууд үр дагавар агуулж байгаа тул А/254 дүгээр захирамжид дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, учир нь хэрэв шүүхийн шийдвэрээр А/385 дугаар захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд А/254 дүгээр захирамж хэвээр үлдэж, үр дагавар агуулахаар байна.
Өөрөөр хэлбэл, А/254 дүгээр захирамжаар Ч.Л-гийн эзэмшил газрыг 153 м.кв-аар багасгасан бол А/385 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээнээс 38 м.кв газрыг хасч шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч өөрийн өмнө гаргасан үндэслэлгүй захирамжаа А/385 дугаар захирамжаар зөвтгөж, нэхэмжлэгчид эерэг буюу газрын хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар 595 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Л-гийн эзэмшиж байсан 633 м.кв газраас 38 м.кв газрыг хасч шийдвэрлэхдээ Дундговь аймгийн Засаг даргын А/24 дүгээр захирамжаар нэгтгэн эзэмшүүлсэн 154 м.кв газрыг хүчингүй болгоогүй бөгөөд нэхэмжлэгчийн анхнаасаа эзэмшиж байсан газрыг хариуцагч үндэслэлгүйгээр хасаагүй, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд газрын давхцалыг арилгаж зөвтгөсөн нь үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Учир нь нэхэмжлэгч Ч.Л нь Дундговь аймгийн Засаг даргын 32 дугаар захирамжаар 480 м.кв газрыг эзэмших эрхтэй байтал газрын хэмжээг нэмэгдүүлж А/566 дугаар захирамжаар 633 м.кв газрыг, харин А/609 дүгээр захирамжаар 185 м.кв газрыг, А/610 дугаар захирамжаар 84 м.кв газар байсныг нэгтгэж А/24 дүгээр захирамжаар 154 м.кв, /633+154/ нийт 787 м.кв газрыг эзэмшсэн, эзэмших ёстой хэмжээнээс 38 м.кв газар илүү нэмж үндэслэлгүйгээр эзэмшиж байгаа нь тогтоогджээ.
Ч.Л-гийн эзэмшиж буй 633 м.кв газар нь “Тогтох мандал” ХХК-ийн газартай давхацсан нь гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй бөгөөд хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшил 633 м.кв газрыг 38 м.кв газраар багасган 595 м.кв газар эзэмшүүлэн, өөрийн гаргасан А/566 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй ба маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэг шинжээчийн дүгнэлт гаргасан нь хэргийн оролцогч нөгөө дүгнэлт гаргасан нь хэргийн оролцогчийн дээд шатны байгууллага. Гэтэл анхан шатны шүүх үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна” гэж дурдсан бөгөөд тухайн шинжээч нарт шинжээчийн эрх ба үүргийг тайлбарлан өгч, дүгнэлт гаргаж өгөхөөс татгалзах, санаатайгаар худалд дүгнэлт гаргасан тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж, шинжээчийн дүгнэлт гаргасан тул шинжээч нар хариуцагчтай хамааралтай, дээд шатны байгууллага гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 117/ШЗ2018/0039 дүгээр захирамжаар үзлэг хийлгэх шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид гомдол гаргаагүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэлд даргалагчаас “санал хүсэлт байна уу” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “байхгүй” гэж хариулсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлттэй холбоотойгоор ажиллагаа хийгдээгүй шууд хэргийг шийдвэрлэсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авахааргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн хүсэлтийг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцээд 03 дугаартай тогтоолыг гаргасан нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА