Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00513

 

“СР Мод интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01186 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 377 дугаар магадлалтай,

“СР Мод интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Таскания трейдин” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцалснаас учирсан хохиролд 6.823.300 төгрөг, ажлын хөлс 20.104.000 төгрөг нийт 26.927.300 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 42.300.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ариунтуяа, өмгөөлөгч Ж.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “СР Мод интернэйшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Таскания трейдин" ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус компанитай харилцан тохиролцож 2 давхар дүнзэн байшингийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д гэрээгээр ажлын нийт төлбөр 211.500.000 төгрөг, 3.2-д ажлын урьдчилгаа төлбөр 20 хувь буюу 42.211.111 төгрөг байхаар тус тус заасан бөгөөд “Таскания трейдин” ХХК нь урьдчилгаа 42.311.111 төгрөгийг “СР Мод интернейшнл” ХХК-ний дансанд шилжүүлсэн. Ажлын үр дүн гараагүй үр дүнг хүлээж аваагүй, ажил дөнгөж эхэлж байхад захиалагч тал гэнэт ажил гүйцэтгэх гэрээний 8.1 дэх хэсгийг зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “танай компаниар ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж байна, гэрээний урьдчилгаа төлбөр болох 42.300.000 төгрөгийг манай компанид буцаан олгож өгнө үү” гэсэн бичиг  ирүүлж ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалж, уг ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал, ажилчдын ажлын хөлсийг манай компани төлж хохирол учрууллаа. Гэрээ байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс уг бичиг иртэл 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд манай компани ОХУ руу мөнгөө банкаар гуйвуулаад, ОХУ-ын Эрхүү хотод машинаар очоод, байшин барих модоо бэлдүүлээд, бааз руу татуулаад бэлэн болгочихсон байсан. Тухайлбал,  ОХУ руу мөнгө шилжүүлэхэд хураамж 127 ам.доллар буюу 259.990 төгрөг, “Строй партнес” ХХК-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81.400 рубль буюу 2.428.976 төгрөг,  НӨАТ-т 3.845.454 төгрөг, ОХУ-ын хил хүртэл машинаар явахад 80.000 төгрөгийн шатахуун, ОХУ-д очоод авсан 7000 рубль буюу 208.880 төгрөгийн шатахуун  бүгд 6.823.300 төгрөг болсон. Мөн  албан бичгийн орчуулгын хөлсөнд 200.000 төгрөг, торх болон рика мод бэлтгэхэд 280.000 рубль буюу 8.355.200 төгрөг, мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320.000 рубль буюу 9.548.800 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг бүгд 20.104.000 төгрөг болсон. Иймд нийт 26.927.300 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Таскания трейдин” ХХК нь гэрээгээ цуцалснаас болж учирсан хохирол гэх 26.927.300 төгрөгийн эрсдэлийг хариуцах ёсгүй. Гүйцэтгэгч “СР мод интернейшнл” ХХК нь гэрээний дагуу хийх ёстой байсан ажлыг гүйцэтгэхээс татгалзсан. Ажил гүйцэтгэх гэрээнд ОХУ-д мод бэлтгэж оруулж ирнэ гэсэн ганц ч үг үсэг байхгүй. "СР Мод Интернэйшнл" ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй учраас албан ажил орчуулга нь тухайн байгууллагын дотоод асуудал, мөн "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.1-д гүйцэтгэгч гэрээт ажлыг захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх", "Зураг төсөвт заагдсан хэмжээ, үзүүлэлтийг нарийн баримталж" гэж заасан учраас зураг төслийн ажил нь гэрээнээс гадуур гарсан зардлыг “Таскания трейдин" ХХК хариуцахгүй. Учир нь 2 давхар байшингийн ерөнхий зургийг мэргэжлийн байгууллагаар