Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01330

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01330

 

И.Банзрагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч И.Банзрагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-т холбогдох

Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Болдбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Анужин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

И.Банзрагч миний бие нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв улсын төсөвт үйлдвэрийн газар Захиргаа санхүү хэлтсийн даргын тушаалд анх ажилд томилогдон орж 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага дэг журмыг баримталж ажиллаж ирсэн.  2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр захирлын Б/04 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 128.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1 дэх заалт Иргэний хуулийн 359.1 дэх заалтыг тус тус зөрчсөн болно. Хариуцагчийн талаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг боловч ажлаас халах тушаал дээр талууд тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас халагдсан. Өөрөө хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн боловч байгуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан баримт байхгүй. Иймд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын газрын захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож,  Захиргаа санхүү хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 И.Банзрагч нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын газрын захирлын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар туршилтын хугацаа дууссаны дараагаар буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б/31 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон.  И.Банзрагчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд И.Банзрагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас чөлөөлж, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/05 тушаалаар Хос Зам сургалтын төвийн захирлаар томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хугацаанд нь бичилтийг хийж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зуйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. И.Банзрагч нь анхнаасаа өөрийгөө тус албан тушаалд таарахгүй хүн гэдгээ мэдэж байсан. Нэхэмжлэгч хагас жил, гуравдугаар улирал, бүтэн жилийн тайлан хамгаалалтад ямар нэгэн байдлаар шалтаг гаргаж, оролцож байгаагүй. Тухайлбал, хагас жилийн тайлан хамгаалалтад ажлын байрандаа байсан боловч ажлын тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтгаанаар гуравдугаар улиралд тайлан хамгаалалтын үеэр ирээгүй, бүтэн жилийн хамгаалалтаар тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтаг гаргаж ажил албан үүрэгтээ хайнга ханддаг байсан.  Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т  Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөнө" гэж заасны дагуу ажилтан энэ журмын 8.2-т заасан цаг бүртгэлийн төхөөрөмжид дор дурдсан цагт ажлын цагийг бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сараас хойш удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, чөлөө авалгүйгээр ажилд ирсэн болон ажил дуусах цагт бүртгүүлээгүй. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч И.Банзрагчтай байгуулсан 7/35 дугаар хөдөлмөрийн гэрээний 15.ё-д дараалан ажлын хоёр өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсаныг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгасан. И.Банзрагчийг ийнхүү томилсон нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Ч.Гантөмөрийн шахалтаар томилсон. И.Банзрагчид Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод эрх зүйч, төмөр замын ашиглалтын инженер, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан байхад дээрх шаардлагыг хангаагүй талаар анхааруулсан. И.Банзрагч нь Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн, 2011-2017 онд Тянши ХХК-ийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нягтлан бодогч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар мэргэшсэн, улсад 5-аас доошгүй жил ажилласан байх гэж нэр дэвшигчийн боловсрол, ажилласан туршлагад тохируулан дахин боловсруулж баталсан. Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолтын Чиг үүрэг, Ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 1,2,3,4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд нягтлан бодогч мэргэжил нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй юм. Дээр дурдсан зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Ийнхүү И.Банзрагч нь ажлын байрны шаардлага хангахааргүй хүн гэдэг нь Авлигатай тэмцэх газраас ирсэн удаа дараагийн албан бичгээр нотлогдож байна. Ямар ч тохиолдолд төрийн алба мэргэшсэн байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голынх овогт Ичинноровын Банзрагч /РД:ЗП85051911/-ыг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 294 374 /гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг  хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дугаар зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 67 660 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужин давж заалдах гомдолдоо:

... Хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал юм. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ буруу хаягласан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэрийг Хан-Уул дүүргийн Иргэний эрхийн анхан шатны шүүх гэж хаягласан мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ "...чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 128.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1 дэх заалт Иргэний хуулийн 359.1 дэх заалтыг тус тус зөрчсөн болно" гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тус заалтууд байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ буруу хаягласан, үндэслэл ойлгомжгүй, тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, улмаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заасантай нийцэхгүй байна. Хариуцагч байгууллага нь И.Банзрагчийг ашиг сонирхлын зөрчилтэй учраас ажилд эгүүлэн томилох боломжгүй гэж маргаагүй. Авлигатай тэмцэх газрын 2 дахь албан бичигт "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн" гэж дурдсан. Шүүх И.Банзрагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж маргаж байна гэжээ. Гэтэл И.Банзрагч нь өөрт нь тохируулан боловсруулсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангадаг. Гагцхүү Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичигт Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг хангаагүй талаар дурдсан. Нэхэмжлэгч хариуцагчтай харилцан тохиролцож манай байгууллагын дэргэдэх "Хос зам" сургалтын төвийн захирлаар томилогдсон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "...И.Банзрагч бүр аргаа бараад өөр ажил олоод өгөөч гэж хэлсэн" гэж тайдбарласан бөгөөд энэ нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь нүүрэнд тусгагдсан байна. Дээр дурдсанаас харахад И.Банзрагч нь захирал Т.Ариунбаатараас өөр ажил олж өгөөч гэж хэлсэн, Захирал Т.Ариунбаатар нь тус саналыг хүлээн авч сургалтын төвийн захирлаар томилсон нь харилцан тохиролцсон гэдгийг харуулж байна. Гагцхүү гэрээ байгуулах шатанд И.Банзрагч гарын үсэг зуралгүй тохиролцооноосоо буцсан. Дахин дурдахад И.Банзрагчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-ийг үндэслэсэн нь нэхэмжлэгчийг төвийн дэргэдэх "Хос зам" сургалтын төвийн захирлаар ажилуулах болсон талуудын
харилцан тохиролцоо юм. Хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 1, 2 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг Нийгмийн даатгалын улсын байцаагч шалгаж хүлээн аван, тэмдэг дарж баталгаажуулсан нь нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи цахим машинаас авсан лавлагаанаас нотолгооны хүчин чадлаараа илүү баталгаажсан байхад тус баримтыг шүүх үнэлээгүй.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1, 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан, маргасан зүйлийн талаар буруу дүгнэлт гаргасан, нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.Банзрагч нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-т холбогдуулан захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...ажилтныг өөрийнх хүсэлтээр өөр ажилд шилжүүлсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... хариуцагч байгууллагатай харилцан тохиролцож ажлын байраа сольсон асуудал байхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагч буюу ажил олгогч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын захирлын 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар И.Банзрагчийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/05 дугаар тушаалаар түүнийг төвийн дэргэдэх Хос зам сургалтын төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Хос зам сургалтын төв хариуцсан захирлаар томилсон байна. Ажил олгогч байгууллага нэхэмжлэгч И.Банзрагчийг ажлаас чөлөөсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын дүрмийн 6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 4.11-д заасныг баримталжээ. /хх-ийн 4-5 тал/

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч сахилгын зөрчил удаа дараа гаргасан, ажилтантай тохиролцсоны дагуу өөр ажилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч уг байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч И.Банзрагч нь ажлаа өөрчлөх талаар хүсэлт зоригоо илэрхийлсэн, ажлаа өөрчлөх талаар хүсэлт гаргасан байдал тогтоогдоогүй байна.

Авлигатай тэмцэх газар хуульд зааснаар ажилтан  тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 05/3169 дугаар албан бичгийг ирүүлсэн, ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд ажилтныг томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх тул ажилтантай тохиролцсон гэх татгалзлын үндэслэл нотлогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч И.Банзрагчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцжээ.

Шүүх И.Банзрагчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д зааснаар тооцож 3 294 374 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужингийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ТБАГУТҮГ-ын төлсөн 67 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО