Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00377

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00377

 

 

СР Мод интернейшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01186 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч СР Мод интернейшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Таскания трейдин ХХК-д холбогдох

 

Гэрээ цуцалсанаас учирсан хохиролд 6 823 300 төгрөг, ажлын хөлс 20 104 000 төгрөг нийт 26 927 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 42 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Таскания трейдин" ХХК нь 2016.02.29-ний өдөр "CP Мод интернейшнл" ХХК-тай харилцан тохиролцож ...2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д гэрээт ажлын нийт төлбөр 211 500 000 төгрөг, 3.2-д ажлын урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42 300 000 төгрөг байхаар тус тус заасан бөгөөд "Таскания трейдин" ХХК нь урьдчилгаа 42 300 000 төгрөгийг "CP Мод интернейшнл" ХХК-ний дансанд шилжүүлсэн. Ажлын үр дүн гараагүй, үр дүнг хүлээж аваагүй, ажил дөнгөж эхэлж байхад захиалагч тал болох "Таскания трейдин" ХХК гэнэт ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дэх хэсгийг зөрчиж 2016.03.29-ний өдөр "танай компаниар ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж байна, гэрээний урьдчилгаа төлбөр болох 42 300 000 төгрөгийг манай компанид буцаан олгож өгнө үү" гэсэн бичгийг ирүүлж ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалж, уг ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал, ажилчдын ажлын хөлсийг манай компани төлж хохирол учрууллаа. Гэрээ байгуулсан 2016.02.29-ний өдрөөс уг бичиг иртэл 2016.03.29-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд манай компани ОХУ руу мөнгөө банкаар гуйвуулаад, ОХУ-ын Эрхүү хотод машинаар очоод, байшин барих модоо модоо бэлдүүлээд, бааз руу татуулаад бэлэн болгочихсон байсан. Мөн гэрээ байгуулах санал ирэхэд байшингийн зураг төслийг "Строй партнёр" ХХК-иар хийлгэж, захиалагч талд үзүүлээд зөвшөөрөөд төсвөө гаргаад тохирчихсон байсан. Тухайлбал ОХУ руу мөнгө шилжүүлэхэд хураамж 127 ам.доллар буюу 259 990 төгрөг, "Строй партнер" ХХК-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81,400 рубль буюу 2 428 976 төгрөг, НӨАТ-т 3 845 454 төгрөг, ОХУ-ын хил хүртэл машинаар явахад 80 000 төгрөгийн шатахуун, ОХУ-д очоод авсан 7000 рубль буюу 208 880 төгрөгийн шатахуун бүгд 6 823 300 төгрөг, ажлын хөлсөнд албан бичгийн орчуулгын хөлсөнд 200 000 төгрөг, торх болон рика мод бэлтгэхэд 280,000 рубль буюу 8 355 200 төгрөг, мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320,000 рубль буюу 9 548 800 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөг бугд 20 104 000 төгрөг, нийт 26 927 300 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 343, 352.5.3, 355.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Таскания трейдин ХХК нь гэрээгээ цуцалсанаас болж учирсан хохирол гэх 26 927 300 төгрөгийн эрсдэлийг хариуцах ёсгүй. Гүйцэтгэгч СР мод интернейшнл ХХК нь гэрээний дагуу хийх ёстой байсан ажлыг гүйцэтгэхээс татгалзсан. Ажил гүйцэтгэх гэрээнд ОХУ-д мод бэлтгэж оруулж ирнэ гэсэн ганц ч үг үсэг байхгүй. "CP Мод Интернэйшнл" ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй учраас албан ажил орчуулга нь тухайн байгууллагын дотоод асуудал, мөн "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.1-д гүйцэтгэгч гэрээт ажлыг захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх", "Зураг төсөвт заагдсан хэмжээ, үзүүлэлтийг нарийн баримталж" гэж заасан учраас зураг төслийн ажил нь гэрээнээс гадуур гарсан зардлыг Таскания трейдин" ХХК хариуцахгүй. Учир нь 2 давхар байшингийн ерөнхий зургийг мэргэжлийн байгууллагаар манай компани өөрөө гаргаж "CP Мод интернэйшнл" ХХК-д үзүүлсэн. Байшингийн зургийг хүлээн авч зургийн дагуу барина гэж үнийн саналаа өгсөн, гэрээ байгуулагдсан байхад гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчийн өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй, нийт талбайн хэмжээг нэмэгдүүлж, өрөөний хэмжээг зөрүүлж гэрээг зөрчсөн. Гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр аваад, санаатайгаар гэрээгээ зөрчөөд, хохирлоо барагдуулах мэтээр хугацаа хожих байдлаар шүүхэд хандаж, "Таскания трейдин" ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож байгааг ёс зүйгүй үйлдэл гэж үззж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээт ажлын нийт төлбөр 211 500 000 төгрөг байхаар гэрээнд заасан. "Таскания Трейдин" ХХК нь урьдчилгаа төлбөр болох 42 300 000 төгрөгийг "CP Мод Интернейшнл" ХХК-д 2016 оны 03-р сарын 01-нд Саян захирлын хүсэлтээр бэлнээр өгсөн. "CP Мод Интернейшнл" ХХК нь анхнаасаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж, захиалагчтай тохиролцоонд хүрсэн зүйлээсээ татгалзсан учир гэрээний 1.4 дэх заалтын дагуу ажил эхлэхээс өмнө 2016.03.09-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг "CP Мод Интернейшнл" ХХК-д албан ёсоор бичгээр өгсөн. Гүйцэтгэгч компани хариу мэдэгдэл өгсөн бөгөөд уг мэдэгдэлдээ гүйцэтгэгч тал захиалагчийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч түүнийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа зөвшөөрч урьдчилгаа төлбөрөөс 39 688 000 төгрөгийг өгнө гэсэн хариуг гүйцэтгэгч тал 2016 оны 3-р сарын 28-нд албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. 2 612 000 төгрөгийг суутгана гэснийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ямар нэгэн ажил огт хийгдээгүй. Иймд урьдчилгаа төлбөр 42 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлээс 17 372 700 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч, 24 927 300 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болоод 9 хоногийн дараа буюу 2016.03.09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд энэ 9 хоногийн хугацаанд 24 927 300 төгрөгийг зарцуулсан байсан. "Таскания трейдин" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж харилцан зөвшилцөөгүй, хийгдсэн дээрхи ажлыг хүлээлцэж дүгнээгүй, тооцоог хийгээгүй.