манай компани өөрөө гаргаж "СР Мод интернэйшнл" ХХК-д үзүүлсэн. Гэрээний урдчилгаа төлбөр аваад, санаатайгаар гэрээгээ зөрчөөд, хохирлоо барагдуулах мэтээр хугацаа хожих байдлаар шүүхэд хандаж, "Таскания трөйдин" ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож байгааг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээт ажлын нийт төлбөр  211.500.000 төгрөг байхаар гэрээнд заасан. “Таскания Трейдин” ХХК нь урьдчилгаа төлбөр болох 42.300.000 төгрөгийг “СР Мод Интернейшнл” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01-нд Саян захирлын хүсэлтээр бэлнээр өгсөн. “СР Мод Интернейшнл” ХХК нь анхнаасаа гэрээний үүргээ ноцтой зөрчиж, захиалагчтай тохиролцоонд хүрсэн зүйлээсээ татгалзсан учир гэрээний 1.4 дэх заалтын дагуу ажил эхлэхээс өмнө 2016.03.09-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “СР Мод Интернейшнл” ХХК-д албан ёсоор бичгээр өгсөн. Гүйцэтгэгч компани хариу мэдэгдэл өгсөн бөгөөд уг мэдэгдэлдээ гүйцэтгэгч тал захиалагчийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч түүнийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа зөвшөөрөн урьдчилгаа төлбөрөөс 39.688.000 төгрөгийг өгнө гэсэн хариуг гүйцэтгэгч тал 2016 оны 3 дугаар сарын 28-нд албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. 2.612.000 төгрөгийг суутгана гэснийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ямар нэгэн ажил огт хийгдээгүй. Иймд урьдчилгаа төлбөр 42.300.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээс 17.372.700 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 24.927.300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болоод 9 хоногийн дараа  буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд энэ 9 хоногийн хугацаанд 24.927.300 төгрөгийг зарцуулсан байсан. “Таскания трейдин” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж харилцан зөвшилцөөгүй, хийгдсэн дээрхи ажлыг хүлээлцэж дүгнээгүй, тооцоог хийгээгүй. Мөн гэрээний 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээхээр зааж өгсөн. Гэтэл “Таскания трейдин” ХХК нь 9 хоногийн хугацаанд хийгдсэн ажлыг хүлээлцэж тооцоог хийж харилцан тохирсонгүй. Захиалагч тал гэрээний 4.1, 4.2 дах хэсгийг тус тус зөрчиж гүйцэтгэгчтэй харьцах эрх бүхий ажилтанг томилон ажиллуулаагүй, гэрээний үүргийн биелэлтэд хяналтаа тавьж, шаардлага өгч чадаагүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01186 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар хариуцагч /РД:5789583/ "Таскания трейдин" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 4.314.324 төгрөг ажлын хөлсөнд 8.355.200 төгрөг, нийт 12.669.524 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч /РД:5713838/ “СР Мод интернейшнл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.257.776 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан /РД:5713838/ "СР Мод интернейшнл" ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр 42.300.000 төгрөгийг гаргуулан, /РД:5789583/ “Таскания трейдин” ХХК-д олгож, Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292.587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217.662 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369.450 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 369.450 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.450 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Ц.Ариунтуяад буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 377 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.100 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.684 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

