Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2016/01186

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19-р хороолол, 8-р байрны 92 тоот, /РД:5713838/, “СР Мод интернейшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан хотхон 53-р байр 8 тоот, /РД:5789583/, “Таскания трейдин” ХХК-д холбогдох

 

гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.823.300 төгрөг, ажлын хөлс 20.104.000 төгрөг, нийт 26.927.300 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,

 

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 42.300.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиалагч талаас хариуцагч “Таскания трейдин” ХХК нь 2016.02.29-ний өдөр гүйцэтгэгч талаас нэхэмжлэгч “СР Мод интернейшнл” ХХК-тай харилцан тохиролцож Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах хариуцагчийн амралтын газарт 2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д зааснаар гэрээт ажлын нийт төлбөр 211,500,000 төгрөг, 3.2-д зааснаар ажлын урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42,300,000 төгрөг байхаар тус тус зааж өгсөн. “Таскания трейдин” ХХК нь гэрээний 3.2-д зааснаар урьдчилгаа 42,300,000 төгрөгийг “СР Мод интернейшнл” ХХК-ний дансанд шилжүүлж өгсөн. Гэрээний гүйцэтгэгч тал нь гэрээ байгуулсан, талууд харилцан тохирсон, гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан, урьдчилгаа төлбөрөө хийсэн, гэрээ хүчин төгөлдөр болсон учраас гэрээний үүргээ биелүүлж эхэлсэн. Ажлын үр дүн гараагүй, үр дүнг хүлээж аваагүй, ажил дөнгөж эхэлж байхад захиалагч тал болох “Таскания трейдин” ХХК гэнэт ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дэх хэсгийг зөрчиж 2016.03.29-ний өдөр “танай компаниар ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж байна, гэрээний урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг манай компанид буцаан олгож өгнө үү” гэсэн бичгийг ирүүлж ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалж уг ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал, ажилчдын ажлын хөлсийг манай компани төлж хохирол учрууллаа. Гэрээ байгуулсан 2016.02.29-ний өдрөөс уг бичиг иртэл 2016.03.29-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд манай компани ОХУ руу мөнгөө банкаар гуйвуулаад, өөрсдөө машинаар ОХУ-ын Эрхүү хотод машинаар очоод, байшин барих модоо модоо бэлдүүлээд, бааз руу татуулаад Монгол Улс руу авч ирэхэд бэлэн болгочихсон байсан. Мөн гэрээ байгуулах санал ирэхэд байшингийн зураг төслийг мэргэжлийн “Строй партнёр” ХХК-иар хийлгээд захиалагч талд үзүүлээд зөвшөөрөөд төсвөө гаргаад тохирчихсон байсан. Тухайлбал, Учирсан хохирол: ОХУ руу мөнгө шилжүүлэхэд хураамж 127 ам.доллар буюу 259,990 төгрөг, “Строй партнер” ХХК-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81,400 рубль буюу 2,428,976 төгрөг, НӨАТ-т 3,845,454 төгрөг, ОХУ-ын хил хүртэл машинаар явахад 80,000 төгрөгийн шатахуун, ОХУ-д очоод авсан 7000 рубль буюу 208,880 төгрөгийн шатахуун бүгд-6,823,300 төгрөг, Ажлын хөлсөнд: албан бичгийн орчуулгын хөлсөнд 200,000 төгрөг, торх болон рика мод бэлтгэхэд 280,000 рубль буюу 8,355,200 төгрөг, мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320,000 рубль буюу 9,548,800 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг бүгд 20,104,000 төгрөг, нийт 26,927,300 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 343, 352.5.3, 355.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ам.долларыг Монгол банкны өнөөдрийн ханшаар 2047,17 төгрөгөөр, рублын ханшийг 29,84 төгрөгөөр бодож гаргасан гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн тайлбар нотолгоо баримтууд нь өөрийнх нь компанийн албан бичгүүдээс өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь ИХШХШТХ-н 42 дүгээр зүйлийн 42.1. “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн”, 38 дүгээр зүйлийн 38.4-д “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах”, 38.5 “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах” гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Ажил гүйцэтгэх гэрээнд ОХУ-д мод бэлтгэж оруулж ирнэ гэсэн ганц ч үг үсэг байхгүй. Харин Захиалагчийн горхи тэрэлж, амралтын газарт 2 давхар байшингийн торхийг бэлдэж, угсралтын ажилыг хийх ёстой байгааг ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх заалтаас харж болно. “СР Мод Интернэйшнл” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй учраас албан ажил орчуулга нь тухайн байгууллагын дотоод асуудал, мөн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-д “Гүйцэтгэгч Гэрээт ажлыг Захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх”, “Зураг төсөвт заагдсан хэмжээ, үзүүлэлтийг нарийн баримталж” гэж заасан учраас зураг төслийн ажил нь гэрээнээс гадуур гарсан зардлыг Таскания трейдин” ХХК нь хариуцахгүй. Учир нь 2 давхар байшингийн ерөнхий зургийг мэргэжлийн байгууллагаар манай компани өөрөө гаргаж “СР Мод интернэйшнл” ХХК-д үзүүлсэн. Байшингийн зургийг хүлээн авч зургийн дагуу барих болно гэж үнийн саналаа бидэнд өгсөн гэрээ байгуулагдсан