Мөн гэрээний 8.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлэсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцаж нөхөн төлөх буюу арилгах үүрэгтэй" гэж хариуцлага хүлээхээр зааж өгсөн. Гэтэл "Таскания трейдин" ХХК нь 9 хоногийн хугацаанд хийгдсэн ажлыг хүлээлцэж тооцоог хийж харилцан тохирсонгүй. Захиалагч тал гэрээний 4.1, 4.2 дах хэсгийг тус тус зөрчиж гүйцэтгэгчтэй харьцах эрх бүхий ажилтанг томилон ажиллуулаагүй, гэрээний үүргийн биелэлтэд хяналтаа тавьж, шаардлага өгч чадаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар хариуцагч /РД:5789583/ "Таскания трейдин" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 4 314 324 төгрөг, ажлын хөлсөнд 8 355 200 төгрөг, нийт 12 669 524 /арван хоёр сая зургаан зуун жаран есөн мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч /РД:5713838/ "CP Мод интернейшнл" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 257 776 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан /РД:5713838/ "CP Мод интернейшнл" ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 42 300 000 /дөчин хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, /РД:5789583/ "Таскания трейдин" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217 662 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369 450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Ц.Ариунтуяад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна. СP Мод интернэйшнл ХХК нь Б.Эрдэнэбатад итгэмжлэл олгохдоо зөвхөн нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийн итгэмжлэл олгосон бөгөөд тус компанийн захирал Р.Саян монгол хэл мэдэхгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүнийг Р.Саянд танилцуулаагүй, байр суурийг мэдэлгүйгээр дур мэдэн хариу тайлбар өгч өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэбатад сөрөг нэхэмжлэлийг гардан авах, түүнд тайлбар гаргах тусгайлан итгэмжлэл олгоогүй байхад шүүх түүнийг анзаараагүй нь нэхэмжлэгч CP Мод интернэйшнл ХХК-ийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд үүнээс нь болж тус компанид хохиролтой шийдвэр гарсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.1-т хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааны талаар дурдсан. Хэрэгт үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж эрх, үүрэг танилцуулсан баримт байх бөгөөд хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан байхад сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэгч талд эрх, үүрэг танилцуулаагүй, ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар CP Мод интернэйшнл ХХК мэдээгүй учир холбогдох няцаалтын баримтуудыг гаргаж өгч чадаагүй. Хүн болгон хуулийн мэдлэгтэй биш учир заавал дахин сөрөг нэхэмжлэлд ямар эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох талаар шүүх танилцуулах байсан. Энэ нь зохигчийг эрхийг зөрчсөн ноцтой алдаа болсон.