1.“СР Мод интернэйшнл” ХХК нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай кампани бөгөөд тус компани захирал Р.Саян нь Монгол хэл огт мэдэхгүй. Б.Эрдэнэбатад олгосон итгэмжлэлийн Орос хэл дээрх итгэмжлэл хэрэгт авагдаагүй нь байхад шүүх хэргийг эцэслэн шийдсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2, 7.4, 99.2-т заасан заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн ажиллагаа болжээ.

2.Хэргийн материалаас Русдомстрой ХХК-тай байгуулсан гэрээ 2 хуудас, Стройпартнер ХХК-тай байгуулсан 3 хуудас тус тус гэрээнүүд хавтаст хэргээс алга болсон.

Нэхэмжлэлийн хавсралтын 16. Мод материал татаж баазад буулгахад тээврийн зардалд 320.000 рублын баримт 3 хуудас гэсэн байгаа энэ 3 хуудсанд Русдомстрой ХХК-тай байгуулсан гэрээ 2 хуудас, мөнгө хүлээлгэн өгсөн баримт 1 хуудас, нийт энэ хэсэгтэй холбоотой баримт 3 хуудас баримтыг өгсөн байхад хэргийг хэлэлцэж эхлэхэд 1 хуудас баримт байсан буюу 2 хуудастай гэрээ алга болсон байна.

Мөн нэхэмжлэлийн хавсралтын 10-т заасан Стройпартнер ххк-иар барилгын зураг төслийн ажил хийлгэхэд 81400 Рубль төлсөн 4 хуудас баримтыг шүүхэд өгсөн. Үүнд тус компанитай хийсэн гэрээ 3 хуудас төлбөрийн баримт 1 хуудас зэрэг баримтыг шүүхэд өгсөн байхад энэ хэсэгтэй холбоотой баримтын 3 хуудас гэрээ байхгүй зөвхөн хавтас хэргийн 37 хуудсанд 1 хуудас төлбөрийн баримт л байгаа юм.

Иймд дээрх 2 үндэслэл нь шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд 116.2 зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байх тул Шийдвэр, Магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01186 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 377 дугаар магадлал нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

1. Манай компанийг гэрээгээ цуцалсанаас учирсан хохиролд 4.314.324 төгрөг, ажлын хөлсөнд 8.355.200 төгрөг нийт 12.669.524 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ мөн хуулийн 40.3 Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн. Үүнд:

Мөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж 127 ам.доллар буюу 259.990 төгрөгийн хувьд ямар гэрээний дагуу ямар захиалга хийгдсэн талаар баримт байхгүй, хэдэн төгрөг юунд зориулж хаашаа, хэн рүү шилжүүлээд байгаа баримт байхгүй төдийгүй 127 ам.долларын шимтгэл төлсөн баримт байхгүй байхад хохирол гэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2016-02-29-ний өдрийн 5 болон 45 ам доллар, 2016-03-14-ны өдрийн 42 ам.долларын орлогыг Саян, Мөнхцэцэг гэдэг хүмүүсээс өөрийн компанидаа орлого болгон хийсэн орлогын маягт байхад үүнийг шимтгэл гэж үзэн гэрээтэй хамааралтай гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна.

ОХУ-д зарцуулсан шатахууны зардал 7000 рубль 208.880 төгрөгийн хувьд хэн нэгэн хүний бэлэн мөнгөний машинаас 5000 болон 2000 рубль авсан баримт байхад үүнийг шууд шатахуун авсан байна гэж хажууд хараад зогсож байсан мэтээр дүгнээд байгаа нь хууль зөрчиж байна. Энэ баримтын хувьд нэхэмжлэгчид болон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хамааралтай байна гэж үзэх ямарч үндэслэл байхгүй учир хохиролд оруулан тооцох боломжгүй баримт байна.

“СР мод интернешнл” ХХК-ны “Мобит” ХХК-тай байгуулсан гэрээ, ажил хүлээлгэн өгөх акт, 280.000 рубль шилжүүлсэн баримтыг үндэслэн Нэхэмжлэгч торх болон рейк мод бэлтгэх ажлын хөлс 8.355.200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх 2 компанийн хооронд байгуулсан гэрээг үндэслэсэн гэсэн боловч хэрэгт гэрээ байхгүй байна. Гэрээ хэрэгт байхгүй байхад “Таскания трейдин” ХХК-ны захиалгын дагуу торх болон рейк мод бэлтгэх ажил гүйцэтгэгдсэн байна гэж үзэх боломжгүй. Ажил хүлээлцсэн актад үйлчилгээ бүрэн биелэгдсэн гэснээс өөрөөр торх болон рейк мод бэлтгэсэн, хэдэн метр.куб торх, рейк бэлтгээд байгаа талаар юу ч байдаггүй.