байхад гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчийн өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй, нийт талбайн хэмжээг нэмэгдүүлж, өрөөний хэмжээг зөрүүлж гэрээг зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцаж нөхөн төлөх буюу арилгах үүрэгтэй” гэж хариуцлага хүлээхээр заасан байгаа. Иргэний хуулийн 219.1. “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” Гүйцэтгэгч “СР Мод Интернэйшнл” ХХК нь манай компаниас 2,612,000 төгрөгийг суутган хасна гэснийг Таскания трейдин” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Иргэний хуулийн 219.4-д “Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй” гэж үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гэрээт ажлын нийт төлбөр 211,500,000 төгрөг байхаар гэрээнд заасан. “Таскания трейдин” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлж гэрээний 3.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 1 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг “СР Мод Интернэйшнл” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр бэлнээр өгсөн. Таскания трейдин” ХХК нь анхнаасаа гэрээний 1.4 заалтын дагуу ажил эхлэхээс өмнө 2016.03.09-ны өдөр гэрээ цуцлах тухай албан бичгийг сөрөг хариуцагч “СР Мод Интернэйшнл” ХХК-д албан ёсоор бичгээр өгсөн зэргээр, Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Гэрээ байгуулаад, урьдчилгаа төлбөр аваад, дараа нь санаатайгаар гэрээгээ зөрчөөд, хохиролоо барагдуулах мэтээр хугацаа хожих байдлаар шүүхэд хандаж, “Таскания трейдин” ХХК-ний хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож байгааг тус компанийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч талаас сөрөг нэхэмжлэгч “Таскания трейдин” ХХК нь 2016 оны 02-р сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн газарт 2 давхар дүнзэн байшингийн тын ажлыг, Гүйцэтгэгч талаас сөрөг хариуцагч “СР Мод Интернейшнл” ХХК-тай гэрээт гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээт ажлын нийт төлбөр 211,500,000 төгрөг байхаар гэрээнд заасан. “Таскания Трейдин” ХХК нь урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг “СР Мод Интернэйшнл” ХХК-д 2016 оны 03-р сарын 01-нд Саян захирлын хүсэлтээр бэлнээр өгсөн. “СР Мод Интернэйшнл” ХХК нь анхнаасаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж, захиалагчтай тохиролцоонд хүрсэн зүйлээсээ татгалзсан учир гэрээний 1.4 заалтын дагуу ажил эхлэхээс өмнө 2016.03.09-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч “СР Мод Интернейшнл” ХХК-нд албан ёсоор бичгээр өгсөн. Гүйцэтгэгч компани хариу мэдэгдэл өгсөн. Уг хариу мэдэгдэлдээ Гүйцэтгэгч тал захиалагчийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч түүнийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа зөвшөөрч урьдчилгаа төлбөрөөс 39,688,000 төгрөгийг өгнө гэсэн хариуг гүйцэтгэгч тал 2016 оны 3-р сарын 28-нд албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. Захиалагч манай компани нь 2.612.000 төгрөгийг суутган хасна гэснийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ямар нэгэн ажил огт хийгдээгүй тул урьдчилгаа төлбөр 42,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Таскания трейдин” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 42,300,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаас 17,372,700 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч 24,927,300 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болоод 9 хоногийн дараа буюу 2016.03.09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн байсан. Энэ 9 хоногийн хугацаанд 24,927,300 төгрөгийг зарцуулсан байсан. “Таскания трейдин” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх хэсэгт заасан “талууд харилцан зөвшилцөж, хийгдсэн ажлыг хүлээлцэж төлбөр тооцоог дуусгаснаар” гэснийг зөрчиж харилцан зөвшилцөөгүй, хийгдсэн дээрхи ажлыг хүлээлцэж дүгнээгүй, тооцоог хийгээгүй. Гэрээний 8.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцаж нөхөн төлөх буюу арилгах үүрэгтэй” гэж хариуцлага хүлээхээр зааж өгсөн. Гэтэл “Таскания трейдин” ХХК нь 9 хоногийн хугацаанд хийгдсэн ажлыг хүлээлцэж тооцоог хийж харилцан тохирсонгүй. Захиалагч тал гэрээний 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус зөрчиж гүйцэтгэгчтэй харьцах эрх бүхий ажилтанг томилон ажиллуулаагүй, гэрээний үүргийн биелэлтэд хяналтаа тавьж, шаардлага өгч чадаагүй. Иргэний хуулийн 225.4-д “талууд гэрээнээс татгалзаж болохгүй”, 343-д Ажил гүйцэтгэх гэрээ, 343.2-т “ажлын үр дүн байна”, 352.5.3-т “үр дүнг хүлээж аваагүй байхад ажлын хөлсөө төлүүлэх”, 355.6-д “учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус зааж өгсөн байгаа гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СР Мод Интернэйшнл” ХХК нь хариуцагч “Таскания трейдин” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 6.823.300 төгрөг, ажлын хөлс 20,104,000 төгрөг, нийт 26,927,300 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 42,300,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл нэхэмжлэлийг гаргасан байна.