...Нэхэмжлэлийн хавсралтын 16-д мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320.000 рублын баримт 3 хуудас гэсэн байгаа. Энэ 3 хуудсанд Русдомстрой ХХК-тай байгуулсан гэрээ 2 хуудас, мөнгө хүлээлгэн өгсөн баримт 1 хуудас, нийт энэ хэсэгтэй холбоотой баримт 3 хуудас баримтыг өгсөн байхад хэргийг хэлэлцэж эхлэхэд 1 хуудас баримт байсан буюу 2 хуудастай гэрээ алга болсон байна. Мөн нэхэмжлэлийн хавсралтын 10-т заасан Стройпартнер ХХК-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81400 рубль төлсөн 4 хуудас баримтыг шүүхэд өгсөн бөгөөд тус компанитай хийсэн гэрээ 3 хуудас төлбөрийн баримт 1 хуудас зэрэг баримтыг шүүхэд өгсөн байхад энэ хэсэгтэй холбоотой баримтын 3 хуудас гэрээ байхгүй зөвхөн хавтас хэргийн 37 хуудсанд 1 хуудас төлбөрийн баримт л байгаа юм. Шүүхээс гэрээнүүд нь байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хангагдаагүй орхигдсон хэсгийн гэрээнүүдийг шүүх анх нэхэмжлэлийн хавсралтад зааснаар хүлээн авсан атлаа хэргийг хэлэлцэж эхлэхэд хэргээс алга болсныг анзаараагүй хэргийг шийдсэн. Дээрх гэрээнүүдийг шүүхэд өгөхдөө нотариатаар баталгаажуулан өгсөн бөгөөд одоо эх хувиараа байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ..."Таскания трейдин" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 4 314 324 төгрөг, ажлын хөлсөнд 8 355 200 төгрөг, нийт 12 669 524 төгрөгийг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн тайлбар нотолгоо баримтууд өөрийнх нь компанийн албан бичгүүдээс өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь ИХШХШТХ-н 42 дүгээр зүйлийн 42.1"...Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн...", 38 дугаар зүйлийн 38.4-д "...Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах...", 38.5 "...Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах..." гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн монголд баримтуудыг оруулж ирээд, гэрээг бодитоор дүгнэх боломжгүй. Иймд "Таскания трейдин" ХХК-д 12 669 524 төгрөгийг нөхөн төлүүлж анхан шатны шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч СР Мод Интернэшнл ХХК нь хариуцагч Таскания трейдин ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 6 823 300 төгрөг, ажлын хөлс 20 104 000 төгрөг, нийт 26 927 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний урьдчилгаа төлбөр болох 42 300 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр СР Мод Интернэшнл ХХК нь Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Таскания трейдин ХХК-ийн амралтын газарт 2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажлыг 211 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэж Таскания трейдин ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. /хэргийн 21-29 дүгээр тал/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна. Харин талууд гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлын талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ажлын үр дүн гараагүй, үр дүнг хүлээж аваагүй, ажил дөнгөж эхэлж байхад захиалагч Таскания трейдин ХХК гэрээний 8.1 дэх хэсгийг зөрчиж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгүүлэхээс татгалзсан тул гэрээ цуцалснаас учирсан хохирол, ажлын хөлсийг шаардаж байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Таскания трейдин ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16-03/03 тоот албан бичгээр гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч СР Мод Интернэшнл ХХК-д хүргүүлснээс үзэхэд ажлын үр дүн бий болоогүй байхад захиалагч талаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 30 дугаар тал/

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч СР Мод Интернэшнл ХХК нь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хариуцагч Таскания трейдин ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Таскания трейдин ХХК нь нэхэмжлэлийг шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Байшингийн зургийг хүлээн авч зургийн дагуу барина гэж үнийн саналаа өгсөн, гэрээ байгуулагдсан байхад гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчийн өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй, нийт талбайн хэмжээг нэмэгдүүлж, өрөөний хэмжээг зөрүүлж гэрээг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй, гэрээ цуцлагдсан явдалд нэхэмжлэгч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа НӨАТ-ын 3 845 454 төгрөг, шатахууны зардал 7000 рубль буюу 208 880 төгрөг, нийт 4 314 324 төгрөгийг гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцож, гэрээг цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 8 355 200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин захиалагч буюу Таскания трейдин ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42 300 000 төгрөгийг гүйцэтгэгч буюу СР Мод Интернэшнл ХХК-д шилжүүлсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 42 300 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбатад хуульд заасан эрх, үүргийг 2016 оны 8 дугаар сары 03-ны өдөр тайлбарлан өгсөн болох нь баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, үүрэг тайлбарлаагүй гэх гомдлыг, мөн шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардаснаас үзэхэд шүүх нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтууд болох нийт 54 хуудас материалыг хүлээн авсан болон иргэний хэрэг үүсгэх захирамж хүртэл дугаарласан байдлыг харьцуулан үзэхэд хэргийн материалаас баримт алга болсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй байна. /хэргийн 1-55, 57 дугаар тал/

 

Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт нийцсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 100 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 684 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