НӨАТатварт төлсөн 3.845.454 төгрөгийн хувьд гэрээ цуцлах мэдэгдэл өгөөд байхад, үндэслэлгүйгээр бусдын мөнгийг гацааж мөн бүрэн болон тодорхой хэмжээгээр мөнгийг буцаан өгөх нь тодорхой байхад бүрэн хэмжээгээр төлөөд байгаа нь өөрийнх нь хариуцах асуудал болно. Ер нь манай урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан өгөх нь хуулийн үндэслэлтэй, тодорхой учир НӨАТ мөн буцаагдах тул хохирол гэж үзэхгүй манай компаниас гаргуулах нь үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хохирол, зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадсангүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтыг огт анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах заалт бол ажил дуусахаас өмнө гэрээг цуцалсан бол хохирол төлөх журмыг зохицуулсан. Ажил дуусах биш эхлээгүй байсан болох нь талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.3, 5.2 болон гэрээний хавсралт хэсгээр тодорхой зохицуулсан байна. Тэгэхээр ажил эхлээгүй байхад өөрсдийн дураар ажил хийсэн бол эрсдэлээ өөрсдөө хариуцах нь зүйн хэрэг бөгөөд энэ нь хуулиар хамгаалагдах эрх ашиг биш болно. Гэрээт ажлыг захиалагчийн баталсан гүйцэтгэх ажлын зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцон гэрээний хавсралтандаа Зураг төсвийн ажлыг  гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 2016-03-03-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ч хугацаа хэтрүүлэн 2016-03-05-нд и-мэйлээр ажлын зургаа өгч үүнтэй танилцан бидний өгсөн зургаас байшингийн хэмжээ болон өрөөнүүд багассан талаар хариу и-мэйл өгсөн боловч хариу өгөлгүй эмэгтэйчүүдийн баяр болж хариу ирээгүй тул гэрээгээ цуцлах мэдэгдлээ өгсөн. Гэтэл энэ бүх бодит нөхцөл байдлыг тодруулалгүй захиалагч нь ажил эхэлсэн байхад ямарч шалтгаангүй дуртай цагтаа гэрээгээ цуцалж хохирол учруулсан мэтээр бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хариуцагч компаниас 12.669.524 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                    ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “СР мод интернэйшнл” ХХК нь хариуцагч “Таскания трейдин” ХХК-иас 26.927.300 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэрээ  цуцалснаас учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээ цуцалсан тул ажлын хөлсөнд шилжүүлсэн 42.300.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэл дээр явагдах бөгөөд монгол хэл мэдэхгүй этгээд өөрийн хэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй энэ тохиолдолд  нэхэмжлэл, мөн хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримт бүр монгол хэл дээр орчуулагдсан байх ёстой.

“СР мод интернейшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Саян нь ОХУ-ын иргэн байна /хэргийн 76 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Б.Эрдэнэбатад олгосон итгэмжлэл монгол хэл дээр бичигдсэн байх ба монголоос орос хэл рүү орчуулсан орчуулгын хамт шүүхэд ирүүлжээ /хэргийн 1-9 дүгээр тал/.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг талууд ямар хэл дээр байгуулсан нь тодорхой бус байна. Хэргийн 21-29 дүгээр талд авагдсан Ажил гүйцэтгэх гэрээ монгол хэл дээр үйлдэгдсэн байх бөгөөд энэ нь эх хувь биш бөгөөд орчуулгын тамга тэмдэггүй, хэргийн 46-47 дугаар талд авагдсан орос хэл дээрх гэрээ монгол хэл дээр орчуулагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг ямар хэл дээр байгуулсан, дээрх гэрээний аль нь эх хувь болох нь тодорхойгүй, орчуулгагүй  байна.

 Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд монгол хэл дээр тайлбар гаргасныг төлөөлүүлэгч бүрэн ойлгосон эсэх, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Нэхэмжлэл, итгэмжлэл болон шаардлагын үндэслэл болсон дээрх баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх алдааг хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/01186 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 377 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 23-ний өдөр нэхэмжлэгч “СР Мод интернейшнл” ХХК-иас төлсөн 211.100 төгрөг, хариуцагч “Таскания трейдин” ХХК-иас  төлсөн 217.689 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус  буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