 

  1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 343.1, 352.5.3, 355.6 дахь хэсэгт зааснаар хангуулна гэж, хариуцагч нь гүйцэтгэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчийн өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй, нийт талбайн хэмжээг нэмэгдүүлж, өрөөний хэмжээг зөрүүлж гэрээг зөрчсөнөөс гэрээг цуцалсан тул төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэг талаас захиалагч буюу “Таскания трейдин” ХХК нь нөгөө талаас гүйцэтгэгч буюу “СР Мод интернейшнл” ХХК нар нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Таскания трейдин” ХХК-ийн амралтын газарт 2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажлыг 211,500,000 төгрөгт гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Тухайн тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Гэвч хариуцагч тал нь байшингийн ажлын ерөнхий зургийг гаргасны дараа ажлын зураг батлагдсанаар гэрээ хэрэгжих байтал өгсөн зургийн хэмжээний дагуу ажлын зургийг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээг цуцалжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зохицуулсан ба гагцхүү цуцалсан тохиолдолд гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэйг 355.6-д зохицуулсан байх тул ажил гүйцэтгэгч тал болох “СР Мод интернейшнл” ХХК-д хохирлоо шаардах эрх байна.

Хэрэг авагдсан баримтаар мөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж 127 ам.доллар буюу 259,990 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн 42,300,000 төгрөгт ногдох НӨАТ-т 3,845,454 төгрөг, ОХУ-д зарцуулсан шатахуун 7000 рубль буюу 208,880 төгрөг, нийт 4,314,324 төгрөгийн хохирол гэрээнээс учирсан гэж үзэв.

Харин хэрэгт авагдсан “Строй партнер” ХХК-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81,400 рубль төлсөн баримт нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнг бус 2 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг үндэслэн төлөгдсөн, 80,000 төгрөгийн шатахууны баримтын огноо бүдэг байх тул /2,428,976+80,000/ гэрээнээс учирсан хохиролд 2,508,976 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч торх болон рейк мод бэлтгэхэд 8,355,200 төгрөгийг “СР Мод интернейшнл” ХХК-ийн “Мобит” ХХК-тай байгуулсан гэрээ, Гүйцэтгэсэн ажил хүлээлгэн өгөх акт, 280,000 рубль шилжүүлсэн баримтыг үндэслэн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгч нь мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320,000 рублийг 15-016 дугаар гэрээг үндэслэл болгож төлсөн баримтыг хавсаргасан боловч гэрээг хэрэгт өгөөгүйгээс энэхүү ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй, албан бичгийн орчуулгын хөлсөнд 200.000 төгрөгийг “Үлэмж өнгө” ХХК-д төлсөн баримт байгаа боловч энэхүү орчуулгын товчоогоор орчуулуулсан гэх баримтгүй байх тул /9,548,800+200,000/ ажлын хөлсөнд 9,748,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан ба “СР Мод интернейшнл” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлд хавсаргасан Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаагаар 1 ам долларын ханшийг 2047,17 төгрөг, рублийн ханшийг 29,84 төгрөг гэж тодорхойлсон баримтыг үндэслэн тооцлоо.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар хариуцагч “Таскания трейдин” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 4,314,324 төгрөг, ажлын хөлсөнд 8,355,200 төгрөг, нийт 12,669,524 /арван хоёр сая зургаан зуун жаран есөн мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “СР Мод интернейшнл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,257,776 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээг зөрчсөнөөс цуцалсан тул урьдчилгаа төлбөрөө гаргуулна гэж, нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлээс 17,372,700 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч, 24,927,300 төгрөгийг хохирол гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 Талуудын хоооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дэх заалтаар ажлын нийт төлбөрийг 211,500,000 төгрөг гэж тодорхойлсон, гэрээний 3.2-т зааснаар ажлын урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42,300,000 төгрөгийг “СР Мод интернейшнл” ХХК-ийн дансанд шилжүүлжээ.

Хариуцагч тал гэрээг цуцалснаар гэрээ биелэгдэх боломжгүй болсон бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-д зааснаар урьдчилж өгсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй тул “СР Мод интернейшнл” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 42,300,000 төгрөгийг гаргуулан, “Таскания трейдин” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217,662 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369,450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Ц.Ариунтуяад буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар хариуцагч /РД:5789583/ “Таскания трейдин” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 4,314,324 төгрөг, ажлын хөлсөнд 8,355,200 төгрөг, нийт 12,669,524 /арван хоёр сая зургаан зуун жаран есөн мянга таван зуун хорин дөрөв/  төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч /РД:5713838/ “СР Мод интернейшнл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,257,776 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан /РД:5713838/ “СР Мод интернейшнл” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 42,300,000 /дөчин хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, /РД:5789583/ “Таскания трейдин” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217,662 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369,450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Ц.Ариунтуяад буцаан олгосугай.   

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